1 гол сэдэв

Юу болов?

Газын зурваст гал зогсов. Яг 2 жил үргэлжилсэн Газын зурвасын хямрал эцэс болж, Израил болон ХАМАС бүлэглэл гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хувьд албан тушаалаа авснаас хойшхи хамгийн том олон улсын харилцааны ялалт болж байна. Пүрэв гарагт Израилын парламент 20 заалт бүхий саналыг баталснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Улмаар 24 цагийн дотор Газын зурвасаас бүх цэргийн хүчээ татах амлалтаа биелүүлж эхэлжээ. Израилын арми Газын зурвасын 53%-ийг бүрэн хяналтандаа авсан байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Гэрээний дагуу ХАМАС бүлэглэл Израилын 48 хоригдлыг чөлөөлөх бол Израилын талаас 2000 гаруй хүнийг суллах үүрэг хүлээжээ.


Одоо яах вэ?

Баасан гарагаас эхлэн Газын зурваст хүмүүнлэгийн ачаа тээвэрлэсэн 600 гаруй ачааны машин чөлөөтэй нэвтэрч эхэлжээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд эх нутгаасаа дүрвэсэн мянга мянган палестинчууд буцаж ирж байна. Тэдний баруун эрэг даган нүүдэллэж буй дүрслэл дэлхий нийтийг догдлуулж байгаа нь гарцаагүй. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Хэлцлийн хоёрдугаар шатанд Газын зурвасыг сэргээх бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх учиртай. Мөн тус бүс нутгийг удирдах засаглалын хэлбэрийг хөгжүүлэх шаардлага үүсээд байгаа. Гол шийдвэрүүдийг эхэн үед гаргах түр хороог Д.Трамп өөрийн биеэр удирдана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.


Өөр юу болов?

Энэ мэдээтэй холбоотой Д.Трампын нэр хүнд огцом өсөв. В.Путин, Б.Нетаньяху зэрэг дэлхийн удирдагчид түүнд хандан талархал илэрхийлж байгаагаас гадна зарим бодлогыг нь эрс буруушаадаг олон улсын байгууллагууд, медиа хэрэгслүүд ч түүний үүргийг тодотгож байна. Трампын хамгийн том шүүмжлэгчдийн нэг Washington Post хүртэл Америкийн ерөнхийлөгчийг Нобелийн шагналыг хүртэх эрхтэй хэмээн онцлоод амжжээ.

2 чухал тоо

1.000.000: OpenAI-ийн шинээр гаргасан видео суурьтай сошиал апп Sora ердөө таван хоногийн дотор 1 сая таталттай болж, рекорд тогтоов. Өмнөх дээд амжилтыг өдгөө 800 сая хэрэглэгч ашиглаж буй ChatGPT эзэмшиж байжээ. Sora-ийн хувьд зөвхөн Америк, Канадын зах зээлд тусгай урилгаар л шинэ хэрэглэгч бүртгэж байгаа нь эрэлтийг бүр ч нэмэгдүүлсэн гэнэ.

5: Энэ оны Нобелийн шагналтнууд тодорч эхэллээ. Өнөөдрийн байдлаар нийт 5 шагналын эзэд тодроод байна. Утга зохиолын салбарын ялагчаар Унгарын зохиолч Ласло Краснахоркай тодорсон бол энх тайвны салбарын ялагчаар Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Мачадо нэрлэгджээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: НОБЕЛЬ 2025-ын эзэд (Байгалийн ухаан)

Unread

3 онцлох өгүүлбэр

I. OpenAI AMD-ийн 10%-ийг эзэмшинэ

- Стратегийн түншлэлийн хүрээнд OpenAI 6 гигаваттын эрчим хүч зарцуулах хэмжээний GPU-г AMD-ээс худалдан авах болжээ. Энэ бол 5 сая айл өрхийн жилийн хэрэглээтэй тэнцэх эрчим хүч. Уг худалдан авалтаас шалтгаалан OpenAI AMD-ийн 10%-тай тэнцэх 160 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 1 центээр худалдан авах эрхтэй болох гэнэ.

- Энэ бол AMD-ийн хувьд хиймэл оюуны зах зээл дэх байр сууриа бэхжүүлж, улам бүр тасарч буй гол өрсөлдөгч Nvidia-тай ойртох маш том боломж юм. Тиймдээ ч энэ мэдээний дараа тус компанийн хувьцааны ханш 24%-аар нэмэгджээ. Одоогоор AMD-ийн зах зээлийн үнэлгээ 330 тэрбум доллартай тэнцэж байна.

- Харин OpenAI тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаа хэрэгцээгээ хангах үүднээс салбарын гол тоглогчидтой ээлж дараалан гэрээ үзэглэсээр байна. Дөнгөж өнгөрсөн сард тэд Nvidia-аас 100 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, 10 гигаваттын дата төв байгуулах болсноо зарласан. Мөн Softbank, Oracle-тай хамтран 300 тэрбум долларын клоуд дэд бүтэц байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм.


II. Францын ерөнхий сайд огцроод дахин томилогдлоо

- Өнгөрсөн долоо хоногт улс төрийн ертөнцөд төдийлэн тохиолддоггүй хачирхалтай үйл явдал Францад өрнөв. Ням гарагт засгийн газрын бүрэлдэхүүнээ олон нийтэд танилцуулсан ерөнхий сайд С.Лекорню улс төрийн намуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар маргааш нь огцрох өргөдлөө өгсөн. Ердөө 26 хоног л ажилласан тэрээр сүүлийн 13 сард огцорсон 4 дэх ерөнхий сайд болоод байсан юм.

- Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Э.Макрон бямба гарагт мэдэгдэл хийж, шинэ ерөнхий сайдаар С.Лекорнюг дахин томилж байгаагаа зарлалаа. Өдгөө 39 настай Лекорню улс төрийн хуваагдлыг зогсоож, тогтвортой байдлыг авчрах дахин оролдлого хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

- 2024 онд явагдсан парламентын сонгуулиар аль ч нам олонх болж чадаагүй нь үүсээд байгаа хямралын гол үндэс юм. Лекорнюг дахин томилсонд сөрөг хүчний намууд ихээхэн ундууцаж, бүр парламентыг тарааж, дахин сонгууль хийх шаардлагыг уриалж эхэлжээ.


III. Polymarket шинэ хөрөнгө оруулагчтай боллоо

- Энэ бол NYSE буюу Нью Йоркийн хөрөнгийн биржийг эзэмшдэг Intercontinental Exchange юм. Тэд алтернатив бооцооны платформ хэмээн өөрсдийгөө тодорхойлсон Polymarket-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулжээ.

- Ингэснээр тус компанийн үнэлгээ 8 тэрбумтай тэнцэх болов. Polymarket-ийн хувьд нийгмийн үйл явдлуудад бооцоо тавих боломж олгодог, мөн криптовалютыг хөхиүлэн дэмждэгээрээ онцлогтой.

- Сонирхуулахад, өнгөрсөн баасан гарагт зарлагдсан Нобелийн энх тайвны шагналтны нэр түрүүлж задарсан байж болзошгүй дуулиан гараад байгаа нь тус платформтой холбогдоно. Polymarket дээр нэр зарлагдахаас 12 цагийн өмнө хожмоо ялагч болсон М.Мачадогийн магадлал дөнгөж 2%-тай байсан бол хэдхэн цагийн дараа уг магадлал эрс нэмэгдэж, улмаар 1 цагийн өмнө гэхэд 70% болон өссөн байжээ. Улмаар хэд хэдэн хэрэглэгч ихээхэн хэмжээний ашиг олсон байна. Уг үйл явдлыг Нобелийн хороо болон зохицуулах байгууллага шалгана гэдгээ мэдэгдээд байна.

4 мэдүүштэй зүйл

Экспортын хязгаарлалт: БНХАУ газрын ховор элементийн боловсруулалтын 90%-ийг, үйлдвэрлэлийн 69%-ийг хангадаг. Тус улс шинээр гаргасан журамдаа гадаадын компаниуд экспортын хэмжээнээс үл хамааран тусгай зөвшөөрөл авах шаардлагыг нэмсэн байна. Энэ нь хагас дамжуулагч, нарны хавтан зэрэг өндөр түвшний технологи хөгжүүлэгч компаниудын нийлүүлэлтэд хүндрэл учруулах эрсдлийг бий болгожээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадаас орж ирэх бараанд 100%-ийн тарифф ногдуулах шийдвэр гаргасан нь мөн анхаарал татав. Энэ мэдээтэй холбоотой Америкийн гол индексүүдийн ханш 1-3%-аар буурсан нь санамсаргүй хэрэг биш. Мөн крипто зах зээлд ч сөргөөр нөлөөлж, ердөө ганцхан цагийн дотор нийт зах зээл 200 тэрбум долларыг алджээ.

Задарсан эвсэл: Японы эрх баригч эвсэл задарчээ. Энэ бол саяхан эрх баригч Либерал ардчилсан нам (ЛАН)-ын даргаар сонгогдсон Такаичи Санаэгийн хувьд том цохилт боллоо. 1999 оноос хойш эвсэж ирсэн Комэйто намын зүгээс эрх баригч намын удирдлагуудын холбогдоод буй хууль бус санхүүжилтийн асуудалд дорвитой хариу авахгүй бол Т.Санаэг ерөнхий сайдад дэмжихгүй гэдгээ шууд мэдэгдэв. Улмаар эвслээс гарна гэдгээ зарлажээ. Дэлхийн 2-р дайнаас хойш Японыг удирдаж буй ЛАН-ын хувьд 2024 оны сонгуульд олонх болж чадаагүй. Комэйто намтай нийлээд ч тэд олонх болоход шаардлагатай 233 саналд хүрэхэд 18 суудал дутаж буй. Энэ эгзэгтэй үед гол түншээ алдсан нь Т.Санаэгийн Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох зорилгод том сорилт болох нь дамжиггүй.

Түүхэн ханш: 1 унц алтны үнэ түүхэнд анх удаа 4,000 долларыг давлаа. Пүрэв гарагт алтны ханш 4,049$-д хүрсэн нь зөвхөн энэ жилийн тухайд 40 дэх удаагаа рекордоо шинэчилсэн тохиолдол болов. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 54%-аар өссөн үзүүлэлт юм. Хамгийн сүүлд алт ийм өсөлтийг 1979 онд л үзүүлж байв. Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, Америкийн инфляцийн өсөлт, долларын ханшаас шалтгаалан хөрөнгө оруулагчид найдвартай активыг эрэлхийлэх болсон нь зөвхөн алтнаас гадна мөнгөнд ч нөлөөлж буй. Энэ долоо хоногт мөнгөний ханш 50 долларыг анх удаа давж, түүхэн рекордоо эвдсэн. 2025 онд мөнгөний үнэ 70 гаруй хувиар өсөөд байгаа юм.

Эзэнгүй төр: Дотоодын улс төр халуухан хэвээр байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүд ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсны дараахан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 60 гаруй гарын үсэг цуглуулж, УИХ-ын даргыг огцруулах шаардлага хүргүүлжээ. Эхлээд ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг байнгын хороо хэлэлцэж байна. Нүүрсний баримт, консалтинг компанийн төлбөр, оффтэйк гэрээ гээд өдөр бүр шинэ сенсаци нийгмийг талцуулах болов. Шинэ долоо хоногт засгийн газрын хувь заяа шийдэгдэх бололтой.

5 сонин хачин

1. 1982 онд анх гарч байсан “Tron” цувралын гурав дахь анги нээлтээ хийж, дэлхий даяар 90 гаруй сая долларын орлого цуглууллаа. Энэ бол 2010 онд гарсан “Tron: Legacy”-ийн амжилтыг давсан үзүүлэлт юм. Ж.Летогийн гол дүрийг нь бүтээсэн уг киноны нийт өртөг 180 сая доллар болсон бөгөөд шинжлэх ухааны уран зөгнөлт киноны хорхойтнууд дунд өндөр хүлээлттэй бүтээл болжээ.

2. К.Роналду тэрбумтан болжээ. Ингэснээр тэрээр хөлбөмбөгийн спортоос төрсөн анхны тэрбумтан болж байгаа юм. Өдгөө 40 настай түүний хөрөнгө 1.4 тэрбум доллар болжээ. 2023 оноос Саудын Арабт тоглож буй тэрээр энэ зун гэрээгээ шинэчилсэн нь түүнд 400 сая долларыг нэмж авчирсан гэнэ. 5 удаа дэлхийн шилдгээр нэрлэгдэж байсан К.Роналду Nike, Armani, Castrol зэрэг топ брэндийн нүүр царайгаар ажилладаг. Сонирхуулахад, түүнээс өмнө спортын салбараас М.Жордан, Л.Жэймс, Р.Федерер, Т.Вүүдс, Ф.Мэйвэдэр нар тэрбумын босгыг давж байв.

3. Зүүн Азийн супер лигийн шинэ улиралд 7 улсын 12 баг өрсөлдөж байна. Монголын аварга “Хасын Хүлэгүүд” хэсгийн эхний тоглолтоо Японы лигийн дэд аварга “Алварк”-ийн талбайд хийж, 84:69-өөр хожжээ. Манай баг хэсэгтээ Тайванийн аварга “Нью Тайпэй Кингс”, БНСУ-ын аварга “Эл Жи Сэйкэрс” багуудтай тоглох хуваарьтай.

4. Дэлхийн хамгийн алдартай чипсний брэнд Lay’s цоо шинэ өнгө төрхтэй боллоо. Шинэ логоны бичиглэл төмсийг нарны цацрагаар дүрсэлсэн суурин бичигдэх болсон нь 1938 оноос эхтэй тус компанийн эхэн үеийн түүхтэй шууд холбогдоно. Үүнээс гадна тэд 2025 оны сүүл гэхэд амт орлуулагч, өнгө нэмэгчээс бүрэн татгалзах амбицаа бататгаж, жинхэнэ төмсөөр хийдэг гэдгээ тодотгожээ. Ташрамд дурдахад, Трампын засаг захиргаа хүнс үйлдвэрлэгчдийг хиймэл амт, орцноос татгалзах хэд хэдэн тусгай журмыг батлаад байгаа билээ. Lay’s-ийн хувьд толгой компани болох PepsiCo-ийн борлуулалтын 25%-ийг дангаар бүрдүүлдэг юм.

5. Instagram шилдэг 25 контент бүтээгчээ цул алтаар бүрсэн бөгжөөр урамшуулна гэв. Тэд өнгөрсөн жилээс контент бүтээгчдэд бонус олгодог хөтөлбөрөө зогсоогоод байсан. Сүүлийн 4 жилд 100 тэрбум долларыг хуваарилсан гэх Instagram сүүлийн үед гол бүтээгч, нөлөөлөгчдөө TikTok, Snap, Youtube-д алдаж эхэлсэн юм. Тиймдээ ч тэд хамгийн их хэрэглэгчдэд хүрсэн шилдгүүдээ ийн урамшуулж, профайлыг нь тусгайлан алдаршуулахаар болсон нь энэ юм.