1 гол сэдэв
Microsoft-ийн тэсрэлт
Microsoft өөрийн веб хөтөч Edge болон хайлтын систем Bing-ийг сүүлийн үед шуугиан тарьж буй AI чатбот ChatGPT-ийн илүү хүчирхэг хувилбартай нэгтгэснээ зарлалаа. Тэд үүгээрээ хайлтын системийн шинэ эрин үе эхэлж байгааг зарлан тунхаглаж, яг өнөөдрөөс шууд туршиж үзэхийг санал болгож эхлэв. Бидний хайлтын тухай түгээмэл ойлголтыг эвдэхүйц, асар их цаг хугацаа, хөдөлмөр хэмнэх боломжтой энэхүү хослолыг туршихыг хүссэн хэрэглэгчдийн тоо 24 цагийн дотор 1 саяд хүрчээ.
Google-ийн хариулт
Мэдээж хайлтын мангас Google зүгээр суусангүй. Тэд өөрсдийн хөгжүүлж буй "Bard" нэртэй хиймэл оюунаа танилцуулж, зөвхөн хайлтаас гадна Google Map, Gmail зэрэг бусад үйлчилгээнүүддээ интеграц хийхээ зарлав. Гэсэн ч танилцуулгын үеэр "Bard"-ын дэлгэцэн дээр гаргасан хайлтын хариулт нь "худлаа баримтыг харуулсан" нь ил болж, түүний улмаас Google-ийн толгой компани Alphabet-ийн үнэлгээ нэгхэн өдрийн дотор 100 тэрбум доллараар буурав.
AI дайны эхлэл
Microsoft-ийн хувьд ChatGPT-г Word, Excel, PowerPoint зэрэг хамгийн олон хэрэглэгчтэй програмууддаа нэвтрүүлснээр масс хэрэглээг эрчимжүүлнэ хэмээн итгэж буй. Харин Google одоогийн монополь гэж хэлж болох хэрэглээний суурин дээрээ үндэслэн дэвшилтэт нэмэлтүүдээ таниулж, зах зээлээ хамгаалах боломжтой хэмээн үзэж байгаа юм. Шинжээчид Microsoft, Google-ийн тулааныг AI дайны ердөө эхлэл хэмээн харж байгааг эцэст нь онцолъё. Хятадад Alibaba, Baidu зэрэг топ компаниуд нь ижил төстэй үйлчилгээгээ танилцуулна гэдгээ зарлаж, энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол улам бүр нэмэгдсээр байна.
2 чухал тоо
4.000 - Twitter төлбөр төлсөн хэрэглэгчдэд 4,000 хүртэлх тэмдэгтийг ашиглаж жиргэх боломжийг нээжээ. Энэ бол 140 тэмдэгтийн хязгаартайгаар эхэлсэн сошиал платформын хувьд хамгийн том өөрчлөлтийн нэг нь болж байна. И.Маск удирдлагыг авснаас хойш томоохон өөрчлөлтүүдийг хийх болсон Twitter өнгөрсөн долоо хоногийн турш серверийн асуудлаас болж гацаж, тасалдсан нь мөн л ярианы сэдэв болоод амжив.
38.388 - Леброн Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны рекордыг эвдлээ. Өдгөө 38 настай Л.Жэймс 1984 оноос хойш уг амжилтыг эзэмшиж байсан домогт Карим Абдул-Жаббарын рекордыг 38.388 оноо болгон ахиулав. 2003 онд NBA-д элсэн орсон тэрээр карьерынхаа туршид ердөө 8хан тоглолтод л нэг оронтой оноотой тоглолтыг дуусгаж байжээ.

3 онцлох өгүүлбэр
I. Хүчтэй газар хөдлөлт дэлхий нийтийг цочроов.
- 9 цагийн зайтай явагдсан 7.8 болон 7.5 баллын газар хөдлөлт Турк, Сирийн хилийн ойролцоох суурин газрыг тэр чигт нь хамарч, сая сая хүний амьдралыг бүр мөсөн өөрчлөв. Одоогийн байдлаар амиа алдагсдын тоо 27 мянгыг даваад байна.
- Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 30 мянга орчим аврагчид цаг хугацаатай уралдан авран хайх ажиллагааг явуулж байгаагийн дотор Монгол улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг багтаад байгаа. Туркийн талаас 10 мужид 150 мянга орчим ажилчид аврах ажиллагаанд дайчлагджээ.
- НҮБ-ийн тооцоогоор газар хөдлөлтийн улмаас 5 сая гаруй хүн орон байраа алдаж, 10 сая орчим хүнд нөлөөлжээ. Эдийн засагчид гамшгийн хохирол хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэнэ хэмээн тооцож байна. Иргэний дайн, олон улсын хоригийн улмаас Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгааг ч мэргэжилтнүүд онцолжээ.
II. 65 дахь удаагийн Грэмми наадмын ялагчид тодорлоо.
- Шинэ аялан тоглолтоо эхлүүлэхээр зэхэж буй Beyonce Грэммигийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн артист боллоо. Тэрээр өнгөрсөн онд гаргасан "Renaissance" цомгоороо "Шилдэг бүжгийн/электроник цомог" зэрэг нийт 4 төрөлд цом хүртэж, нийт карьер дахь ялалтын тоогоо 32 болгон ахиулсан нь энэ юм.
- Гэхдээ энэ үдшийн хамгийн гол шагнал болох "Оны шилдэг цомог"-ийн эзнээр Харри Стайлс тодров. Тэрээр "Harry's House" цомгоороо Beyonce-ээс гадна ABBA, Coldplay, Кендрик Ламар зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг буулгаж авав. Харин шилдэг дуу бичлэгийн шагналыг Lizzo-ийн "About Damn Time" хүртжээ.
- Алдарт жүжигчин Вайола Дэвис өөрийн намтар номоороо "Шилдэг аудио ном"-ын төрөлд тэргүүлж, EGOT буюу Эмми, Грэмми, Оскар, Тонигийн шагналыг бүгдийг нь хүртсэн онцгой амжилтын эзэн боллоо. Тэрээр энэ амжилтад хүрсэн 18 дахь эрхэм болж байгаа гэнэ.
III. Disney-ийн гранд төлөвлөгөө ил боллоо.
- Дэлхийн хамгийн том энтертэйнмент компанийг дахин удирдах болсон Боб Айгер эхний тайлангийн хурлаа хийж, шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрээр компанид бүтцийн өөрчлөлт хийж, нийт 7000 мянга гаруй ажилтныг цомхотголд оруулснаар 5.5 тэрбум доллар хэмнэнэ гэдгээ мэдэгдэв. Стриминг платформын нээлттэй холбоотой хурдтай өргөжүүлсэн багийн зардлыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан танаж байгаа нь энэ хэмээн тэрээр тайлбарлажээ.
- Үүнээс гадна тэд бокс оффист үлэмж амжилт олж, үе үеийн үзэгчдийн хайртай бүтээл болсон "Frozen", "Toy Story", "Zootopia"-ийн шинэ ангийг хийнэ гэдгээ зарлалаа. Б.Айгерын хувьд энэ бол гол брэндүүдээ өргөжүүлж, тэдгээрт төвлөрсөн төрөл бүрийн формат бүхий контент хэрэглэгчдэд санал болгох стратегийнх нь гол илрэл юм. Одоо Disney-ийн хувьд "Disney Entertainment", "ESPN", "Disney Parks & Experiences" гэсэн гурван нэгжтэйгээр ажиллана гэнэ.
- Disney-ийн борлуулалт өнгөрсөн улиралд 23 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан гэсэн үг. Хамгийн өндөр өсөлтийг Диснейн паркийн бизнес үзүүлж, өмнөх улирлаас орлого нь 21%-аар нэмэгдсэн байв. Б.Айгер "Avatar"-ийн сэдэвтэй парк байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа ч нуусангүй. Үнийн өсөлтийн улмаас 2.5 сая хэрэглэгчээ алдсан ч Disney+-ийн хэрэглэгчдийн тоо 161.8 саяд хүрчээ. Эдгээр мэдээний дараа Disney-ийн хувьцааны үнэлгээ 5%-аар нэмэгджээ.
4 мэдүүштэй зүйл
Өвөрмөц шийдэл: Дэлхийн хамгийн том кино театрын сүлжээ AMC тасалбарын борлуулалтаа дэмжих үүднээс үнийн ялгаатай бодлого хэрэгжүүлж эхлэх гэж байна. Онгоцны билет захиалгатай ажил зарчмаар ажиллах энэ шинэчлэлийн хүрээнд суудлын байршил, захиалгын хугацаа зэргээс хамааран тасалбарын үнэ өөр, өөрөөр хэлбэлзэх гэнэ.
Супер цэнэглэгч: RealMe ердөө 9 минутын дотор бүрэн цэнэглэгдэх боломжтой шинэ утсаа танилцууллаа. "Дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг утас" тодотголтой RealMe GT Neo 240W-ийн түргэн цэнэглэх технологийг дэмжиж ажилладаг бөгөөд 4600 mAh-ийн батарейгаар тоноглогджээ. 472 долларын үнэтэй уг утас одоогоор зөвхөн Хятадын зах зээлд борлуулагдана.
Этгээд биет: Хятадын илгээсэн тагнуулын бөмбөлгийн дуулиан намдаагүй байхад дахин үл мэдэгдэх биет АНУ, Канадын агаарын орон зайд нэвтэрсэн хэрэг гарлаа. Жижиг оврын машины хэмжээтэй, цилиндр хэлбэртэй уг биетийг АНУ-ын тал буудаж унагасан бөгөөд одоогоор үлдэгдлийг олон гарал үүсэл, зорилгыг судлах ажиллагаа явагдаж байна.
Супер баг: Google-ийн VR технологийг хөгжүүлэгч "Google Labs"-ийг ахалж байсан К.Бавор 18 жилийн дараа компаниа орхиж байгаагаа зарлалаа. Тэрээр Facebook-ийн экс технологи хариуцсан захирал, Salesforce-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Тэйлортой хамтран шинэ AI стартап байгуулах болжээ. Цахиурын хөндийн топ инженерүүдийн нэгдэл одоогоор юун дээр төвлөрч ажиллах нь ил болоогүй байна.
5 сонин хачин
1. Супер Боултай давхацсан даруухан долоо хоногийн бокс оффисыг "Magic Mike's Last Dance" тэргүүллээ. 2012 онд анх цацагдаж байсан уг цувралын гуравдугаар ангид гол жүжигчин Ч.Татумаас гадна С.Хайек тоглож байгаа нь анхаарал татаж байна. Сонирхуулахад, энэ долоо хоногт 25 жилийн ойгоо тэмдэглэж буй "Titanic"-ийн шинэчлэгдсэн 3D үзвэр мөн нээлтээ хийж, 7 сая долларын орлого цуглуулжээ.
2. K-Pop-ийн хамгийн нөлөө бүхий компаниуд нэгдэж байгаагаа зарлалаа. Дэлхийг байлдан дагуулж буй BTS-ийн менежментийн компани гэдгээрээ алдартай HYBE гол өрсөлдөгчдийн нэг SM Entertainment-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж байгаа нь энэ. Тэд уг компанийн 14.8 хувийг 422 тэрбум воноор худалдан авчээ. Ингэснээр тэд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хүчирхэг нэгдлийг үүсгэж байгааг шинжээчид онцолж байна.
HYBE Purchases Lee Soo Man's SM Entertainment Stock, Officially Becomes Highest Shareholder In Company https://t.co/ohsxx2ii1Y
Thu Feb 09 23:50:38 +0000 2023
3.OnePlus анхны таблетаа танилцууллаа. Тэд өнгөрсөн долоо хоногт өөрсдийн премиум загвар OnePlus 11, ухаалаг чихэвч OnePlus Buds Pro 2-ийн хамтаар экосистемийг бүрдүүлэх шинэ төхөөрөмжөө зарласан нь энэ юм. 7:5-ийн дэлгэцийн харьцаатайгаараа онцлог уг таблет нь ухаалаг бал, кэйбордтой бүрэн нийцэж ажиллах аж.
4. Hyundai гар утасны апп-аар дамжуулан машин түрээслэх үйлчилгээг нэвтрүүллээ. Одоо хэрэглэгчид Hyundai Ioniq 5 хэмээх цахилгаан хөдөлгүүрт автомашиныг сарын 899 доллар төлөн 1600 км унах нөхцөлтэйгөөр захиалах боломжтой гэнэ. Үүнээс өмнө Porsche, Volvo, Cadillac ижил төстэй үйлчилгээг нэвтрүүлж байжээ.
Hyundai is starting a car subscription service for those who don’t want a long term commitment but who may want to… https://t.co/4tgJQKW33G
Fri Feb 10 21:30:13 +0000 2023
5. Энэ оны хамгийн өндөр хүлээлттэй видео тоглоомд тооцогдож байсан "Hogwarts Legacy" нээлтээ хийхээсээ өмнө л дээд амжилт тогтоож, шуугиан тарьсаар байна. Домогт Харри Поттерын ертөнцөд өрнөх уг тоглоомын урьдчилсан борлуулалт Epic, Steam-ийн жагсаалтыг тэргүүлж, Twitch дээрх үзэлтийн тоо нь нэгэн зэрэг 1.2 саяд хүрч мөн рекорд тогтоожээ. Зохиолч Ж.Роулингийн трансжендерийн үзэл баримтлалын улмаас уг тоглоомын бойкотлох давлагаа сошиалд хүчтэй өрнөж байгаа нь олны анхаарлыг татах бас нэгэн үндэс болсныг онцолъё.
10 уншууртай мэдээ
Мэдэх: Ким Жон Ун яагаад охиноо ил гаргах болов? /CNN/
Тоглох: Nintendo Direct-ийн эвентээс онцлох бүх зүйлс /Polygon/
Ойлгох: Яагаад AI Google-ийг ялна гэж? /Decoder/
Турших: Flappy Bird + Wordle /Flappybirdle/
Хүлээх: FTX улс төрчдөд хандивласан мөнгөө буцаана /Morning Brew/
Анзаарах: Манчестер Юнайтед Катар эзэнтэй болох уу? /The Guardian/
Унших: Орчин цагийн капиталзмыг ойлгох нь /NYMag/
Анхаарах: Binance USD-г хязгаарлалаа /Coindesk/
Үзэх: Зургийн уралдаанд AI түрүүлжээ /PetaPixel/
Сонирхох: Хааны логог Apple-ийн дизайнер бүтээжээ /The Verge/

Сэтгэгдэл бичих

