1 гол сэдэв
Юу болов?
БНХАУ-ын Шанхай хотноо явагдсан Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад манай сурагчид амжилттай оролцож, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Монголын баг багийн дүнгээр 117 орноос 32-р байрт эрэмблэгджээ.
Ямар амжилт үзүүлэв?
Сант сургуулийн сурагч С.Манлай IMO-оос гурав дахь медалиа хүртсэн нь онцлох амжилт боллоо. Тэрээр өмнө нь мөнгө, хүрэл медалийн эзэн болж байжээ. Тэрчлэн Мөнгөн медаль хүртсэн Сант сургуулийн сурагч Д.Хүслэн IMO-оос хоёр дахь медалиа хүртлээ. Тэрээр өнгөрсөн жил хүрэл медалийн эзэн болж байсан юм. Харин 2025 онд мөнгө хүртэж байсан Т.Билгүүнгэрэлт медалийн цуглуулгаа хүрэл медалиар баяжууллаа. Сонирхуулахад, манай улс өнгөрсөн жил Австралид болсон олимпиадад онооны түүхэн дээд амжилтаа үзүүлж байв. 2025 оны олимпиадаас манай сурагчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байлаа.
Онцлох амжилт юу байв?
Олон улсын математикийн олимпиадын үеэр гардуулдаг хамгийн нэр хүндтэй шагналын нэг бол Мариям Мирзаканигийн нэрэмжит шагнал юм. Уг шагналыг тив бүрээс хамгийн өндөр оноо авсан эмэгтэй оролцогчдод олгодог уламжлалтай. Энэ жилийн тухайд Монголын багийн оролцогч, 11-р сургуулийн сурагч А.Ану Ази тивээс хамгийн өндөр оноо буюу 21 оноог авч уг шагналыг хүртжээ. Тэрээр уг шагналыг хүртсан анхны Монгол сурагч боллоо. Түүнтэй цуг ОХУ, Австрали, Мексик, Танзанийн сурагчид энэ шагналын эзэн болжээ.
Иранд төрсөн М.Мирзакани түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй математикчдын нэг хэмээн үнэлэгддэг. Тэрээр 1994 онд хамгийн анх IMO-д оролцохдоо алтан медаль хүртэж, улмаар дараа жил нь бүх бодлогыг бүрэн бодож, төгс оноо буюу 42 оноог авч байжээ. Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан тэрээр 2014 онд “Математикийн салбарын Нобелийн шагнал” гэгддэг Филдсийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй болж байжээ. Харамсалтай нь тэрээр ердөө 40 насандаа буюу 2017 онд хөхний хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Улмаар түүний математикийн салбарт үлдээсэн өвийг алдаршуулах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн IMO-ийн үеэр нэрэмжит шагналыг нь гардуулдаг болжээ.

Математикчдын бахдам амжилт:
Мөнгөн медаль: Д.Хүслэн (Сант сургууль), Ч.Чингүн (Сант сургууль)
Хүрэл медаль: С.Манлай (Сант сургууль), А.Ану (11-р сургууль), Т.Билгүүнгэрэлт (Эрхэт Эрдэм сургууль), М.Амин-Эрдэнэ (Шинэ Үе сургууль)
IMO 67
2 чухал тоо
320,000 - Европ тив даяар үргэлжилж буй хэт халалттай холбоотой Франц, Испанийн нутагт ой хээрийн түймэр дэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Францын Бордо орчмоос 220 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол Испанийн Авила мужтай ойролцоо хэсгээс 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор үүссэн хохирлын хэмжээг тооцох боломжгүй байгаа ч шинэ мянган гарснаас хойшхи хамгийн том түймэр хэмээн экспертүүд онцолж байна.
20,000,000,000 - Венесуэлийн газар хөдлөлтийн хохирол 20 тэрбумд хүрчээ. Энэ бол өнгөрсөн сард болсон дараалсан газар хөдлөлтийн улмаас учирсан зөвхөн дэд бүтэцтэй холбоотой хохирлын хэмжээ. Дэлхийн банкны тооцооллоор нурангийг цэвэрлэх, сэргээн босгох ажилтай холбоотой зардлын хэмжээ дор хаяж 2-3 дахин өсөх магадлалтай гэнэ. Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 5300-г даваад байгаа бөгөөд 16 мянган хүн хүнд гэмтэл авчээ.
3 онцлох өгүүлбэр
I. Леброн Жэймс Филадельфиг сонголоо
- Өнөө цагийн сагсан бөмбөгийн ертөнцийн нүүр царай болсон супер од Леброн Жэймс 24 дэх улиралдаа хүчин зүтгэх шинэ багаа зарлалаа. Тэрээр “Филадельфи 76” багтай хоёр жилийн 8 сая долларын гэрээ байгуулжээ.
- NBA-ийн бүх цаг үеийн бараг бүх рекордыг эзэмшдэг тэрээр 42 насандаа дахин нэг удаа аваргын бөгж зүүхийг хүсэж байна. Тиймдээ ч тэр цалингаа 92%-аар бууруулж, Ж.Эмбийд, Ж.Браун зэрэг оддыг нэгтгэсэн “76”-г сонгосон нь гарцаагүй. Лигийн хамгийн түүхт багуудын нэг 1983 оноос хойш аваргын цөм өргөөгүй. Хэрвээ “Хаан Жэймс” 44 жилийн хүлээлтийг эцэслэвэл карьерынхаа хамгийн агуу амжилтыг үзүүллээ хэмээн дүгнэж болно.
- Олонх фенүүд түүнийг хамгийн анхны баг Кливленд, эсвэл хамгийн амжилттай жилээ өнгөрүүлсэн Майамиг сонгоно хэмээн үзэж байсан билээ.
II. “Зууны салалт” Солонгосыг доргиолоо
- БНСУ-ын хамгийн баян эрхэмүүдийн нэг Чэй Тэ Вонийн арав гаруй жил үргэлжилсэн гэр бүл салалтын асуудал шийдэгдлээ. Шүүхээс түүнийг өөрийн салсан эхнэр Ро Со Ёнд 644 сая доллар буюу 944 тэрбум воныг олгох шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийн SK Group-д эзэмшиж буй хөрөнгийн гуравны нэгийг экс эхнэртээ шилжүүлэх болж байна.
- Чэй Тэ Вон бол зах зээлийн үнэлгээгээр БНСУ-д зөвхөн Samsung-ийн ард л бичигдэх SK Group-ийн ерөнхийлөгч юм. Өөрийн эцгийн эхлүүлж байсан, өдгөө 168 салбартай аварга том группыг удирдаж буй түүний хөрөнгө 5 орчим тэрбум доллараар хэмжигддэг. Тус компанийн эзэмшдэг мемори чип үйлдвэрлэгч SK Hynix саяхан 1 их наядын үнэлгээтэй болж, АНУ-ын зах зээлд IPO хийсэн билээ.
- Хосууд 1998 онд анх гэр бүл болж, гурван хүүхэд өсгөжээ. Гэвч тэд 2015 онд үзэл бодлын эвлэршгүй зөрчилдөөний улмаас сүүлийн 10 жилийн турш тусдаа амьдарч байгаа нь ил болсон юм. Сонирхуулахад, Ро Со Ёны хувьд БНСУ-ын экс ерөнхийлөгч Ро Тэ Угийн охин. Солонгосын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг хүргэнийхээ компанид 30 тэрбум воны хөрөнгө оруулж байсан удаатай гэнэ.
III. OpenAI-ийн агент кибер халдлага хийжээ
- Яг л уран зөгнөлт кинон дээр гардаг шиг AI модель бие даан кибер халдлага хийсэн нь технологийн ертөнцийг шуугиулав. OpenAI-ийн хөгжүүлэгчид хамгийн сүүлд гаргасан ChatGPT 5.6 Sol болон хараахан зарлаагүй байгаа дараагийн үеийн моделио хаалттай орчинд кибер аюулгүй байдлыг хангах туршилтыг хийсэн байна.
- Гэвч уг туршилтын үеэр AI моделиуд сэндбокс орчны дэд бүтцийн эмзэг цэгийг олж, улмаар онлайн орчинд шилжиж чадсан байна. Улмаар өгөгдсөн туршилтын даалгаврыг биелүүлэхийн тулд хөгжүүлэгчдийн түгээмэл ашигладаг Hugging Face-ийн системд нэвтэрч, өгөгдсөн даалгаврыг биелүүлэхийн тулд дотоод системийг хакджээ.
- Hugging Face-ийн хувьд хамгаалалтын үеэр Хятадын Zhipu AI-ийн нээлттэй эх кодтой загварыг ашигласан нь мөн анхаарал татав. Одоогоор талууд хэрхэн системд нэвтэрсэн, ямар арга техник ашигласныг судалж байна. Мөн дараа дараагийн үеийн хөгжүүлэгчдэд сургамж болгох үүднээс бүх мэдээллээ нээлттэй хуваалцана гэдгээ зарлав.
4 мэдүүштэй зүйл
Хаалттай улс: Төв Америкт орших Никарагуа Улсын ерөнхийлөгчийн сонгууль 2027 онд явагдах хуваарьтай. Гэвч 2007 оноос хойш тус улсыг удирдаж буй 80 настай Д.Ортега сөрөг хүчний намуудын засгийн эрхийг булаах увайгүй үйлдэлтэй тэмцэж, дахин сонгууль явуулахгүй байх шинэ хуулийг батлана гэдгээ зарлалаа. Ташрамд сонирхуулахад, тэрээр 2017 онд өөрийн эхнэрийг дэд ерөнхийлөгчөөр томилж, өнгөрсөн жилээс эхлэн төрийг “хамтран удирдах” үнэмлэхгүй эрх мэдлийг өгсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.
Жоомнуудын тэмцэл: Энэтхэгт тавдугаар сард явагдсан элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсантай холбоотойгоор эхэлсэн залуусын жагсаал Боловсролын сайд нь огцорсноор эцэслэгдлээ. Нэгэн төрийн өндөр албан тушаалтны залуусыг доромжилж “жоомнууд” хэмээн дуудсанаас санаа аван эхлүүлсэн “Жоомны Жанта нам” хэмээх хөдөлгөөн ийнхүү эхний үр дүндээ хүрлээ. Онлайн орчинд сая сая дэмжигчтэй болоод буй тэд боловсролын салбарт бүрэн реформ хийж, засгийн газрыг ил тод, нээлттэй ажиллахыг шаардсаар байгаа. Энэ бол 2014 оноос хойш төрийн эрх мэдлийг атгаж буй Н.Модигийн хувьд карьерынх нь хамгийн том сорилтын нэг болов.
Эрх шилжүүлэлт: Унгарын шинэхэн ерөнхий сайд П.Мажар эрх мэдлээ баталгаажуулж, өмнөх удирдлагын ул мөрийн улс төрөөс зайлуулах ээлжит алхамаа хийлээ. Тэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх замаар 2024 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Т.Шуйокийг хууль дээдлэх ёсыг хангах чадамжгүй хэмээн үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Өмнөх ерөнхий сайд В.Орбаны ойрын хүн гэгдэх Т.Шуйокийн хувьд өмнө нь дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ. Улмаар нэрт шатарчин Ю.Полгарыг ард түмний эв нэгдэл, энх тайвныг хангах чадамжтай хэмээн ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Түүхэнд төрөн гарсан хамгийн агуу шатарчдын нэг хэмээгддэг тэрээр нэгэн үе эрэгтэйчүүдийн ангиллын чансаанд топ 10-т бичигдэж байсан удаатай. Гэвч Ю.Полгарын хувьд өөрийгөө хангалттай бэлэн биш байгаа учраас саналаас татгалзсан гэв.
Цөмийн гэрээ: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт олон тэрбум долларын өртөг бүхий цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зуржээ. 30 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн хүрээнд Америкийн компаниуд цөмийн станцын дэд бүтэц, уран баяжуулах үйлдвэрлэлийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэнэ гэв. Гэхдээ уг төсөлтэй холбоотой геополитикийн хэд хэдэн заалтуудыг анхаарах ёстойг шинжээчид сануулж байна. Эхнийх нь, АНУ Саудын Арабыг Израйльтай харилцаагаа зөөлрүүлж, “Абрахам Аккорд”-д нэгдэхийг шаардсан нь юм. Нөгөөх нь, Саудын Арабт дотооддоо уран баяжуулах зөвшөөрөл өгснийг бусад улсууд зөвшөөрөх эсэх нь байх болно.
5 сонин хачин
1. Дэлхийн математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнад тооцогдох Филдсийн медалийн эзэд тодорлоо. Энэ жилийн ялагчдаар БНХАУ-ын эрдэмтэд болох Хон Ван, Юй Ден нар тодорсноор тус улсаас энэ шагналыг хүртсэн анхны эрхэмүүд болжээ. Тэднээс гадна АНУ-ын Ж.Пардон, Канадын Ж.Цимерман нар Филдсийн шагналтнууд болсон байна. Өдгөө 35 настай Хон Ваны хувьд уг шагналыг хүртсэн ердөө 3 дахь эмэгтэй математикч болжээ. Өдгөө Нью Йоркийн их сургуульд багшилдаг тэрээр 1917 онд Японы С.Какеягийн дэвшүүлсэн “Какеягийн таамаглал”-ыг баталж чаджээ. “Математикийн Нобель” гэгдэх уг шагналыг 4 жил тутамд 40-өөс доош насны математикчдад олгодог. 1936 оноос хойш уг шагналыг ердөө 68 хүнд олгож байсан түүхтэй.

2. Amazon видео тоглоомын стратегиа өөрчилж, сүүлийн 4 жилийн турш хөгжүүлж буй Amazon Luna видео тоглоомын платформоо Prime Video-той нэгтгэлээ. Ингэснээр хэрэглэгчид Hogwarts Legacy, EA Sports FC 26 зэрэг хит тоглоомыг Prime-ийн эрхээрээ үнэгүй тоглох боломжтой боллоо. Prime-ийн хувьд Xbox, Playstation-той өрсөлдөхөөс илүү консол төхөөрөмж ашигладаггүй хэрэглэгчдийг онилж байгаагаараа ялгаатай. Тэд мөн видео контент, тоглоомын платформыг маркетингийн суваг болгон ашиглахыг зорьж байна.
3. Энэ оны эхний хагасын медиа ертөнцийн хамгийн том үйл явдал бол Paramount Warner Bros.Discovery-г худалдан авахаар болсон хэлцэл байсан. 110 тэрбум долларын өртөгтэй наймааны хүрээнд Paramount дэлхийн хамгийн алдартай кино бүтээгчид болон хамгийн өргөн хүрээтэй телевизийн сүлжээг эзэмшихээр болсон билээ. Уг наймааг өнгөрсөн сард АНУ болон Европын холбооны шударга өрсөлдөөнийг зохицуулах байгууллагууд албан ёсоор зөвшөөрөөд байсан. Гэвч 9-р сард эцэслэгдэх хуваарьтай байсан наймаа АНУ-ын 12 мужийн нэгдсэн шүүхийн заргын улмаас 2027 оны 6-р сар хүртэл хойшлох болсон байна. Тэд шинэ нэгдэлтэй холбоотой хөдөлмөрийн зах зээлд үүсэх эрсдэл, зарим зах зээл дэх өрсөлдөөний нөхцөл байдлыг дахин нягтлах ёстой хэмээн үзжээ.
4. Samsung жил бүрийн зун зохион байгуулдаг Unpacked арга хэмжээний үеэр шинэ загварын нугардаг утсаа танилцууллаа. Энэ удаад тэд Z Fold 8 Ultra нэрийн дор премиум үзүүлэлттэй утсаа гаргасан бол илүү уншихад тохиромжтой хэмээх тодотголтой, шинэ хэлбэртэй загвараа Z Fold 8 нэрээр гаргалаа. Тэрчлэн Z Flip 8 илүү хурдтай, AI-тай нийцэж ажиллахуйц болон худалдаанд гарна. Тэрчлэн тэд энэ удаад Warby Parker, Gentle Monster-той хамтран бүтээж буй шинэ ухаалаг шилнийхээ зарлалыг танилцуулсан нь онцлох үйл явдал байв.
САНАЛ БОЛГОХ: Samsung Unpacked 2026 дээр танилцуулсан бүх зүйлс
Unread
5. AI чипийн зах зээлд хамгийн чухал бүрдэл хэсэг болсон мемори чипийн үйлдвэрлэлд БНСУ-ын SK Hynix, Samsung компаниуд тэргүүлдэг. Эдгээр компаниудын эрэлт улам бүр өсөж, улмаар өнгөрсөн сард үнэлгээ нь хоёул 1 их наядыг давсан билээ. Тэгвэл AI хөгжүүлэлтийн эрэлт улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой тэдний ирээдүйн нийлүүлэлтийг баталгаажуулах хэд хэдэн хэлцэл явагдсан байна. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани Nvidia SK Hynix-тай ирэх жилүүдэд 500 тэрбум доллартай тэнцэх мемори чип худалдан авах гэрээг хийжээ. Хариуд нь SK Hynix-ийн өөр нэг компани SK Telecom Nvidia-ийн Vera Rubin дээр тулгуурласан клоуд бизнес хөгжүүлэх болсон байна. Харин Samsung-ийн хувьд өөр нэг чип үйлдвэрлэгч Broadcom-той хамтран 200 тэрбум долларын өртөг бүхий мемори чип үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх гэрээг байгуулсан байна.
Сэтгэгдэл бичих

