1 гол сэдэв

Юу болов?

12 мянга гаруй оролцогчтой, 1000 гаруй арга хэмжээтэй COP17 ид дундаа орж байна. Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том арга хэмжээ Улаанбаатарт маш өндөр зохион байгуулалтын дор явагдаж байгааг оролцогчид онцолж байна.

Онцлох зүйл юу байна?

Хурлын үр дүнг шууд санхүүжилтээр тооцож болохгүй ч 300 тэрбум төгрөгийн зардал гаргасан төрөөс олон нийт өндөр хүлээлттэй байгаа. Тиймдээ ч Засгийн газраас өнөө, маргааш явагдах Санхүүжилтийн өдрүүдээр олон улсын байгууллагуудаас 1.29 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татна гэдэг хүлээлттэй байгаагаа мэдэгдлээ. Үүнээс гадна манай улс анх удаа 50 сая долларын санхүүжилттэй "Монголын ногоон санхүүжилтийн корпорац"-ийг байгуулсанаа зарлалаа. Уг байгууллага нь хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ногоон зээл, ногоон бизнесийг дэмжиж ажиллах юм.

Өөр онцлох зүйл байна?

COP-ийн үеэр явагдсан Хотын дарга нарын форумд 30 гаруй улсын 200 гаруй төлөөлөгч, түүний дотор 30 орчим хотын дарга, захирагч болон орон нутгийн удирдлага оролцсон нь онцлох эвент байв. Улаанбаатар хотын зохион байгуулсан тус форум нь UNCCD-ийн COP-ын үеэр дэлхийн бүх бүс нутгийн хотын удирдлагууд нэгдсэн тунхаглалын дор чуулсан анхны тохиолдол болов. Форумаас баталсан Улаанбаатарын тунхаглал нь орон нутгийн засаг захиргааг цөлжилт, газрын доройтлын эсрэг бодлогын хэрэгжүүлэгч түншээр албан ёсоор хүлээн зөвшөөрөх, хотуудад санхүүжилтийг шууд, хүртээмжтэй хүргэхийг уриалжээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ үеэр BYD-тай хамтран Sky Shuttle төслийг хэрэгжүүлж, Дэлхийн банкны дэмжлэгтэй трамвайн төслөө эцэслэнэ гэдгээ мэдэгдлээ.

2 чухал тоо 

117: Өдгөө амьд сэрүүн амьдран сууж буй хамгийн ахмад настанд тооцогдох Э.Катерхэм 117 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. 1909 оны наймдугаар сарын 21-нд Английн Шиптон хэмээн тосгонд төрсөн тэрээр 2025 оноос Гиннесийн номд бүртгэгдсэн юм.

10: Өнгөрсөн сард өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын дараа ёс бус үйлдэл гаргасан Аргентиний хөлбөмбөгчдөд сахилгын шийтгэл оногдуулжээ. Эсрэг багийн тоглогчийг багалзуурдаж, унагасан Л.Паредест 10 тоглолтод оролцох эрхийг хассан байна. Мөн бусад 4 тоглогчид 1-7 тоглолт өнжих, 30 мянга хүртэлх долларын мөнгөн торгууль оногдуулжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Unitree нээлттэй компани боллоо

- Хятадад төвтэй хүн дүрст робот үйлдвэрлэгч Unitree-ийн хувьцаа худалдаанд гарсан даруйдаа 460%-аар өссөн байна. Тус компани роботын зах зээлд одоогийн байдлаар тэргүүлэгч хэмээн үнэлэгддэг билээ.

- Unitree-ийн хувьд 9 тэрбум доллараар үнэлэгдэж, 900 сая долларыг босгосон юм. Гүйж бүжиглэж, кунфү хийж чаддаг, ачаа тээвэрлэж чаддаг уг робот өнгөрсөн долоо хоногт Бээжинд эхэлсэн World Robot Games-ийн хамгийн өндөр амжилтыг үзүүлэх төлөвтэй байгаа юм.

- Робот үйлдвэрлэгчдээс IPO хийсэн анхны компани болсон тэдний хувьцааны захиалга 5000 дахин давж биелсэн нь хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байгаагийн илрэл боллоо.


II. БНСУ AI-ийн орлогоор ирээдүйгээ санхүүжүүлнэ

- Өмнөд Солонгос хиймэл оюун болон хагас дамжуулагчийн салбарын өсөлтөөс бий болох татварын нэмэлт орлогыг урт хугацааны хөгжилд зориулсан “Ирээдүйн сан”-д төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн зах зээлд чипийн эрэлт нэмэгдсэнээр аж ахуйн нэгжийн татварын орлого огцом өсөх төлөвтэй байгаа юм.

- Иймд Засгийн газар үүнийг өр дарах, нэмэлт төсөв санхүүжүүлэхэд бус, технологийн өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд ашиглахаар зорьжээ. Ялангуяа санах ойн чип үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч Samsung, SK Hynix-ийн үнэлгээ эрс өсөж, хоёулаа 1 их наяд долларын үнэлгээтэй болоод байгаа билээ.

- Тус сан залуусыг ажлын байр, орон сууц, гэр бүл, хүүхэдтэй болох хүртэлх амьдралын үе шат бүрд дэмжихээс гадна боловсролын тогтолцоог шинэчлэхэд хөрөнгө оруулна. Мөн бага оврын цөмийн реактор, цөмийн нэгдэл, сэргээгдэх эрчим хүч, квант технологи, сансар судлал, дэвшилтэт биологи, шинэ материал болон эд ангийн нийлүүлэлтийн сүлжээ зэрэг стратегийн долоон салбарыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.


III. Автомашины худалдаачин Бельгийн хунтайж болов

- Бельгийн хунтайж Лоран 26 настай Клемент Ванденкеркховег өөрийн хүү мөн болохыг хуулийн дагуу баталгаажуулснаар автомашины худалдаа эрхэлдэг залуу хунтайжийн хэргэмтэй болжээ. Клемент нь Лоран болон Бельгийн дуучин Венди Ван Вантен нарын дундаас төрсөн бөгөөд эцэг, хүүгийн холбоог ДНХ-ийн шинжилгээгээр 99.5 хувийн магадлалтай тогтоосон байна. Зургаан сарын өмнө нууцаар бүртгүүлсэн энэхүү шийдвэр саяхан олон нийтэд ил болжээ.

- Клемент эцгийнхээ бусад гурван хүүхдийн нэгэн адил хувийн хөрөнгийг нь өвлөх эрхтэй болсон ч Бельгийн хаан ширээ залгамжлах дараалалд багтахгүй, төрөөс тэтгэмж авахгүй, хааны гэр бүлийн албан үүрэг гүйцэтгэхгүй. Тэрбээр Сакс-Кобург овгийг авах эсэхээ шийдээгүй бөгөөд өөрийг нь өсгөсөн ээжийнхээ Ванденкеркхове овгоор бахархдаг гэж ярьжээ.

- Лораны эцэг, хаан асан II Альберт мөн удаан үргэлжилсэн шүүхийн маргааны дараа 2020 онд гэр бүлээс гадуур төрсөн охин Делфинээ хүлээн зөвшөөрч байсан юм.

4 мэдүүштэй зүйл

Анхны сонгууль: “Хуралдай” буюу “Курултай” нэрийн дор шинэчлэгдэн байгуулагдсан Казахстаны парламентын анхны сонгууль явагдлаа. Саналын эрхтэй 12.6 сая иргэн 7 намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдэд саналаа өгөх юм. Санал хураалт дэлхийн 61 улсад мөн нээгджээ.

Эргэн ирэлт: Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн албан үүргээсээ татгалзан АНУ-д нүүж очсоноосоо зургаан жилийн дараа хүүхдүүдийнхээ хамт Их Британид эргэн ирэхээр төлөвлөжээ. Хос Калифорниос Лондонгийн гадна байрлах хааны ордонд хамааралгүй хувийн сууцад удаан хугацаагаар амьдрах бөгөөд долоон настай Арчи, таван настай Лилибет нар есдүгээр сараас сургуульд суралцах юм.

Эрчим хүч: Дэлхийн хамгийн жижиг улс Ватикан сүмийнхээ эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх болжээ. Тэд 80-90 мегаваттын үйлдвэр байгуулах уг төсөлдөө 100 сая еврог зарцуулах бөгөөд 2 жилийн дотор ашиглалтад оруулна хэмээн төлөвлөж байна.

Урт амралт: Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн гэгдэх Камеруны 93 настай ерөнхийлөгч Пол Бияа 10 долоо хоног эзгүй байсны эцэст эх орондоо эргэн ирлээ. Зургаадугаар сарын 7-нд “богино хугацааны хувийн амралт”-аа авсан тэрбээр пүрэв гарагт Швейцарын Женевээс нийслэл Яунде хотод хүрэлцэн иржээ. 1982 оноос хойш Камеруныг удирдаж буй Бияагийн эзгүйд сөрөг хүчин улс орон “автомат горимоор” ажиллаж байна хэмээн шүүмжилж, ерөнхийлөгчийн залгамжлалын асуудлыг хөндсөн нь гэнэтийн зүйл биш байв.

5 сонин хачин

1. Нээлтийн өдрөөсөө хойш бокс оффисыг тэргүүлж буй “Spider-Man”-ийн шинэ анги одоогийн байдлаар 2,088 тэрбум долларын орлого олоод байна. Энэ нь тус киног 2026 оны хамгийн амжилттай бүтээлд тооцогдоход хангалттай үзүүлэлт юм. Тэрчлэн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтад 6-р байрт бичигдэж эхэлжээ.

2. Дэлхийн онлайн худалдааны тэргүүлэх компани Amazon 2026 оны эцэс гэхэд 1 сая захиалгыг дроноор хүргэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд тэд эхний ээлжинд Америкийн 500 хотод дроны үйлчилгээ үзүүлэх болсноо зарлалаа. 2013 онд тус компанийн үүсгэн байгуулагч Ж.Бэйзос бүх захиалгыг 30 минутын дотор хүргэдэг болох алсын хараагаа танилцуулж байсан түүхтэй. Улмаар 2024 онд анхны дроны зөвшөөрлөө авахдаа тэд уг зорилгодоо нэг алхам ойртлоо хэмээн мэдэгдэж байв.

3. Micron хиймэл оюуны дэд бүтэц, чипний технологийн судалгаа, шинжилгээнд зориулсан бие даасан кампус бүхий лабораторийн төслөө танилцууллаа. Айдаход байрлах уг төсөлдөө тэд ирэх 2 жилд 10 тэрбум доллар зарцуулах бөгөөд дэлхийн шилдэг судлаачдыг урилгаар ажиллуулах амбицтай гэнэ. Micron-ийн хувьд Трампын засаг захиргаатай хамтран 250 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг AI хөгжүүлэлтэд зарцуулах амлалтыг өгөөд байгаа билээ.

4. 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч, Испанийн шигшээ багийн ахлагч Родри Барселона клубт харьяалагдах боллоо. Тэрээр сүүлийн 7 жилийн хугацаанд хүчин зүтгэсэн Манчестер Сити клубын хамтаар хүртэж болох бүх цомыг хүртэж, өөрөө 2024 онд “Алтан бөмбөг” шагналын эзэн болсон билээ. Түүний наймааны үнэ ойролцоогоор 70 сая евро хэмээн мэргэжилтнүүд мэдээлж байна.

5. Бээжинд явагдаж буй World Robot Games-ийн үеэр X-Humanoid хэмээх компанийн бүтээсэн робот домогт У.Болтын 100 метрийн дэлхийн рекордыг эвджээ. Уг робот 100 метрийн зайг 9.39 секундэд туулсан нь 2009 оны Болтын амжилтаас 0.19 секундээр хурдан байв. 31 компанийн 3000 робот 51 төрөлд өрсөлдөж буй уг тэмцээн роботын зах зээлийн хөгжил хаана явааг бодитоор гэрчлэх талбар болж байна.