1 гол сэдэв

Юу болов?

2011 оноос хойш Apple-ийг удирдаж байсан Тим Күүк үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо зарлалаа. Тэрээр 9-р сараас эхлэн Apple-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллана гэнэ.

Түүний легаси юу байв?

Стив Жобсоос Apple-ийн түлхүүрийг авахад тус компанийн үнэлгээ 350 тэрбум доллар байв. Харин одоо Apple-ийн зах зээлийн үнэлгээ 4 их наядаар хэмжигдэж байна. Түүний удирдлага дор Apple үйлчилгээний бизнест хүчтэй тоглогч болж Apple Pay, Apple Music, Apple TV+ зэрэг платформуудыг нэвтрүүлсэн. Мөн Apple Watch, Airpors зэрэг тэрбум долларын төхөөрөмжүүд ч түүнд хамаарна. Apple өдгөө зөвхөн үйлдвэрлэгч бус хүний хэрэглээний алхам бүрд нэвтэрсэн экосистем эзэмшигч болж чаджээ.

Хэн орыг нь залгах вэ?

Т.Күүкийн залгамжлагчаар өдгөө 50 настай Жон Тернус сонгогдсон байна. 2001 онд Apple-д анх ажилд орж байсан тэрээр 2013 оноос эхлэн техник хангамжийн хэлтсийг удирдах болж, 2021 онд үйлдвэрлэл хариуцсан дэд ерөнхийлөгч болж дэвшжээ. Энэ томилгоо Apple инженер суурьтай удирдлагыг илүүд үзэж, ирээдүйгээ төхөөрөмжийн зах зээлд харж байгаагийн илрэл боллоо.

2 чухал тоо

10: Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аваргаар "Хасын Хүлэгүүд" тодорлоо. Энэ бол тэдний гурав дараалсан, нийт 10 дахь түрүү. Тэд финалд NBA-ийн од Д.Козинсоор хүчээ зузаатгасан "Сэлэнгэ Бодонс"-ыг 4:1-ээр илүүрхжээ. Финалын MVP-ээр "Хүлэгүүд"-ийн А.Азбаяр нэрлэгдэв.

18.000.000.000: Microsoft Австралид хиймэл оюуны дэд бүтэц хөгжүүлэх зорилгоор 18 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгээ зарлалаа. Тус компани 2028 он гэхэд 3 сая иргэнийг хиймэл оюунд сургах зорилго тавьжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Antrophic Amazon, Google-ээс санхүүжилт татлаа

- ChatGPT-ийн хамгийн гол өрсөлдөгч Claude-ийг хөгжүүлэгч тус компани 380 тэрбум долларын үнэлгээтэй болжээ. Тус AI-ийг дэлхий даяар 20 сая гаруй хүн ашиглаж байгаагийн дийлэнх нь хөгжүүлэгчид байдаг онцлогтой.

- Эхлээд тэд Amazon-той 25 тэрбум долларын гэрээ байгуулав. Мөн ирэх 10 жилийн хугацаанд AWS-ийн 100 тэрбум долларын үйлчилгээг авах болжээ. Amazon өнгөрсөн жилүүдэд Antrophic-т 8 тэрбумын хөрөнгө оруулж 15 орчим хувийг эзэмшдэг болоод байсан юм.

- Үүний дараагаар тэд Google-ээс 40 тэрбумын хөрөнгө оруулалт татлаа. Үүний 10 тэрбум нь бэлнээр байх бол 30 тэрбум нь компанийн өсөлттэй холбогдон олгогдох аж. Google-ийн хувьд AI-ийн дайнд зөвхөн өөрсдийн хөгжүүлж буй Gemini бус бусад гол тоглогчидтой холбогдох зорилготой байгаагийн илрэл нь энэ боллоо.


II. Трампын оройн зоогийн үеэр буудалцаан боллоо

- Энэ бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын аминд хүрэх гэсэн гурав дахь оролдлого юм. Тэрээр бямба гарагийн орой Вашингтоны Hilton зочид буудалд Цагаан ордны сэтгүүлчдийн хүлээн авалтад оролцож байв.

- 31 настай К.Аллен хэмээх эр уг халдлагын эзэн гэдэг нь тодорхой болсон. Тэрээр хэд хэдэн удаа гал нээж, улмаар хамгаалалтын албаны нэг хүн суманд өртжээ. Гэхдээ түүний биеийн байдал хэвийн байгааг эх сурвалжууд онцлов.

- Халдлага гаруут нууц албаны ажилтнууд Трамп болон дэд ерөнхийлөгч Ж.Ванс нарыг аюулгүй газар луу шилжүүлсэн байна. Одоогоор түүнийг ямар учраас халдлага хийх болсныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.


III. Майкл Жэксоны кино бокс оффисыг тэргүүллээ

- Попын хаан М.Жэксоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Michael" кино бокс оффисоос 217 сая долларын орлого оллоо. Энэ бол намтарчилсан киноны жанрын хувьд түүхэн дээд амжилт болов.

- Намтарчилсан киноны төрөлд Queen-ийн дуучин Ф.Меркуригийн тухай өгүүлдэг "Bohemian Rhapsody" орлогоороо толгой цохидог. Тус бүтээл бокс оффисоос 950 сая долларын орлого олж байжээ. Мэргэжилтнүүд "Michael"-ийг уг амжилтыг эвдэж, тэрбумын босгыг давна гэдэгт итгэлтэй байна.

- Киноны нийт төсөв 150 сая доллар орчим байсан нь ижил төстэй бүтээлүүд дундаа хамгийн өндөрт тооцогдоно. Гэсэн ч зохиогчийн эрхийн маргаан, гэр бүлийн хүсэлт, сурталчилгааны өртөг зэрэг нь зардлыг эрс нэмэгдүүлсэн нь энэ.

4 мэдүүштэй зүйл

Гадаад улс: Европ дахь цагаачдын тоо түүхэн дэх хамгийн өндөр буюу 64.2 саяд хүрчээ. Үүнээс Герман улс хамгийн их буюу 18 сая цагаачтайгаараа тэргүүлж байгаа бол Испани, Итали өсөлтөөрөө толгой цохижээ.

Хойшилсон хэлэлцээр: АНУ, Ираны энхийн хэлэлцээр дахин хойшиллоо. Д.Трамп товлосон өдрөөс хэдхэн цагийн өмнө бодлоо өөрчилсөн нь энэ юм. Энэ хооронд Израйл, Ливаны хооронд мөргөлдөөн үргэлжилж, хамгийн сүүлийн бөмбөгдөлтөөр 6 хүн амиа алджээ.

Дараалсан гамшиг: Японы Иватэ мужид 7.7 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарчээ. Гэхдээ үүнд ойр орчмын цөмийн станцуудад ямар нэг гэмтэл гараагүй байна. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа мөн тус мужид том хэмжээний түймэр дэгдэж, 730 га газрыг нөмрөн 3000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Авто шоу: Бээжингийн авто шоу нээгдлээ. Хятадын төдийгүй бүс нутгийн хамгийн том автошоунд 21 орны 1400 гаруй автомашин танилцуулагдаж байна.

5 сонин хачин

1. Японы нэрт зохиолч Харуки Мураками 7-р сард шинэ номоо гаргахаа зарлалаа. "Кахогийн түүх" нэртэй уг ном нь эмэгтэй гол дүртэй гэдгээрээ онцлог. Учир нь Мураками өмнө нь хэзээ ч эмэгтэй гол дүртэй зохиол бичиж байгаагүй гэнэ. Тэрээр хамгийн сүүлд 3 жилийн өмнө шинэ ном гаргаж байсан юм.

2. БНХАУ-ын Санья хотноо Азийн элсний спортын наадам эхэллээ. 10 жилийн дараа эргэн ирж буй тус наадамд манай баг 8 спортын төрөлд 50 тамирчин илгээсэн. Одоогийн байдлаар жюү жицүгийн төрөлд Э.Шүрэнцэцэг, Г.Монголжин нар хүрэл медаль хүртээд байна. Элсний наадам 4-р сарын 30-нд хаагдана.

3. Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдох Laureus Awards-ийн ялагчид нэрлэгдлээ. 2025 оны шилдэг тамирчдаар теннисийн одод болох К.Алкараз, А.Сабаленка нар тодорлоо. Харин Аваргуудын лигийн аварга ПСЖ шилдэг багийн цомыг хүртжээ.

4. SpaceX AI програмчлалын платформ Cursor-той стратегийн түншлэл байгуулжээ. Хэлцэл ёсоор SpaceX тус компаниас 10 тэрбум долларын үйлчилгээ авах бөгөөд оны эцсээр 60 тэрбум доллараар худалдан авах эрхтэй болох гэнэ.

5. Duolingo нийт 9 хэл дээр ахисан түвшний сургалттай болжээ. Сургалтын агуулга нь хэрэглэгчийг ажлын ярилцлагад орох, гадаадад суралцахад туслах зэрэг олгох зорилготой юм. Бүх сургалт үнэ төлбөргүй байна гэдгээрээ онцлогтой аж.