1 гол сэдэв

Юу болов?

Ойрх Дорнодын мөргөлдөөн үргэлжилсээр, Ирантай холбоотой геополитикийн эрсдэл дэлхийн зах зээлийг донсолгож эхэллээ. Сүүлийн өдрүүдэд брент нефтийн үнэ огцом өсөж $100 давж, зарим үед бүр 30 орчим хувиар савласан нь сүүлийн хэдэн жилийн хамгийн том үнийн хэлбэлзэлд тооцогдож байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь Ормузын хоолойн тээвэр саатсан явдал юм. Дэлхийн нефтийн ойролцоогоор 20 хувь энэ хоолойгоор дамждаг бөгөөд Иран түүнийг хаах эсвэл хязгаарлах боломжтой гэж анхааруулсан нь зах зээлийг айдаст автуулсан нь энэ.

Шинэ удирдагч

Нөхцөл байдлыг улам хурцатгасан нэг үйл явдал бол Иранд шинэ дээд удирдагч тодорсон явдал байв. Ираны шинэ лидер Можтаба Хаменеи бол АНУ-ын холбоотнуудын хамгийн эхэнд онилж, аминд нь хүрсэн Али Хаменеигийн хүү. Эцэгтэйгээ адилхан эрс хатуу байр суурь баримталдаг гэх түүнийг довтолгоонд өртөж, шархадсан, бүр амиа алдсан байж магад зэрэг мэдээлэл гарсаар байгаа. Тэрээр Ираны төв телевизээр хамгийн анхны мэдэгдлээ дүрс бичлэг, эсвэл аудиогүйгээр зөвхөн текстээр илгээсэн нь ч сэжиг төрүүлэм. Гэхдээ тэрээр Америкийн холбоотнуудад бүгдэд нь анхааруулга өгч, Ормузын хоолойг хаахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь зах зээлд шууд нөлөөлөв.

Нөөцийн асуудал

Эрчим хүчний нийлүүлэлт доголдож болзошгүй гэсэн айдсаас болж дэлхийн хөрөнгийн зах зээл ч савлаж эхэлжээ. АНУ-ын S&P 500, Dow Jones, Nasdaq индексүүд дараалан буурч, зарим индексүүд 2026 оны хамгийн доод түвшинд хүрсэн байна. Нефтийн үнийн огцом өсөлтөөс болгоомжилсон Азийн томоохон импортлогч орнууд стратегийн нөөцөө нэмэгдүүлж эхэлжээ. Япон, БНСУ, Энэтхэг зэрэг улсууд стратегийн нөөцөө зах зээлд нийлүүлж эхэлсэн нь нөхцөл байдал ямар байгаагийн илрэл. Европ даяар нийлүүлэлтийн доголдол үүсэхээс сэргийлж, нөөцөө нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар нефтийн үнэ өсөх нь дэлхийн инфляцийг дахин өдөөх эрсдэлтэй. Эрчим хүчний үнэ нэмэгдэх нь тээвэр, үйлдвэрлэл, хүнсний үнэ хүртэл өсөхөд нөлөөлдөг тул эдийн засагт дарамт үүсгэх магадлалтай юм.

Гэнэтийн ялагч

Энэ нөхцөлд хамгийн их ашиг хүртэж болзошгүй улс бол Орос юм. Барууны хоригийн дараа хямд үнээр нефть экспортолж байсан ОХУ өндөр үнээс шалтгаалан экспортын орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой болжээ. АНУ Оросын газрын тосд тавьсан зарим хоригоо сулруулж эхэлснийг мартаж болохгүй. Зарим тооцоогоор Москва өдөрт л 150 сая долларын нэмэлт орлого олж байгаа гэнэ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар хэрэв мөргөлдөөн үргэлжилбэл нефтийн үнэ бүр $150–$200 хүрэх боломжтой.

Иран худалдааны хөлөг онгоцуудыг онилсон довтолгоо хийж, стратегийн боомтуудад халдсан нь нийлүүлэлтийн эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, Ираны дайн зөвхөн Ойрх Дорнодын асуудал биш болжээ. Нефтийн үнэ, инфляц, хөрөнгийн зах зээл, улмаар дэлхийн эдийн засгийн өсөлт хүртэл энэ мөргөлдөөний нөлөөнд орж болзошгүй.

2 чухал тоо

2030: Монголын үндэсний олимпын хорооны 9-р чуулган явагдаж, одоогийн ерөнхийлөгч Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7%-ийн саналаар ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. ОУОХ-ны гишүүн тэрээр өнгөрсөн хугацаанд Монголын олимпын хөдөлгөөний нэр хүндийг олон улсын тавцанд улам нэмэгдүүлж, цаашид илүү оролцоотой, илүү санхүүгийн чадавхтай олимпын хороог бий болгохын төлөө ажиллана гэдгээ зарлалаа. Мөн Азийн танхимын болон тулааны спортын наадам зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж, олон улсын хэмжээний спорт цогцолбор байгуулах төслийг манлайлан ажиллах тухай мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

14: Италийн Милан, Кортинад явагдсан Паралимпын наадмыг багийн дүнгээр БНХАУ-ын баг илт тасархай тэргүүллээ. Тэд нийт 15 алт, 44 медаль хүртсэн байна. Харин АНУ-ын баг 12 алт, 23 медаль хүртэж 2-р байр эзэлжээ. 2014 оноос хойш анх удаа төрийн далбааны дор өрсөлдсөн ОХУ-ын баг нийт 8 алтан медаль хүртсэн нь гуравдугаар байрт бичигдэх амжилт болов. 14 дэх удаагийн наадмаас Бразил, Латви улсууд анхны медалиа хүртсэн байна. Өвлийн олимпод ч алт авч гялалзсан бразилчууд паралимпээс медаль хүртсэн анхны Латин Америк орон болов. Энэ удаагийн наадам өвлийн паралимп явагдсаны 50 жилийн ойтой давхцсан нь онцлохуйц байлаа.

Монголын багийн хувьд нийт 3 тамирчныг илгээсэн. Гурав дахь паралимпын наадамдаа оролцож буй Б.Ганболдын хувьд спринт төрөлд 16-р байрт, 10 км-ын зайд 21-р байрт, 20 км-ын зайд 28-р байрт тус тус оржээ. Гүйлтийн цанын нөгөө тамирчин Ц.Дашдоржийн хувьд спринт, 10 км-ын зайд тус бүр 22-р байрт орсон бол 20 км-ын зайд 26-р байрт бичигдэв. Пара уулын цанын төрөлд хоёр дахь олимпдоо өрсөлдөж буй Б.Цэрэнпунцаг хоёр гарааны нийлбэр дүнгээр 30-р байрт оржээ.

3 онцлох өгүүлбэр

I. Бэм Адебайо 83 оноо авлаа

- NBA-ийн түүхэнд нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан амжилтыг домогт Уилт Чемберлэйн эзэмшдэг. Тэрээр 1962 онд 100 оноо авсан нь одоог хүртэл эвдэгдээгүй байсан юм. Түүнд хамгийн ойртсон тоглогч нь алдарт Коби Брайнт байсан юм. Тэрээр 2006 онд Торонтогийн эсрэг 81 оноо авч байсан удаатай. Түүний уг амжилтыг орчин цагийн хамгийн оргил амжилт хэмээн ихэнх мэргэжилтнүүд үздэг байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт энэ бүхнийг эвдэж, Майами Хитийн төвийн тоглогч Бэм Адебайо нэг тоглолтод 83 оноо авч, бүх цаг үеийн жагсаалтын 2-р байрт бичигдэж эхэллээ.

- Бэмийн хувьд тоглолтын эхний үед л 31 оноо авч, 4-р үе эхлэхэд 62 оноотой болсон байжээ. Тэдний өрсөлдөгч Вашингтон Визардс түүнийг зогсоох гэж бүхий л аргаа ашигласан ч үр дүнгүй байв. Бэм зөвхөн торгуулийн шидэлтээс л гэхэд 36 оноог авсан нь үүнийг илтгэнэ. Тэрээр нийт 43 шидэлтийнхээ 20-ыг нь, түүний дотор холын зайн шидэт 7-г амжилттай болгожээ.

- Энэ амжилт бол орчин цагийн хурдтай, тактик давамгайлсан сагсан бөмбөгт онцгой амжилт гарцаагүй мөн. Хамгаалалтаараа лигийн тэргүүн тоглогчдын нэгт тооцогддог Бэмийн хувьд оноо авалтаараа тийм ч тодордог тоглогч биш. Түүний өмнөх онооны дээд амжилт нь 41 оноо байсан гэнэ. Сонирхуулахад, одоо идэвхтэй байгаа тоглогчдоос Лука Дончич л нэг удаа 70-аас дээш оноог авч байсан билээ.


II. Непал шинэ ерөнхий сайдтай боллоо

- Шинэ үеийн залуусын тодотголтой залуус төрийн эргэлт хийж, хуучин дэглэмийг нураан улс төрийн эрс шинэчлэл хийсэн Непалд парламентын сонгууль амжилттай явагдлаа. Уг сонгуулиар урьдчилан таамаглаж байсанчлан 36 настай экс реппер Бален Шахын нам илт давуу ялалт байгуулав.

- Улмаар тэрээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд боллоо. Сонгуульд нийт сонгогчдын 59% нь оролцсон. Улмаар 275 суудлын 185-ыг нь Б.Шахын нам өөрсдийн болгов. Өмнөх сонгуулиар тэд ердөө 20 суудалтай л байсан юм. Б.Шахын хувьд өмнөх ерөнхий сайд Ш.Олиг насаараа сонгогдсон төрөлх тойрогт нь 3 дахин их санал авч ялсан нь маш том мессеж болов.

- Б.Шах 2022 онд нийслэл Катмантду хотын даргын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан удаатай. Тэрээр нийгэмд шударга ёс тогтоож, боловсрол эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарна гэдгээ мэдэгджээ.


III. Uber-ийн үүсгэн байгуулагч робот бүтээнэ

- Такси дуудлагын салбарыг тэр чигт нь шинээр тодорхойлж, дэлхийн тэргүүлэх апп Uber-ийг эхлүүлж байсан эрхэм бол Трэвис Каланик. Тэрээр 2017 онд өөрийн үүсгэн байгуулсан компаниасаа ажлын байран дахь зохисгүй үйлдэл, хандлагынхаа улмаас хөөгдөж шуугиан дэгдээж байв.

- Энэ цагаас хойш тэрээр клауд гал тогооны бизнес хөгжүүлж, дахин нэг юникорн компани байгуулаад байсан билээ. Тэгвэл тэрээр уг бизнесээ өргөжүүлж, үйл ажиллагааны чиглэлийг нь роботик болгон өөрчилж байгаагаа зарлалаа. Шинэ компаниа “Atoms” хэмээн нэрлэж, үйлдвэрлэл, уул уурхай, логистикийн салбарт робот ашиглан автоматжуулалтын шинэ эринийг эхлүүлнэ хэмээн зорилгоо тодорхойлжээ.

- Энэ хүрээндээ тэд Саудын Арабын хөрөнгө оруулалтын сангаас 400 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татсан байна.

4 мэдүүштэй зүйл

Пуужингаас хамгаалагч: Францад төвтэй батлан хамгаалахын технологи хөгжүүүлэгч Thales “Sky Defender” буюу “Хурмастын хамгаалагч” нэртэй шинэ төслөө танилцууллаа. Уг төсөл нь Европ тивийг зөвхөн холын зайн тусгалт пуужингийн довтолгооноос гадна нисгэгчгүй дрон төхөөрөмжөөс хамгаалах чадвартай гэдгээрээ онцлог. Жилд 4.5 тэрбум еврогийн төсөвтэй гэгдэх уг төсөлд Францаас гадна Испани, Герман улсууд нэгдэнэ гэдгээ мэдэгджээ. Ташрамд дурдахад, Америкт Д.Трампын засаг захиргаа “Iron Dome” нэртэй ижил төслийг эхлүүлээд байгаа билээ.

Онцлох наймаа: AI агентуудад зориулсан сошиал медиа хэмээх тодотголтой Moltbook шинэ эзэнтэй боллоо. Өнгөрсөн сард зөвхөн AI агентуудад нээлттэй гэдгээрээ онцлогтой тус платформ дээр хэлэлцүүлэгдэж буй сэдэв, ярианууд сошиал ертөнцийг донсолгосон. Айсуй ирээдүйг тольдсон, хиймэл оюуны ертөнц рүү өнгийх боломж чухам түүнээс олдсон. Тэгвэл Meta-ийн хувьд AI дахь байр сууриа баталгаажуулж, автоматжуулалтын технологийг нь хэрэглэх зорилгоор уг наймааг хийж байгаа гэнэ. Тэд Instagram, Facebook-т AI профайл хөгжүүлж, онлайн худалдаа, борлуулалтад ашиглах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Түүхэн амжилт: Данийн тоглоом үйлдвэрлэгч Lego компани 2025 онд 13 тэрбум долларын борлуулалттай ажилласан нь дээд амжилт болжээ. Энэ бол тэдний борлуулалт 12%-аар өссөн гэсэн үг. Тэдний борлуулалт 2019 оноос хойш тасралтгүй нэмэгдсээр байгааг мартаж болохгүй. Хамгийн сонирхолтой нь нийт орлогын 35% нь насанд хүрэгчдэд зориулсан премиум моделийн тоглоомын сетүүдээс орж ирдэг гэнэ.

Шинэ төхөөрөмж: Xbox-ийн шинэ загвар 2027 онд гарна. Microsoft хамгийн сүүлд 2020 онд Xbox-ийн хоёр загварын танилцуулж байсан. Гэсэн ч үүнээс хойш тэдний гол өрсөлдөгчид болох Sony, Nintendo шинэ төхөөрөмжүүдээ танилцуулж, зах зээлд эзлэх байр сууриа улам нэмэгдүүлэх болсон билээ. Сонирхуулахад, сүүлийн 10 гаруй жил Microsoft-ийн тоглоомын бизнесийг удирдсан Ф.Спенсер тэтгэвэртээ гарч, шинээр Instagram-ийн DM функцийг хөгжүүлсэн гэдгээрээ алдартай Аша Шармаг томилсон нь юм. Шинэ удирдлагын хувьд шинэ консоль хамгийн чухал ажил нь байх учиртай.

5 сонин хачин

1. “K-Pop Demon Hunters”-ийн шинэ анги хийгдэх болжээ. Netflix-ийн өнгөрсөн зуны гол хит киноны хоёрдугаар анги хийгдэх болсон нь гэнэтийн мэдээ биш гэж хэлж болно. Тэд хамтрагч Sony-ийн хамтаар тус бүтээлийг франчайз болгон өргөжүүлэх амбицтай байгаа бөгөөд анимэйшн бол зөвхөн эхлэл хэмээн тодотгожээ. Шинэ анги 2029 оны зун гарах төлөвтэй байна.

2. Hyundai гал унтраах робот бүтээжээ. Тэд Солонгосын онцгой байдлын албанд шинэ үеийн дөрвөн ширхэг роботыг хандивласан байна. Хүн нэвтрэх боломжгүй хэт халуун болон үзэгдэх орчин хязгаарлагдсан утаатай орчинд уг роботыг ажиллахаар бүтээсэн гэнэ. Робот зөвхөн гал унтраахаас гадна урдаа байгаа саадыг давах, холдуулах чадвартай аж. Үүнээс гадна уг роботыг үйлдвэрийн байгууламж, уурхайд ч ашиглах боломжтой гэж бүтээгчид нь үзэж байна.

3. Adobe-ийн гүйцэтгэх захирал Шантану Нарайен 20 жилийн дараа компаниа орхих болсноо зарлалаа. Тэрээр Цахиурын хөндийн хамгийн анхны энэтхэг захирлуудын нэг гэдгээрээ алдартай. Түүний удирдлаган дор Adobe-ийн үнэлгээ 20 дахин нэмэгдэж, 100 тэрбумд хүрч, борлуулалт нь 1 тэрбумаас 25 тэрбум болон өссөн гэнэ. Мөн компанийн ажилтны тоо 10 дахин нэмэгдэж, дэлхий даяар 30 мянган ажилтантай болжээ. Үүнээс гадна тэрээр Adobe-ийг уламжлалт програм хангамжийн компаниас клоуд суурьтай платформ бизнес болгож дахин сэргээж чадсанаараа гайхагддаг. Тэрээр салбарт ноёлж байсан лиценз зарах бизнес моделиос татгалзаж, subscription буюу захиалгат борлуулалт руу шилжүүлж чадсан нь Adobe-ийн бүтээлч салбарын хамгийн нөлөө бүхий компани болгож чадсан билээ. Одоо уг модель интернетийн хамгийн амжилттай загварт тооцогддог болжээ.

4. Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй газрын зургын апп Google Maps Gemini-тай хосолж ажилладаг боллоо. Тэд “Ask Maps” функцээр дамжуулан AI-тай шууд харьцаж, хамгийн дөт зам, хамгийн ойрын сонголтуудаа хийхийг санал болгож байна. Мөн AI уламжлалт бус байршлууд, чиглэлүүдийг гаргаж өгөх боломжтой гэнэ. Google-ийн хувьд AI-д суурилсан аяллын туслах үүсгэх зорилготой байгаа юм.

5. Дэлхийн хамгийн алдартай зочид буудлын сүлжээ Hilton Монгол Улсад анхны салбараа байгуулах болсноо зарлалаа. Тэд Эко интернэйшнл групптэй хамтран “Конрад Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх болжээ. Талуудын мэдээлж байгаагаар шинэ зочид буудал Төв шуудангийн урд, одоогийн Эко Тауэрийн хажууд байгуулагдах бөгөөд 227 өрөөтэй байх гэнэ. 55 давхар “Улаанбаатар Эко Тауэр”-ын бүрэлдэхүүнд сүндэрлэх уг зочид буудал 2028 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Hilton-ийн хувьд тансаг зэрэглэлийн гэх тодотголтой Conrad Hotels & Resorts брэндээрээ Монголд нэвтэрч байна.