1 гол сэдэв

Юу болов?

Монгол улс анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Энэ нь Улаанбаатар, Сэлэнгэд коронавирусын голомтот халдвар тарсантай холбоотой. Мөн ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч, сувилагчид дунд ч халдвар тарав. Манай улс арван сарын турш коронавирусын халдварыг дотооддоо алдаагүй байсан билээ.

Байдал хэр хүнд байна вэ?

Тийм ч сайн биш. Засгийн газраас 5 хоногийн хугацаатай зарласан байсан онц байдлыг сунгаж, арванхоёрдугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Зөвхөн зөвшөөрөгдсөн салбарууд л үйл ажиллагаа явуулж, гудамж талбайд эргүүл гаран, зам хаасан байдалтай хөл хорио эхлээд байна. Одоогоор 428 батлагдсан тохиолдол илрээд байгаа бөгөөд 5000 гаруй хавьтагчдыг олж тогтоох ажил явагдаж байгаа аж.

Өөдрөг зүйл бий юу?

Тийм ч их зүйл алга. АНУ долоо хоногт л сая халдвар бүртгэж, Мексик, Итали сая дахь тохиолдлуудаа зарлалаа. ОХУ ч бүх хичээлээ он гартал онлайн горимд шилжүүлж байгаагаа зарласан бол Герман, Польш, Румын зэрэг Европын орнуудад тархалт маш өндөр хэмжээнд очоод байна.

Гэхдээ...

Гэхдээ вакцины сураг ихэд ойрхон сонсогдож эхлэв. Дэлхийн эмийн зах зээлийн гигантууд болох Pfizer-Biontech-ийн хамтран хөгжүүлж буй вакцины үйлчилгээ 90%-аас дээш гарсан нь олон нийтэд ихээхэн найдвар өгөв. Тус нэгдлийн бүтээгдэхүүнийг АНУ, Европын Холбоо урьдчилан худалдан авах захиалгыг аль хэдийн өгөөд байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын тал Sputnik V-ийн анхны туршилтын датаг цацаж, 16 мянган хүнд хоёр тун тарихад 92 хувийн үйлчилгээтэй байсныг мэдэгджээ. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхлэв.

2 чухал тоо

4 - "Fight Club", "Social Network" зэрэг кинонуудаараа алдаршсан нэрт найруулагч Дэвид Финчер Netflix-тэй 4 жилийн турш хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Түүний "Mank" нэртэй шинэ бүтээл 12-р сард Netflix-ээр нээлтээ хийх юм.

5.600.000 - Хойд Америкийн бокс оффисыг "Freaky" 5.6 сая долларын орлогоор тэргүүллээ. Тус киног "Paranormal Activity"-аар нэрд гарсан К.Ландон бүтээжээ. Уг аймшгийн триллер киноны төсөв 6 сая доллар байсан гэнэ.

3 онцлох зүйл

Ганц биечүүдийн өдөр: Alibaba онлайн худалдааны хамгийн том эвент "Ганц Биечүүдийн Өдөр"-ийн борлуулалт нь 74 тэрбум долларт хүрч, рекорд тогтоосныг зарлалаа.

1. Энэ нь "Black Friday", "Cyber Monday"-ийн нийлүүлснээс ч өндөр үзүүлэлт. Өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин өссөн энэ тоо нь цар тахлын дараа иргэдийн идэвх нэмэгдэж, эдийн засгийн эргэлт хурдасч байгааг илтгэх чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.

2. Alibaba-ийн гол өрсөлдөгч JD.com-ийн борлуулалт ч 40 тэрбумын босгыг анх удаа давсан нь үүнийг нотолно.

3. Энэ сарын эхээс л эхэлсэн уг онлайн худалдааны фестивалд 250 мянган брэнд оролцсон бөгөөд 31 мянга нь АНУ-ынх байсан нь мөн анхаарал татав.

Ахиад нэг зүйл: Apple энэ жилийн хамгийн сүүлийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө "One More Thing" нэртэйгээр зохион байгууллаа.

1. Урьдчилан таамаглаж байсанчлан тэд энэ удаад өөрсдийн бүтээсэн чипийг танилцуулж, түүн дээр суурилсан шинэ лаптопуудаа зарласан юм.

2. M1 нэртэй уг чип нь тооцоолуур, график, санах ой зэргийг бүгдийг дотроо агуулсан гэдгээрээ онцлог. Apple уг чип нь эрчим хүч бага зарцуулдаг тул байгальд ээлтэй, мөн илүү хурдтай гэдгийг тодотгож байв. Мөн цэнэгээ 20 цаг хүртэл барих боломжтой болжээ.

3. Өмнө нь Intel-ээс жил бүр 3-4 тэрбум долларын өртөгтэй чип худалдаж авдаг байсан тэд өөрсдөө чип хөгжүүлснээр зардлаа дор хаяж хоёр дахин бууруулах боломжтой болсон нь энэ. Үүний тулд тэд өнгөрсөн жилүүдэд 1 тэрбум доллар орчмоор ижил технологи хөгжүүлэгч стартапуудыг өөртөө нэгтгээд байсан билээ.

Хамгийн хүчтэй өрсөлдөөн: Видео тоглоомын зах зээлийн хамгийн нөлөөтэй консолууд болох Xbox, PS-ийн шинэ загварууд энэ долоо хоногт албан ёсоор нээлтээ хийлээ.

1. Sony-ийн хувьд 499 долларын үнэтэй PS5-ийг зөвхөн дизайны хувьд төдийгүй тоглоом ачааллах хурдын хувьд эрс үсрэлт хийсэн хэмээн онцолж буй. Тэд 500 сая ширхэг борлуулагдсан өмнөх загваруудын адилаар зөвхөн PS-д зориулсан "exclusive" тоглоомуудад ихээхэн найдвар тавьж буй.

2. Microsoft-ийн хувьд Xbox X, Xbox S-ийг "видео тоглоомын зах зээлийг өөрчилнө" хэмээн итгэж байгаа. Тэд CD авах шаардлагагүйгээр сарын тогтмол хураамж төлөн, хүссэн тоглоомоо PC дээрээ ч клоудаас тоглож болохыг санал болгож байгаа. Xbox-ийн үнэ 299$-оос эхэлнэ.

4 мэдүүштэй баримт

Робот цэргүүд: Их Британийн арми 2030 он гэхэд нийт зэвсэгт хүчний 25 хувийг роботоор бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэд үүнтэй зэрэгцэн цэргийн дрон, ухаалаг төхөөрөмжүүдийг байлдаан болон аюулгүй байдал хангах үйл ажиллагаанд ашиглах стратеги баримталж байгаа ажээ. Энэ зөвхөн хүнд ажиллагаанд хүний амь насыг аврахаас гадна зардал хэмнэх ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

AI модератор: Facebook хэрэглэгчдийн оруулж буй постын агуулгын чанарыг хангах, хуурамч мэдээллээс зайлсхийх зорилгоор AI модераторуудыг нэвтрүүлж эхэллээ. Дэлхий даяар зөвхөн контент хянаж, хуурамч мэдээтэй тэмцэх зорилготой 15 мянган хүн ажиллуулдаг тус компани энэ технологийн хүрээнд илүү бүтээмжтэй бөгөөд найдвартай ажиллана хэмээн найдаж байгаа ажээ.

Мангас чоно: Японы Такикава хот иргэдээ баавгайнаас хамгаалах зорилгоор робот чоныг байрлуулсан байна. Уг чоно нь дуу гаргаж, хөдөлгөөн хийн зэрлэг баавгайг үргээх учиртай гэнэ. 2019 оноос хойш тус хотод 159 хүн баавгайны халдлагад өртжээ.

6G технологи: Хятад улс дэлхийд анх удаа 6G технологийг турших зориулалт бүхий хиймэл дагуулыг хөөргөлөө. Тус улс саяхан баталсан 14 дэх таван жилийн төлөвлөгөөндөө олон улсад дөнгөж нэвтэрч буй 5G-ээс 100 дахин хурдтай байх боломжтой гэгдэж буй уг технологийн хөгжлийг түүчээлэгч болох амбицтай байгаагаа тодорхойлсон юм.

5 сонин хачин

1. Австралийн нэрт дуучин Кайли Миноуг таван арванд буюу 1980, 1990, 2000, 2010, 2020-оод онуудад чартыг тэргүүлсэн анхны эмэгтэй уран бүтээлч боллоо. Түүний 15 дахь цомог "Disco" Их Британийн хамгийн их борлуулалттай цомгийн жагсаалтыг энэ долоо хоногт манлайлсан юм. Өдгөө 52 настай түүний анхны цомог "Kylie" нь 1988 онд чартын №1-т бичигдэж байжээ.

2. The Weeknd 2021 оны Хоёрдугаар сарын 7-нд товлогдсон 55 дахь удаагийн Супер Боулын завсарлагааны шоунд оролцох болжээ. Грэмми шагналыг 3 удаа хүртэж байсан түүний сүүлд гаргасан "After Hours" цомог нь стриминг платформууд дээр бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон удаа тоглуулагдсан бүтээл болсон билээ.

3. Хэт хурдан тээврийн технологи хөгжүүлэгч Virgin Hyperloop анх удаа зорчигчтой туршилт хийлээ. Тусгайлан зассан хонгилон замаар1223 км/цагийн хурд үзүүлэх онолын боломжтой капсулд компанийг үүсгэн байгуулагч, удирдлагын багийн 2 хүн сууж, 160 км/цагийн хурдтайгаар 500 метр замыг туулжээ. Сонирхуулахад, И.Маскийн анх санаачилсан төслийг өдгөө өөр нэг тэрбумтан Р.Брэнсон санхүүжүүлж байгаа юм.

4. Adidas борлуулалтын хэмжээ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 42 хувиар буурсан Reebok-ийг зарах хэлцэл хийж эхэллээ. 2006 онд 3.8 тэрбум долларын үнэд хүрч зарагдсан Reebok-ийг Лондонд төвтэй Permira авах магадлал өндөртэйд тооцогдож байна. Permira-ийн хувьд Dr.Martens, Golden Goose зэрэг нэртэй брэндүүдийг эзэмшдэг билээ.

5. Дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны сүлжээ McDonald's 2021 оноос эхлэн ургамлын гаралтай махан бургер менюдээ нэмэх болсноо зарлалаа. "McPlant" нэрийн дор тэд шарсан тахиа, сэндвич зэргийг багтаасан сет гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнээс гадна тахлын үед хэрэглэгчдийн хоол захиалах хандлага нэмэгдсэнтэй уялдуулан захиалгын апп-аа баяжуулж, хүргэлтээ сайжруулан, савлагаагаа шинэчилж байгаа аж.

10 унших мэдээ

Ойлгох: Трампын зарга хаа хүртэл үргэлжлэх вэ? /Vox/

Мэдэх: Google Photos үнэгүй биш болно /The Verge/

Хүлээх: Walmart жолоочгүй машинаар хүргэлт хийнэ /Techcrunch/

Анзаарах: И.Маск ковидын халдвар авсан байж магад /BI/

Гайхах: Т.Вүүдсийн бүтэлгүйтэл /CNN/

Турших: Messenger, Instagram өөрөө устдаг горимтой боллоо /TNW/

Мэдэх: Хар шуурга зүүн Өмнөд Азийг дайрав /BBC/

Унших: Мартин Лютер Кингийг аварсан эрхэм /NYTimes/

Тооцох: Vision Fund бууж өгөх болоогүй /Axios/

Сонирхох: MacOS Big Sur-ийн шинэ 5 нэмэлт /Wired/