1 гол сэдэв

Юу болов?

Домогт найруулагч Жэймс Камероны хит цуврал “Avatar”-ийн гурав дахь кино нээлтээ хийлээ. “Fire and Ash” нэртэй шинэ анги нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 567 сая долларын орлогыг олоод байна. Ихэнх киноны хувьд энэ үзүүлэлт бол маш том амжилт. Гэхдээ Disney болон Avatar-ийн хувьд хараахан хангалттай тоо болж чадсангүй.

Яагаад?

2009 онд гарсан эхний анги нь 2.9 тэрбум долларын орлого олсноор түүхэнд хамгийн өндөр орлоготой кинонд тооцогддог юм. 2022 онд гарсан “The Way of Water” нь харин 2.3 тэрбум долларын орлогоор уг жагсаалтад 3-р байрт бичигддэг. 3-р ангийн орлого нээлтийн долоо хоногийн үзүүлэлт нь өмнөхөөс бараг 30%-аар буурчээ. Disney энэ киног бүтээхэд 350 сая долларыг зарцуулсан. Угаас Ж.Камероны кинонууд хамгийн өндөр өртгөөр босдог гэдгээрээ алдартай.

Одоо яах вэ?

Саяхан тэрбумтны жагсаалтад багтсан Ж.Камероны хувьд 2029 болон 2031 онд дахиад 2 ангийг хийх зохиол, төлөвлөгөө байгаа хэмээн мэдэгдсээр ирсэн. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар гуравдугаар ангийн орлогоос хамааран дараагийн ангиуд хийгдэх, эсвэл бүр цуцлагдах нь шийдэгдэнэ гэнэ. Сонирхуулахад, “Fire and Ash”-ийн нийт үргэлжлэх хугацаа нь 195 минут гэнэ. Үүнээс гадна уг киноны зураг авалт 2017 онд өмнөх ангитай нэгэн зэрэг хийгдсэн билээ.

2 чухал тоо

4,500 - Алтны ханш даваа гарагт 4,500 долларт хүрсэн нь 1979 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2025 он эхлэхэд 1 унц алтны үнэ 2,640 доллар байв. Орос, Украйны дайн болон Ойрх Дорнодын тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг алт руу анхаарах үндэс болж байгаа нь энэ юм. Шинжээчид цаашид ч алтны ханш 5,000 долларт хүрэх боломжтой хэмээн үзэж байгаа билээ.

407 - БНСУ 407 км/цагийн хурдтай галт тэргийг бүтээжээ. Энэ бол дэлхийд зөвхөн Хятадын ард бичигдэх үзүүлэлт юм.

3 онцлох өгүүлбэр

I. Nvidia хамгийн том наймаагаа хийжээ

- AI-ийн тэсрэлтийн нөлөөгөөр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болоод буй Nvidia түүхэн дэх хамгийн үнэтэй наймаагаа хийлээ. Тэд хиймэл оюунд тусгайлсан чип хөгжүүлэгч Groq-той 20 тэрбум долларын тохиролцоонд хүрчээ.

- Groq-ийн хувьд 2016 онд байгуулагдсан. Nvidia-ийн гол өрсөлдөгч гэгдэх Google-ийн TPU-г бүтээсэн инженерүүдийн эхлүүлсэн уг компани өнгөрсөн 9-р сард 750 сая доллар босгохдоо ердөө 7 тэрбумаар үнэлэгдэж байв. Одоо Groq-ийн баг, технологи бүгд Nvidia-д харьяалагдана.

- Энэ хэлцлийг Nvidia-ийн зүгээс худалдан авалт гэж нэрлэхгүй байгаа нь зохицуулах байгууллагатай холбоотой. AI чипийн салбарт цахиур хагалж буй Groq-ийг худалдаж авах нь Nvidia-ийн хувьд байр сууриа улам бэхжүүлэх алхам болж буй. Тиймээс “AI чипийн технологийн лиценз эзэмших тохиролцоо” хэмээн ерөнхийлж байгаа юм.


II. Украйн энхийн төлөвлөгөөг хамтран боловсруулсан гэв

- АНУ-аас санаачилсан 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөнд Украйн улс оролцсон хэмээн тус улсын ерөнхийлөгч В.Зеленски мэдэгдлээ. Тэрээр ойрын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай биечлэн уулзах төлөвтэй байгаа юм. Ташрамд дурдахад, уг уулзалтын өмнө ОХУ-ын тал Киевт халдсан нь энхийн хэлэлцээрт сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл болов. Үүний улмаас Киев хотын гуравны нэг нь тоггүй болжээ.

- Уг төлөвлөгөөнд Украйн НАТО-ын бус Европын холбооны гишүүн болно хэмээн заасан. Мөн АНУ, Европын холбоотой хамтран аюулгүй байдал, эдийн засгийн тодорхой баталгааг авч байгаа билээ. Мөн энх цагт батлан хамгаалахын албан хаагчдын тоог 800 мянгаар хязгаарлана гэж заасан. Тэрчлэн гэрээ батлагдсан даруйд сонгууль зохион байгуулах үүрэг хүлээсэн юм.

- Гэхдээ гэрээний хүрээнд нутаг дэвсгэр хүлээлгэн өгөх, зарим газраас цэргээ гаргах заалт ихээхэн маргаантай хэвээр байгаа. Зеленски уг асуудлыг төрийн тэргүүдийн түвшинд хэлэлцэх ёстой хэмээн үзэж байна.


III. NBA Европын лиг эхлүүлнэ

- NBA-ийн зүгээс 2025 оны туршид боломжит хөрөнгө оруулагчид, хамтрагчидтай олон талт хэлэлцээр хийсэн юм. Тэд 1-р сарын 1-ээс эхлэн боломжит клуб, багийн эзэдтэй уулзалт хийж эхлэх гэнэ.

- Шинээр эхлэх Европын лигийн нэг клубын зах зээлийн үнэлгээ 1 тэрбум орчим доллар байх аж. Шинжээчдийн үзэж байгаагаар NBA болон FIBA-ийн хамтарсан шинэ лигт Берлин, Мадрид, Лондон, Парис, Ром зэрэг топ хотын багууд хамгийн эхэнд нэгдэх бололтой.

- Сонирхуулахад, Европ тивд сагсан бөмбөгийн 270 сая гаруй фен байдаг бөгөөд үүгээрээ зөвхөн хөлбөмбөгийн ард л бичигддэг юм.

4 мэдүүштэй зүйл

Хурцадсан харилцаа: Алжир улс Францын засгийн газрыг колончлолын гэмт хэрэг үйлдсэн хэмээн уучлал гуйж, хариуцлага хүлээх ёстой хэмээн үзлээ. Тус улс 1830-1962 оны хооронд Францын харьяанд байсан түүхтэй. Энэ үеэр олон мянган хүнийг эрүүдэн шүүж, цөмийн туршилт хийж, байгалийн нөөцийг дээрэмдсэн хэмээн засгийн газраас үзэж байгаа юм. Үүнтэй холбоотой Алжир улс Парисаас элчин сайдаа нэн даруй татах шийдвэр гаргаад байгаа билээ.

Урт туннель: Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд нээгдсэн нүхэн гарц хурдны замын хамгийн урт туннель болжээ. “Ялалт” гэсэн утгатай уг зам 22.13 км урт үргэлжлэх бөгөөд өмнө нь Тяньшань уулыг тойрч хэдэн цаг зарцуулдаг байсан аяллыг 20 минут болгон товчлох боломж олгох юм. Хятад улс сүүлийн таван жилийн турш Шинжааныг бусад бүсүүдтэй холбох хурдны зам байгуулж байгаа юм. Уг замын нийт урт нь 324 км байх бөгөөд 6 тэрбум долларын төсөвтэй ажээ.

Шинэ улс: Африкийн зүүн хойд хэсэгт орших Сомалигаас салан тусгаарласан Сомалилэнд хэмээх улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улс нь Израйл боллоо. 6 сая орчим иргэнтэй гэгдэх тус улс анх 1991 онд иргэний дайны улмаас үүсэж байсан. Өөрсдийн гэсэн валют, пасспортыг ашигладаг, хууль болон хүчний байгууллагатай тус улсыг Африкийн бусад улсууд бие даасан хэмээн хүлээн зөвшөөрдөггүй юм. Израйлын шийдвэрийг Турк, Египт, Жибути зэрэг улсууд буруушааж, бүс нутгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх алхам боллоо хэмээв.

Үхлийн цохилт: Америкийн зэвсэгт хүчин Нигерийн хойд хэсэгт хяналтаа тогтоосон “Лалын улс” бүлэглэлийн террористуудад цохилт өгчээ. Уг бүлэглэл тус улс дахь Христийн шашинтнуудыг үй олноор хядаж, геноцид үйлдэж байна хэмээн олон улсын байгууллагууд үзэж байгаа юм. Тиймээс уг цохилтыг Нигерийн засгийн газрын хүсэлтээр үйлдсэн хэмээн мэдэгджээ.

5 сонин хачин

1. Америкийн хамгийн алдартай лото Powerball-ийн ялагч зул сарын баярын өмнөх өдөр тодорч, 1.8 тэрбум доллар хожив. Арзанзас мужаас тодорсон ялагчийн шагнал түүхэнд хоёрт бичигдэх их дүнтэй хонжвор болж байна. Өмнө нь 2022 онд нэгэн эрхэм 2.04 тэрбум долларыг хожиж байжээ. Ташрамд дурдахад, 2 долларын лотогоор тэрбумтан болж буй ялагч 29 жилийн турш хонжвороо цувуулан авах, эсвэл татвар хассан дүнгээр 834 сая доллар шууд авах сонголтыг хийх учиртай.

2. Google-ийн толгой компани Alphabet дата төв, эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Intersect-ийг худалдан авлаа. Гэрээний үнийн дүн 4.75 тэрбум доллар болжээ. Google-ийн хувьд хиймэл оюуны хөгжүүлэлттэй холбоотой эрчим хүчний хэрэглээ болон дата төвийн хүчин чадлаа тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай болоод буй. Тэд саяхан Техас мужид 40 тэрбумын хөрөнгө оруулж, шинэ дэд бүтцээ хөгжүүлэхээ зарлаад байгаа билээ.

3. Хятадын технологийн гигант Baidu өөрсдийн хөгжүүлсэн жолоочгүй машины технологио Лондонд туршиж эхэллээ. Ингэхдээ тэд Uber, Lyft-тэй түншилж байгаа юм. Baidu-ийн хувьд зөвхөн Хятадаас гадна Абу Даби, Цюрих зэрэг нийт 22 хотод нэвтэрч, долоо хоног бүр 250 мянган жолоочгүй таксины аяллыг хийж байгаа гэнэ. Тэднээс гадна Google-ийн эзэмшдэг Waymo Лондонд туршилтаа эхлүүлэхээр бэлтгэж байгаа. Waymo-ийн хувьд Токио, Нью Йорк хотуудад ганцаараа үйл ажиллагаа явуулж буй.

4. Энэтхэг хамгийн том хиймэл дагуулыг хөөргөжээ. Энэтхэгийн сансрын агентлагийн мэдээлснээр “BlueBird Block-2” нэртэй хиймэл дагуулын жин нь 6 тонн орчим ажээ. Ингэснээр уг хиймэл дагуул дэлхийн нам тойрог замд байрших хамгийн том арилжааны хиймэл дагуул болж байгаа юм. Энэтхэг улс уг хиймэл дагуулыг АНУ-д төвтэй “AST SpaceMobile”-ийн хөгжүүлсэн “LVM3-M6” пуужингаар хөөргөсөн байна. Сонирхуулахад, тус улс 2027 онд сар руу нисгэгчгүй хөлөг хөөргөх амбицтай байгаа юм.

5. Тэрбум гаруй хэрэглэгчтэй Gmail хэрэглэгчдэд имэйл нэрээ нэг удаа солихыг зөвшөөрөх шинэ журмыг хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч одоо ашиглаж буй имэйл дээрх бүх дата, файл, зургаа шинээр эзэмших имэйлдээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх боломжтой болох гэнэ. Уг үйлчилгээ эхний ээлжинд Энэтхэгийн зах зээлд туршигдаж байгаа ажээ.