1 гол сэдэв
Юу болов?
Дизайн, бүтээлч салбарын хамгийн том нэгдэл болох учиртай Adobe, Figma-ийн хэлцэл бүтэлгүйтлээ. 2020 оны 9-р сард Adobe үүлэн технологид суурилсан хамгийн гол өрсөлдөгч Figma-г 20 тэрбум доллараар худалдан авах болсноо зарлаад байсан билээ. 2016 онд байгуулагдсан Figma шинэ үеийн хэрэглэгчдийн номер нэг сонголт болж, Adobe-ийн олон жилийн давамгайлалд аюул учруулах болсон нь энэ наймааны гол эхлэл байсан юм.
Яагаад?
Гэвч Европын холбоо болон Их Британийн зохицуулах байгууллагаас энэ нэгдэл нь бүтээлч салбарт монополийг үүсгэж, шинэ инновац үүсгэх үйл явцыг боомилно хэмээн үзсэн юм. Энэ шийдвэрийн дараагаар Adobe Figma-д 1 тэрбум долларын төлбөр төлөхийг зөвшөөрчээ.
Одоо яах вэ?
2 тал шинэ технологи, платформ хөгжүүлэлт дээр хамтран ажиллах ч бие даасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед дэлхий даяарх зохицуулах байгууллагууд монопол үүсэхээс сэргийлж, томоохон шийдвэрүүд гаргасаар байгаа. 5-р сард Facebook-ийн Giphy-г худалдаж авах хэлцлийг буцаасан Их Британийн зохицуулах байгууллага Microsoft-ийн OpenAI-д хийсэн хөрөнгө оруулалтыг мөн шалгаж байгаа билээ.

2 чухал тоо
14.000.000.000 - Эмийн салбарын гигант Bristol Myers Squibb биотехнологи хөгжүүлэгч Karuna-г 14 тэрбум доллараар худалдаж авлаа. 2009 онд байгуулагдсан Karuna нь мэдрэл, сэтгэцийн чиглэлээр төрөлжсөн бөгөөд 2024 оны эхээр худалдаанд гарах шизофренийн эсрэг эм нь зах зээлд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.
14.900.000.000 - 122 жилийн түүхтэй домогт компани U.S Steel-ийг Японы Nippon Steel худалдаж авах тохиролцоонд хүрчээ. Дэлхийн дөрөв дэх том ган үйлдвэрлэгч Nippon Steel нийт 14.9 тэрбум долларыг бэлнээр төлөх гэнэ. Гэхдээ АНУ-ын зохицуулах байгууллагаас үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн энэ хэлцлийг зөвшөөрөх эсэхийг нарийвчлан шалгах бололтой.
3 онцлох өгүүлбэр
I. Warner Bros.Discovery, Paramount нэгдэж магадгүй.
- Медиа салбарын томоохон тоглогчид болох Warner Bros. Discovery, Paramount Global-ийн удирдлагууд албан ёсны хэлцэл хийж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Тэд шинэ компанийн бүтэц ямар байх, аль хэсэгт давуу тал учрах боломжтой талаар зураглалаа бүтээж эхэлсэн гэнэ.
- Энэ наймааг өдөөх гол цэг нь стримингийн тулаан байх нь дамжиггүй. Warner Bros.Discovery-ийн өндөр хүлээлт дор эхлүүлсэн Max-ийн өсөлт тийм ч хангалттай биш байгаа. Тиймээс Paramount+-тай нэгдэж, Netflix, Disney+ зэрэг платформуудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байх боломжтой.
- Гэхдээ хэлцэл эхэн үедээ явж байгаа гэдгийг экспертүүд анхааруулсаар байна. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Paramount+ Apple TV+-тай нэгдсэн бүтээгдэхүүн гаргахаар ярилцаж байгаа тухай цацагдсан. Харин Warner Bros.Discovery-ийн хувьд NBCUniversal-тай нийлэх магадлал өндөртэйд тооцогдсоор байгаа билээ.
II. Хятад улс видео тоглоомын шинэ журам тогтоолоо.
- Хятадын зохицуулах байгууллагаас бүх видео тоглоом хөгжүүлэгчдийг нэг хэрэглэгчдэд ноогдох мөнгө зарцуулалтын дээд хязгаарыг тогтоохыг шаардаж эхэллээ. Мөн мөнгөний хэмжээ дуусах дөхөх үед, эсвэл хэт их зарцуулалт хийх үед анхааруулга мессеж гаргах ёстой болжээ.
- Сүүлийн үед Хятадын залуучууд видео тоглоомд донтож, онлайн орчинд хэт их мөнгө зарцуулах төлөвтэй болсонтой холбоотой. Зохицуулах байгууллагаас тоглоом хөгжүүлэгчдийг үнийн хэт хөөрөгдөл үүсгэх, донтуулах хэлбэрийн аливаа урамшуулал гаргахыг мөн хязгаарлажээ.
- Энэ мэдээний дараа уг салбарын лидер Tencent-ийн зах зээлийн үнэлгээ 12%-аар унаж, 46 тэрбум доллараар буурлаа. Мөн NetEase-ийн хувьд 16 тэрбум долларыг алджээ. Шинэ журам оюутан, сурагчдын өвлийн амралтаас эхлэн хэрэгжиж эхлэх ажээ.
III. Киргиз улс төрийн далбаагаа өөрчлөнө.
- Ерөнхийлөгч С.Жапаровын санаачилсан хуулийн төслийн хүрээнд шинэ далбааны хамгийн том өөрчлөлт нь далбаанд байрласан нарны цацрагийг долгиотсон биш шулуун болгон өөрчилжээ.
- Хуучин далбааны харагдах байдал нь нар шиг бус, наранцэцэг шиг байсан хэмээн шүүмжлүүлдэг нь энэ өөрчлөлтийн гол суурь болов. Мөн дэвсгэр өнгийг илүү бараан өнгөтэй болгосон байна. Тэрчлэн гол элемент болох гэрийн тоононы зураасыг гурав байсныг дөрөв болгон өөрчлөхийг парламент дэмжжээ.
- Сонирхуулахад, Киргизстаны төрийн далбааны голд гэрийн тооныг багтаасан 40 цацрагтай нарыг дүрсэлдэг. 40 цацраг нь анх Монголын түрэмгийллийн эсрэг тэмцэлд нэгдсэн Киргизийн 40 овгийг бэлэгддэг ажээ.

4 мэдүүштэй зүйл
Жирэмслэлтээс хамгаалагч: Их Британид жирэмслэлтээс хамгаалах эмийг анх удаа эрэгтэйчүүд дээр туршиж эхэллээ. YCT-529 нэртэй уг эм нь А витамины хүртээмжийг хаах замаар эр бэлгийн эс үүсэхээс сэргийлдэг гэнэ. Үйлдвэрлэгчид уг эмийг "ямар нэг дааврын найрлагагүй, 99 хувийн үр дүнтэй, 100 хувийн буцаах боломжтой" хэмээн онцолжээ.
Дараалсан ялагдал: Өнгөрсөн долоо хоногт Epic-ийн заргад ялагдсан Google дахин шүүхээс торгууль хүртлээ. Тэд Андройд хөгжүүлэгчдийг өөрсдийн төлбөрийн системээ нэвтрүүлэхийг зөвшөөрч, өмнөх жилүүдэд монополийн шинж чанартайгаар ажиллаж байсныхаа төлөө 700 сая долларыг төлөх болсон байна.
Нас баталгаажуулалт: Европын холбооноос насанд хүрэгчдийн видео сайтуудыг тодорхой шалгуур давсан тохиолдолд хэрэглэгчий насыг баталгаажуулахыг шаардсан журмыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд өдөрт 45 саяас илүү хэрэглэгч хүлээж авдаг Pornhub, Xvideos, Stripchat гэсэн гурван вебсайт бүх хэрэглэгчдийн насыг баталгаажуулах явцыг хэрэгжүүлэх болжээ.
Цэнэглэгчийн нэгдэл: Volkswagen цахилгаан машин цэнэглэгчийн Tesla-ийн стандартад албан ёсоор нэгдсэнээ зарлалаа. Audi, Porsche зэрэг топ брэндүүдийг эзэмшигч тус компани энэ стандартад нэгдээгүй үлдсэн гол үйлдвэрлэгчдийн нэг байсан юм. Ингэснээр Jeep, Fiat, Chrysler зэрэг брэндүүдийг эзэмшигч Stellantis л нэгдээгүй үлдээд байна.
5 сонин хачин
1. DC-ийн ертөнцийн ээлжит бүтээл "Aquaman and the Lost Kingdom" Хойд Америкийн зах зээлээс 40 сая долларын орлого олж, бокс оффисыг тэргүүллээ. Энэ нь тус кино эхний ангийнхаа амжилтад хараахан хүрээгүй гэсэн үг. Universal-ийн 2016 оны Sing-ээс хойш гаргаж байгаа хамгийн анхны оригинал анимэйшн "Migration" таамаглалаас дээгүүр амжилт үзүүлж, чартын эхний гурван байрт багтах бололтой.
2. Microsoft хэрэглэгчдэд AI ашиглан дуу зохиох боломж олгох шинэ хэрэгслийг нэвтрүүллээ. Discord платформ дээр хамгийн анх эрэлттэй болсон Suno нэртэй уг плаг-ин нь одоо Copilot-той нийцэж ажиллах болсон нь энэ. Хэрэглэгчид уг хэрэгслийн тусламжтай өгүүлбэр, үгээс шүлэг, аятай бүтэн хөгжим гаргаж авах боломжтой юм.
3.NASA Антарктидад байрлах судалгааны төвөөс агаарын бөмбөлөг хөөргөж, сүүн замын хамгийн том 3D газрын зураг бүтээх төслөө албан ёсоор эхлүүллээ. GUSTO нэртэй төслийн хүрээнд уг агаарын бөмбөлөг 36 км-ийн өндөрт 55 өдрийн турш хөөрч зураг авалтын ажлаа гүйцэтгэх гэнэ.

4. Цахилгаан скүүтерийн зах зээлийг түүчээлж, хамгийн эрэлттэй тээврийн хэрэгслийн нэг болоход гол үүрэг гүйцэтгэсэн Bird дампуурлаа зарлалаа. Цар тахлын өмнө 2.5 тэрбум долларын үнэлгээтэй болж, хэрэглэгчдийн тоо нь эрс нэмэгдсэн тус стартап хөл хорионы үеэрх зардал, хохирлоо барагдуулж чадахгүй байсаар ийн үйл ажиллагаагаа зогсоож байгаа юм.

5. Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын эхлүүлсэн сансрын стартап Blue Origin бүтэн жилийн дараа анхны нислэгээ амжилттай хийлээ. New Shephard хөлөг 2022 оны 9-р сард техникийн шалтгааны улмаас дэлбэрч, түүнээс хойш технологи хөгжүүлэлт дээр төвлөрсөөр байсан юм.
10 унших мэдээ
Анзаарах: Колорадо муж Трампын нэрийг саналын хуудсаас хасав /Politico/
Эмээх: SEO хулгайлах AI аян /Insider/
Ойлгох: Apple ялж, Google ялагдсаны учир /The Verge/
Анхаарах: Насанд хүрэгчдийн зах зээл ба AI хэрэглээ /Washington Post/
Хүлээх: 2024 оны медиа салбарын таамаг /CNBC/
Үзэх: 2023 оны киноны гол мөчүүд /Variety/
Харамсах: Hyperloop One дампуурлаа /Bloomberg/
Мэдэх: Ангол улс OPEC-ийг орхив /BBC/
Тооцох: Сонгуулийн тов, тойргийн хуваарилалт батлагдлаа /Ikon/


