1 гол сэдэв

Microsoft-ийн намрын шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг явагдлаа.

Surface нэрийн шинэ төхөөрөмжүүд

Зах зээлд гараад 10 жилийн ой нь давхцаж буй Surface-ийн тавдугаар үеийн шинэ лаптоп нь энэ өдрийн гол дүр байв. Surface Laptop 5 зөвхөн Intel-ийн чипээр тоноглогдсон гэдгээс гадна ногоон өнгийн сонголттойгоор худалдаанд гарчээ. Уг лаптопын эхлэх үнэ 999 доллар байх юм. Харин таблет болон салдаг Surface Pro 9-ийн хувьд Intel-ээс гадна Arm-ийн сонголттой болсон нь онцлохуйц байв. Секундэд 15 их наяд тооцоолол хийх чадалтай хэмээн тодотгосон уг хувилбар нь 5G дэмжиж, AI-д суурилсан үйлдэл гүйцэтгэх чадалтай болжээ. Харин 4 жилийн өмнө анх гаргаснаас хойш шинэчлэгдээгүй байсан суурин компьютер Surface Studio 2-ийн хувьд нэмэлт оролтуудтай болсноос гадна шинэ процессор, GPU-ийн ачаар 50%-аар хурдтай ажиллах болжээ. Үнийн хувьд 4299 доллар байна гэнэ.

Apple, Meta болон бусад шинэ түншлэлүүд

Энэ жилийн бусад гол зарлалууд бусад топ компаниудтай үүсгэсэн түншлэлтэй холбоотой байв. Тухайлбал Apple Music, Apple TV Plus ирэх жилээс эхлэн Windows дээр албан ёсны апп-аа гаргах болсон байна. Мөн iCloud-ийн шинэ апп нь iPhone хэрэглэгчид зураг, файлаа Windows руу хуулах гэдэг маш хүнд ажлыг хөнгөвчлөх боломжтой болжээ. Үүнээс өмнө Microsoft-ийн хувьд өөрсдийн Teams болон Office-ийн програмуудаа Meta-ийн VR платформ дээр интеграц хийх болсноо зарлаад байсан билээ.

Microsoft Office-ийн брэнд шинэчлэл

Дэлхийн хамгийн хүчирхэг цогц програмын шийдэлд тооцогддог Microsoft Office тун удахгүй нэрээ өөрчилж Microsoft 365 гэсэн нэрийн дор хөгжүүлэгдэх болсон байна. 1990 онд анх гарч байсан Office-ийн шинэ лого, загвар ирэх сараас эхлэн онлайн орчинд байршиж эхэлнэ. Excel, Word, Powerpoint-оороо алдаршсан уг үйлчилгээ өдгөө зөвхөн бүтээмж нэмэх програмуудаас гадна байгууллагын харилцаа холбооны апп Teams-ийг эгнээндээ нэгтгэж ихээхэн өргөжиж байгаа. Үүнээс гадна тэд энэ эвентээрээ сүүлийн үед зарим чиглэлүүдэд хэрэглэгчдийн тоо нь эрс нэмэгдэх болсон Canva-ийн өрсөлдөгч бүтээгдэхүүн гэж хэлж болох Designer-ийг танилцуулав. Designer нь төрөл бүрийн дизайны ажлыг хиймэл оюуны тусламжтайгаар илүү хялбарчилж, бүтээлч байдлаар ажиллах боломжийг хэрэглэгчдэд олгоно гэнэ.

2 чухал тоо

25 - Оргил үедээ 34 тэрбум доллараар үнэлэгдэж, GM-ээс санхүүжилт татаж байсан Nikola-ийн үүсгэн байгуулагч Т.Милтон 25 жилийн хорих ял сонсож магадгүй боллоо. Шүүх түүнийг хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангаж, компанийн үнэлгээг хиймлээр өсгөж, ашиг олсон хэмээн буруутгажээ. Nikola-ийн хувьд цахилгаан хөдөлгүүрт ачааны машины технологи хөгжүүлдэг юм.

50.000.000.000 - Spotify платформ дээр 50 тэрбум хандалтад хүрсэн анхны артист нь Drake боллоо. Канад уран бүтээлчийн энэхүү амжилтыг тэд өөрсдийн ивээн тэтгэдэг Барселона хөлбөмбөгийн клубын өмсгөл дээр алдаршуулж тэмдэглэлээ. Барселона мөнхийн өрсөлдөгч гэгдэх Реал Мадридын эсрэг тоглолтод уг өмсгөлтэй талбайд гарчээ.

3 унших өгүүлбэр

I. Нобелийн эдийн засгийн шагналтнууд тодорлоо.

- 2022 оны Нобелийн долоо хоног эдийн засгийн салбарын ялагчдын нэрс тодорсноор өндөрлөлөө. Энэ жилийн шагналтнууд банкуудын эдийн засагт, нэн ялангуяа санхүүгийн хямралын үед гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө уг шагналыг хүртлээ.

- Ялагчдаас хамгийн алдартай нь 2006-2014 онуудад Америкийн Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажиллаж байсан Бен Бернанке байв. Тэрээр 30-аад оны их хямралын үеийг судалж, банкны дампуурал гэдэг хямралаас үүдэж үүсдэг нөхцөл бус эсрэгээрээ хямралыг дагуулах боломжтой гэдгийг тайлбарласан судалгааны ажлыг гүйцэтгэж байсан. Мөн 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр авсан арга хэмжээ, хариу үйлдлийг нь үнэлсэн нь гарцаагүй.

- Д.Даймонд, Ф.Дибвиг нарын хувьд банкнаас зугтах үзэгдлийг тайлбарласан загвараараа алдартай. Ялангуяа санхүүгийн хямралтай холбоотойгоор банкуудын богино хугацаатай татсан эх үүсвэр болон урт хугацааны зээлийн бүтээгдэхүүний зөрүү нь хэрхэн хэрэглэгчдийг сандралд автуулж, гэнэт мөнгөө татах үйл явцыг эрчимжүүлдэг талаар тэд судалжээ.


II. Америкийн топ худалдааны сүлжээ нэгдэнэ.

- Зах зээлд эзлэх байр сууриараа зөвхөн Walmart-ийн ард бичигдэх Kroger гол өрсөлдөгчдийн нэг Albertsons-ийг 24.6 тэрбум доллараар худалдан авах болсноо зарлалаа. Albertsons-ийн хувьд зах зээлд 4-р байрт, Costco-ийн дараа жагсдаг юм. Гэхдээ эхлээд зохицуулах байгууллага уг хэлцлийг зөвшөөрөх учиртай.

- Ингэснээр нийт 5000 орчим салбартай, 710 мянган ажилтантай аварга нэгдэл үүсэж байна гэсэн үг. Тэдний борлуулалтын орлого нь 200 тэрбум долларыг давж, үйл ажиллагааны зардал нь жилд 500 сая доллараар хэмнэгдэх боломжтойг шинжээчид онцолж байна.

- Гэсэн ч энэ нь зах зээлд тэргүүлэгч Walmart-ийн нийт борлуулалтын талд ч хүрэхгүй үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. 50 мужид 5000 гаруй салбартай Walmart-ийн хувьд өнгөрсөн жил 587 тэрбум долларын борлуулалтын орлого тайлагнасан билээ.


III. Олон улсын орчинд анхаарал татсан гол үйл явдлуудын тойм

- Бээжин хотноо Хятадын Коммунист Намын 20-р их хурал нээлтээ хийлээ. Хурлын төлөөлөгчид улсын удирдагч Ши Жинпинийг гурав дахь удаагаа улируулан сонгох төлөвтэй байгаа юм.

- Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс сангийн сайдаа ажлаас нь чөлөөлөв. Татвар нэмэх, төсөв бүрдүүлэхтэй холбоотой асуудлын улмаас түүний байр суурь хэдийнээ ганхаад эхэлжээ.

- ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киевийг оролцуулан нийт 7 хот руу 81 далавчит пуужин харваж, хамгийн багадаа 10 хүн амиа алджээ. Энэ нь Крымийн гүүрт халдсаны хариуг барьсан хэрэг байлаа.

4 мэдүүштэй зүйл

Нүд уншигч: Apple-ийн ирэх жил гаргахаар төлөвлөж буй VR төхөөрөмж нь хэрэглэгчийн нүдийг скан хийж, унших технологиор тоноглогдсон байх гэнэ. Энэ нь Face ID-тай ижил төхөөрөмжийн түгжээг тайлах, мөн төлбөр тооцоо хийх зориулалттай байх бололтой.

Шинэ тоглогч: General Motors цахилгаан машинд зориулсан эрчим хүчний шинэ нэгж байгууллаа. GM Energy-ийн хувьд сэргээгдэх эрчим хүч хадгалах, панел байршуулах, батарей бүтээж борлуулах, цэнэглэгч цэгүүд ажиллуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. 120-150 тэрбум долларын багтаамжтай гэх уг зах зээлд Tesla тэргүүлдэг.

Хямд интернет: Amazon 2023 онд багтаан илүү хямд интернетийн үйлчилгээ үзүүлэх зорилготой Project Kuiper-ийн эхний хэсгийг ашиглалтад оруулна гэдгээ зарлалаа. Гэхдээ үүнээс өмнө тэд энэ ондоо багтаан анхны туршилтаа хийх ажээ. Amazon 2026 он гэхэд нийт 3236 ширхэг хиймэл дагуул хөөргөх зорилготой байгаа юм.

Агаарын такси: Delta Airlines агаарын таксины технологи хөгжүүлэгч Joby Aviation-д 200 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Тэд хэрэглэгчдэд гэрээс нь шууд онгоцны буудал руу хүргэх бичил агаарын тээврийн үйлчилгээг хамтран хүргэнэ. Тооцоо ёсоор Нью Йоркийн төвөөс онгоцны буудал хүрэх 50 минутын аяллыг ердөө 10 минутанд багтаах боломжтой болох аж.

5 сонин хачин

1. 1978 оноос эхлэлтэй "Halloween" франчайзын хамгийн сүүлийн буюу 13 дахь бүтээл "Halloween Ends" бокс оффисыг итгэл төгс тэргүүллээ. Зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 43 сая долларын орлого цуглуулсан тэд Peacock стриминг платформоор мөн нээлтээ зэрэг хийсэн нь үзэгчдийн сонголтод төдийлэн нөлөөлсөнгүй. Ердөө 20 орчим сая долларын төсвөөр бүтээгдсэн уг кино сүнсний баярын долоо хоногийн хамгийн эрэлттэй бүтээл байх төлөвтэй байна.

2. Sony болон Honda-ийн хамтран бүтээж буй цахилгаан машин 2026 онд АНУ-ын зах зээлд анхлан борлуулагдах гэнэ. Sony Honda Mobility нэртэй хамтарсан компаниа байгуулаад буй тэд програм хангамж, технологийн дэвшлийг шинэ түвшинд авчрах машиныхаа урьдчилсан захиалгыг 2025 оноос эхлүүлэх аж.

3. Өнгөрсөн долоо хоногт явагдсан Google Cloud Next арга хэмжээний хамгийн сонирхолтой танилцуулга нь Google Meet-ийн шинэчлэл байв. Одоо камераа нээсэн үед хэрэглэгчийн царайг автоматаар таньж, дэлгэц голлуулж байршуулах боломжтой болсон байна. Уг нэмэлтийг хэрэглэгч мөн өөрийн гараар удирдаж, камерын байршлаа тохируулах боломжтой байх гэнэ.

4. Медиа ертөнцийн хамгийн хүчирхэг эрхэмүүдийн нэг Р.Мурдок өөрийн байгуулсан Fox болон News Corp-ийг эргэн нэгтгэх тухай ажиллаж эхэлжээ. 91 настай тэрээр 2013 онд үндсэн бизнесээ 2 салгаж, улмаар 2019 онд Disney-д 21st Century Fox тэргүүтэй энтертэйнмент бизнесийн гол хэсгээ зараад байсан юм. News Corp-ийн харьяанд Wall Street Journal, Dow Jones, The Sun, The Mirror зэрэг брэндүүд багтдаг билээ. Fox-ийн хувьд Америкийн хамгийн том кабелийн телевизийн сүлжээнд тооцогдсоор байна.

5. И.Маск шинэ "инновацлаг" бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ бол "Burnt Hair" нэртэй үнэртэй ус. Түүний ус 100 долларын үнэтэй бөгөөд өдрийн дотор 10 мянган ширхэг зарагдсан гэнэ. Энэ бүтээгдэхүүнээ тэрээр туннел ухах технологи хөгжүүлэгч "The Boring Company"-ийн сайтаар борлуулав. Тэрээр үүнээс өмнө 20 мянган ширхэг "Not-A-Flamethrower" нэртэй галаар тургигч тоглоомон буу зараад байсан билээ.

10 унших мэдээ

Үзэх: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага /DW/

Тоглох: Видео тоглоомын загварын долоо хоног /Polygon/

Ухаарах: Технологийн стартапууд яагаад бүтэлгүйтдэг вэ? /Twitter/

Сонсох: М.Цукерберг метаверс, Apple, TikTok-ийн тухай /The Verge/

Турших: Трампын апп Truth Social-ийг Google Play зөвшөөрлөө /CNBC/

Ойлгох: Активистууд яагаад Ван Гогийн зураг луу халдав? /WP/

Унших: 3 Нобелийн шагналтантай бичил редакц /NYTimes/

Мэдэх: ОПЕК-ийн шийдвэрийн талаар асуулт, хариулт /Vox/

Гайхах: Meta Connect-ийн үеэр зарласан бүх зүйлс /FB/