1 гол сэдэв
Юу болов?
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 31 оноогоор 182 орноос 124-т бичигджээ. Энэ бол өмнөх жилийн үзүүлэлтээс 2 оноо, 10 байр ухарсан үзүүлэлт болов. Манай улсын хувьд 2016 онд хамгийн өндөр буюу 38 оноо авч 87-р байранд жагсаж байсан удаатай. Харин 2021-2024 онуудад оноо огт хөдлөлгүй буюу ахиц дэвшилгүй гэсэн ангилалд багтаж байжээ.
Дэлхий даяар ямар байв?
Уг үзүүлэлтэд 182 улс орон, бүс нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийг оноогоор үнэлж эрэмбэлдэг юм. Дэлхийн дундаж оноо 100-аас 42 болсон нь сүүлийн арав гаруй жилийн хамгийн доод түвшин болжээ. Улс орнуудын дийлэнх нь авлигыг үр дүнтэй хяналтдаа байлгаж чадахгүй хэвээр байгаа байгааг судлаачид онцлов. Нийт 122 улс 50-аас доош оноог авчээ. Авилгалын индексийг Дани улс найм дахь жилдээ дараалан тэргүүлэв. Тэдний араас Финлянд, Сингапур улсууд бичигджээ. Дани улс индексийн хамгийн өндөр оноог (89) найм дахь жилдээ дараалан авч байгаа бол Финлянд (88) болон Сингапур (84) улсууд удаалж байна.
Одоо яах вэ?
Судлаачид авилгалын индексийг сайжруулах үүднээс дараах зөвлөмжийг өгчээ.
- Улс төр дэх зүй бус нөлөөллийг багасгах
- Хараат бус, ил тод, хүртээмжтэй, шударга ёсыг хангах
- Иргэний нийгэм болон шүгэл үлээгчдийг хамгаалах
- Төрийн үйлчилгээ, төсвийн хяналтын ил тод байдлыг хангах
- Авлигын хохирогчдын шударга ёсонд хүрэх боломжоор хангах
- Өндөр түвшний авлига болон хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариуцлага тооцох

2 чухал тоо
316: Японд ерөнхий сайдын нам яллаа. Либерал Ардчилсан нам болон Инновацын намын эрх баригч эвсэл 456 суудлаас 316-д нь ялалт байгуулж, парламентын доод танхимд олонх болж чадлаа. Японы анхны эмэгтэй ерөнхий сайд Такаичи Санаэ өөрийн нэр хүндэд итгэн, парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулсан нь ийн амжилттай боллоо. Өмнө нь Либерал нам ердөө 198 суудалтай байсан тул арайхийн ерөнхий сайдаа батлуулж, шинэ бодлогоо хэрэгжүүлэхэд зарим нэг гацаа үүсээд байсан билээ. Цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталдаг Сансэйто нам 2 суудлаа 15 болгон нэмэгдүүлж чадсан нь мөн онцлох үзүүлэлт байлаа.
16: Португал цахим сүлжээнд хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлана. Тус улсын парламент 13-16 насны хүүхдүүд сошиал медиад бүртгүүлэхдээ эцэг эхээсээ заавал зөвшөөрөл авдаг байх хуулийн төслийг баталлаа. Одоо эцэг эхчүүд “Digital Mobile Key” гэх цахим системийг ашиглан хүүхдэдээ эрх олгох бөгөөд технологийн компаниуд хүүхдүүдийн насыг баталгаажуулах аргачлалыг гаргах үүрэг хүлээв. Энэ нь Европын орнуудаас хүүхдийн хэрэглээг цахим орчинд хязгаарлах хамгийн эхний оролдлог болж байна. 2026 оноос эхлэн Австрали улс дэлхийд анх удаа хүүхдүүдийг сошиал сүлжээнээс хориглох орчныг бүрдүүлж, хуулиа хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
3 онцлох мэдээ
I. Antrophic 30 тэрбум доллар босгожээ
- Хиймэл оюуныг эзэмших тулаанд хамгийн гол байр суурийг эзэлж буй тоглогчдын нэг Antrophics-ийн үнэлгээ 380 тэрбум доллар болжээ. Тэд хамгийн сүүлийн хөрөнгө оруулалтаараа 183 тэрбумаар үнэлэгдэж байсан юм. Шинэ санхүүжилтийг Сингапурын хөрөнгө оруулалтын сан GIC тэргүүлэн оролцсон байна. Үүнээс гадна Катар, Арабын Нэгдсэн Улсын төрийн сангууд хөрөнгө оруулжээ.
- ChatGPT-ийн хамгийн гол өрсөлдөгч гэгдэж буй Claude-ийг хөгжүүлж буй Antrophic-ийн хувьд ёс зүйтэй хиймэл оюуныг бүтээгч гэдгээрээ ялгардаг. Мөн тэдний моделийг дэлхийн хамгийн шилдэг хөгжүүлэгчид ашиглаж, хамгийн төвөгтэй дэд бүтэц, платформуудын код бичихэд хэрэглэж байгаагаараа алдаршиж байгаа билээ.
- Хамгийн сүүлийн мэдээллээр, OpenAI-ийн үнэлгээ 830 тэрбум долларт хүрээд байгаа юм.
II. Сиэтл Супер Боулд түрүүллээ
- Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лиг NFL-ийн улирлын аваргаар Сиэтл Сихаукс тодорлоо. Тэд финалд Нью Инглэндийг 29:13-аар буулган авчээ. Өмнө нь 2013 онд уг цомыг хүртэж байсан тэд түүхэндээ 2 дахь удаагаа түрүүлж байгаа юм.
- Энэ жилийн хувьд телевизээр үзэгчдийн тоо дэлхий даяар 137 саяд хүрсэн нь өмнөх жилээс ялимгүй буурсан үзүүлэлт. Шинжээчид хоёр баг хамгаалалтад суурилсан тактиктай гарсан нь үзэлтэд нөлөөллөө хэмээн үзэж байна.
- Жил бүр олны анхаарлыг татдаг завсарлагааны шоуг Bad Bunny толилуулсан. Супер боулын тайзнаа уран бүтээлээ хүргэсэн анхны латин гаралтай артист болсон тэрээр Рики Мартин, Лэйди Гага нарыг зочин уран бүтээлчээр урьжээ. Түүний шоуг 128 сая хүн үзсэн нь мөн л өмнөхөөс буурсан үзүүлэлт байв. Сонирхуулахад, Супер Боулын дундуурх рекламын 30 секундын төлбөр 10 сая доллар байжээ.
III. Ким Жөн Ун охиноо залгамжлагчаар сонгожээ
- БНСУ-ын тагнуулын албаны үзэж байгаагаар Хойд Солонгосын удирдагч төрсөн охин Ким Жу Эг залгамжлагчаараа томилох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрээр ойрын хугацаанд Хөдөлмөрийн намын хуралд оролцож, тодорхой эрх мэдэл, албан тушаал авах магадлалтай байгаа аж.
- Ким Жу Эгийн насыг эх сурвалжууд 13-14 гэж таамагладаг. Ким Жөн Ун сүүлийн үед охиноо арга хэмжээнд дагуулж явах нь эрс нэмэгдэж, төрийн телевиз, сониноор зураг нь ихээр нийтлэгдэх болжээ. Хамгийн сүүлд Хятадад айлчлахдаа хамтдаа явсан нь олны анхаарлыг шууд татах болсон.
- Өдгөө 43 настай Ким Жөн Ун гурван хүүхэдтэй гэлцдэг. Алдарт сагсан бөмбөгч Деннис Родман нэгэн удаа түүний том хүү 2010 онд төрсөн, эрэгтэй хэмээн дурдаж байсан удаатай. Сонирхуулахад, түүний охин дүү Ким Ёо Жоны нөлөө улам нэмэгдсээр байгааг хэвлэлүүд мэдээлж байв.
4 мэдүүштэй зүйл
Санал асуулга: Швейцарийн парламент ирэх 6-р сард бүх нийтийн санал асуулга явуулж, хүн амын тоогоо 10 саяар хязгаарлах эсэхээ шийдэх болжээ. Энэ нь улам бүр өсөн нэмэгдэх болсон цагаачлалын асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах зэрэг олон давуу талтай гэдгийг бодлого боловсруулагчид онцолж байна. 2025 оны эцсээр тус улсын хүн ам 8.9 сая байсан юм. 2035 онд уг тоо 9.5 сая болох төлөвтэй байгаа. Харин 10 саяд хүрэх үед тэд олон улсын зарим гэрээнээс гарч, цагаачдын бодлогоо чангатган, дүрвэгсдийн асуудалд хатуу бодлого баримталж эхлэх гэнэ.
Ялалтын хаалга: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Вашингтон хотноо 76 метрийн өндөртэй ялалтын хаалга барих шийдвэрийг гаргажээ. 50 метрийн өргөнтэй, 7.5 метрийн суурьтай уг хаалганы дээд хэсгийг алтадсан хүрлээр цутгаж, 18 метрийн өндөртэй Эрх чөлөөний хөшөөний хуулбарыг байрлуулах аж. Уг хаалга нь ашиглалтанд орсноор өнөөдрийн байдлаар хамгийн томд тооцогддог Мехикогийн дурсгалт цогцолборыг гүйцэх ажээ. Ташрамд дурдахад, Д.Трамп Цагаан ордонд өргөтгөл хийж, хүлээн авалтын цогцолбор байгуулж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулах болсон билээ.
Хорих ял: Хонконгийн ардчиллын хөдөлгөөний хамгийн том дэмжигч, тэрбумтан Жимми Лайг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, 20 жилийн ял оноожээ. Өдгөө 78 настай тэрээр үймээн самуун дэгдээхийг уриалсан, гадаадын хүчинтэй хуйвалдсан зэрэг гурван зүйлээр яллагдав. Жимми Лай Хятадаас бизнесийн гараагаа эхэлж, Монголчуудын эчнээ танил Giordano хувцасны брэндийг эхлүүлж байсан удаатай. Мөн Хонконгийн хамгийн том, бие даасан редакц гэгддэг Apple Daily-г үүсгэн байгуулагч юм. Тэрээр 2020 онд баривчлагдсан. Их Британийн давхар иргэншилтэй түүнийг Европын удирдагчдаас эхлээд Д.Трамп хүртэл суллахыг Бээжингээс хүсэж байсан удаатай.
Ажил хаялт: Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Криштиану Роналду өдгөө Саудын Арабт ажил хаяжээ. Тэрээр өөрийн харьяалагдаж буй “Аль Наср” багийг төрийн хөрөнгө оруулалтын сан хангалттай дэмжихгүй байна хэмээн гомдоллож, хоёр ч тоглолтонд оролцохгүй өнжжээ. Өдгөө 41 настай Роналдугийн баг өвлийн наймааны цонхоор хангалттай багаа сайжруулж чадаагүй. Эсрэгээрээ өрсөлдөгчид багууд нь ихэд идэвхтэй байж, топ наймаанууд хийсэн нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан хөлбөмбөгөөр дамжуулан улс орны нэр хүндийг өргөх, олон нийтэд эерэг мессеж түгээх зорилгоор их хэмжээний санхүүжилтийг олгодог зарчимтай юм.
5 сонин хачин
1. Wuthering Heights бокс оффисыг тэргүүллээ. Домогт зохиолч Эмили Бронтегийн классик зохиолоос сэдэвлэсэн тус бүтээл нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 80 сая долларын орлого оллоо. Холливүүдийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болоод буй М.Роббигийн гол дүрийг нь бүтээсэн уг киноны төсөв 80 сая доллар байжээ. Энэ долоо хоногт тэднээс гадна NBA-ийн супер од С.Көрригийн продюсерээр нь ажилласан “GOAT” нээлтээ хийж, 2-р байрт жагслаа. Мөн К.Хэмсворт, М.Руффало нарын одод тоглосон “Crime 101” бокс оффист 3-р байрт бичигдэв.
2. Ferrari анхны цахилгаан машинаа зарлалаа. Ferrari Luce нэртэй уг машин нь тус компанийн түүхэн дэх анхны цахилгаан хөдөлгүүрт машин юм. Samsung-ийн OLED дэлгэцээр тоноглогдсон уг машины дотоод засал Apple-ийн төхөөрөмжийн мэдрэмжийг өгч байгааг эх сурвалжууд онцолж байна. Нэг цэнэглэлтээр 530 км зайг туулах чадвартай, 320 км/цагийн хурд авах чадалтай уг машин 2028 оноос эхлэн худалдаанд гарах юм. Машины үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч 400 мянган доллараас эхлэх бололтой.
3. ОХУ-ын засаг захиргаа тус улсад 100 сая гаруй хэрэглэгчтэй Whatsapp-ийг албан ёсоор хориглож байгаагаа зарлалаа. Тэд төрийн дэмжлэгтэй хөгжүүлсэн нэгдсэн чат систем “Max”-ийг идэвхжүүлэх хүрээнд уг шийдвэрийг гаргажээ. Хүний эрхийн байгууллагууд болон технологийн активистууд уг шийдвэрийг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо хэмээн эрс буруушааж байна.
4. Шинэ мянганы поп хөгжмийн нүүр царай Бритни Спирс өөрийн уран бүтээлийн эрхээ Primary Wave-д 200 сая доллараар заржээ. Түүний хувийн амьдрал сүүлийн үед олны анхаарлын төвд орж, өөрийн хөрөнгөө захиран зарцуулах эрхээ аваад удаагүй байгаа юм. Сонирхуулахад, хөгжмийн каталогио зарах нь артистуудын хувьд түгээмэл үзэгдэл болсон. Үүнээс өмнө Шакира, Ж.Бибер, Б.Дилан, Б.Спрингстийн зэрэг одууд каталогио хувийн компани, хөрөнгө оруулалтын сангуудад зараад байсан билээ.
5. Samsung-ийн оны эхэнд явагддаг уламжлалт арга хэмжээ 2-р сарын 25-нд товлогдлоо. Энэ жилийн Galaxy Unpacked арга хэмжээний од нь Galaxy S26 утас байх учиртай. Сан Францискод товлогдсон уг арга хэмжээний үеэр тэд мөн шинэ үеийн чихэвч, таблетаа танилцуулах хүлээлттэй байна.

Сэтгэгдэл бичих

