1 гол сэдэв
Юу болов?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Covid-19 нь дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн аюул занал биш болсныг албан ёсоор зарлалаа. Энэ нь дэлхий нийтийг сүүлийн 3 жилийн түгшээж, 6.8 сая хүний аминд хүрсэн цар тахал дууслаа гэсэн үг юм.
Юу туулав?
2020 оны нэгдүгээр сарын 30-нд ДЭМБ-аас уг халдварт өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн аюул заналд тооцох шийдвэр гаргаж байсан удаатай. Тэр цагаас хойш дэлхий даяар 765 сая орчим хүн уг өвчнөөр өвдөж, эдийн засаг, нийгмийн амьдралын аварга том сорилттой нүүр тулсан билээ. Манай улсын хувьд 1 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 2179 хүн амиа алджээ.
Одоо яах вэ?
Хэдий цар тахал дууссаныг зарласан нь бэлгэдлийн шинжтэй мэт үйлдэл боловч хүн төрөлхтний өмнө олон асуулт нээлттэй хэвээр үлдэж байна. Эрдэмтэд уг өвчний үүслийг нарийвчлан тогтоож, дараагийн халдварт өвчинд бэлтгэх зорилгоор олон төсөл хэрэгжүүлэх болсон. Мөн ковидын урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг шинжлэх чиглэлээр ажилласаар байна. Олон улсын байгууллагууд вакцин болон бусад зориулалтаар босгосон санхүүжилтийг эдгээр болон бусад нэн яаралтай чиглэлүүдэд тусгайчлан хуваарилах ажээ.
2 чухал тоо
90 - Швейцарьт төвтэй Destinus хэмээх стартап дэлхийн хамгийн хурдан супер онгоцын загвараа танилцууллаа. Тэд Франкфуртээс Дубай хүртэл 90 минутанд хүргэх шинэ технологио устөрөгч суурьтай хөдөлгүүрээр шийджээ.
1 - Дэлхийн хамгийн анхны 3D принтерээр бүтээх сүмийн төсөл албан ёсоор батлагдлаа. 2025 онд Дубай хотноо ашиглалтанд орох уг сүм нь нэгэн зэрэг 2000 сүсэгтнийг багтаах чадалтай байх гэнэ. Дубай хот 2030 он гэхэд нийт байгууламжийн 25%-ийг 3D принтерээр бүтээх амбицтай байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр
1. Их Британийн хаан Чарльз титмээ гардлаа.
- Өдгөө 74 настай түүнд хааны титэм гардуулах ёслолын ажиллагаа 2 цагийн турш үргэлжилжээ. Түүхт ёс, уламжлалт дэгийн дагуу ёслолын ажиллагаа хамгийн сүүлд 1952 онд явагдаж байв. Энэ жилийн ёслолд нийт 2300 хүндэт зочин уригдаж оролцсоны дотор Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэрийн хамтаар багтсан билээ.
- Хаан Чарльзын хүндэтгэлийн парадад нийт 2 сая гаруй иргэн оролцож, шинэ хаан болон хатанд баяр хүргэжээ. Амралтын өдрүүдээр уг ёслолтой холбоотой бэлэг дурсгалын зүйлс, хэрэглэлийн эрэлт нэмэгдэж, эдийн засагт 10 тэрбум долларын өсөлтийг авчрах тооцоог судлаачид гаргаад байсан юм.
- Тэрээр тус улсын түүхэнд хамгийн өндөр насандаа титэм зүүсэн эрхэм болж байгаа нь энэ. Түүний ээж хатан хаан Элизабет хамгийн удаан төр барьсан дээд амжилтыг тогтоож, 96 насандаа таалал төгссөн билээ. Ёслолын арга хэмжээний нийт зардал 125 сая доллар байжээ.
II. Энэ жилийн хамгийн том IPO зарлагдлаа.
- Японы SoftBank-ийн эзэмшдэг чип үйлдвэрлэгч Arm энэ жилийн хамгийн том IPO-г зарлалаа. Тэд NASDAQ биржээс 10 тэрбум орчим долларыг босгох төлөвлөгөөтэй байгаа юм.
- SoftBank-ийн хувьд өнгөрсөн жил тус компанийг NVidia-тай нэгтгэх тохиролцоонд хүрээд байсан. Гэвч 40 тэрбум долларын үнэтэй уг хэлцлийг зохицуулах байгууллагаас зөвшөөрөөгүй билээ. Дэлхий даяар чипийн эрэлт тасралтгүй нэмэгдэж байгаа цаг үетэй зэрэгцэн IPO хийх энэ төлөвлөгөө нь SoftBank-ийн санхүүгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
- Цар тахлаас хойш удаан сэргэж буй хөрөнгийн зах зээлд энэ томоохон дэмжлэг болох шинжтэй байна. Өмнөх жилтэй харьцуулахад Америкийн зах зээлээс босгосон санхүүжилтийн хэмжээ 22%-аар буураад байгаа юм. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт J&J-ийн охин компани Kenvue 3.5 тэрбум долларыг амжилттай босгосон билээ.
III. "Guardians of the Galaxy Vol.3" нээлтээ хийлээ.
- Marvel-ийн ээлжит супер баатрын бүтээл нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 282 сая долларын орлого оллоо. Ертөнцийг хамгаалагчдын гурамсан түүхийн төгсгөл найруулагч Ж.Ганнын хувьд ч хамгийн сүүлийнх гэдгээрээ онцлогтой. Тэрээр саяхан гол өрсөлдөгч DC Studios-ийг удирдах болсноо зарласан билээ.
- Уг бүтээл Хойд Америкийн зах зээлээс 116 сая доллар олсон нь энэ жилийн хувьд "Super Mario Bros."-ийн ард л бичигдэх амжилт. Гэсэн ч тэд 2017 онд гарсан өмнөх ангийнхаа амжилтад хараахан хүрсэнгүй. Тус бүтээл Хятадын зах зээлд нээлтээ хийж, 28 сая долларын олоод байгаа нь найдвар төрүүлж байна.
- Зуны шинэ бүтээлийн улирал цар тахлын дараах Холливүүдийн сэргээх учиртай. "Super Mario Bros." тэрбум долларын орлогын босгыг давснаас хойш энэ сард гарах "Fast X", "The Little Mermaid" өндөр хүлээлт дор нээлтээ хийхээр зэхэж байна.
4 мэдүүштэй зүйл
Ухаалаг туслах: Microsoft өөрсдийн веб хөтөч Bing-ийн ухаалаг AI-ийг бүх хэрэглэгчдэд нээлттэй боллоо. Үүнээс өмнө хэрэглэгчид энэ нэмэлтийг ашиглахын тулд бүртгүүлж, хүлээлгийн жагсаалтад орж байсан юм.
Том өөрчлөлт: Discord хэрэглэгчдийг "username"-ээ хуваалцаж, солилцох боломж олгох зорилгоор том шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд хэрэглэгчид өөрсдийн өмнө ашиглаж байсан # болон тоо хосолсон нэрээ солих шаардлагатай болсон нь ихээхэн бухимдлыг төрүүлж байгаа гэнэ.
Шинэ нэгдэл: АНУ хиймэл оюуны зохицуулалтыг хөгжүүлэх шинэ хүрээлэн байгуулах болжээ. Google, Microosft, NVidia, OpenAI зэрэг тэргүүлэх технологийн компаниудын оролцоотойгоор засгийн газраас 140 сая долларыг энэ төсөлд зарцуулна гэнэ. Энэ хүрээнд нийт 25 байршилд судалгааны лаборатори байгуулах ажээ.
Нэвтрэх арга: Google нууц үггүйгээр өөрсдийн платформуудад нэвтрэх шинэ аргачлалыг нэвтрүүллээ. "Passkey" нэртэй уг функц нь хэрэглэгч хурууны хээ, царай зэрэг биет хандалт ашиглан бүх төрлийн үйлчилгээнд үүлэн технологийн тусламжтай нэвтрэх боломжийг нээж байгаа юм. Google, Apple, Microsoft-ийн нэгдсэн FIDO Alliance хэрэглэгчийн нууцлалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаагийн нэг үр дүн нь энэ болжээ.

5 сонин хачин
1. Google удтал хүлээлгэсний эцэст нугардаг утсаа зарлалаа. Pixel Fold нэртэй шинэ загвар нь энэ долоо хоногт эхлэх Google I/O арга хэмжээний үеэр албан ёсоор танилцуулагдана. Бүрэн дэлгэгдсэн үедээ 7.6 инчийн дэлгэцтэй болох уг утас нь Tensor G2-оор тоноглогдсон, 1700 долларын үнэтэйгээр зарагдах гэнэ.
2. Gmail хэрэглэгчдийг хуурамч аккоунт, спамаас сэргийлэх зорилгоор баталгаажуулалтын цэнхэр тэмдгийг туршиж эхэллээ. Тухайн имэйлийг илгээж байгаа байгууллага болон логоны харилцан нийцлийг баталгаажуулах зорилготой уг үйлчилгээ нь платформд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ хэмээн тэд найдаж байна.

3. BeReal "дэлхийн хамгийн сонирхолтой хүмүүс" гэсэн тодотголын дор цоо шинэ хуудсыг нэмжээ. "RealPeople" нэртэй уг хуудсанд алдартай тамирчид, алдартнууд, оддын пост нийтлэгдэх юм. Үүнээс гадна тэд цагтаа зургаа оруулсан хэрэглэгчдэд өдөрт оруулах постын хэмжээг нэмэх эрх олгож эхэлсэн нь апп хэрэглээг идэвхжүүлэх үндэс болжээ.

4. Алдарт реппер Snoop Dogg мэргэжлийн хоккейн багтай болохыг хүсэж байна. Тэрээр NHL-ийн Оттава Сенаторс клубыг худалдаж авахаар албан ёсоор санал гаргажээ. Түүний гол өрсөлдөгч нь Deadpool-ийн од Р.Рэйнолдс байх болно. Тус клуб тэрбум долларын үнэ хүрсэн анхны хоккейн баг болох төлөвтэй байгаа юм.
5. Ажлын байрны харилцаа холбооны платформ Slack AI-д суурилсан шинэ нэмэлтээ танилцууллаа. SlackGPT таны өмнөөс хуралд сууж, хурлын үр дүнг нэгтгэн танилцуулах чадвартайгаас гадна хуваарь товлох, мэдээлэл шидэх зэрэг үйлдлийг хийх гэнэ.


Сэтгэгдэл бичих

