1 гол сэдэв

Юу болов?

И.Маскийн радикал өөрчлөлтүүд, шинэ бодлого, бүр брэндийн шинэчлэлийн дараагаар Twitter-ийн алтернатив сонголтын эрэлт эрс нэмэгдсэн. X байр сууриа баталгаажуулж чадах уу? Эсвэл Meta-ийн Threads үү? Эсвэл бүр Mastodon уу? Хариулт нь магадгүй Bluesky байж мэднэ. Тус апп-ын хэрэглэгчид АНУ-ын сонгуулиас хойш бараг 2 дахин нэмэгдэж, өдгөө 20 сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа.

Яагаад?

2023 оны эхээр анх нээгдэхдээ зөвхөн урилгаар гишүүдээ бүртгэж байсан тус апп-ын хамгийн гол ялгарал бол “төвлөрсөн бус” байх эрмэлзэл нь юм. Одоогийн сошиал медиа апп-ууд голцуу хаалттай экосистемийг бүтээж, үүсгэсэн датан дээрээсээ орлогоо бүрдүүлдгийн яг эсрэгээр тэд ажилладаг. Тиймдээ ч тус апп бусад өрсөлдөгчдөөсөө хамгийн органик өсөлттэй, комьюнити суурьтай хэмээн ялгарч байна.

Тэгээд?

Уг апп-ын хамгийн анхны санхүүжилтийг Twitter-ийг үүсгэн байгуулагч Ж.Дорси хийж байсан нь сонирхолтой. Ердөө 20 ажилтантай тус апп хэрхэн нээлттэй эхийн давуу талыг гаргаж, гэнэтийн өсөлтийг хангахыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Одоогоор тус апп 20 гаруй орны апп-ын жагсаалтыг таталтаараа тэргүүлэх болжээ.

2 чухал тоо

100.000: Хятадын технологийн гигант Xiaomi автомашины бизнест нэвтрээд удаагүй байгаа. Гэсэн ч ердөө 230хан өдрийн дотор SU7 загварын 100 мянга дахь машинаа үйлдвэрлэснээ зарлаж, зах зээлийг цочроов. Тэд 30 мянган долларын үнэтэй зарагдаж буй цахилгаан хөдөлгүүрт машинаа Tesla-тай өрсөлдөхүйц хэмээн тодорхойлоод байгаа юм. Ирэх жил Xiaomi сард 25 мянган машин үйлдвэрлэх зорилго тавьжээ.

275.000.000: Азийн хоёр дахь баян эрхэм авилгалын хэрэгт холбогдлоо. Америкийн засгийн газар Энэтхэгийн тэрбумтан Гаутам Аданиг “улсын төсөвт ажил гүйцэтгэхдээ төрийн албан тушаалтнуудад авилгал өгдөг системийг бүтээсэн” хэмээн буруутгаж байна. Тэд түүнийг 2021 оноос хойш 275 сая долларыг авилгалд зарцуулсныг нотлох баримт цуглуулжээ. Г.Адани бол тус улсын ерөнхий сайд Н.Модигийн хамгийн итгэлт түншийн нэг, Энэтхэгийн хамгийн нөлөөтэй бизнесмен гэдгээрээ алдартай. Энэ мэдээний дараа түүний эзэмшдэг компаниудын хувьцааны үнэ буурч, 130 гаруй тэрбум доллараар үнэлгээ нь унасан байна.

3 онцлох өгүүлбэр

I. Google-ийг Chrome хөтчөө зарахыг шаардлаа

- Америкийн зохицуулах байгууллагаас Google-ийг хайлтын зах зээлд монополийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж буй. Энэ заргын хүрээн тэд тэрбум гаруй хэрэглэгчтэй Chrome-ийг компаниас салгах шаардлагыг хүргүүлжээ.

- Үүнээс гадна тэд Apple зэрэг бусад гар утас үйлдвэрлэгчидтэй Chrome-ийг үндсэн веб хөтчөө болгох гэрээ хийхийг хориглох гэнэ. 2022 он гэхэд Google Apple-д чухам ийм үндэслэлээр 20 тэрбум доллар төлсөн нь ил болсон. Мөн хайлтын системдээ Youtube, Gemini зэрэг өөрсдийн эзэмшиж буй платформуудад давуу тал олгохыг хязгаарлах тухай заалт шаардлагад багтжээ.

- Google-ийн зүгээс уг төлөвлөгөө нь олон нийтэд сөрөг үр дагавар авчрах, Америкийн технологийн салбарт ноцтой хохирол учруулах хэтийдсэн шийтгэл хэмээн онцолсон байна. Шинжээчид Chrome-оос гадна Android үйлдлийн системтэй холбоотой торгууль оногдуулж, компаниас салгах үйл явцыг эхлүүлэх магадлалтайг сануулсаар байгаа билээ.


II. Comcast-ийн хуваагдал медиа ертөнцийг донсолголоо

- Дэлхийн хамгийн том медиа компаниудын нэг Comcast кабелийн телевизийн бизнесээ салгаж, бие даасан компани болж байгаагаа зарлалаа. Энэхүү шинэчлэл нь стриминг платформуудад байр сууриа алдсаар буй уламжлалт телевизийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохуйц томоохон шийдвэр боллоо.

- Шинэчлэлийн хүрээнд бизнесийн мэдээний томоохон тоглогч CNBC болон Америкийн хамгийн их үзэгчтэй мэдээний сувгуудын нэг MSNBC шинэ компанид харьяалагдах болно. SpinCo хэмээх төслийн нэртэй шинэ компанид тэдгээрээс гадна E!, Golf Channel, USA Networks, Oxygen, Syfy зэрэг сүлжээ сувгууд багтаж буй. Уг нэгдэлд мөн киноны үнэлгээний платформ Rotten Tomatoes орох болжээ. SpinCo хөрөнгийн биржид бүртгэлтэй байх бөгөөд бусад компаниудтай нэгдэх, шинэ худалдан авалт хийх, брэндээ зарах шийдвэрийг бие даан гаргах гэнэ.

- Харин Comcast-ийн хувьд NBC сувгаа өөртөө хадгалж үлдсэн. Мөн хэрэглэгчдийн тоо нь 30%-аар нэмэгдсэн ч хараахан ашигтай ажиллаж амжаагүй байгаа Peacock стриминг платформоо үлдээжээ. Тэд үүнээс гадна Universal-ийн киноны студи, паркийн бизнест бүтцийн өөрчлөлт хийж, ашгийг нэмэгдүүлэх зорилготой байна.


III. Glicked-ийн давлагаа эхэллээ.

- Өнгөрсөн зуны трендийг тодорхойлсон Barbie, Oppenheimer-ийн нөлөөг олон нийт Barbenheimer хэмээн нэрийдэх болсон. Тэгвэл энэ жилийн тухайд бокс оффисыг аврах гол найдвар “Glicked” байх болно. Чухам үүнд бэлтгэж дэлхий даяар сэдэвчилсэн нээлтүүд, мерч бүтээгдэхүүн, меме зургууд цацагдсаар байна.

- Glicked бол энэ долоо хоногт нээлтээ хийж буй Wicked болон Gladiator II-ийг нэгтгэсэн нэр. Нээлтийн долоо хоногтоо л гэхэд 140 сая доллар олох тооцоотой байгаа Wicked түүхэн дэх хамгийн амжилттай Бродвэйгээс сэдэвчилсэн бүтээл болох нь тодорхой болсон. Үзэгчдээс 99%-ийн үнэлгээ авч буй тус мюзикл Талархлын баярын гол үзвэр байх бололтой.

- Харин Gladiator II-ийн хувьд “классик” ангилалд хэдийнээ орсон эхний ангитайгаа шууд харьцуулагдах нь гарцаагүй. 24 жилийн дараа гарч буй шинэ анги нь хэдийнээ 80 сая долларын орлого олоод байгаа бөгөөд Оскарын гол өрсөлдөгч байх нь хэмээн эерэг үнэлгээг цуглуулж байна.

4 мэдүүштэй зүйл

Шинэ загвар: Apple “LLM Siri”-г хөгжүүлж байна. Тэд ChatGPT, Gemini-тай өрсөлдөхүйц AI загварыг хөгжүүлж, хэдийнээ дийлэнх хэрэглэгчдийн танил болсон Siri-ээр дамжуулан зах зээлд байршуулахыг хүсэж байна. Siri-г илүү амьд, харилцан ярилцах чадвартай болгосноор тэд хиймэл оюуны зах зээлээс хоцорсон байр сууриа гүйцээнэ хэмээн найдаж байгаа юм.

Шууд хөрвүүлэгч: Teams-ийн үеэр 31 хэлээр ярих боломжтой боллоо. Microsoft-ийн жил бүр явуулдаг Ignite арга хэмжээний гол танилцуулга нь AI-ийн тусламжтай хэрэглэгчид 31 хэлээр шууд ярих чадвартай болсон нь байлаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн яриа нөгөө талд очихдоо таны сонгосон хэлээр автоматаар хөрвүүлэгдэн хүрнэ гэсэн үг юм.

Шилдэг өрсөлдөгч: Монголын бизнесийн зах зээлд өргөн хэрэглэгддэг, нээлттэй эхэд суурилсан ERP системийг хөгжүүлэгч Odoo 5.4 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Жил бүр 50%-ийн өсөлт үзүүлж, 2027 он гэхэд 1 тэрбум долларын орлготой болох төлөвтэй буй тус компанийн төв Бельгид байрладаг.

Шийдвэрлэх мөч: Орос, Украины дайны нөхцөл байдал хурцадлаа. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден холын тусгалтай ATACMS пуужинг Украины армид ашиглах зөвшөөрлийг өгснөөр энэ бүхэн эхэлсэн. Улмаар мягмар гарагийн шөнө Украинчууд хилээс 100 гаруй км-ийн зайд орших Брянск муж руу 6 пуужинг харважээ. Үүгээр ч зогссонгүй Их Британийн “Storm Shadow” нэртэй пуужингаар Орос руу цохилт өгсөн нь байдлыг эвгүйтүүлж орхив. Энэхүү үйл явдлын дараагаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, “зэвсгээ ашиглахыг зөвшөөрсөн улс орнуудын эсрэг Орос улс өөрийн зэвсгийг хэрэглэх эрхтэй болсон” гэдгийг онцлоод “цөмийн зэвсгийн тухай баримт бичгээ үүнд үндэслэн шинэчилсэн гэдгээ мэдэгджээ.

5 сонин хачин

1. Netflix-ийн шоунд Beyonce дуулна. Netflix энэ зул сарын баярын үеэр NFL-ийн тоглолт цацах эрхийг авсан. Тэгвэл тэд Хьюстон, Балтиморын тоглолтын завсарлагааны үеэр явагдах шоунд алдарт Beyonce дуулах болсныг зарласан байна. Netflix өнгөрсөн долоо хоногт 60 сая үзэгч цуглуулсан М.Тайсон, Ж.Полын тулаанаас илүү их үзэгч татах зорилготой байгаа юм.

2. Хананд наасан гадил 6.2 сая долларын үнэ хүрлээ. Италийн артист М.Кателланы өнөөгийн нийгмийн тусгал хэмээн егөөдөн тодорхойлж бүтээсэн уг бүтээлийг крипто хөрөнгө оруулагч Ж.Сан хэмээх эр худалдан авсан байна. Кателлан 5 жилийн өмнө хамгийн анх бүтээлээ олонд толилуулж, сошиалд “од” болж байв. Ж.Сан нийт 5 хүнтэй өрсөлдөж өөрийн болгосон гадил жимсээ муудахаас өмнө “иднэ” хэмээн мэдэгджээ.

3. Их Британийн хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгчдийн нэг Jaguar брэнд өнгө төрхөө шинэчилжээ. 2026 оноос эхлэн бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжих амбицынх нь эхлэл болон орчин үеийн мэдрэмж, олон талт оролцоо, бүтээлч сэтгэлгээг илэрхийлсэн логог бүтээжээ. Гэсэн ч энэ шинэчлэл нь интернет хэрэглэгчдээс төдийлэн таатай үнэлгээ авч чадсангүй.

4. Дэлхийн хамгийн алдартай видео тоглоомын нэг Minecraft-ийн сэдэвт парк 2026 оноос эхлэн нээгдэх гэнэ. Тус тоглоомыг бүтээгч Mojang Их Британи, АНУ-ын зах зээлд парк нээх эрхээ Merlin Entertainment-д 110 сая доллараар олгосон байна. Сонирхуулахад, Minecraft-ийн кино 2025 онд гарах хуваарьтай бөгөөд Ж.Блэк, Ж.Момоа зэрэг одод гол дүрийг нь бүтээж байгаа юм.

5. Messenger-ийн видео дуудлагын чанар сайжирчээ. Meta хиймэл оюуны тусламжтайгаар видео болон аудио дуудлагыг шинэ түвшинд авчрахыг эрмэлзэж байна. Одоо хэрэглэгчид хоорондын видео автоматаар HD чанар луу хөрвөхөөс гадна дуу тусгаарлагч нэмэлттэй болжээ. Мөн AI ашиглаж арын дэвсгэр зургаа хүссэнээрээ тохируулах боломжтой болсон байна.