1 гол сэдэв

"Apple" шинэ утас танилцуулах эвентээ зохион байгууллаа.

Гол дүр: iPhone 12

Мэдээж, iPhone 12 энэ эвентийн хамгийн өндөр хүлээлт дагуулсан, гол бүтээгдэхүүн нь байв. "Apple" энэ удаад дөрвөн төрлийн загвар танилцуулсан юм. Шинэ загвар iPhone 4, iPhone 5-тай ижил дөрвөлжин хэлбэрийн дизайны шийдэлтэй гэдгээрээ, мөн 5G дэмждэг болсноороо онцлогтой. Мөн керамик хамгаалалттай болсон нь энэ загварыг хамгийн бат бөх, хамгийн тод дэлгэцтэй болгожээ. Мөн "Apple" өөрсдийн хөгжүүлж буй A14 бионик чипийг ашигласнаар утас илүү хурдтай болж, хос камерын систем нь өмнөх загваруудаас үсрэлт хийх боломжийг олгосон хэмээн тодотгож байв.

iPhone 12: 6.1 инчийн дэлгэцтэй ч өмнөх загвараас 16 хувиар хөнгөн, 11 хувиар нимгэн. Хар, цагаан, улаан, ногоон, хөх өнгөний сонголттой гарах уг загварын үнэ 699 доллараас эхлэх нь.

iPhone 12 Mini: Сүүлийн арван жилд гараагүй хамгийн жижиг iPhone 5.4 инчийн хэмжээтэй. Жижиг хэмжээтэй ч үндсэн загвартай адил үзүүлэлттэй уг утасны үнэ 729 доллараас өгсөх аж.

iPhone 12 Pro: Ган хүрээ, шилэн гадаргуутай гэдгээрээ ялгарах "Pro" загвар үндсэн хувилбараасаа камерын үзүүлэлт, дэлгэцийн чанараараа илүү. Үндсэн үнэ нь 999 ам.доллар.

iPhone 12 Pro Max: 6.7 инчийн энэ загвар хамгийн том iPhone. Ардаа гурван камертай, 5Х татах боломжтой уг загвар LIDAR мэдрэгчтэй учир AR апп-ууд ашиглахад хамгийн тохиромжтой. 1099 долларын үнээр борлуулагдана.

Өөр онцлох юу байв?

1. "Apple" хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд шинэ утасны саванд адаптер, чихэвч дагалдуулахгүй байх шийдвэр гаргасан гэнэ.

2. Мөн утасгүй цэнэглэгч "MagSafe" нь ихээхэн анхаарал татав. Нэг эсвэл хоёр төхөөрөмж цэнэглэхээс хамааран сонголтоо хийх боломжтой уг цэнэглэгчийн үнэ 39 доллараас эхэлнэ.

3. "HomePod Mini" хямд үнэ, загварлаг төрхөөрөө ухаалаг гэрийн орчин дахь "Apple"-ийн гол зэвсэг болж магад. 99 долларын үнэтэй уг төхөөрөмжийн хурдыг ихээхэн онцолж байв.

Хэрхэн авах вэ?

Дэлхий даяар эхлээд буй урьдчилсан захиалгад Монголын хэрэглэгчид ч хамрагдах боломжтой. "Шангри-Ла" төвийн нэг давхарт байрлалтай "Apple Store Shangri-La" төв урьдчилсан захиалга өгч, худалдан авсан хэрэглэгчид дундаас 12 азтан тодруулна гэнэ.

2 чухал тоо

19.000.000.000: Польшийн онлайн худалдааны платформ "Allegro" 2020 оны Европын хамгийн том IPO-г хийлээ. Тэд Варшавын бирж дээр 19 тэрбумын үнэлгээтэйгээр нээлттэй компани болсон нь энэ. 1999 онд байгуулагдсан тус сайтаар сард 20 сая хэрэглэгч үйлчлүүлдэг гэнэ.

1635: Суут зохиолч Уильям Шекспирийн 36 жүжгийн зохиолыг нэгтгэсэн "First Folio" нэртэй номын бүтэн үлдсэн анхны хэвлэл 9.98 сая ам.долларын үнээр зарагджээ. Их зохиолчийг таалал төгссөнөөс долоон жилийн дараа буюу 1635 онд хэвлэгдсэн уг номоос өдгөө ердөө 235 ширхэг хадгалагдан үлдсэн ч 5-6 нь л бүтнээрээ байгаагийн нэг нь Милтон Коллежийн эзэмшиж байсан уг эх ажээ. Дэлхий нийт чухам энэ номноос л "Макбет", "12 дахь шөнө" зэрэг алдарт бүтээлтэй нь танилцсан билээ.

3 онцлох зүйл

Сонгууль: Монгол Ардын Нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа. Тэдний ялалт УИХ-ын сонгуулийн дүнтэй ижил үнэмлэхүй байгаагүй ч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт хяналтаа тогтоосон. Нийслэлийн ИТХ-д дөрвөн жилийн өмнөхтэй ижил 34 суудал авсан МАН засаг даргаа сонгох эрхтэй болж байна. Хэдий Ардчилсан нам нийслэлд ялагдсан ч орон нутагт амжилттай оролцсон гэж хэлж болно. 2016 онд ердөө 2 аймаг, 3 дүүрэгт л олонх болж байсан АН энэ удаад Сүхбаатар, Увс, Өмнөговь тэргүүтэй 10 аймагт ялалт байгуулжээ. Харин Хөдөлмөрийн Үндэсний Нам Нийслэлийн ИТХ-д 3 төлөөлөгчтэй болсноос гадна 5 дүүрэгт суудалтай болсон байна.

Дэлгэрэнгүйг: СЕХ | Ikon | Montsame


Нобель: Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Стэнфордын их сургуулийн профессор Пол Милгром болон Роберт Уилсон нар хүртлээ. Нобелийн хорооноос дэлхий даяар өргөнөөр хэрэглэгдэж буй "Дуудлага худалдааны онолыг боловсронгуй болгосны төлөө" энэхүү шагналыг олгосон гэжээ. 1994 онд АНУ-ын зохицуулах хорооноос харилцаа холбооны компаниудад радио давтамжийн лиценз олгохдоо анхлан ашигласан уг аргачлалыг бусад улсууд хуулбарлаж, 100 тэрбум долларын өртөг бүхий шалгаруулалтуудад хэрэглэж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүйг: Stanford | Reuters | FT


Аварга: Испанийн теннисчин Р.Надаль их дуулгын 20 дахь түрүүгээ хүртэж, бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлэгч Р.Федерертэй зэрэгцлээ. Тэрээр Францын нээлттэй тэмцээний финалд Н.Жоковичийг дараалсан сетэд буулган авснаар зөвхөн энэ тэмцээнд л гэхэд 13 дахь удаагаа түрүүлэв. Мөн NBA-ийн 2019-20 оны улирлын аваргаар "Лос Анжелес Лэйкэрс" тодорч, түүхэн дэх 17 дахь цомоо хүртлээ. Ингэснээр тэд цомын түрүүгээрээ нэгт бичигддэг "Бостон"-той тэнцэж байгаа гэсэн үг. Багийн лидер Леброн Жэймс гурван өөр багтай аварга хүртсэн хосгүй амжилт үзүүлж, финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдлээ.

4 мэдүүштэй баримт

Артемис Аккорд: NASA-ийн санаачлан боловсруулсан сарыг эзэмшихэд баримтлах стандарт бүхий "Artemis Accord"-д нийт найман улс нэгдэж, гарын үсэг зурлаа. Тэдгээр нь АНУ-аас гадна Австрали, Канад, Япон, АНЭУ, Их Британи, Итали, Люксембург бөгөөд сансрын технологийн тэргүүлэгч гүрэн ОХУ, БНХАУ хараахан нэгдээгүй байгаа юм.

Хямд үүсвэр: Нарны эрчим хүч дэлхий дээрх хамгийн хямд өртөгтэй эх үүсвэр болсныг IEA-ийн тайлан баталлаа. Зөвхөн өнгөрсөн жилтэй харьцуулахад өртөг 20-50 хувиар буурсан нь технологийн хөгжлөөс гадна улс орнуудын зохицуулах бодлого ээлтэй болж байгаатай холбоотой. Тэд 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нүүрснээс давах боловч дараагийн арванд 460 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг онцолсон байна.

Галын робот: Лос Анжелесийн гал түймэртэй тэмцэх алба анх удаа бодит нөхцөлд робот туслах ашиглалаа. 272 мянган долларын үнэтэй, энгийн машинтай ижил хэмжээтэй уг робот нь минутад 9000 литр ус цацах хүчин чадалтай бөгөөд алсын удирдлагаар ажилладаг гэнэ.

Робот тариачид: "Alphabet" хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч, тогтвортой тариалангийн чиглэлд үйл ажиллагаа явуулах "Mineral" компаниа зарлалаа. Тус компани нь хүнсний салбарт робот, ухаалаг төхөөрөмжүүд, хиймэл оюун болон их өгөгдлийг нэвтрүүлэн, салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох аргачлалыг боловсруулах зорилготой гэнэ.

5 сонин хачин

1. 23 настай гондурас боксчин Т.Лопез дөрвөн холбооны аваргын бүсийг эзэмшсэн хамгийн залуу тамирчин боллоо. Тэрээр Украины алдарт боксчин, Олимпын хошой аварга В.Ломаченког 12 раундын дараагаар буулгаж авснаар энэ амжилтад хүрэв. Риогийн наадамд хүч сорьж байсан Лопез одоогоор 16 тулаанд нэг ч ялагдаагүй байгаа юм.

2. Энэ долоо хоногт шинэ загварын OnePlus 8T утсаа танилцуулсан "OnePlus" үүсгэн байгуулагч Карл Пэй нь компаниа орхиж байгааг зарлалаа. Долоон жилийн өмнө ердөө 24 настайдаа тус брэндийг эхлүүлж, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй ухаалаг утас үйлдвэрлэгчдийн нэг болгож чадсан Пэйг шинэ бизнес эхлүүлэх зорилготой хэмээн таамаглаж байна.

3. Тахлын үед хязгаарлагдмал нөхцөлд үйл ажиллагаагаа сэргээж буй кино театрууд хамгийн эрэлттэй киноны жагсаалтаа шинэчилж эхэллээ. Хойд Америкийн бокс оффисыг Л.Нийсоны триллер "Honest Thief" 3.7 сая долларын орлогоор тэргүүлж, К.Ноланы бүтээл "Tenet"-ийг ардаа орхисон байна. "Tenet" дэлхий даяар 333 сая долларын борлуулалттай буй. Сонирхуулахад, Японд нээлтээ хийсэн "Demon Slayer" эхний долоо хоногтоо 40 сая долларын орлого олж, бүх цаг үеийн рекордыг эвдэв. Өмнөх амжилтыг "The Frozen" 18.2 сая долларын орлогоор эзэмшиж байсан гэнэ.

4. "Messenger" логоны өнгөө сольж, хэд хэдэн шинэ нэмэлтээ танилцууллаа. Лого нь илүү ягаан руу ууссан байдалтай болж өөрчлөгдсөн нь "Instagram"-тай нэгдэж буйтай холбоотой. Мөн чат өнгөө солих болон сонгох, шинэ сельфи стикер хэрэглэх зэрэг боломж нээгджээ.

5. 2016 онд дэлгэцнээ гарсан даруйд үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээн, Оскарын наадмаас зургаан шагнал хүртсэн "Mad Max"-ийн өмнөтгөл түүхийг өгүүлэх шинэ кино хийгдэж байна. Зохиолын эмэгтэй баатар Фуриосагийн залуу үеийг өгүүлэх уг киноны гол дүрийг "Glass"-ийн од А.Тэйлор-Жой, Thor-ийн К.Хемсворт нар бүтээх болжээ. "Warner"-ийн хувьд "Mad Max"-ийн ертөнцөд өрнөх үйл явдлуудаар кино, видео тоглоом бүхий франчайз үүсгэх зорилготой буй.

10 унших мэдээ

Унших: Либерализм ба түүний сорилтууд /Ф.Фукуяама/

Дэггүйтэх: Ерөнхий сайдын мэдээллийг олбол яах вэ? /Mango/

Цээжлэх: WeWork брэндээ өөрчилж WeWork боллоо /Reuters/

Алмайрах: Бид симуляц дотор амьдарч байна уу? /Scientific America/

Гайхах: BTS-ийн IPO-ийн эргэн тойронд /CNBC/

Мэдэх: Шинэ Зеландын ерөнхий сайд дахин яллаа /Vox/

Үзэх: Demon Slayer Японы бокс оффис рекорд эвдэв /Deadline/

Харьцуулах: Яагаад Леброн хамгийн агуу нь гэж? /CNN/

Сонирхох: 2020 оны шилдэг цувралууд /BBC/

Анхаарах: Ковидын эргэн тойронд /The Guardian/