1 гол сэдэв

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр Жое Байден тодорлоо. Санал хураалт явагдснаас хойш бараг 100 цагийн дараа ялагчийн нэр тодорсон нь энэ.

Юу болов?

Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Байден түүхэн дэх хамгийн өндөр буюу 75 сая сонгогчийн саналаар ялалт байгууллаа. 78 настайдаа ерөнхийлөгчөөр сонгогдсон нь ч мөн түүхэнд бичигдэх үзүүлэлт. Б.Обамагийн үед 8 жилийн турш дэд ерөнхийлөгчөөр ажилласан тэрээр 1972 оноос хойш сенатад сууж буй, Америкийн хамгийн туршлагатай улс төрчдийн нэг билээ. Мөн түүний хамтрагч Камала Харрис түүхэн дэх анхны эмэгтэй, анхны өнгөт арьст, анхны ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байгаа нь энэ юм. Тэд 1-р сард тангаргаа өргөнө.

Тэр юу амлав?

Байден ажлаа авсан эхний өдрөө л Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дахь гишүүнчлэлээ сэргээнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Парисын уур амьсгалын хэлэлцээрт ч эргэх нэгдэх тухай амлаад буй. Үүнээс гадна мэдэх ёстой гурван зүйл бий.

1-рт, чинээлэг иргэдийн татварыг нэмнэ. 400 мянгаас дээш орлогтой иргэдийн татварыг 2.6 хувиар нэмэгдүүлж, 39.6%-д хүргэнэ.

2-рт, компанийн татварыг 7 хувиар нэмж, 28%-д хүргэнэ. Мөн гадаадад төвөө нүүлгэсэн, үйлдвэрээ шилжүүлсэн компаниудад торгууль ноогдуулна.

3-рт, засгийн газрын худалдан авалтыг нэмэгдүүлнэ. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний зах зээлд 2 их наяд, эрүүл мэндийн салбарт 1.5 их наяд төсөвлөгдсөн. Мөн тахалтай холбоотойгоор иргэдэд халамж хэлбэрээр бэлэн мөнгө тараана хэмээн мэдэгдээд буй.

Гэхдээ...

Гэхдээ Доналд Трамп тийм ч амар бууж өгөхгүй гэдгээ мэдэгдээд буй. Санал хураалтын эхний мөчүүдэд ялалт байгуулж байсан ч урьдчилан санал өгсөн иргэдийн дүн нэгтгэх үед тэргүүллээ алдаж эхэлсэн тэр дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байгаа. 2016 онд ялалтад хөтөлсөн Пенсилвани, Мичиган, Висконсин мужуудаа алдсан Трампад боломж бараг байхгүй хэмээн экспертүүд үзэж байна.

Гэхдээ санал хураалтын өмнө бараг боломж үгүй хэмээгдэж байсан Трамп эцсийн мөч хүртэл хүчтэй өрсөлдөөн үзүүлснийг мартаж болохгүй. Бүгд Найрамдах нам сенатад олонхийн байр сууриа алдаагүй байгаа нь ч түүнд дэмжлэг болох магадлалтай.

2 чухал тоо

15.000: Биткойны үнэ 15 мянган долларт хүрч, 2018 оны 1-р сараас хойшхи хамгийн өндөр үнэлгээндээ очлоо. Үүнтэй зэрэгцэн Америкийн засгийн газар интернетийн хар зах хэмээн нэрлэгдсэн Silk Road-оос 1 тэрбум доллартай тэнцэхүйц биткойныг хурааснаа зарлажээ.

250: Энэ бол Теслакилагийн үнэ. Э.Маскийн "хошигнон" зарлаж байсан текила захиалгаа авч эхэлсэн нь интернетийг шуугиулав. Нэг хэрэглэгчид зөвхөн 2-ыг л зарна хэмээсэн уг бүтээгдэхүүн эхний өдрөө л борлуулагдаж дуусчээ. Тесла 2019 онд энэ нэрээрээ оюуны өмчөө баталгаажуулаад ч амжжээ.

3 онцлох зүйл

Хятад: 34 тэрбум доллар босгож, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийхээр зэхэж байсан Ant Group хууль сахиулагчдын шаардлагын улмаас төлөвлөгөөгөө хамгийн багадаа 6 сараар хойшлууллаа. Шанхайн хөрөнгийн биржийн мэдээлснээр тэд финтек компаниудад тогтоосон шинэ журмын хэд хэдэн заалтыг хангахгүй байгаа гэнэ. Үүнд нэг хүнд олгох зээлийн дээд хэмжээ, нийт борлуулалтад эзлэх зээлийн хувь зэрэг багтана. Компанийн гол хувьцааг эзэмшигч Жак Ма 10-р сарын сүүлээр Хятадын санхүүгийн сектор дахь хяналт, бодлогын журмыг шүүмжилсэн яриаг хийсэн нь Бээжинг ундууцууллаа хэмээн шинжээчид үзэж байна. Ant-ийн хувьд өөрсдийгөө финтек гэхээс илүү технологийн компани хэмээн тодорхойлж, нэрээ хүртэл сольж байсан удаатай.


Хонгконг: TikTok-ийн хамгийн гол өрсөлдөгч, 776 сая хэрэглэгчтэй богино хэмжээний видео платформ Kaishou Хонгконгийн бирж дээр IPO хийж байна. 30 тэрбум долларын үнэлгээтэй тус апп-ын 21 хувийг Хятадын технологийн гигантуудын нэг Tencent эзэмшдэг юм. Тэд зөвхөн апп доторх онлайн худалдааны борлуулалт нь 16 тэрбум долларт хүрсэн хэмээн тайландаа онцолжээ. Үүнтэй зэрэгцэн TikTok-ийн толгой компани ByteDance 2 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татаж байгаа гэнэ. Ингэснээр тэдний үнэлгээ 180 тэрбум доллартай тэнцэж байгаа гэсэн үг. Тэд Трампын захиргааны шахалтаар TikTok-ийн олон улсын бизнесээ нээлттэй компани болгож, Oracle, Walmart-тай хамтрах болоод байгаа билээ.


Филиппин: 2020 онд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхи Филиппинийг нөмөрч дор хаяж 25 хүний аминд хүрэн, хамгийн багадаа 300 сая долларын хохирол учрууллаа. Гони нэртэй уг тропикийн шуурга оргил үедээ 315 км/цагийн хурдтай байсан нь түүхэнд бичигдэхүйц аюултай үзүүлэлт байв. Нийт 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 390 мянга гаруй хүний орон байр шуурганд өртөж сүйджээ. Олон улсын байгууллагууд цар тахлын аюултай байгаа үед сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх явцыг түргэсгэхэд анхааран ажиллаж байна.

4 мэдүүштэй баримт

Нетфликс суваг: Netflix Францад уламжлалт телевизийн суваг цацах туршилтаа эхлүүллээ. Тэд сонголт хийх шаардлагагүйгээр контент үзэхийг хүсэж буй хэрэглэгчдэд зориулан энэ нэмэлтээ танилцуулж байгаа гэнэ. Тус суваг нь 24 цагийн турш Netflix-ийн оригинал болон классик контентуудыг хуваарийн дагуу цацах ажээ.

Радио долгион: Одон орончид 30 мянган гэрлийн жилийн алсад орших "SGR 1935+2154" нэртэй магнетараас эхтэй радио долгионы цацраг илрүүлснээ зарлалаа. 2007 онд анх илрүүлсэн хурдтай радио долгионы эх үүсвэрийг анх удаа тогтоосон нь энэ юм. Милисекундэд манай нарнаас хэдэн сая дахин илүү хүчтэй эрчим ялгаруулах уг долгионы учир шалтгаан, гарал үүсэл одоог хүртэл тодорхойгүй л байгаа билээ.

Хөтөлдөг гар: Японы эрдэмтэд ганц бие эрчүүдэд хань болж хөтлөх зориулалт бүхий робот гарыг бүтээжээ. "Тахлын үеийн ганцаардлын эсрэг шийдэл" хэмээн тодорхойлсон уг гарыг атгахад эргүүлж атгах үйлдэл хийхээс гадна үнэрийг сонгож болдог, арьсан гадаргуутай хийгдсэн гэнэ.

Сансар цэвэрлэгч: Европын Сансрын Агентлаг дэлхийн тойрог замд байрлах сансрын хог хаягдлыг устгах зориулалттай хөлгийг бүтээж байна. 2025 он гэхэд тэд AI-ийн тусламжтайгаар хаягдлыг тогтоож, улмаар робот гарны тусламжтайгаар агаар мандал руу шилжүүлж шатаах үйлдэл гүйцэтгэх уг төхөөрөмжийн эхний бай нь Vespa нэртэй 100 кг орчим жинтэй биетэй юм. Судлаачдын тооцоогоор 10 см-ээс дээш диаметр бүхий 34 мянга орчим сэг, үлдэгдэл задгай сансарт байгаа гэнэ.

5 сонин хачин

1. Лондонд байрлах "The Connaught Bar" 2020 оны дэлхийн хамгийн шилдэг бар, цэнгээний газрын жагсаалтыг тэргүүллээ. 2009 оноос хойш тодруулж буй уг жагсаалтад тэд өнгөрсөн жил 2-р байрт бичигдэж байсан юм. 1915 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Нью Йоркийн алдарт "Dante" 2-р байр луу ухарч, тэдний ард бичигджээ. Топ 50-д нийт 23 улсын бар багтсан гэнэ.

2. Хойд Америкийн бокс оффисыг "Let Him Go" 4.3 сая долларын орлогоор тэргүүлэв. Уг кинонд гол дүр бүтээсэн К.Костнерын хувьд 1999 оноос хойш анх удаа №1-т бичигдсэн бүтээл нь энэ болж байгаа гэнэ. Үүнээс гадна "Focus Features" түүхэндээ анх удаа 2 долоо хоног дараалж жагсаалтыг тэргүүлсэн тохиолдол болж байна. Тэдний өөр нэг бүтээл "Come Play" өнгөрсөн долоо хоногийн сүнсний баярын чансааг тэргүүлсэн билээ.

3. 117 жилийн түүхтэй "Harley Davidson" цахилгаан дугуйны үйлдвэрлэлд төвлөрөх "Serial 1 Cycle Company" нэртэй шинэ компани үүсгэж байгаагаа зарлалаа. Өнгөрсөн жил анхны цахилгаан дугуйны загвар танилцуулсан тэд ирэх сард илүү хүчтэй, илүү хөнгөн гэж тодорхойлсон дараагийн үеийн загвараа худалдаанд гаргах гэнэ. Цар тахлын үеэр цахилгаан дугуйны борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 190 хувиар нэмэгджээ.

4. Дэлхийн хамгийн алдартай тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчдийн нэг Bentley 2030 он гэхэд бүх машинаа цахилгаан хөдөлгүүртэй болгох төлөвлөгөөгөө ил болголоо. Volkswagen-ий эзэмшдэг тус брэнд 2026 онд анхны бүрэн цахилгаан машинаа худалдаанд гаргах ажээ.

5. Нэрт жүжигчин Жонни Депп Харри Поттерын ертөнцийн шинэ цуврал "Fantastic Beasts"-ийг орхиж байгааг зарлалаа. Гэр бүлийн асуудлаас болж шүүхийн маргаанд холбогдоод буй нь үүний гол шалтгаан. Warner Bros. 2022 онд цацагдах шинэ кинонд түүнийг орлох жүжигчнийг удахгүй сонгон шалгаруулна гэдгээ мэдэгджээ.

10 уншууртай мэдээ

Үзэх: Jurassic World хэрхэн ковидыг ялав? /Deadline/

Турших: Raspberry Pi-ийн шинэ төхөөрөмж - кэйборд /Techcrunch/

Сонирхох: Сэтгэл зүйн эрүүл мэндийн эсрэг технологийн шийдэл /Alphabet/

Хүлээх: Apple ахин нэг эвент зарлав /MacWorld/

Мэдэх: Байден ялав. Одоо яах вэ? /Vox/

Турших: Honour of Kings 100 сая тоглогчтой болжээ /SCMP/

Ойлгох: Viacom-ийн стриминг стратеги /Variety/

Харьцуулах: Microsoft vs Sony: Консолийн дайн /The Verge/

Хүлээх: NBA зул сарын баяраар эхэлнэ /SI/

Сонирхох: Трамп яагаад ялагдав? /CNN/