1 гол сэдэв
Юу болов?
Google-ийн шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж, програм шинэчлэлүүдээ танилцуулдаг I/O арга хэмжээ олон сонирхолтой мэдээллээр дүүрэн байлаа. Энэ өдрийн эхний од нь Google Pixel байв. Тэд анх удаа нугардаг загварын Pixel Fold-оо зарласнаас гадна Pixel Tablet, илүү хямд үнэтэй утас Pixel 7A-г танилцуулав. Нугардаг утасны трендэд өнгө нэмэх хүлээлттэй байгаа Pixel Fold-ийн хувьд 1799 долларын үнэтэй байх бөгөөд бүрэн дэлгэгдсэн үедээ 7.6 инчийн дэлгэцтэй болох аж.
Гэхдээ...
Энэ өдрийн жинхэнэ од нь Bard байв. Google-ийн ChatGPT болон Microsoft-д өгч буй хариулт Bard-ийг одоо хүн бүр ашиглах боломжтой болжээ. Үүнээс гадна Google-ийн үндсэн бизнес хайлт нь хиймэл оюунтай холбогдсноор хэрэглэгчид илүү олон сонголттой болж байна. Bard болон энэ өдөр зарлагдсан шинэ модель PaLM нь Google-ийн нийт 25 үйлчилгээтэй бүрэн интеграц хийснээ зарласан нь салбарыг донсолгосон хүчтэй мэдээ болов.
Тэгэхээр...
Хэрэглэгчид одоо Gmail дээрээ ухаалаг туслахын тусламжтайгаар өөрийн имэйлээ бичүүлж, Android үйлдлийн систем хүртэл AI-д суурилсан нэмэлтүүд ашиглах боломжтой болсон байна. Android хэрэглэгчид одоо мессежэд хариу бичих, зураг янзлах, текстээс зураг руу шилжүүлэх үйлдлийг хялбарчлах боломжтой болов. Үүнээс гадна Duet AI нэртэй шинэ үйлчилгээгээрээ дамжуулж Docs, Sheets, Slides, Meet зэрэг ажлын байрны хэрэгслүүддээ AI-ийг нэвтрүүлж эхлэв.
онцлох эвент: “Татвар төлөгчдийн өдрүүд-2023”
Монголын Татварын Албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёрдахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд 24 дэх удаагийн "Татвар төлөгчдийн өдрүүд" зохион байгуулагдсан юм. 2023 оны татвар төлөгчдийн өдрүүдийг иргэд, хуулийн этгээдүүддээ цахим үйлчилгээнд уриалах, цахим үйлчилгээний системүүдээ танилцуулах, цахим үйлчилгээг хэрхэн авах заавар, зөвлөгөөг хүргэх зорилготойгоор “Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэн өнгөрүүлжээ. ТЕГ-аас 2023 оны тавдугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан 2023 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагааг хэвлэлийн бага хурлаар эхлүүлэн 2022 ондоо "Хамгийн өндөр татвар төлсөн аж ахуйн нэгж" болон "Бизнес скоринг А үнэлгээтэй аж ахуйн нэгжүүд"-ээ алдаршуулан зарласан ажээ.

2 чухал тоо
28: Дэлхийн хамгийн том бизнес медиагийн нэг Forbes 28 настай эзэнтэй боллоо. 2021 онд дэлхийн хамгийн залуу өөрийн хүчээр тэрбумтан болсон эрхэмээр нэрлэгдэж байсан А.Расселл тус компанийн 82%-ийн хувьцааг 800 сая доллараар өөрийн болгожээ. Тэрээр автомат удирдлагатай машинд зориулсан мэдрэгчийн технологи хөгжүүлэгч Luminar хэмээх компанийг үүсгэн байгуулагч юм.
2.450.000.000 - Hyundai Энэтхэгийн зах зээлд 2.45 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлалаа. Тэд ирэх 10 жилийн хугацаанд Тамил Наду мужид цахилгаан машины шинэ үйлдвэр байгуулж, 100 цэнэглэх станцыг байгуулна гэнэ.
3 онцлох өгүүлбэр
I. Twitter шинэ гүйцэтгэх захиралтай боллоо.
- Түүний нэр бол Линда Яккарино. Тэрээр 2011 оноос хойш дэлхийн хамгийн хүчирхэг медиа, энтертэйнмент компаниудын нэг NBCUniversal-ийн зар сурталчилгаа, түншлэл эрхэлсэн захирлаар ажиллаж байв.
- И.Маск жиргээнд явуулсан санал асуулгын дүнд ялагдаж, ойрын хугацаанд гүйцэтгэх захирлаа томилно гэдгээ амлаад байсан. И.Маскийн энэ томилгоо Twitter-ийг топ брэндүүдтэй ойртуулж, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгын илрэл болов.
- Өдгөө 60 настай Л.Яккарино уламжлалт медиагийн үр дүн хэмжилтийн загварчлал болон системийг шинэчилж, Apple, Snapchat, Youtube зэрэг дижитал компаниудтай урт хугацааны гэрээ байгуулснаараа алдартай. Хамгийн сүүлд тэрээр Peacock дижитал стримингийн стратеги дээр ажиллаж байжээ.
II. "The Legend of Zelda"-ийн шинэ анги 2023 оны рекордыг тогтоолоо.
- Nintendo-ийн шинэ тоглоом "The Legend of Zelda: Tears of the Kingdom" худалдаанд гарсан даруйдаа төрөл бүрийн рекордыг эвдэж, 2023 оны хамгийн өндөр борлуулалттай тоглоом болов. Энэ нь тэд Hogwarts Legacy, FIFA 2023-ын амжилтыг давсан гэсэн үг.
- The Legend of Zelda-ийн өмнөх анги 2017 онд Nintendo Switch-ийн үндсэн тоглоом болон гарснаас хойштоглоомын ертөнцийг донсолгож, шинэ анги нь 2019 онд зарлагдсан цагаасаа хойш асар их хүлээлт үүсгэх болсон.2017 оны Breath of Wild бараг 30 сая хувь зарагдсан гэгддэг.
- 1986 онд анх гарч байсан The Legend of Zelda үе үеийн тоглоомчдын хамгийн хайртай түүхийн нэг. Тиймдээ ч шүүмжлэгчид шинэ тоглоомд маш өндөр үнэлгээ өгч байна. Metacritic дээр л гэхэд тус тоглоом 97/100 оноо авч, 8.7 үнэлгээтэй болжээ.
III. Vice дампуурлаа зарлалаа.
- Дижитал медиа салбарын хамгийн алдартай брэнд, нэгэн цагийн өнгийг тодорхойлогч Vice дампуурлаа зарлалаа. 1994 онд анх байгуулагдсан тус компани нэгэн үе 35 хотод салбараа байгуулж, дэлхийн хамгийн том залууст зориулсан медиа компани хэмээх тодотголтой байв.
- Ердөө 6 жилийн өмнө 5.7 тэрбум доллараар үнэлэгдэж, Disney-ээс хөрөнгө оруулалт татаж байсан тэднийг Soros Fund тэргүүтэй зээлдүүлэгчид нь 225 сая доллараар худалдаж авах санал тавиад байна. Энэ бол 2017 оны оргил үнэлгээнийх нь ердөө 4% л гэсэн үг.
- Vice-ийн уналт дижитал медиагийн хүнд жилийн нэг илэрхийлэл болж байна. Саяхан Пулицерийн шагналт Buzzfeed News-ийн редакц татан буугдсан. Vice-ийн хувьд HBO-тэй хийж байсан Vice News Tonight-аа цуцалж, Vice Audio, Waypoint зэрэг салбар нэгжүүдээ хаажээ.
4 мэдүүштэй зүйл
Дижитал загвар: Epic Games дижитал хувцас загварын технологи хөгжүүлэгч CLO Fashion-д хөрөнгө оруулж байгаагаа зарлалаа. Уг стартап хэдийнээ Unreal Engine дээр суурилсан дижитал захыг ажиллуулж, мета ертөнцөд хэрэглэгчдэд өөрийн стиль, имижээ тодорхойлох боломжийг олгодог байсан юм.
Том бооцоо: Дэлхийн хамгийн том стартапын хөрөнгө оруулагч сан SoftBank Vision Fund өнгөрсөн онд 32 тэрбум долларын алдагдалтай ажилласнаа зарлалаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 70%-аар нэмэгдсэн үзүүлэлт. Doordash, SenseTime зэрэг компаниудын үнэлгээ буурсан нь хамгийн гол нөлөөг үзүүлсэн байна.
Цөмийн нэгдэл: Microsoft цөмийн нэгдэх урвалын технологи хөгжүүлэгч Helion Energy-д хөрөнгө оруулж, дэлхийн анхны арилжааны худалдан авалтын гэрээг хийлээ. Тэд 2028 он гэхэд цэвэр эрчим хүчний чиглэлийн хамгийн өндөр түвшний технологийг бүтээнэ гэдэг зорилго тавиад байгаа гэнэ. Тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг нь OpenAI-ийн С.Алтман байгаа нь анхаарал татав.
Шинэ платформ: Goldman Sachs хиймэл оюунд суурилсан шинэ сошиал медиа платформ хөгжүүлж байгаагаа зарлалаа. Louisa нэртэй уг платформ нь тус банкны дотоод инкубаторын хөтөлбөрөөс бойжиж гарч ирсэн бөгөөд байгууллагын ажилчдын хооронд харилцааг эрчимжүүлж, идэвхжүүлэх зорилготой гэнэ.

5 сонин хачин
1. "Guardians of Galaxy Vol.3"-ийн орлого дэлхий даяар 500 саяыг давлаа. Тус киноны орлого 2 дахь долоо хоногтоо 43%-аар буурсан нь өмнөх супер баатруудын кинтой харьцуулахад эерэг үр дүн гэж хэлж болно. Энэ долоо хоногийн хамгийн гол дебют "Book Club: The Next Chapter" харин тооцоолсноос муу амжилт үзүүлж, бокс оффисын 3-р байрт бичигджээ.
2. Дэлхийн хамгийн алдартай нохойны шоу Westminster Dog Show-ийн ялагчаар Уинстон нэртэй франц бульдог тодорчээ. Саяхан гэхэд дэлхийн хамгийн топ 100 үүлдрийн жагсаалтад ч багтдаггүй байсан франц бульдог энэ тэмцээнд анх удаа ялалт байгуулсан нь энэ юм. Уг нохойг NFL-ийн оддын нэг М.Фокс эзэмшдэг гэнэ.

3. Disney өөрсдийн эзэмшиж буй стриминг платформууд болох Disney+ болон Hulu-ийн контентийг нэгтгэж, нэгдсэн нэг апп-тай болно гэдгээ зарлалаа. Энэ нэгдэл 2023 оны сүүл гэхэд эцэслэгдэх гэнэ. Disney-ийн хувьд Hulu-ийн 66%-ийг эзэмшдэг бөгөөд бүрэн худалдаж авах эсэх шийдвэрээ гаргаагүй хэвээр байгаа юм.

4. Roku шинэ ухаалаг гэрийн төхөөрөмжөө танилцууллаа. Стриминг төхөөрөмжөөр бизнесээ эхлүүлж улмаар контент платформ бизнес, тв үйлдвэрлэл рүү тэлээд байсан тэд энэ удаад гэрийн хяналтын багцыг гаргажээ. Энэхүү камерын систем нь утас болон ТВ-тэй шууд холбогдож, аудиогоор удирдаж болдог гэдгээрээ онцлогтой гэнэ.
5. Fox News-ийг дуулиантай орхисон алдарт анкор Такер Карлсон шинэ шоуныхаа мэдээг цацлаа. Тэрээр Twitter дээр суурилсан консервативчууд дунд хамгийн алдартай мэдээний шоугаа үргэлжлүүлэх гэнэ. Түүнд бараг тэрбум долларын үнэлгээтэй олон саналууд ирж байсан ч тэрээр чөлөөт дуу хоолойг хүргэх хамгийн сүүлийн том платформыг сонголоо хэмээн тодотгожээ.

Сэтгэгдэл бичих

