1 гол сэдэв
Юу болов?
Open AI хэрэглэгчдэд хайлт, харилцааны түүхээ нууцлах шинэ функцийг нээж байгаагаа зарлалаа. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр тохиргоо хийсний эцэст хайлтын утгаа хадгалах эсэхийг шийдэх аж.
Яагаад?
Сүүлийн үед ChatGPT тэргүүтэй хиймэл оюунд суурилсан чатботыг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашиглах, задруулж байгаатай холбоотой асуудал хөндөгдөх болсон. Шинэ нэмэлтийн тусламжтайгаар хэрэглэгчдийн нууцлалтай оруулсан хайлт нь AI-ийг сургахад дата болон ашиглагдахгүй гэнэ.
Өөр юу болж байна?
Мөн хадгалсан шинэ чатыг хамгийн ихдээ 30 хоног хүртэл хадгалах хязгаарлалттай болгож байгаа гэнэ. Үүний гол шалтгаан нь хайлтын утгад ямар нэгэн зохисгүй агуулга дурдагдсан эсэхийг хянах, мөн хувийн мэдээлэл алдагдаж байгааг зохицуулах юм. ChatGPT for Business гэсэн шинэ үйлчилгээ ч компанийн мэдээлэл, датаг илүү ухаалаг ашиглах боломжийг бизнесүүдэд олгоно гэнэ.

2 чухал тоо
40.000.000.000 - Дэлхийн хамгийн том компаниудын нэг Johnson & Johnson хэрэглэгчийн эрүүл мэнд рүү чиглэсэн брэндүүдээ тусад нь гаргаж, нээлттэй компани байгууллаа. Kenvue нэртэй уг шинэ компани нь 40 тэрбум долларын үнэлгээтэйгээр 3.5 тэрбум долларыг IPO-оос босгох гэж байгаа юм. Уг нэгдлийн дор Band-Aid, Tylenol, Listerine зэрэг хит брэндүүд багтаж байгаа билээ.
2.500.000.000 - Netflix Солонгосын зах зээлд зориулан 2.5 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарлалаа. Уг санхүүжилтийг тэд ирэх 4 жилийн хугацаанд шинэ кино, цуврал, шоу хийхэд зориулна гэнэ. Squid Games-ээс эхлэлтэй K-Drama-ийн давлагаа тэднийг шинэ хэрэглэгч, зах зээлд нэвтрэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр
I. Их Британи Microsoft-Blizzard-ийн хэлцлийг хориглов.
- Microsoft-ийн видео тоглоом бүтээгч Activision Blizzard-ийг эгнээндээ нэгтгэх оролдлого хүнд сорилттой нүүр туллаа. Тэд Call of Duty, Candy, Warcraft, Diablo зэрэг хит тоглоомыг бүтээгчдийг 67 тэрбум доллараар худалдаж авах болсноо зарлаад байгаа билээ.
- Гэхдээ энэ нь салбартаа хэт монополыг үүсгэж, өрсөлдөөнийг хязгаарлах аюултай хэмээн Их Британи үзэв. Үүнийг Microsoft эсэргүүцэж давж заалдахаа мэдэгдээд байгаа бөгөөд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөх, муу шийдвэр байлаа хэмээн тодотгожээ.
- Xbox-ийг эзэмшигч Microsoft хамгийн эрэлттэй тоглоомуудыг дангаар эзэмших нь PS-ийг бүтээгч Sony-д ихээхэн айдас төрүүлж буй. Тэд АНУ болон бусад зах зээлд шударга өрсөлдөөнийг үүсгэх асуудал хөндөн, зарга мэдүүлсээр байгаа билээ.
II. LVMH Европын хамгийн үнэ цэнтэй компани боллоо.
- Дэлхийн хамгийн топ тансаг зэрэглэлийн брэндүүдийг эгнээндээ нэгтгэсэн LVMH 500 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Ингэснээр тэд Европын компаниудаас хамгийн түрүүнд хагас их наядын үнэлгээнд хүрсэн амжилтын эзэн болж байгаа юм.
- LVMH-ийн хувьд цар тахлын дараа Хятадын зах зээл нээгдэж, еврогийн ханш тогтворжиж байгаатай уялдан борлуулалт нь тасралтгүй нэмэгдэж байгаа. Тэдний бүрэлдэхүүнд Louis Vuitton, Givenchy, Bvlgari, TAG Heuer зэрэг чиглэл чиглэлийн брэндүүд багтдаг.
- Тус компанийг үүсгэн байгуулагч Б.Арно 212 тэрбум долларын хөрөнгөтэй болж, дэлхийн хамгийн баян эрхэмээр нэрлэгдээд байгаа. Тэрээр өөрийн хүүхдүүдийг компанийн удирдах албан тушаалуудад томилж эхэлсэн нь залгамжлагчаа тодруулахаар зэхэж байгаа нь хэмээн шинжээчид үзэж байгаа билээ.
III. Япон компанийн сарны хөтөлбөр бүтэлгүйтэв.
- Токиод төвтэй ispace компанийн илгээсэн Hakuto хөлөг саран дээр газардах үедээ хүчтэй буулт хийж, улмаар эх дэлхийтэй холбоо тасарчээ. Тус компани саран дээр газардсан анхны хувийн компани болох боломжтой байсан юм. Үүнээс өмнө Израйлийн компани мөн ижил оролдлого хийн, бүтэлгүйтээд байсан билээ.
- ispace-ийн төсөл 2010 онд Google Lunar Xprize-д өрсөлдөн ялалт байгуулснаас эхэлж, улмаар өдийг хүртэл 300 сая долларыг босгон 200 гаруй ажилтантай болтлоо хөгжсөн юм. Тус компани дараагийн төслүүддээ үнэ цэнтэй асар их мэдээлэл, дата цуглуулж чадсан хэмээн мэдэгдэв.
- Уг хөлөг АНУ, Япон, Канад болон Арабын Нэгдсэн Эмиратын сансрын агентлагийн судалгааны ачаа тээврийг хөлөглөн сар луу нисээд байсан. ispace 2025 онд сар луу хүнд оврын ачаа тээвэрлэх төсөлд ялалт байгуулан, NASA-тай 73 сая долларын гэрээ үзэглээд байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
Цөмийн хориг: Америкийн хууль тогтоогчид хиймэл оюуныг цөмийн зэвсэг харвахаас сэргийлэх хуулийн төслийг санаачиллаа. Тэд энэ төсөлдөө AI нь ямар ч тохиолдолд технологи хөгжүүлэх, зэвсэг ашиглах, бай тогтоох зэрэг үйлдлийг дангаар хийж болохгүй гэдгийг багтаажээ.
Шинэ аватар: Meta VR орчин дахь хэрэглэгчдийн аватар сонголтыг шинэчилж байгаагаа зарлалаа. Тэд Horizon Worlds-ийн хэрэглэгчдэд зориулан төрөл бүрийн биеийн хэлбэр, үсний өнгө зэрэг бодит байдалтай төсөөтэй олон сонголтыг нэмж байгаа нь энэ юм.
AI эмч: Apple хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн зөвлөхийн үйлчилгээ хөгжүүлж байгаа гэнэ. Quartz нэрийн дор хөгжүүлэгдэж буй уг төслийн хүрээнд тэд хэрэглэгчийн хөдөлгөөн, нойр, хоолны дэглэмтэй холбоотой зөвлөгөөг төлбөртэйгөөр өгөхөөр зэхэж байгаа гэнэ.
Сансрын дуудлага: Rakuten, AT&T-ийн инженерүүд хамтран хөгжүүлсэн хиймэл дагуулыг ашиглаж, энгийн гар утсаар анх удаа дуудлага хийжээ. BW3 нэртэй нам орбитын хиймэл дагуул нь 1600 км-ийн зайд сигнал барих чадалтай бөгөөд алслагдсан бүс нутаг дахь харилцаа холбооны доголдлыг бүрэн шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна.

5 сонин хачин
1. "Super Mario Bros." 1 тэрбум долларын борлуулалтын амжилтыг давсан 2023 оны анхны кино боллоо. Ийм амжилтыг цар тахлаас хойш ердөө 5 кино л үзүүлээд байсан юм. Үүний талаас их нь олон улсын зах зээлээс боссон нь мөн онцлох амжилт байв. Ташрамд дурдахад, энэ долоо хоногийн бокс оффисын онцлох бүтээл "Are You There God? It’s Me, Margaret” жагсаалтын 3-р байрт бичигджээ. Ж.Блюмийн үндсэн зохиол нь сарын тэмдэг, бэлгийн боловсролтой холбоотой хөндсөн асуудлынхаа улмаас Америкийн дунд сургуульд хориглогдож байсан түүхтэй юм.
2. TikTok хэрэглэгчдэд хиймэл оюун ашиглан дижитал аватараа бүтээх шинэ функцийг санал болгохоор ажиллаж байна. Хэрэглэгч өөрийн 3-10 хүртэлх зургийг оруулснаар хиймэл оюуны бүтээсэн 5 зургаас сонголт хийх боломжтой болно гэнэ.

3. Google Docs эможи дэмждэг болжээ. Энэ нь хэрэглэгчдэд дундын файл дээр ажиллах үедээ илүү сэтгэгдлээ хуваалцаж, мэдээлэл солилцох боломжоор хангана хэмээн тэд найдаж байна.

4. Twitter медиа компаниудад зориулсан төлбөртэй үйлчилгээний функцээ зарлалаа. Шинэчлэлийн дараагаар медиа вебсайтууд нийтлэл тус бүрээр хэрэглэгчдээс төлбөр авах боломжтой болж байгаа юм. Энэ нь сарын төлбөр төлөх “сонирхолгүй” хэрэглэгчдийг онилж, илүү үр дүнтэй байдлаар борлуулалт хийх нөхцлийг бүрдүүлнэ хэмээн И.Маскийн баг үзжээ.

5. Instagram дараалсан зурган буюу карусел постыг аудио, хөгжимтэй холбох туршилтыг хийж эхэллээ. Энэ нь хэрэглэгчдэд өөрийн мэдрэмж, сэтгэгдлээ илүү гүнзгий илэрхийлэх боломжийг олгоно хэмээн тэд найдаж байна. Үүнээс гадна Instagram статус бичдэг Notes хэсгээ ч мөн адил аудиотой болгохоор зэхэж байгаа аж.


Сэтгэгдэл бичих

