1 гол сэдэв

Юу болов?

Крипто ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэг Жао Чанпен мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. CZ нэрээрээ танигдсан тэрээр 2017 онд Binance-ийг үүсгэн байгуулж, крипто арилжааны хамгийн том бирж болтол нь удирдсан билээ. Тэрээр 50 сая долларын торгууль төлж, гурван жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болов.

Яагаад?

АНУ-ын эрх баригчид Binance-ийн олон улсын акт, дотоодын журмыг зөрчиж 100 мянга гаруй сэжигтэй гүйлгээг хийсэн, түүнийгээ албан ёсоор тайлагнаагүйг онцлов. Эдгээр дунд Хамас, Ал-Каида, Кассам зэрэг террорист бүлгэмүүд, Иран, Хойд Солонгостой холбоотой бүлэглэлүүд хүртэл багтсан байх магадлалтай гэнэ. Сүүлийн 4 жилийн турш өрнөсөн шалгалтын дүнд Binance 4.3 тэрбум доллараар торгуулж, АНУ-ын зах зээл дэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоох болсон байна.

Одоо яах вэ?

Крипто өвлийн ид хүйтнээр Binance-ийн бүтэлгүйтэл салбарыг тэр чигт нь донсолгож байна. Үүнээс өмнө өөр нэг бирж FTX дампуурч, үүсгэн байгуулагч С.Банкман-Фрид ял авах нь тодорхой болж, уг зах зээлд итгэх итгэлийг унагасан. Binance-ийн өөрийн койн BNB-ийн ханш энэ мэдээний дараа 6%-аар буурч, шинэ CEO-оороо олон улсын бизнесийг удирдаж байсан Ричард Тенгийг томилжээ. Мөн Binance-ийн хэрэглэгчид 1 тэрбум орчим долларыг данснаас эргүүлэн татсан гэнэ.

2 чухал тоо

48 - McDonalds Хятадын бизнест эзлэх хувиа 2 дахин нэмэгдүүлж, Carlyle-аас хувиа эргүүлэн худалдаж авснаар 48%-ийг эзэмших боллоо. 2017 онд тэд Citic, Carlyle-д Хятад дахь салбарынхаа 80%-ийг 2.1 тэрбум доллараар зарж байсан юм. Одоогийн байдлаарMcDonalds Хятад даяар 5500 гаруй салбартай, зах зээлийн хоёр дахь том тоглогч болоод байна. Тэд 2028 он гэхэд бүр 10 мянган салбартай болох зорилготой байгаа билээ.

70 - Израил-Хамасын дайн дөрвөн өдрийн турш гал зогсоох хэлцэлд хүрч, хоёр тал барьцааны хүмүүсээ солилцож эхэллээ. Одоогийн байдлаар Израил 39 хоригдлыг, Палестин 31 хоригдлыг суллаад байгаа юм. Долоон долоо хоногийн өмнө эхэлсэн уг дайны уршгаар одоогоор 15 мянга гаруй хүн амь насаа алдаад байна.

3 онцлох өгүүлбэр

I. Сам Алтман OpenAI-д эргэн ирлээ.

- Хиймэл оюуны салбарт тэргүүлэгч OpenAI-ийн скандал үргэлжилсээр байна. Тэд хэдхэн хоногийн өмнө дуулиантайгаар ажлаас нь халсан үүсгэн байгуулагч С.Алтманыг эргэн ирж, гүйцэтгэх захирлаар ажиллах болсныг зарлалаа.

- Ашгийн бус статустай тус байгууллагын ТУЗ гэнэтийн шийдвэр гаргаж, С.Алтманыг ажлаас чөлөөлсний дараа компанийн 700 гаруй ажилтны дийлэнх нь түүнийг дагана гэдгээ захидлаар мэдэгдээд байсан. Хамгийн том хөрөнгө оруулагч Microsoft харин түүнийг багтай нь хамт компанидаа нэгтгэж, ижил хэмжээний цалин, хангамжийг амалсан билээ.

- Тэгвэл эдгээр үйл явдлын дараа OpenAI-ийн ТУЗ огцорч, С.Алтман CEO-ийн албандаа эргүүлэн томилогдож байна. Мөн ТУЗ-д хөрөнгө оруулагчдын саналаар илүү туршлагатай шинэ гишүүд нэмэгдэв. Одоогийн байдлаар Salesforce-ийн экс CEO Б.Тэйлор, АНУ-ын сангийн сайд асан Л.Саммерс, Quora-ийн CEO А.Д'Анжело нар тус зөвлөлийг бүрдүүлж байна.


II. Америкчууд "Хар Баасан Гараг"-ийн рекордоо эвдлээ.

- Энэ жилийн хувьд зөвхөн онлайн худалдааны борлуулалтын дүн 9.8 тэрбум долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс 7.5%-аар өссөн үзүүлэлт байв. Үүний өмнөх "Талархлын баяр"-ын худалдан авалт ч 5.5%-аар өсөж, 5.5 тэрбумд хүрчээ.

- Deloitte-ийн энэ зун хийсэн судалгаагаар нийт Америкчуудын 95% нь баярын өдрүүдээр онлайнаар бэлэг цуглуулах тооцоотой байсан. Энэ үзүүлэлт 2021 онд 88%-тай байсан юм. Судалгаанд оролцогчид дунджаар 1652 доллар зарцуулна хэмээн мэдэгдсэн нь цах тахлын өмнөх үеийг анх удаа давсан хэрэг болжээ.

- Adobe Analytics-ийн тайланд дурдсанаар "Black Friday"-ийн үеэр дундаж бүтээгдэхүүн 22%-аар хямдарсан байсан гэнэ. Дэлхийн даяар эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байхад хэрэглэгчдийн худалдан авалт ийн өссөн нь эерэг дохио хэмээн шинжээчид үзэж байна.


III. Дэлхийн ухаалаг утасны зах зээл 2 жилийн дараа эргэн сэргэв.

- Counterpoint-ийн судалгаагаар 27 сарын турш уналттай байсан ухаалаг утасны зах зээлийн борлуулалт эргэн сэргэж, өмнөх улирлаас 5%-ийн өсөлттэй гарчээ.

- Өнгөрсөн улиралд iPhone 15 нээлттээ хийж, борлуулалтаа эхлүүлснээс гадна Huawei-ийн Хятадын зах зээл дэх амжилт энэ өсөлтийн гол түлхүүр нь болов. Тус компанийн 9-р сард танилцуулсан Mate 60 Pro зах зээлд өндрөөр үнэлэгдэж, Хятадын зах зээлд эрэлт өндөртэй байгаа юм.

- Одоогоор ухаалаг утасны зах зээлийн 20%-ийг Samsung эзэлж, тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байна. Үүний дараа Apple (16%), Xiaomi (12%), Oppo (10%), Vivo (8%) бичигдэж байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Шинэ амбиц: Герман улс Европын цахиурын хөндий болж, технологийн тэргүүлэх улс болох амбицын хүрээнд санхүүгийн реформ хийж байгаагаа зарлалаа. Ирэх жилийн эхнээс хэрэгжих шинэ бодлогын хүрээнд компаниуд ESOP буюу ажилчдад хувьцаа олгох хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай орчныг үүсгэх, нээлттэй компани болох явцыг хялбаршуулах, татварын бодлогоор дэмжих заалтууд багтжээ.

Тагнуулын хөлөг: БНАСАУ тагнуулын зориулалт бүхий хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө хэмээн зарлалаа. Өмнөх 2 ч оролдлого нь бүтэлгүйтээд байсан тэд энэ удаад "Маллигён-1" хиймэл дагуулыг 12-р сарын 1-ээс эхлэн албан ёсоор ажиллаж эхлэнэ хэмээн мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ үйл явдлыг "сансрын шинэ эрин" эхэллээ хэмээн үнэлсэн гэнэ.

Лазер холбоо: NASA 160 сая км-ийн зайд аялж буй Psyche хөлгөөс лазераар дамжуулсан өгөгдлийг хүлээн авснаа зарлалаа. Сансрын уудам зайд лазер оптик холбооны системийг туршиж, хол зайд мэдээлэл дамжуулах, дуудлага хийх боломжийг туршихыг NASA хүсэж буй. "16 Psyche" астеройдыг зорьж буй тус хөлөг Ангараг гарагаас дэлхийтэй лазераар холбоо тогтоох боломжтой эсэхийг тодорхойлох зорилготой байгаа юм.

Жолоочгүй такси: Hyundai 2024 оноос эхлэн Сингапур улсад нэвтрүүлэх жолоочгүй машины үйлдвэрлэлээ эхлүүлснээ зарлалаа. Тэд Motional-тай хамтран Сингапурт байрлах инновацын төвдөө IONIQ5 загварын автомашинаа бүтээж эхэлжээ.

5 сонин хачин

1. Disney-ийн Талархлын баярын бокс оффисыг эзлэх санаархал бүтэлгүйтэж, шинэ анимэйшн "Wish" жагсаалтын 3-р байрт бичигдлээ. Тэд дэлхий даяар 49 сая долларын орлого олсон нь "The Ballad of Songbirds and Snakes", "Napoleon"-ийн ард бичигдэх үзүүлэлт юм. Алдарт найруулагч Р.Скоттын бүтээсэн, 200 сая долларын төсөвтэй "Napoleon" шүүмжлэгчдээс төдийлэн өндөр үнэлгээ авахгүй байгаа ч хүлээлтийг давж, дэлхий даяар 78.8 сая долларын борлуулалттай байжээ. "Hunger Games"-ийн өмнөтгөлийн хувьд харин хүчтэй шинэ өрсөлдөгчид нээлтээ хийсэн ч тэргүүлэгчийн байраа алдсангүй, одоогоор 200 сая долларыг цуглуулаад байгаа юм.

2. Google Meet видео дуудлагын үеэр гар өргөх үйлдлийг таньж мэдрэх шинэ функцийг нэвтрүүллээ. AI суурьтай уг функц нь видео дуудлагын үеэр хамгийн түгээмэл ашиглагддаг асуулт асуух, үг хэлэх болон санал өгөх үйл явцыг илүү хялбаршуулна хэмээн үзэж байна.

3. Disneyland хамгийн анхны "Frozen"-ийн сэдэвт паркаа нээлээ. Хонгконгийн паркт нээгдсэн тус үзвэр нь "World of Frozen" нэрийн дор үзэгчдэд хүрэх бөгөөд 2013 онд анх цацагдсан "Frozen"-ийн ертөнцийг тэр чигт нь бүтээж, бүрэн уур амьсгалыг төрүүлнэ гэдгээрээ онцлогтой. Disney-ийн хувьд паркийн бизнестээ ирэх арван жилд 60 тэрбум долларыг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа билээ.

4. Хятадын технологийн брэнд Honor нээлттэй компани болох төлөвлөгөөгөө танилцууллаа. 2020 онд Huawei-аас салж, улмаар Хятадын зах зээл дэх тэргүүлэгч ухаалаг утас үйлдвэрлэгч болсон тэд олон улсын зах зээл дэх байр сууриа баталгаажуулах хөрөнгийг босгох зорилготой байгаа нь энэ юм.

5. Sonos 2024 онд олон төрлийн шинэ бүтээгдэхүүн зарлаж, зах зээл дэх байр сууриа эргүүлэн олж авах амбицтай байгаа гэнэ. Google-тэй патентын маргаан дэгдээсэн ч ялагдал хүлээсэн тус компани ухалааг өсгөгч төхөөрөмжүүдээрээ танигдсан. Тэгвэл тэд ирэх жилээс эхлэн ухаалаг чихэвч, стриминг төхөөрөмж зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд бүтээхээр зэхэж байгаа ажээ.

10 унших мэдээ

Ухах: DBrand Castefiy-ийн хулгайг хэрхэн танив? /Youtube/

Мэдэх: Аргентиний шинэ ерөнхийлөгч төв банкаа татан буулгана /Reuters/

Анхаарах: Хятадад шинэ төрлийн хатгаа тархаж байна /WHO/

Хэрэглэх: Bard AI одоо Youtube үздэг болжээ /Techcrunch/

Турших: Cyber Monday-ийн хамгийн онцлох хямдрал /The Verge/

Ойлгох: Катар хэрхэн гол зогсоох хэлцлийг тэргүүлэв? /Vox/

Анзаарах: Украины дроныг Москвад устгасан гэв /CNN/

Сонирхох: Hall&Oates-ийн гишүүд шүүхдэлцэж байна /QZ/

Эхлүүлэх: Оффисын шинэ дизайны чиг хандлага /Bloomberg/

Үзэх: Squid Game-ийг бодитоор тоглоход юу болох вэ? /The Atlantic/