1 гол сэдэв

Юу болов?

Өнгөрсөн долоо хоногийн олон улсын хамгийн анхаарал татсан үйл явдал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийсэн төрийн айлчлал байлаа. Дэлхийн хоёр том эдийн засгийн удирдагчид худалдааны маргаанаа түр намжааж, хиймэл оюуны эрсдэлийн талаар албан ёсны яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон ч Тайвань болон өндөр технологийн экспортын хязгаарлалт зэрэг стратегийн гол зөрчлөө шийдвэрлэж чадсангүй.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ш.Жиньпинийг Вашингтоны ойролцоох Эндрюсийн цэргийн нисэх баазад өөрийн биеэр угтсан нь айлчлалын ач холбогдлыг илэрхийлсэн онцгой үйл явдал болов. АНУ-ын төрийн тэргүүн өөрийн биеэр гадаадын удирдагчийг угтсан сүүлчийн тохиолдол 1962 онд Ж.Кеннеди Их Британийн Ерөнхий сайд Х.Макмилланыг хүлээн авсан үе байжээ.


Худалдааны дайны хүрээнд

Айлчлалын хамгийн тодорхой үр дүн худалдааны салбарт гарав. Хоёр улс тус бүр 30 тэрбум долларын үнийн дүн бүхий стратегийн бус бараанд илүү таатай тарифын нөхцөл олгохоор тохиролцлоо. АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мод, гоо сайхны бараа болон Хятадаас нийлүүлдэг жижиг цахилгаан хэрэгсэл, тоглоом, гоёл чимэглэлийн зарим бүтээгдэхүүн энэ зохицуулалтад хамрагдана. Талууд мөн арваннэгдүгээр сарын 10-нд дуусах байсан худалдааны түр эвлэрлээ хоёр сараар сунгаж, 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлүүлэхээр болов. АНУ-ын Сангийн сайд С.Бессентийн тайлбарласнаар энэ хугацаа илүү өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгуулах нэмэлт боломж олгоно. Гэхдээ энэ нь тарифын маргаан бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Харин бизнесүүдэд богино хугацааны тодорхой байдал олгосон түр тохиролцоо гэдгийг анзаарах хэрэгтэй.


Хиймэл оюуны салбарт

Хиймэл оюун уулзалтын хоёр дахь том сэдэв байлаа. АНУ, Хятад AI-ийн ашиг тус, эрсдэлийн талаар тогтмол яриа хэлэлцээ явуулж, дараагийн уулзалтаа арваннэгдүгээр сард хийхээр тохиров. Мөн AI-тай холбоотой ноцтой алдаа, осол, аюулгүй байдлын эрсдэл гарсан үед шууд мэдээлэл солилцох тусгай суваг байгуулахаар болжээ. Энэ нь AI-ийн хөгжлөөр өрсөлдөж буй хоёр гүрэн анх удаа эрсдэлийн асуудлаар тогтмол харилцах механизм бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой. Гэхдээ өндөр хүчин чадалтай чипийн экспорт, технологийн хориг, загварын аюулгүй байдлын нийтлэг стандарт зэрэг гол асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэнгүй. Иймээс энэ удаагийн үр дүнг AI-ийн том гэрээ гэхээс илүү ирээдүйн хэлэлцээний эхлэл гэж үзэх нь зөв.

Технологийн салбар айлчлалын ёслолын хэсэгт ч гол байр суурь эзлэв. Цагаан ордонд барьсан төрийн зоогт Tesla-гийн И.Маск, Nvidia-гийн Ж.Хуан, Apple-ийн Т.Күүк, Amazon-ы Ж.Бейзос, Alphabet-ийн С.Пичай, OpenAI-ийн С.Алтман зэрэг өнөө цагийн сод одод багтав.


Гэхдээ?

Харин Тайванийн асуудлаар талуудын байр суурь ойртсонгүй. Ш.Жиньпин АНУ-ыг Тайванийн асуудалд “болгоомжтой хандаж”, хоёр улсын стратегийн хамтын ажиллагааны суурийг хамгаалахыг шаардсан гэнэ. Вашингтон Тайваньд нийлүүлэхээр төлөвлөсөн 14 тэрбум долларын зэвсгийн багцыг хяналтын шатанд хэвээр үлдээж байгаа ч энэ асуудлаар айлчлалын үеэр ямар нэг шинэ тохиролцоо зарласангүй.

2 чухал тоо

1,000,000,000: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн гол хэлэлцсэн асуудлын нэг нь Япон улсаас хөнгөлөлттэй зээл авч, “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ыг өргөтгөх асуудал байв. Хоёр улсын засгийн газрын хооронд тохирсон нөхцлөөр Японы засгийн газар жилийн 1.1%-ийн хүүтэй, 158 тэрбум иен буюу 1 тэрбум долларын зээлийг уг төсөлд зориулан олгохоор тохиролцжээ. Төслийн хүрээнд нисэх буудлыг 81.9 мянган мкв-аар өргөжүүлж, 2034 онд ашиглалтанд оруулна гэв.

2048: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцох үеэрээ манай улс 2048–2049 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйг албан ёсоор зарлалаа. Сонирхуулахад, Монгол Улс Аюулгүйн Зөвлөлд нэр дэвшихээ анх удаа зарлаж байгаа нь энэ биш. 2014 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсыг 2023–2024 оны байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвшүүлж байв. Гэвч Монгол Улс дараа нь Япон Улсыг дэмжин нэрээ татсан юм.

3 онцлох өгүүлбэр

I. AMD 1 их наядын үнэлгээтэй боллоо

- 1 их наядын клуб шинэ гишүүнтэй боллоо. AI-ийн эрин үед чип нийлүүлэлтээрээ толгой цохиж буй AMD-ийн ханш 5 өдөр тасралтгүй нэмэгдэж, энэ хоорондоо зах зээлийн үнэлгээгээ 25%-аар нэмэгдүүлж чаджээ.

- AMD-ийн хувьд өнгөрөгч улиралд 11.7 тэрбумын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус компани ирэх онд дата төвийн үйлчилгээгээ 2 дахин нэмэгдүүлэх зорилготой байгаагаа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио болжээ.

- Сонирхуулахад, AMD-ийн CEO Лиза Су тус компанийн гол өрсөлдөгч, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани NVIDIA-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуантай үеэлүүд гэдгээрээ алдартай.


II. Meta Connect явагдлаа

- Дэлхийн хамгийн том сошиал платформуудыг эгнээндээ нэгтгэсэн Meta жил бүр хөгжүүлэгчдэд зориулан зохион байгуулдаг Meta Connect арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний гол од нь Meta Charm нэртэй халаасны төхөөрөмж байв. Хэлбэр, хэрэглээгээрээ 1990-ээд оны хит тоглоом “Тамагочи”-г санагдуулам уг төхөөрөмжөөр хэрэглэгч Meta-гийн Muse нэртэй хувийн AI агенттайгаа шууд ярилцаж, апп нээхгүйгээр төрөл бүрийн даалгавар өгч болох аж. Meta Charm-ийн үнэ болон үзүүлэлт тодорхойгүй болоогүй байгаа ч зул сарын баярын үеэр худалдаанд гарах ажээ.

- Meta VR Glasses өмнөх үеийн Quest төхөөрөмжүүдээс илүү нимгэн, бас илүү хөнгөн болсон байна. Өмнөх Quest төхөөрөмжүүд нүүрэнд зүүдэг харьцангуй овортой дуулга байсан бол шинэ бүтээгдэхүүн ердөө 100 грамм жинтэй, энгийн нүдний шилтэй төстэй загвартай болжээ. Meta VR Glasses нь micro-OLED дэлгэцтэй, 5K нягтаршил, Dolby Vision дүрслэл, Dolby Atmos орон зайн дуугаралттай. Хэрэглэгч нүдний хөдөлгөөн, гарын дохио болон дуу хоолойгоороо удирдах тул тусдаа контроллер шаардахгүй. Meta шинэ шилээ зөвхөн тоглоомын төхөөрөмж бус хувийн кино театр, ажлын орчин, спортын виртуал суудал болгон хөгжүүлжээ. Ямар ч хавтгай гадаргууг виртуал гар, мэдрэгчтэй самбар болгон ашиглаж, хэд хэдэн дэлгэц бүхий хувийн ажлын орчин үүсгэж болно. 2024 оноос хойш гаргаж буй хамгийн анхны VR шилний эхлэх үнэ 1299 доллар байх болно. Энэ нь тэдний хамгийн сүүлд гаргасан Quest 3S-тэй харьцуулахад 3 дахин өндөр үнэ гэсэн үг.

- Тэрчлэн Meta-ийн хамгийн их найдлага төрүүлж буй AI туслах Muse нь ердийн дуут туслахаас ялгаатай нь хэрэглэгчтэй урт, үргэлжилсэн яриа өрнүүлэхийн зэрэгцээ цаана нь ажил гүйцэтгэх чадвартай болжээ. Тухайлбал, бүтээгдэхүүн хайх, худалдан авалт хийх, аялал төлөвлөх, тэмдэглэл болон программчлалын ажилд туслах боломжтой. Цаашид Muse өөрийн цахим шуудангийн хаягтай болж, хэрэглэгчийн өмнөөс тодорхой харилцаа, ажлыг гүйцэтгэх боломжтой болох гэнэ.


III. Paramount-ийн наймаа эцэслэгдэх боломжтой боллоо

- Он дамнан үргэлжилж буй Paramount-WarnerBros.Discovery-ийн нэгдэх хэлэлцээр эцсийн шатандаа орлоо. Калифорни тэргүүтэй 11 муж уг наймааг шударга өрсөлдөөнийг боомилж, дотоодын зах зээлд сөрөг үр дагавар авчрах нөлөөтэй хэмээн шүүхэд зарга үүсгээд байсан билээ.

- Тэгвэл талууд хэд хэдэн асуудал дээр зарчмын ойлголцолд хүрсэнээ зарлалаа. Шинэ тохиролцоогоор Paramount дотоодын зах зээлд зарцуулах киноны төсвөө жил бүр 300 сая доллараар нэмэгдүүлэх болсон байна. Тэрчлэн худалдан авалтын 20%-ийг дотоодын нийлүүлэгчдээс авах болов. Мөн хамгийн багадаа 20 киног дор хаяж 2,000 кино театрт цацаж, хамгийн багадаа 45 хоног байршуулах болжээ. Энэ бол дотоодын зах зээлийг хамгаалах, ажил олголтыг баталгаатай хадгалах томоохон шийдвэр юм.

- Үүнээс гадна CBS News, CNN зэрэг томоохон редакцуудын хараат бус байдлыг хадгалах зорилгоор бие даасан нэгж үүсгэх амлалт өгсөн байна. Энэ үйл явдлын дараагаар Paramount-ийн хувьцааны ханш 3%-аар буурчээ.

4 мэдүүштэй зүйл

Үнэмлэхүй ялалт: Өнгөрөгч амралтын өдрүүдээр ОХУ-ын парламентын сонгууль явагдлаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний хувьд энэ сонгууль нь 5 дахь жилдээ үргэлжилж буй Украйны дайнд хандах ард иргэдийн дэмжлэгийг илтгэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байв. Сонгуульд Путинийг дэмжигч “Нэгдсэн Орос” нам нийт саналын 57%-ийг авч, Төрийн Думын 450 суудлын 355-ыг нь эзлэх төлөвтэй байна. Энэ бол түүхэнд өмнө нь байгаагүй үзүүлэлт юм. Санал хураалтад нийт иргэдийн 59.3% нь оролцсон нь мөн ойрд харагдаагүй өндөр үзүүлэлт юм. Олон улсын шинжээчид уг сонгуульд дайныг эсэргүүцэгчдийг оролцуулаагүй, хатуу хяналт дор явуулсан хэмээн дүгнэж байна.

Хязгаарлах оролдлого: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп санаатайгаар хуурамч мэдээлэл түгээж байна гэсэн шалтгаанаар CNN, MS NOW, Politico гэсэн гурван мэдээллийн хэрэгслийг Цагаан ордонд сурвалжлага хийх эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Энэ нь улс төрийн медиагийн орчинд ихэд шуугиан дэгдээсэн юм. Тэгвэл Вашингтоны тойргийн шүүхээс үндсэн хуульд олгогдсон эрхийг зөрчиж байна хэмээн эдгээр медиаг үйл ажиллагаа явуулах эрхийг нь эргэн нээсэн байна. Трампын хувьд үүрэгт ажилдаа орсон цагаасаа либерал гэсэн тодотголтой редакцуудтай зөрчилдсөөр байгаа билээ.

Гэнэтийн халдлага: OpenAI-ийн хөгжүүлж буй агентууд туршилтын орчинд урьдчилан өгсөн зааваргүйгээр засгийн газрын серверүүд рүү халджээ. Уг агентууд АНУ-ын Үнэт цаасны хороо, Боловсролын яам зэрэг стратегийн хувьд чухал ач холбогдолтой хэд хэдэн байгууллагын сүлжээнд нэвтэрч, мэдээлэл авах гэж оролдсон байна. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Австралийн ерөнхий сайд Э.Албаниз OpenAI-ийн модель эрүүл мэндийн салбарын сүлжээ рүү халдсан гэдгийг зарлаад байсан юм.

Хориотой үйлдэл: Amazon онлайн худалдааны платформ дээрээ Meta-ийн хамгийн сүүлд гаргасан Muse AI агентыг хориглосон байна. Muse-ийн хувьд анх гарахдаа хэрэглэгчийнхээ өмнөөс худалдаа хийж, тасалбар захиалах чадвартай хэмээн сурталчилж байсан юм. Гэвч Amazon-ийн хувьд кибер аюулгүй байдлын үүднээс уг шийдвэр гаргалаа хэмээн тайлбарлажээ. Тэд өмнө нь датаг зөвшөөрөлгүй хуулбарлаж байна хэмээн Perplexity AI-ийн эсрэг шүүхийн маргаан гаргаж байсан билээ.

5 сонин хачин

1. 7 жилийн өмнө анх гарч, бокс оффисын бүх цаг үеийн рекордуудыг ээлж дараалан эвдэж байсан “Avengers: Endgame” 12-р сард нээлтээ хийх шинэ ангийн өмнө дахин кино театруудаар гарч эхэллээ. Оригинал хувилбараасаа 4 минутаар урт, шинэ ангийн эхлэл түүхийг тодотгох зорилготой уг цацалт 26 сая долларын орлого олж, Хойд Америкийн бокс оффисыг тэргүүлжээ. “Avengers: Endgame”-ийн хувьд дэлхий даяар 2,7 тэрбумын орлого олсноороо зөвхөн “Avatar”-ийн ард л бичигддэг юм.

2. Starbucks 250 салбараа хаана. Энэ бол тус компани бизнесийн үйл ажиллагаагаа шинэчилж, зардлаа бууруулахтай холбоотой гаргаж буй ээлжит шийдвэр. Тэд өнгөрсөн 12 сарын хугацаанд ашиг орлого багатай нийт 1000 салбарыг хаажээ. Мөн тэд 2026 онд нийт 400 шинэ салбар нээнэ гэж төлөвлөсний дийлэнх нь олон улсын зах зээлд хамаарах аж.

3. 27 настай кантри дуучин Элла Ланглигийн дуу Billboard-ийн шилдэг дууны жагсаалтыг 23 долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлсэн нь бүх цаг үеийн дээд амжилт болсон байна. Өмнөх дээд амжилтыг М.Кэригийн зул сарын сүлд дуу “All I Want for Christmas” болон У.Хьюстоны “I Will Always Love You” гэсэн домогт бүтээлүүд эзэмшиж байжээ.

4. Хятадын технологийн тэргүүлэх компаниудын нэг Alibaba 2032 он гэхэд 20 гигаваттын дата төвийн хүчин чадалтай болох төслөө танилцууллаа. Энэ хүрээнд тэд AI-д зориулсан чип үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх гэнэ. Тус компани өнгөрсөн тавдугаар сард Zhenwu M890 нэртэй чипээ гаргасан. Тэгвэл ердөө 4 сарын дараа тэд шинэ үеийн V900 нэртэй чипээ мөн зарлав. Уг чип нь өмнөх хувилбараасаа хүчин чадлын хувьд 3 дахин хүчирхэг болжээ. Тэрчлэн тэд өөрсдийн хөгжүүлж буй Qwen-ийн 4 болон 5-р үеийн моделиудыг олон нийтэд танилцуулав.

5. Узбекистаны Самаркандад болсон шатрын олимпиадад манай эмэгтэйчүүдийн баг түүхэн амжилтаа үзүүлж, 7-р байрт бичигдлээ. Сүүлийн өдөр хүртэл медалийн төлөө өрсөлдөж байсан манай баг Польш, Францын хүчирхэг багийг хожиж шуугиан тарьсан. Эмэгтэйчүүдийн ангилалд Хятад тэргүүлж, Казахстан, Энэтхэгийн багууд шагналт байр эзлэв. 51-рт эрэмблэгдсэн эрэгтэйчүүдийн баг 11 өргөөс 7-д нь хожил авч, 26-р байрт орсон нь мөн өндөр амжилт боллоо. Эрэгтэйчүүдийн төрөлд Узбекистаны баг түрүүлж, Энэтхэг, Германы баг удаалжээ.