1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм И.Маск Twitter-ийн гүйцэтгэх захирлын албыг дуулиантай эхлүүлэв. Тэрээр хамгийн түрүүнд нийт ажилчдын 50%-ийг буюу 3700 гаруй хүнийг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тэрээр компанийн серверын зардлыг 1 тэрбум доллараар бууруулж, хүний нөөцийн давхардлыг арилгах зорилготой байна. Гэхдээ зарим ажилчид түүний эсрэг шүүхэд зарга мэдүүлэх төлөвтэй байна. Твиттерийн үүсгэн байгуулагч Ж.Дорси үүнтэй зэрэгцэн хэт хурдан тэлсэнд өөрийгөө буруутгаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Твиттерт хэн мөнгө төлөх вэ?

И.Маскийн хамгийн их шуугиан тарьж буй сэдэв "цэнхэр тэмдэг" буюу албан ёсны баталгаажуулсан аккоунтыг хэрхэх тухай нь байв. Тэрээр "Twitter Blue" үйлчилгээгээр дамжуулан бүх албан аккоунтыг сард 8 долларын төлбөртэйгөөр албажуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ энэ үйлчилгээг тэрээр АНУ-ын завсрын сонгуулийг дуустал хойшлуулах бололтой.

Vine-ийг сэргээх үү?

Өөр нэг сонирхолтой мэдээлэл нь Vine-ийг сэргээх тухай байв. TikTok, Instagram Reels зэрэг одоо хит болж буй үйлчилгээний суурь болох богино хэмжээний видеоны эхлэлийг Vine тавьж байсан. Twitter ч энэ трендыг эрт мэдэрч 2012 онд 30 сая доллараар худалдаж авч байсан юм. Гэхдээ 2016 онд хөгжүүлэлтээ зогсоосон энэ үйлчилгээг эргүүлэн авчрах төлөвлөгөө Маскд байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

2 чухал тоо

176 - Монголын харилцаа холбооны отгон тоглогчдын нэг "Ondo" сансрын технологийн салбарт нэвтэрч байгаагаа зарлалаа. Тэд "Ondo Space" компанийг байгуулж, ирэх таван жилийн хугацаанд 176 нано хиймэл дагуулыг нам орбитад байрлуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

1.600.000.000 - АНУ-ын хамгийн их борлууллаттай лотто "Powerball"-ийн шагналын сан 1.6 тэрбум долларт хүрлээ. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Тохирол энэ сарын 22-нд явагдана.

3 онцлох өгүүлбэр

I. Google 1000 хэлтэй хиймэл оюун бүтээнэ

- Google-ийн магадгүй хамгийн амбицтай төсөл ч байж болох энэ ажлын хүрээнд тэд хамгийн түгээмэл ашиглагддаг 1000 хэлийг ойлгож, харилцах чадвартай AI-ийг бүтээх юм. "Хэл гэдэг хувьсаж өөрчлөгддөг, харилцан уялдаатай хөгждөг зүйл. Тиймээс бид 1000 хэлийг ойлгох гэж 1000 өөр загвар хөгжүүлэх бус дан ганц AI-ийг бүтээнэ" хэмээн тэд мэдэгдэлдээ онцолжээ.

- Тэд энэ моделио зөвхөн судалгааны зориулалтаас гадна Google-ийн экосистемийн бусад бүтээгдэхүүнд нэвтрүүлэх амбицтай байгаа. Хэрэглэгчид Google Search дээр хүссэн хэлээрээ хайлт хийхээс гадна Youtube, Google Translate зэрэг бусад үйлчилгээнд ч үүнийг ашиглах боломжтой болох юм. Эхний ээлжинд тэд "одоогоорх хамгийн том" хэмээн тодорхойлсон 400 хэл ойлгох чадалтай AI-ийн датабаазыг нээлттэй болгожээ.

- Үүнтэй ижил төслийг Meta мөн саяхан танилцуулсан. Тэд дэлхийн хүн бүр ашиглах боломжтой юниверсал орчуулгын хэрэгсэл хөгжүүлэх зорилгын хүрээнд төслийн нэгж байгуулаад байгаа юм.

II. Метаверсийн дизайны сургууль нээгдлээ

- Нью Йоркийн хамгийн нэр хүндтэй загварын сургууль, 100 гаруй жилийн түүхтэй Parsons School of Design мета ертөнцийн загвар, дизайны тухай хичээлийг хөтөлбөртөө багтааснаа зарлалаа. Тэд энэ хөтөлбөрөө Roblox-той хамтран хэрэгжүүлн.

- Уг хичээлийн хүрээнд оюутнууд Roblox-ийн дижитал бүтээгдэхүүний экосистемд хэрхэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, загвар дизайны онцлогийг тодорхойлох талаар хичээл үзнэ. Мөн дижитал орчинд шинэ загвар гаргаж, бүтээгдэхүүнээ хөгжүүлэн, борлуулах хүртэл ажиллах ажээ.

- Хичээл 2023 оны хаврын семестрээс эхлэн 16 долоо хоногийн турш үргэлжилнэ. Үүний дараагаар Roblox болон Parsons хамтран "Metaverse Fashion Report"-ийг танилцуулна гэнэ.

III. Т.Свифт Биллбордыг эзэгнэв

- Түүний хамгийн сүүлд гаргасан "Midnight" цомгийн 10 дуу Биллбордын жагсаалтын топ 10-т бичигдсэн нь түүхэнд бичигдэх үйл явдал боллоо. Т.Свифтын хувьд карьертаа 9 дэх удаагаа №1 дуутай болж байгаа нь энэ.

- Ийм амжилтыг Биллбордын түүхэнд хэн ч гаргаж байгаагүй. Хамгийн дөхөх нь 2021 онд Drake-ийн 9 дуу нь шилдэг аравт багтаж байсан нь аж. Харин топ 5-ыг бүгдийг нь эзэлж байсан амжилтыг 1964 онд домогт The Beatles гаргаж байжээ.

- Т.Свифтын шинэ цомгийн гол сингль нь болох "Anti-Hero" нь стриминг, борлуулалт, радио цацалтын үзүүлэлтийг бүгдийг нь тэргүүлснийг мөн онцлох хэрэгтэй. Энэ нь мөн л түүхэнд анхдагч амжилт юм. Түүний нийт 40 дуу нь Биллбордын топ 10-т багтсан нь эмэгтэй артистуудыг тэргүүлэх үзүүлэлт болов. Түүний урд зөвхөн Drake л бичигдэх болжээ.


4 мэдүүштэй зүйл

Хиймэл цус: Их Британийн эрдэмтэд лабораторийн орчинд гарган авсан цусыг хүний биед туршиж байна. Түүхэнд анхны гэх тодотголтой уг клиник туршилт амжилттай болбол эрүүл мэндийн салбарт тэсрэлт хийх боломжтой хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Хамтын контент: Youtube контент бүтээгчдэд өөрийн хийж буй шууд дамжуулалтын үеэр зочин урьж, хамтрах боломжийг нээхээр зэхэж байна. "Go Live Together" нэмэлт нь контент бүтээгчдэд илүү орлого олж, илүү хүмүүст хүрэх боломжийг нээх учиртай.

Зүгээр Сири: Apple ухаалаг туслах Siri-г дууддаг хэллэгийг өөрчлөхөөр зэхэж байна. Одоо хэрэглэгчид "Hey Siri" хэмээн ухаалаг туслахаа идэвхжүүлдэг. Тэгвэл тэд "Siri"-г дангаар нь хэлэхэд ачаалладаг өөрчлөлтийг 2024 оноос эхлэн нэвтрүүлэх зорилготой байгаа гэнэ.

Ухаалаг хэмжигч: Английн Премьер лигийн аварга Манчестер Сити клуб хөлбөмбөг сонирхогчид, тамирчдад зориулсан шинэ зүүдэг төхөөрөмж танилцууллаа. "Cityplay" нэртэй төхөөрөмжийг хэрэглэгч хөлдөө зүүснээр бие, техникийн үзүүлэлтээ хэмжиж, оноогоо хянах боломжтой байх ажээ.


5 сонин хачин

1. "Black Adam" бокс оффисыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж, нийт орлого нь 319 сая долларт хүрлээ. Marvel-ийн "Black Panther"-ийн шинэ ангийн нээлтээс өмнө тэд өмнөх "Suicide Squad", "Shazam"-аас давсан амжилт үзүүлж чадсан нь энэ. 2-р байрт Sony-ийн эзэмшдэг Crunchyroll-ийн шинэ аниме "One Piece Film: Red" бичигджээ.

2. Видео тоглоомын салбарын гигант Electronic Arts Mavel-тай хамтран 3 тоглоомын төсөл дээр ажиллаж байгаагаа зарлалаа. Эхнийх нь Marvel-ийн хамгийн алдартай супер баатруудын нэг "Iron Man"-ийн тоглоом байх гэнэ.

3. Имэйл тохимлын платформ Substack контент бүтээгчдэд зориулсан хэд хэдэн нэмэлтийг танилцууллаа. Хамгийн эхнийх нь бичээчид уншигчидтайгаа харилцаж болох чат хэсэг. Тэрчлэн тэд Discord, Telegram-тай төстэй функцээр ажиллах коммьюнити нэмэлтийг нэвтрүүлжээ.

4. Хьюстонд төвтэй "Mattress Mack" брэндийн үүсгэн байгуулагч Ж.Мклнгвэйл спортын бооцооны түүхэн дэх хамгийн өндөр шагналыг хүртлээ. Тэрээр Хьюстон Астросыг MLB-ийн улирлын аварга болно хэмээн 10 сая долларын бооцоо тавьсан нь 75 сая доллар болон түүнд ирсэн нь энэ юм. Астрос Филадельфиг 6 тоглолтын дараа буулган авч сүүлий 6 жилд 2 дахь удаагаа аваргалсан юм.

5. Google хайлтын нүүр хуудсандаа өөрчлөлт оруулж, Lens-ийн технологийг нэвтрүүллээ. Ингэснээр хэрэглэгч өмнөх шиг зөвхөн ойролцоо зургаар хайлт хийх бус тухайн зурагтай холбоотой линк, мэдээлэл зэргийг давхар авах боломжтой болж байгаа юм.