1 гол сэдэв
Юу болов?
Энэ зуны хамгийн өндөр хүлээлттэй кинонууд нээлтээ хийж, цар тахлын дараах бокс оффисын хамгийн эрэлттэй долоо хоног тохиолоо. Mattel-ийн домогт тоглоом барби, атомын бөмбөгийг бүтээгч Р.Оппенхэймерийн намтар кинонууд нээлтээ хийсэн даруйдаа хагас тэрбум долларын орлогыг олж, энэ жилийн гол рекордуудыг бүгдийг нь эвдэв.
Барбигийн хувьд...
Barbie-ийн хувьд маркетингийн маш өвөрмөц, топ брэндүүдтэй хамтран ажилласан кампанит ажлаараа энэ зуны өнгийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэд дэлхий даяар 337 сая долларын орлого олж, бокс оффисын итгэл төгс тэргүүллээ. Энэ бол 2023 оны хувьд хамгийн өндөр амжилт. Найруулагч Г.Гервигийн хувьд эмэгтэй найруулагчдын дебют долоо хоногтоо хамгийн өндөр орлого олсон амжилтыг мөн тогтоолоо.
Оппенхэймерийн хувьд...
Тэгвэл алдарт найруулагч К.Ноланы ээлжит бүтээл "Oppenheimer" дэлхий даяар 174 сая долларыг цуглуулж, жагсаалтын 2-р байрт бичигдлээ. К.Мюрфи, Э.Блант, Р.Дауни зэрэг оддын тоглосон уг кино Оскарт өндөр амжилт үзүүлэх магадлалтай гэдэг нь шүүмжлэгчид болон үзэгчдийн төгс гэмээр үнэлгээнүүдээс батлагдана. 100 сая долларын төсөвтэй уг кино ихэнх орлогоо IMAX-ийн тасалбараас олжээ.
2 чухал тоо
12 - Pew Research-ийн судалгаагаар Америкийн олон нийт NASA-ийн гол зорилго дэлхийг астеройдын аюулаас хамгаалах хэмээн үзэж байна. 10 мянган хүний оролцсон санал асуулгын 60% нь ийм хариулт өгсөн гэнэ. Харин ердөө 12% нь саран дээр газардах хэмээн үзжээ.
660.000 - Энэтхэгийн Сурат хотноо баригдсан Surat Diamond Bourse хэмээх байгууламж дэлхийн хамгийн том оффисын барилгаар тодорлоо. Дэлхийн алмазын худалдааны 90% нь дамждаг уг хот нь 15 давхар, 660 мянган м2 зай талбайтай уг оффисыг 388 сая доллараар байгуулж байгаа юм. Энд алмаазын худалдаа, засвар, чимэглэл зэрэг бүх цогц үйлчилгээ хийгдэх гэнэ. Өмнөх рекордыг АНУ-ын Пентагон эзэмшдэг байсан юм.
3 онцлох өгүүлбэр
I. Twitter логогоо солино.
- И.Маск 44 тэрбум доллараар худалдан авсан Twitter-ийн домогт цэнхэр шувууны логог солино гэдгээ мэдэгдлээ. Тэрээр өөрийг нь карьерынх нь турш дагасан "X"-ийг брэндийн шинэчлэлдээ ашиглах ажээ. Үүний эхлэл болон хэрэглэгчид X.com руу нэвтрэхэд шууд Twitter лүү үсэрдэг тохиргоотой болсон байна.
- Тэрээр Twitter-ийн толгой компанийн албан ёсны нэрийг "X" болгон өөрчлөөд амжсан. И.Маскийн хувьд зөвхөн сошиал медиа платформоос гадна төлбөр тооцоо, видео, онлайн худалдаа зэргийг бүгдийг нь багтаасан супер апп бүтээх амбицтай байгаа. Түүнийгээ "X" гэсэн нэрийн дор нэгтгэхээр зорьж байгаа юм.
- Түүний "X"-тэй холбогдсон түүх бүр 1999 оноос эхтэй. Тухайн үед тэрээр өөрийн үүсгэн байгуулалцсан Paypal-ийн нэрийг ийн өөрчлөхийг хичээсэн ч бүтэлгүйтэж байсан удаатай. И.Маск саяхан хиймэл оюуны чиглэлээр технологи хөгжүүлэх компаниа "X.AI" хэмээн нэрлэж байгаагаа зарласан билээ.
II. Meta ChatGPT-ийн өрсөлдөгчийг зарлалаа.
- Meta өөрсдийг хөгжүүлж буй хамгийн чухал AI модель Llama 2-ийг зарлалаа. Салбарын шинжээчид үүнийг өнгөрсөн жилийн сүүлээр ChatGPT зарлагдснаас хойшхи хамгийн чухал бүтээгдэхүүн боллоо хэмээн онцолж байна.
- 70 тэрбум параметр, 2 их наяд токенийг сургасан уг моделийн хамгийн онцлог нь нээлттэй эхэд суурилсан нь юм. Мөн тэд тухайн хэрэглээ нь 700 сая идэвхтэй хэрэглэгчтэй болох хүртэл уг загвараа арилжааны болон академик түвшинд үнэгүй байлгана гэнэ.
- Нөгөө талаас Meta-ийн хувьд ChatGPT-ийн хамгийн том хөрөнгө оруулагч Microsoft-той стратегийн түншлэл үүсгэж байгаа нь анхаарал татав. Llama 2 нь Microsoft-ийн Azure, Windows, 360 зэрэг бусад платформ, бүтээгдэхүүнтэй интеграц хийнэ гэнэ. Үүнээс гадна Qualcomm-той хамтран бусад ухаалаг төхөөрөмжид суурилуулах чиглэлд ажиллах аж.
III. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ.
- 9 дэх удаагийн ДАШТ Австрали, Шинэ Зеландад зохиогдож байна. Бүтэн сарын турш үргэлжлэх уг тэмцээнд анх удаа 32 баг оролцох гэж байгаа. 2015, 2019 онуудад АНУ-ын багийг дараалан түрүүлэхэд 24 шигшээ баг өрсөлдөж байсан юм.
- Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дэлхий нийтийн анхаарлын төвд орж, ивээн тэтгэгчдийн сонирхлыг татаж байгаа нь хэд хэдэн статистикаас харуулна. Тэмцээний албан ёсны медиа Fox Sports-ийн хувьд бүх рекламын зайгаа борлуулж, шагналын сан гурав дахин нэмэгдсэн байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа бүх тоглогчид хамгийн багадаа 30 мянган долларын урамшуулал хүртэх юм.
- Тэмцээний шагналын сан 110 сая доллар байна. Гэхдээ энэ нь эрэгтэйчүүдийн ДАШТ-тэй харьцуулахад 4 дахин бага дүн. Ташрамд дурдахад, шагналын сан, орлого хуваарилалт, цалин урамшууллыг шударга болгох талаар олон хөлбөмбөгчид, клубүүд дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна хэмээн экспертүүд хүлээн зөвшөөрч байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
Хүчтэй өрсөлдөгч: Amazon хиймэл дагуулын интернетийн чиглэлд үйл ажиллагаа явуулах 120 сая долларын өртөг бүхий шинэ байгууламжийг барих болсноо зарлалаа. Флоридад, NASA-ийн кампуст баригдах уг байгууламж нь тус компанийн Project Kuiper-ийг эрчимжүүлэх зорилготой юм. Тэд нийт 3200 хиймэл дагуулыг хөөргөх зорилготой байгаа юм.
Том амлалт: Хиймэл оюунтай холбоотой үүсэх аливаа эрсдлээс сэргийлэх, хамгаалах шинэ стандарт, журмыг гаргана хэмээн тэргүүлэх 7 компани амлалт өглөө. Цагаан ордноос зохион байгуулсан уг зөвлөлд OpenAI, Microsoft, Meta, Amazon, Anthropic, Google, Inflection тус тус нэгджээ.
Сэтгүүлч AI: Google сэтгүүлчдэд туслах зорилготой, мэдээ бичих чадвартай AI-ийг туршиж байна. Genesis нэртэй уг хэрэгслээ тэд The New York Times, Wall Street Journal, Washington Post зэрэг тэргүүлэх медиа компаниудад санал болгожээ.
Робот хагалгаа: Washington University-ийн эрдэмтэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа робот ашиглан гүйцэтгэжээ. Тэд нарийвчлал өндөртэй, гүйцэтгэхэд төвөгтэй хүнд мэс заслыг ахисан түвшний робот төхөөрөмжүүд ашиглан гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
5 сонин хачин
1. Вебсайт бүтээгч платформ Wix.com AI функц нэвтрүүлж байна. Шинэчлэлийн дараагаар хэрэглэгчид зөвхөн текст өгөгдөл дээрээ тулгуурлан бүтэн ажиллагаатай вебсайттай болох боломжтой болно гэнэ.
2. TikTok Music өргөн хэрэглээнд нэвтэрч эхэллээ. Энэ сард тестээ эхлүүлсэн төлбөрт хөгжмийн үйлчилгээг одоо Сингапур, Бразил, Мексик, Австрали, Индонезийн хэрэглэгчид ашиглах боломжтой болсон байна. Сарын 8 долларын төлбөртэй уг үйлчилгээ нь Spotify, Apple Music-тэй өрсөлдөх зорилготой юм.

3. К.Кардашианы үүсгэн байгуулсан эмэгтэйчүүдийн хувцас, хэрэглэлийн брэнд "Skims" нээлттэй компани болохоор зэхэж байна. Энэ жил л гэхэд 750 сая долларын борлуулалттай ажиллах төлөвтэй байгаа тус компанийн үнэлгээ 4 тэрбум долларт хүрсэн гэнэ. Энэ нь гол өрсөлдөгч "Victoria's Secret"-ээс 2 дахин өндөр байна гэсэн үг юм.

4. Telegram сторитой боллоо. Хэрэглэгчдэд богино видео, зураг, статусаа хуваалцах боломж олгох уг функц нь эхний ээлжинд төлбөр төлдөг буюу Premium хэрэглэгчдэд нээлттэй байна гэнэ. Тэднээс өмнө Whatsapp, Signal зэрэг чат апп-ууд ижил нэмэлтийг нэвтрүүлээд байгаа билээ. Telegram-ийн хувьд хэрэглэгчид стори нээлттэй байх хугацаагаа 6-48 цагийн хооронд сонгодог гэдгээрээ онцлогтой байх аж.

5. Apple өөрийн гэсэн хиймэл оюунтай болохыг зорьж байна. Apple GPT нэртэй уг чатботоо тэд дотооддоо хэдийнээ туршаад эхэлсэн бөгөөд ирэх жил нээлттэй болгохоор зэхэж байгаа бололтой.


Сэтгэгдэл бичих

