1 гол сэдэв
Юу болов?
АНУ-ын хамгийн том худалдааны өдрүүд ээлж дараалан дээд үзүүлэлтдээ хүрч, эдийн засаг эргэн сэргэж байгааг дохиоллоо. Талархлын баяраар л гэхэд нийт 33.6 тэрбум долларын борлуулалт зөвхөн онлайнаар хийгдсэн нь түүхэн дээд амжилт болов. Америкчууд үүний 10.8 тэрбумыг нь бүрдүүлсэн нь өнгөрсөн жилээс 10.2%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Онцлох зүйл юу байв?
Тэгвэл дэлхий нийтийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг хямдралын өдөр “Хар баасан гараг”-ийн худалдаа ч рекорд тогтоов. Salesforce-ийн мэдээлснээр энэ өдрийн борлуулалт 74.4 тэрбум долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс 5%-аар нэмэгдсэн тоо юм. Adobe-ийн тооцоолсноор нийт борлуулалтын 55% нь гар утаснаас хийгдсэн нь хэрэглэгчдийн зан төлөвт орсон томоохон өөрчлөлтийн илэрхийлэл болж байна.
Юу хамгийн эрэлттэй байв?
Хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг “уламжлал ёсоор” тоглоом, электрон бараа, ТВ тэргүүлэв. Телевизүүд дунджаар 24.2%-аар хямдарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Сонирхолтой нь, судалгаанд оролцогсдын 20% нь AI чатботоор дамжуулж худалдан авалт хийсэн нь хиймэл оюуны нөлөө худалдааны салбарт өндөр түвшинд байгаагийн илрэл болжээ.
2 чухал тоо
16 - Австралид 16-аас доош насныханд сошиал медиаг хорилоо. Тус улсын сенатын гишүүдийн үнэмлэхүй олонхийн саналаар дэлхий нийтийн анхаарлын төвд байсан сошиал медиагийн шинэ хууль албан ёсоор батлагдлаа. Хуулиар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиад аккоунт үүсгэхийг хориглож, технологийн компаниудыг шийдвэрийг хэрэгжүүлэх дэс дараалсан арга хэмжээг авч, журам зөрчвөл 50 сая хүртэлх австрали доллараар торгох болжээ. Дэлхийн олон улс орон хүүхдийн эрх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хийгдэж буй хамгийн хурц шийдвэрийг анхааралтай ажиглаж, үр дүнг нь нутагшуулах боломжтой эсэхийг судалж байна.
6.5 - Дэлхийн Банкнаас гаргасан “Монголын эдийн засгийн тойм” тайланд Монгол Улсын эдийн засагт эерэг өсөлт гарах төлөвийг онцолжээ. Тус тайланд дурдсанаар 2024 онд эдийн засаг 5.3 хувиар, 2025 онд 6.5 хувиар өсөх хандлагатай байна.
3 онцлох өгүүлбэр
I. Лондон дэлхийн хамгийн шилдэг хотоор шалгарлаа.
- “World’s Best 100 Cities 2025” жагсаалтад энэ удаад 1 саяас илүү хүн амтай, 30 гаруй орны 270 хот багтсан байна. 2021 онд хамгийн анх зарлагдахад тэргүүлж байсан Лондон хот 2025 оны дэлхийн хамгийн шилдэг хотоор дахин нэрлэгджээ. Тэдний араас Нью-Йорк, Парис хотууд бичигдсэн байна.
- Эхний 10 хотын зургаа нь Европт харьяалагдаж буй. Харин Азийн хотуудыг Токио тэргүүлж, 4-р байрт бичигджээ. Австралийн Сидней хот 10-р байрт жагссан байна. Топ 10-т эдгээрээс гадна Ром, Сингапур, Берлин, Дубай хотууд жагсжээ.
- Resonance Consultancy-аас гаргадаг уг чансааг тухайн хотын “амьдрахад таатай байдал”, “сэтгэл татам байдал”, “хөгжлийн үзүүлэлт” гэсэн үндсэн гурван үзүүлэлтийг харгалздаг. Үүнд үзвэрийн сонголт, үйлчилгээний төрөл, түүний үнэ, нийтийн тээврийн хүртээмж зэрэг томоохон байр суурийг эзэлдэг юм. Тэрчлэн тухайн хотуудаар зочилсан жуулчдын Instagram, Facebook-ийн хаштаг, сэтгэгдлүүд зэргийг харгалздаг ажээ.
II. "Moana 2" бокс оффисын рекордыг тогтоолоо.
- Disney-ийн ээлжит анимэйшн Moana 2 нээлтийн долоо хоногт 220 сая долларын орлого олж, Талархлын баярын түүхэн дэх хамгийн амжилттай кино боллоо. Тэд The Super Mario Bros.Movie (204 сая), Frozen II (125 сая)-ын амжилтыг эвдсэн нь энэ юм.
- Анх телевизийн цуврал байдлаар бичигдэж байсан Moana 2-ын хувьд гэр бүлүүдийн номер нэг сонголт болж байгаад гайхах зүйлгүй. 8 жилийн өмнө анх гарсан эхний анги нь 687 сая долларын орлого олсон. Харин шинэ ангийн төсөв нь 150 сая доллар байжээ.
- Үүнээс гадна кино театрын дэлгэцнээ гарч байгаа Gladiator II, Wicked-ийн үзэлт ч буурахгүй байсаар, нийтдээ 425 сая долларын орлогыг цуглуулсан нь мөн түүхэн амжилт болов. Хамгийн сүүлд 2018 оны Талархлын баярын бокс оффисын орлого 316 сая доллар байсан нь дээд амжилтад тооцогдож байв. Эдгээр кинонууд аль аль нь хагас тэрбум долларын орлогын босгыг даваад байгаа билээ.
III. Meta-г хуваах төлөвлөгөөг танилцууллаа.
- АНУ-ын зохицуулах байгууллагаас Meta-г зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор Instagram, Whatsapp-ийг худалдаж авсан хэмээн үзэж, шүүхэд зарга мэдүүлжээ. Хэрвээ Meta-г буруутай гэж үзвэл тэрбум илүү хэрэглэгчтэй болсон топ брэндүүдээ зарахыг шаардах эрсдэлтэйг шинжээчид тодотгож байна.
- Meta-ийн хувьд 2012 онд Instagram-ийг 1 тэрбумаар, 2014 онд Whatsapp-ийг 19 тэрбумаар эгнээндээ нэгтгэсэн. FTC-ээс тэд өөрсдийн хөгжүүлж байсан Facebook Camera, Messenger зэрэг бүтээгдэхүүндээ төвлөрөлгүй, хэрэглэгчдийг татаж шинэ сонголт олгож байсан өрсөлдөгчдөө “намнаж” худалдан авалт хийсэн хэмээн буруутгаж байгаа.
- Харин нөгөө талаас зах зээлд зөвхөн эдгээрээс гадна Twitter, Linkedin, Youtube зэрэг бусад өрсөлдөгчид байсаар байгааг онцолж, энэ наймаанаас хэрэглэгчид л хожсон хэмээн маргаж байгаа билээ.
4 мэдүүштэй зүйл
Шинэ санхүүжилт: Японы тэргүүлэх технологийн фирмийн нэг Softbank OpenAI-ийн ажилчдад эзэмшиж буй хувьцаагаа зарах тендер саналыг илгээсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум орчим доллар байх бололтой. Softbank үүнээс өмнө тус компанид 500 сая долларын санхүүжилтийг олгож байв. Тэд Vision Fund 2 сангаараа дамжуулан хиймэл оюуны зах зээлийн гол тоглогчид болох Perplexity, Glean, Poolside-д хэдийнээ хөрөнгө оруулаад байгаа билээ.
Шинэ хэл: Францын харилцаа холбооны гигант Orange Баруун Африкийн улс орнуудын үндэсний хэлийг хиймэл оюунд сургах шинэ хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарлалаа. Тэд энэ төслийн хүрээнд Meta, OpenAI-тай хамтран ажиллах бөгөөд 2025 оны эхэн гэхэд 22 сая гаруй хүн ашигладаг волоф, пулаар хэлний хувилбараа нээлттэй болгох ажээ. Хиймэл оюуны хэрэглээг энэ мэт жижиг хэлэнд нэвтрүүлэх, машин сургаж, тэгш бус байдлыг бууруулах нь сүүлийн үед салбарын гол анхаарч буй чиглэлийн нэг болоод байгаа билээ.
Шинэ өрсөлдөгч: RocketLab нэртэй уг стартап 24 цагийн дотор хоёр ч пуужинг амжилттай хөөргөсөн нь олны анхаарлыг татлаа. Он гарснаас хойш хувьцааны үнэ нь 335%-аар нэмэгдээд буй Rocket Lab хямд үнэтэй, дахин ашиглагддаг пуужингийн зах зээлд шинэ сонголт болон гарч ирж байгаа нь энэ юм. Зөвхөн энэ онд л гэхэд 52 удаа амжилттай пуужингаа хөөргөөд буй тэд SpaceX-ийн Falcon 9-тэй өрсөлдөхүйц илүү том хэмжээтэй Neutron нэртэй пуужингаа 2026 онд сансарт гаргахаар ажиллаж байна.
Шинэ сүлжээ: Meta далай доогуур нийт 40 мянган км үргэлжлэх шинэ сүлжээ татах төсөлд 10 тэрбум долларыг зориулна гэнэ. Meta-ийн зүгээс шинэ шилэн кабелийг хамгийн ихээр гэмтэл гардаг, урсгал өндөртэй түгээмэл цэгүүдээс зайлсхийж байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. Тэд одоогоор 16 өөр сүлжээнд хөрөнгө оруулж, Meta-ийн эзэмшдэг үйлчилгээний найдвартай ажиллагааг хангадаг юм. Харьцуулахад Google-ийн хувьд 33 сүлжээг далай доогуур татаж, эзэмшдэг гэнэ.
5 сонин хачин
1. 2019 оноос хойш АНУ-ын хоригт орж, Android үйлдлийн системийг ашиглах боломжгүйд хүрсэн Huawei өөрсдийн бие даан хөгжүүлсэн HarmonyOS NEXT-д суурилсан шинэ загваруудаа танилцууллаа. Huawei-ийн өмнө нь ашиглаж байсан HarmonyOS нь Андройдын нээлттэй эх дээр суурилан хөгжүүлэгдсэн байсан бол энэ удаад тэд Хятадын зах зээл дэх Android, iOS-ийн альтернатив болох амбицтайгаар бие даан үйлдлийн системээ бүтээсэн нь энэ юм. Mate 70 загвар нь энгийн болон Mate 70 Pro, Mate 70 Pro+ гэсэн хувилбаруудтай гарчээ. Энэ үеэр тэд мөн Mate X6 нугардаг утсаа зарласан байна.
2. 4 жилийн өмнө БНСУ-ын хамгийн том авиа компани Korean Air гол өрсөлдөгч, зах зээлийн №2 Asiana Airlines-ийг 1.6 тэрбум доллараар худалдан авах болсноо зарлаж шуугиан тарьж байсан. Түүнээс хойш уг хэлцлийг монополийн шинж чанартай хэмээн нийт 14 улсад хориглож, нэмэлт шалгалтыг эхлүүлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос энэхүү наймааг зөвшөөрснөө зарлалаа. Korean Air-ийн хувьд зохицуулах байгууллагаас тавьсан карго бизнесээ салгаж, бусдад зарах гэсэн нөхцлийг зөвшөөрсөн нь үүний гол үндэс болов. Ингэснээр уг хэлцэл эцэслэхэд зөвхөн АНУ-ын зөвшөөрөл л үлдэж байна. Эх сурвалжууд АНУ-ын тал энэ онд багтаан наймааг зөвшөөрөх төлөвтэй байгааг онцолжээ.
3. TikTok өсвөр насныханд филтер ашиглахыг хориглоно. Энэ шийдвэр нь өсвөр насны хэрэглэгчдийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн гэнэ. TikTok-ийн хамгийн алдартай бөгөөд хөгжилтэй филтерүүд бүгд тухайн хүний бодит төрх, нүүр царайг өөрчилдөг тул тодорхой хязгаарлалт тавьж байгаагаа зарлажээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн Европын хэрэглэгчдэд амиа хорлох эрсдэлтэй контент хийсэн бол холбогдох байгууллагуудтай холбох алгоритмыг туршиж эхэлснээ мэдэгдсэн байна.
4. Парисын дарь эхийн сүмийн засвар дуусчээ. 5 жилийн өмнө галд шатсан хүн төрөлхтний соёлын хосгүй өвүүдийн нэг Нотр-Дамын сүмийг сэргээн засварлах ажиллагаа дуусчээ. Уг ажилд 1000 гаруй урлаачид хувь нэмрээ оруулсан бөгөөд “зууны шилдэг төсөл” боллоо хэмээн Францын ерөнхийлөгч Э.Макрон цохон тэмдэглэв.
5. “МОНГОЛ ТВ“ Азийн телевизийн наадмаас шагнал хүртлээ. 1996 оноос хойш зохиогдож буй "Asian Television Awards" наадмаас “Монгол ТВ” “The Voice Kids” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг нутагшуулсан шоу” номинацид тэргүүллээ. Энэ нь “Монгол ТВ”-ын хувьд тус наадмаас хүртэж буй 5 дахь удаагийн шагнал болж байгаа юм. Азийн 200 гаруй телевиз тус наадамд өөрсдийн бүтээлээ сойдог бөгөөд 56 ангилалд шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. “Монгол ТВ” хамгийн анх 2019 онд "The Voice of Mongolia"нэвтрүүлгээр "Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлэг", "Азийн шилдэг нутагшуулсан шоу" гэсэн номинацид тэргүүлж, цом хүртэж байв.