1 гол сэдэв

Энэ долоо хоногийн гол дүр нь ямар ч маргаангүй АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп байлаа.

Трамп ба коронавирус

Цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо 1 саяыг давсантай зэрэгцэн Д.Трамп гэргийн хамтаар халдвар авсан нь ил болсон юм. Түүнд хөнгөн шинж тэмдэг илэрсэн ч протоколын дагуу тусгаарлах арга хэмжээ авч, эмнэлэгт хүргэсэн гэнэ. Цагаан ордонд түүнтэй ойр байсан хувийн туслах, хэвлэлийн төлөөлөгч болон хэд хэдэн зөвлөхүүдийнх нь шинжилгээний хариу эерэг гарч, эмчилгээнд хамрагдаж эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж байгаа энэ үед ийм нөхцөлд орсон нь анхаарал татаж байна. 74 настай Трампын биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа бөгөөд даваа гарагт ажилдаа эргэн орж магадгүй хэмээн эмч нар нь мэдэгджээ.

Трамп ба мэтгэлцээн

Ирэх сард явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн анхны халз мэтгэлцээн өнгөрсөн долоо хоногт явагдав. Д.Трамп болон Ж.Байден нарын эхний мэтгэлцээнийг телевизээр 77 сая хүн шууд хүлээн авч үзсэн нь дөрвөн жилийн өмнө тогтоосон рекордыг даваагүй ч сүүлийн 24 жилд хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ. Мэтгэлцээнд Трамп түрэмгийлсэн байр суурьтай оролцож, ихэнх тохиолдолд өрсөлдөгчийнхөө яриаг таслан, гол сэдвээс хөндийрч байсныг шинжээчид онцолж байна. CNN-ий тооцоогоор 60% нь, CBS-ийн тооцоогоор 48% нь Ж.Байденыг илүү байсан хэмээн үзжээ.

Трамп ба татвар

“The New York Times” Д.Трампын татвар төлөлтийн талаар тун сонирхолтой баримтуудыг нийтэд дэлгэв. Тэд Трампыг ерөнхийлөгч болохоосоо өмнөх 15 жилийн 10-д нь "ашиг олоогүй" гэдэг шалтгаанаар огт татвар төлөөгүй гэдгийг илрүүлжээ. Трампын гольфийн талбай, ресорт болон зочид буудлын сүлжээ нь жил бүр сая, сая долларын алдагдалтай ажилладаг гэнэ. "The Apprentice" шоугаараа дамжуулан үүсгэсэн хувийн брэнд нь харин лиценз, сурталчилгааны чиглэлээр 427 сая долларыг түүнд авчирчээ. Харин 2016, 2017 онуудад ердөө 750 доллар төлсөн ажээ. Трамп өөрөө энэ мэдээллийг няцааж, удахгүй санхүүгийн тайлан нь нээлттэй тавигдана хэмээн мэдэгдсэн юм.

2 чухал тоо

4.100.000.000: BTS хамтлагийн харьяалагддаг энтертайнмент компани “Big Hit” 4.1 тэрбум долларын үнэлгээтэйгээр, 2017 оноос хойших Солонгосын хамгийн том IPO-г хийх гэж байна. Тус компанийн хувьцааг авах хүсэлтээ 1400 орчим институтийн хөрөнгө оруулагчид өгч, нэгж хувьцааны үнэлгээ нь 115 долларт хүрчээ.

284: Их Британийн нэрт хөтлөгч, байгаль орчны активист Сир Дэвид Аттенборо инстраграмд хамгийн хурдан 1 сая дагагчтай болсон рекордыг шинэчиллээ. Тэрээр 4 цаг 44 минутын дотор энэ амжилтад хүрсэн нь Ж.Анистоноос 32 минутаар давсан үзүүлэлт байв. Өдгөө 94 настай эрхэм аль хэдийн 5 сая дагагчтай болжээ.

3 онцлох зүйл

Утас: “Google” намрын шинэ төхөөрөмж танилцуулах эвентээ зохион байгууллаа. Энэ жилийн гол танилцуулга нь 699 долларын үнэтэй, 5G технологи дэмжих Pixel 5 утас нь байв. Мөн тэд илүү том буюу 6.2 инчийн дэлгэцтэй, зах зээлд харьцангуй хямдад тооцогдох 499 долларын үнэтэй Pixel 4A 5G утсыг ил болгожээ. Үүнээс гадна “Chromecast”-ийн шинэ хувилбар зориулалтын удирдлагатай болж, шинээр танилцуулсан үйлдлийн систем Google TV дээр ажилладаг болсон нь сонирхолтой мэдээ байв. Мөн “Nest Audio” хэмээх 99 долларын ухаалаг спикерийг зарлажээ.


Цалин: Швейцарын Женев хотын оршин суугчид тус кантон дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 25 доллар байлгах түүхэн шийдвэрийг гаргалаа. Өмнө нь хоёр удаа бүх нийтийн санал асуулгаар дэмжигдээгүй энэ асуудал нийт иргэдийн 58 хувийн дэмжлэг авсан нь энэ. Нийт ажиллах хүчний зургаан хувь нь энэ өөрчлөлтөд хамрагдах гэнэ. Уг дүн нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй цалингийн доод хэмжээнд тооцогдох ажээ. Сонирхуулахад, Швейцарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтоогоогүй байдаг ч сүүлийн жилүүдэд шилжих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотой дөрвөн ч муж бүх нийтийн санал асуулгаар дамжуулан цалингийн хэмжээг албажуулжээ.


Мөргөлдөөн: Газар нутгийн маргаантай асуудлын улмаас Армени, Азербайжан улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн хүрч, харилцан дайн зарласан нөхцөл үүслээ. Хилийн орчимд үүссэн мөргөлдөөнд одоогийн байдлаар 100 хүн амиа алдсаны дотор энгийн иргэн 16 байжээ. Маргааны гол суурь болсон Нагорно-Карабах нь армени үндэстнүүдээс бүрддэг ч Азербайжаны газар нутагт харьяалагддаг онцлогтой. ЗХУ задрах үетэй зэрэгцэн үүссэн уг маргаан 1990-ээд оны эхээр дайны хэмжээнд хүрч, 30 мянган хүн амиа алдан, сая гаруй хүн орон гэрээ орхин дайжихад хүргэсэн түүхтэй. Одоогоор ОХУ хоёр талыг энхийн замаар асуудлаа шийдэхийг уриалсан бол Турк улс Азербайжаныг бүх талаар дэмжихээ илэрхийлээд байгаа гэнэ.

4 мэдүүштэй баримт

Шинэ нөөц: Финландад төвтэй, “AW-Energy” нэртэй стартап далайн давлагааг ашиглан эрчим хүч үүсгэх технологио амжилттай туршиж, 2021 онд арилжааны зориулалтаар зах зээлд нэвтрүүлэх болсноо зарлалаа. 2003 онд байгуулагдсан тус компани эрчим хүчний шинэ эх үүсвэрийн технологио даатгалд хамруулж чадсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан гэнэ.

Зэвсэгт дрон: Их Британийн цэргийн хүчин хиймэл оюуны тусламжтайгаар байг ялгаж, гал нээх чадвартай дрон хөгжүүлсэн байна. Орчин цагт хүн ам ихээр суурьшсан цэгүүдэд зэвсэгт ажиллагаа явуулах шаардлага нэмэгдсээр байгаатай холбоотойгоор тэд бүрэн зэвсэглэсэн, 6 мотортой, нэг метрийн урттай дроныг бүтээсэн нь энэ ажээ.

Гүний амьдрал: Харвардын судлаачид Ангараг гараг болон саран дээр амьдрал оршин байгаа эсэхийг тодорхойлохын тулд гадаргууд өрөмдлөг хийх санааг дэвшүүлсэн байна. Тэд газрын гүнээс гарагийн бүтэц, түүхийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж, их хэмжээний гүний ус илрүүлэх, мөн амьд организмыг олох боломжтойг тэмдэглэжээ.

Модон шил: Америкийн эрдэмтэд модноос нэвт харагддаг, шилтэй төстэй материал гарган авснаа зарлалаа. Энэ нь шилнээс илүү бат бөх, аюулгүйгээс гадна зардал багатай, байгаль орчинд ээлтэй гэнэ. Шилтэй харьцуулахад тус материалын дулаан хадгалах чанар нь тав дахин илүү хэмээн судлаачид онцолжээ.

5 сонин хачин

1. “Disney” 2019 онд шинэчлэн бүтээж, 1.6 тэрбум долларын орлого олсон "The Lion King"-ийн үргэлжлэлийг хийнэ гэдгээ зарлалаа. "Moonlight" киногоороо Оскарын шагнал хүртсэн Б.Женкинс шинэ ангийн найруулагчаар ажиллах болжээ.

2. Фэйсбүүк тус бүр тэрбум гаруй хэрэглэгчтэй сошиал платформууд болох Messenger, Instagram-ийн мессеж бичих горимыг нэгтгэх туршилтаа эхлүүллээ. Ингэснээр хэрэглэгчид апп үл хамааран хоорондоо чат бичих боломжтой болж байгаа гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн Instagram-ийн "DM" цэсэнд Messenger-ийн гол давуу талууд болох сельфи стикер, чатны өнгө, эможи сонголт, өөрөө устдаг мессеж зэрэг шинэчлэлүүд хийгдсэн байна.

3. “Lenovo” оны эхээр зарласан дэлхийн анхны нумардаг лаптопоо худалдаанд гаргалаа. Бүрэн дэлгэгдэх үедээ 13 инчийн дэлгэцтэй болох ThinkPad X1 Fold 2499 долларын үнэтэй. Үүнээс гадна тэд хамгийн хөнгөн буюу 900 грамм жинтэй Thinkpad-ийн хувилбар болох X1 Nano-ийн захиалгыг авч эхэлжээ.

4. "Modern Family" цувралын од С.Вергара “Forbes”-ийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүллээ. "America's Got Talent" шоуны шүүгчээр ажилласан тэрээр нийт 48 сая долларын орлого олсон байна. Жагсаалтын дараагийн байрт А.Жоли /35.5 сая/, Г.Гадот /31.5 сая/ нар бичигджээ.

5. Мальдив улс жуулчдыг татах зорилгоор лояалти хөтөлбөр зарлажээ. Тэд улсад нь зочилсон тоо, өнгөрүүлсэн хугацаа, зарцуулсан мөнгөнөөс нь хамааран "алт, мөнгө, хүрэл" ангилалд жуулчдыг бүртгэж, төрөл бүрийн урамшуулал, үнэгүй бэлэг өгөхөө амласан байна. Ингэснээр тэд лояалти хөтөлбөртэй анхны улс боллоо хэмээн онцолжээ.

10 унших мэдээ

Унших: BitTorrent-ийг авсан Хятад саятны цуут түүх /The Verge/

Тоглох: Диснейлэндэд өгсөн Оросын хариулт /NYTimes/

Сонсох: Google-ийн экс CEO-ийн подкаст /Reimagined/

Гайхах: Ертөнцийн төвд хар нүх бий! /Popular Mechanics/

Төсөөлөх: AI онлайн ялгаварлалыг өдөөх нь /Slate/

Анхаарах: “Walmart” Английг орхилоо /AP/

Мэдэх: Цуут урвагчийн дурдагдаагүй түүх /SupChina/

Үзэх: Хятадыг XIX зууны зургаар тольдох нь /CNN/

Сонирхох: Эмир нь таалал төгссөн Кувейтийн ирээдүй /Reuters/

Уралдах: Лондоны марафон явагдлаа /Guardian/