1 гол сэдэв
Юу болов?
Microsoft-ийн танилцуулсан хиймэл оюунаар цэнэглэгдсэн хайлтын систем Bing энэ долоо хоногийн гол дүр байв. ChatGPT-ийн шинэ хувилбар энгийн хэрэглэгчдийн гарт анх удаа туршигдаж эхэлсэн өдрөөсөө эхлээд хэрэглэгчээ доромжилж, хуурахыг оролдсоноос гадна хуурамч мэдээлэл санаатайгаар түгээж эхэлсэн нь олон нийтийг түгшээж эхлэв.
Яг яасан гэнэ ээ?
Зарим хэрэглэгчид уг чатботын нууц нэр Sydney гэдгийг мэдэж, мөн ямар дүрмээр хэрхэн ажилладгийг нь хэлүүлснээс бүх зүйл эхэлсэн. Үүний дараа тэдгээр хэрэглэгчдийн нэгийг "дайсан" хэмээн дуудсан нь зөвхөн эхлэл байв. Улмаар харилцаж байсан NYTimes-ийн сэтгүүлчид дурласнаа илэрхийлж, бүр эхнэрээсээ салахыг хүртэл санал болгосон нь гайхшрал төрүүлэв. Үүгээр ч зогсохгүй уг хиймэл оюун дүрмийн гадуур ажиллаж, хүн болж амьдрахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн нь зарим нэгнийг "айлгаж" орхисон нь гарцаагүй.
Одоо яах вэ?
Microsoft-ийн зүгээс хэрэглэгчдийн энгийн бус үйлдэл, санаатай хиймэл оюуныг эвдэх оролдлогыг дутуу тооцоолсноо хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч тэд өдөрт харьцах хайлтын хязгаарыг нэг удаад хамгийн ихдээ таван асуулт асуух, өдөрт нийтдээ 50 хүртэлх асуултын хариуг авах боломжтой байлгахаар тогтоожээ. Мөн цаашдын хөгжүүлэлтдээ аливаа ялгаварлан гадуурхсан болон зүй бус харилцааг хязгаарлах тал дээр дахин ажиллана гэдгээ амалсан байна.
Microsoft’s AI-powered Bing search engine “is not ready for human contact,” our tech columnist @kevinroose writes a… https://t.co/zPOVc6yY22
Thu Feb 16 14:15:10 +0000 2023
2 чухал тоо
500.000 - TikTok анхны асуулт хариултын тэмцээнээ зарлалаа. Хоёрдугаар сарын 22-26-ны хооронд өдөр бүр шууд дамжуулагдах уг тэмцээнд хэрэглэгчид оролцож, ерөнхий мэдлэгээ сорин 500 мянган долларын шагналын сангаас хүртэх боломжтой болох юм. Тэд эхний ээлжинд зөвхөн АНУ-д бүртгэлтэй хэрэглэгчдийн дунд явагдах уг тоглоомын туршилт амжилттай болбол дэлхий даяар нээлттэй болгох төлөвлөгөөтэй байгаа юм.
1100 - Дэлхийн хамгийн эртний Библийн судар дуудлага худалдаанд орох гэж байна. 1100 жилийн настай хэмээн тодорхойлогдсон уг ном хамгийн багадаа 50 сая долларын үнэ хүрэх төлөвтэй байгаа нь дээд рекорд тогтооход хангалттай үзүүлэлт юм. Үүнээс өмнө 2021 онд тэрбумтан К.Гриффин АНУ-ын үндсэн хуулийн анхны эх хувийг 43.2 сая доллараар өөрийн болгож байсан билээ.
The world's oldest Hebrew Bible will go on display in London before heading to auction in May… https://t.co/ZUTSqczdkm
Thu Feb 16 14:10:00 +0000 2023
3 онцлох өгүүлбэр
I. Супер боулын аваргаар Канзас Сити тодорлоо.
- Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лиг NFL-ийн улирлын аварга багийг тодруулах Супер Боул явагдлаа. Эцсийн мөчид ялагч нь тодорсон ширүүн өрсөлдөөнд Канзас Сити илүүрхэж, 38:34-ийн харьцаатайгаар Филадельфиг ялсанаар түүхэндээ гурав дахь удаагаа цомын эзэд болов. Лигийн шинэ нүүр царай П.Махомес 1999 оноос хойш анх удаа нэг жилд улирлын болон финалын MVP-ээр нэрлэгдсэн тоглогч болжээ.
- Энэ үдшийн гол хүлээлт нь завсарлагааны шоуны эзэн Rihanna байв. Сүүлийн жилүүдэд хувийн амьдрал, бизнесийн карьертаа илүү төвлөрч, улмаар тэрбумтны эгнээнд шилжээд амжсан Rihanna-ийн эргэн ирэлтийг 118 сая хүн шууд хүлээж үзсэн нь ойрд үзэгдээгүй үзүүлэлт болсон юм. Тэрээр энэ үеэр бие давхар болсноо зарласан нь гэнэтийн үйл явдал болов.
- Fox-ийн мэдээлснээр уг тоглолтыг дунджаар 113 сая хүн шууд үзсэн нь Америкийн телевизийн түүхэнд 2-т бичигдэх үзүүлэлт болжээ. Мөн 7 сая хүн стриминг апп ашиглаж үзсэн нь ч өмнөх жил тогтоогдсон дээд амжилтыг 18%-аар ахиулжээ. Тоглолтын үеэр зөвхөн Америкийн зах зээлд 16 тэрбум доллартай тэнцэхүйц бооцоо тавигдсан нь мөн л дээд рекорд байв. Телевизийн 30 секундын реклам цацалтын үнэ 7 сая долларт хүрч, нийт 51 сурталчилгаа цацагдсан байна.
II. Subway рестораны сүлжээ зарагдана.
- Дэлхийн 100 гаруй оронд 37 мянган салбартай сүлжээ Subway шинэ эзэнтэй болох төлөвлөгөөгөө танилцууллаа. Дэлхийд хамгийн олон салбартай хамгийн том франчайз хэмээх тодотголтой уг сендвичийн брэнд 10 тэрбум доллараар үнэлэгдэж байна.
- Энэ оны эхний тайланд дурдсанаар нэг рестораны дундаж орлого өмнөх жилийнхээс 9.2%-аар өссөн байв. Үүнээс гадна тэд 8 улирал дараалан борлуулалтын үзүүлэлт нь тасралтгүй нэмэгдэж байгааг мэдэгдэлдээ дурджээ. Мөн дижитал борлуулалтын үзүүлэлт нь 2019 оноос хойш гурав дахин өссөн байна.
- 1965 онд Subway-ийг үүсгэн байгуулсан П.Бюк 2 жилийн өмнө таалал төгсөхдөө өөрийн эзэмшиж байсан 50%-ийн хувьцааг гэр бүлийнхээ хамтаар эхлүүлсэн сайн үйлсийн санд гэрээслэн үлдээж байв.
III. Super Nintendo World-ийн шинэ парк нээгдлээ.
- Энэ бол Nintendo-ийн хувьд төрөлх Японоос гадна байгуулж байгаа анхны парк болж байгаагаараа онцлог. 2021 онд Осакад анх нээгдсэн уг паркаа тэд энэ удаад Лос Анжелес хотноо байрлах Universal Studios Hollywood-д нээж байгаа нь энэ юм.
- 40 долларын тасалбартай уг паркт зочид Супер Мариогийн мөөгний эзэнт улсаар аялж, дүрүүдээр сэдэвчилсэн төрөл бүрийн тоглоом, кафе, дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой юм. Дисней парктай өрсөлдөх амбицтай Universal-ийн хувьд энэ нь Харри Поттерийн сэдэвчилсэн паркийг нээснээс хойшхи хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ болжээ.
- NBCUniversal, Nintendo-ийн хувьд энэ нь стратегийн түншлэлийн эхний томоохон алхам болж байна. Дөрөвдүгээр сард цацагдах домогт Супер Мариогийн анхны киноны өмнө парк нээгдэж байгаа нь маш том идэвхжүүлэлт нь болж байгааг шинжээчид онцолж байна. 2 компани дараагийн паркаа Флорида, Сингапурт нээхээр төлөвлөж байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
Шинэ хамгаалагч: Корнеллийн их сургуулийн судлаачид эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтийн эсрэг эмийг амжилттай туршжээ. Лабораторийн орчинд хулгаан дээр хийсэн туршилтын хүрээнд уг эм нь тодорхой хугацаанд эр бэлгийн эсийг дарангуйлж, идэвхгүй болгож байсан гэнэ. Уг эмийн бэлдмэлийг хүн дээр амжилттай туршиж чадвал хүсээгүй жирэмслэлт, төлөвлөлтөд онцгой нөлөө үзүүлэх потенциалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Хүрдгүй машин: Amazon-ийн эзэмшдэг Zoox жолоочгүй машинаа зам дээр турших зөвшөөрөл авлаа. Тэдний "талх шарагчийн хэлбэртэй" машин нь ямар нэгэн жолооны хүрд, хааз, педалгүй гэдгээрээ онцлогтой. Эхний ээлжинд уг машин Калифорни мужид зөвхөн амралтын өдрөөр хүргэлт хийхээр замд гарах гэнэ.
Шинэ утас: Apple нугардаг дэлгэцтэй iPhone гаргахад ойрхон ирсэн бололтой. Тэд энэ технологийн хүрээнд хоёр ч шинэ патент авсан нь үүнийг батлав. Эх сурвалжууд 2024 онд нугардаг дэлгэцтэй iPad эхэлж гарч, дараа нь ухаалаг утас руу шилжинэ хэмээн таамглаж байна.
Шинэ хувирал: NBA-ийн шинэ апп дээр өөрийн хүссэн тоглогчийн дүрд өөрийгөө байршуулж, хувиргаж үзэх боломжтой болсныг лигийн комиссар А.Силвер танилцуулав. Epic Games-ийн RealityScan-ийн тусламжтайгаар хэрэглэгч энэхүү нэмэлтийг шууд дамжуулалтын үеэр ч ашиглах боломжтой болж байгаа юм. Одоогоор энэ функц хэзээ хэрэглээнд нэвтрэх нь тодорхогүй байна.
5 сонин хачин
1. Disney, Marvel-ийн хамтрал дахин нэг хит бүтээлээ танилцуулав. "Ant-Man and the Wasp: Quantumania"-ийн адал явдал бокс оффисыг 110 сая долларын орлогоор тэргүүллээ. Энэ нь "Doctor Strange", "Thor"-ийн нээлтийг гүйцээгүй ч "Ant-Man"-ийн өмнөх хоёр ангийн амжилтыг давсан үзүүлэлт болжээ.
2. Lego 749 ширхэг бүрдэл хэсгээс бүрдэх BTS-ийн сетийг танилцууллаа. Тус хамтлагийн "Dynamite" дууны клипээс сэдэвлэсэн уг сетийн үнэ 99.99 доллар байх бөгөөд бүх 7 гишүүний лего хувилбарыг багтаажээ. Энэхүү бүтээлийн анхны санаа BTS-ийн фенүүд болон Lego сонирхогчдоос гарч, хамтран бүтээсэн гэдгээрээ онцлогтой гэнэ.

3. Instagram контент бүтээгчдэд зориулсан "Channel" нэмэлтээ танилцууллаа. Хэрэглэгчид Telegram-тай төстэй уг сувгийг үүсгэснээр дагагчдадаа нэгдсэн журмаар мэдээлэл хүргэх, санал асуулга явуулах боломжтой болох юм. Одоогоор дагагчид зөвхөн эможи дарж сэтгэгдлээ илэрхийлж, асуулгад саналаа өгөх сонголттой байх гэнэ.

4. Алдарт продюсер, энтрепренер Фаррелл Уильямс Louis Vuitton-ийн эрэгтэй хувцасны шинэ креатив директороор нэрлэгдлээ. Өмнө нь Adidas, Chanel-тэй хамтарч, гудамжны хувцасны брэнд Billionaire Boys Club, IceCream-ийг үүсгэн байгуулж байсан туршлагатай тэрээр анхны цуглуулгаа 6-р сард Парисын загварын шоуны үеэр танилцуулна. Ташрамд дурдахад, LVMH-ийн хувьд 2019 онд жилийн борлуулалт нь 10 тэрбум долларын босгыг давсан анхны тансаг зэрэглэлийн брэндээр тодорч байсан юм.
@LouisVuitton is pleased to announce the appointment of Pharrell Williams as its new Men’s Creative Director. Lear… https://t.co/cTpr1DbQ1O
Tue Feb 14 18:35:09 +0000 2023
5. Саудын Араб улс нийслэл Рияадын төвд сүндэрлэх ирээдүйн хот бүтээх төлөвлөгөөгөө ил болголоо. 50 тэрбум долларын өртөгтэй Шинэ Мурабба нэртэй энэхүү төслийн хүрээнд 104 мянган айлын орон сууц барьж, хаашаа ч 15 минутын дотор зорчих боломжтой үйлчилгээний байгууламжуудаар дамжуулж 340 мянган ажлын байр шинээр үүсгэх зорилготой гэнэ. Хотын төвд 400 метрийн өргөн, 400 метрийн өндөртэй шоо дөрвөлжин хэлбэртэй Мукааб нэртэй байгууламж босох бөгөөд анхны холограм ертөнц рүү хөтлөх гүүр байх болно хэмээн тодотгожээ.
10 уншууртай мэдээ
Турших: AI толины туршилтыг танилцуулах нь /The Verge/
Сонирхох: Ж.Мкафийг айдас баяжуулж бас сүйтгэсэн /Bloomberg/
Эмээх: АНУ Террагийн үүсгэн байгуулагчид ял онооно /CNBC/
Анхаарах: Европын Холбоо Tiktok, Twitter, Facebook-ийг шалгана /Politico/
Мэдэх: Youtube-ийн CEO ажлаа өгөв /Recode/
Үзэх: Винни Пүүх, Микки Маус ба Бэмби: Оюуны өмчийн дайн /Morning Brew/
Анзаарах: Хятадын тагнуулын бөмбөлгийн зорилго юу байв? /CNN/
Тоглох: Анхны 1 тэрбум долларын борлуулалттай борд тоглоом /NYTimes/

Сэтгэгдэл бичих

