1 гол мэдээ
Юу болов?
АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хяналтыг Бүгд найрамдах намаас шилжүүлэн авлаа. Тус нам 100 суудалтай Сенатад өмнөхөөсөө долоон суудал нэмж, 54 суудалтай болсон байна. Харин Төлөөлөгчдийн танхимд бүр ч том ялалт байгуулж, 42 суудал нэмж авснаар нийт 254 суудалтай болжээ. Тус танхимд олонх болоход 218 суудал шаардлагатай байдаг. Мужийн амбан захирагч нарын сонгуульд ч Ардчилсан нам илүүрхэж, 5 мужид нэмж ялан нийт 28 мужийг удирдах болжээ. Бүгд найрамдахчуудын хувьд “найдвартай улаан”-д тооцогддог байсан Техас, Мэйн зэрэг мужууд 30 гаруй жилийн дараа “цэнхэртсэн” нь сонгуулийн уур амьсгалыг бүрэн илэрхийлэх зураглал байлаа.
Одоо яах вэ?
Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилээ Конгрессын хоёр танхимд сөрөг хүчин олонх болсон нөхцөлд өнгөрүүлэхээр болов. Түүний засаг захиргаа төсөв, хууль тогтоомж болон бодлогын гол санаачилгуудаа урагшлуулахын тулд Ардчилсан намтай тохиролцох шаардлагатай болж байна. Ардчилсан намынхан сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ирантай хийж буй дайныг зогсоох, амьжиргааны өртгийг бууруулах, Трампын засаг захиргааны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдэд хяналт тавьж, хариуцлага тооцохоо амласан. Хоёр танхимд олонх болсноор тэд хууль тогтоох болон төсөв батлах үйл явцад нөлөөлөхийн зэрэгцээ засаг захиргааны үйл ажиллагааг шалгах боломж нь нэмэгдэнэ. Гэхдээ ерөнхийлөгчийн хориг тавих эрх тэдний санаачилгуудад саад болох магадлалтай.
Яагаад ялагдав?
Харин Трамп намынхаа ялагдалд Ираны дайн нөлөөлснийг хүлээн зөвшөөрөв. Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс уг дайныг ялагдлын гол шалтгаан хэмээн нэрлэсэнтэй санал нийлж байгаа эсэхийг асуухад тэрээр дайн шатахууны үнийг өсгөснийг онцолжээ. Гэсэн ч дахин сонголт хийх боломж байсан бол мөн адил шийдвэр гаргах байснаа хэлж, Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх нь урт хугацааны зорилго гэдгийг тодотгожээ.
- Техас: 37 настай Жэймс Таларико Д.Трампын дэмжиж байсан К.Пакстоныг ялж, Ардчилсан намын 30 жилийн ялагдлын цувралыг зогсоов
- Нью Хэмпшир: Ардчилсан намын К.Паппас Сенатад сонгогдсон анхны ижил хүйстэн болов.
- Өмнөд Каролина: Өнгөрсөн зун таалал төгссөн Бүгд найрамдах намын лидерүүдийн нэг Л.Грэхэмийн дүү Дарлин ахынхаа суудлыг хамгаалж чадсангүй.
- Канзас: А.Хэмилтон 1939 оноос хойш анх удаа Ардчилсан намаас тус мужид Сенатын сонгуульд ялсан эрхэм боллоо.
- Мичиган: Абдул Ал Сайэд Сенатад сонгогдсон анхны муслим шашинтан боллоо.
2 чухал тоо
1,000,000,000,000: АНУ-д явагдсан завсрын сонгуулийн дүн технологийн компаниудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөв. Ардчилсан намын хувьд AI-тай холбоотой зохицуулалтыг чангатгаж, дата төвийн бүтээн байгуулалтад хязгаарлалт тогтоох төлөвтэй байгаа билээ. “Magnificent 7” гэж нэрлэгдсэн Alphabet, Apple, Amazon, Tesla, Nvidia, Microsoft, Meta компаниуд нийлээд 1 их наядыг алдав. Nvidia-ийн үнэлгээ л гэхэд 440 тэрбумаар буурчээ
2025: Үүнтэй холбоотойгоор Nasdaq-ийн нэгдсэн индекс 2025 оны 4-р сарын тарифын шокоос хойшхи хамгийн том уналтаа мэдэрч, 5.82%-аар буурчээ. Харин S&P 500-ын ханш 5.94%-аар буурав. Энэ бол мөн л 2025 оны 4-р сараас хойшхи хамгийн муу үзүүлэлт. Тэрчлэн Dow Jones-ийн аж үйлдвэрийн индекс ч мөн адил тарифын шокоос хойшхи хамгийн том уналтаа үзүүлж, 5.5%-аар унажээ.
3 онцлох өгүүлбэр
I. К.Роналду шигшээ багаасаа зодог тайллаа
- Орчин цагийн хөлбөмбөгийн ертөнцийн нүүр царай болсон тэрээр Португалын шигшээ багийн төлөөх анхны тоглолтоо 2003 онд 18 настайдаа хийж байв. Үүнээс хойш тэрээр эх орныхоо төлөө 234 тоглолтод оролцож 146 гоол оруулжээ.
- Энэ амжилтаараа тэрээр бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлдэг. К.Роналду шигшээ багаа ахалж, 2016 онд Европын аварга болж байв. Энэ бол тус улсын түүхэндээ хүртсэн анхны том тэмцээний цом юм. Мөн 2019, 2025 онуудад Үндэстнүүдийн цомын тэмцээнд түрүүлжээ. Гэвч хувь хөлбөмбөгчний хувиар хүртэж болох бүх шагналыг хүртсэн тэрээр дэлхийн аваргад л түрүүлж чадсангүй.
- Өдгөө 41 настай К.Роналду Саудын Арабын лигт Аль Насср клубын төлөө хүчин зүтгэж буй. Тэрээр Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус клубт тус тус тоглож байлаа. К.Роналдугийн хувьд энэ улиралд 1000 дахь гоолынхоо төлөө дайралт хийж байгаа. Тэрээр карьерынхаа туршид 985 гоолыг оруулаад байгаа билээ.
II. Хуурамч тэсрэх бөмбөгийн дуудлага Европыг сандаргав
- Европын хэд хэдэн улсад нисэх онгоц болон телевизийн байранд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх сүрдүүлэг ирж, олон нийтийг айдатс автууллаа. Серби, Испани, Финландын агаарын тээврийн компаниудад ирсэн захидал, дуудлагын улмаас зарим онгоц чиглэлээ өөрчилж, яаралтай газардсан байна. Аюулгүй байдлын шалгалттай холбоотойгоор олон зуун нислэг хойшилжээ.
- Ирланд, Их Британи, Болгарын телевизүүдэд мөн ижил төрлийн сүрдүүлэг ирсэн тул ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж, байруудыг хамгаалалтад авч шалгасан байна. Шалгалтаар тэсрэх төхөөрөмж илрээгүй бөгөөд дуудлагууд хуурамч болох нь тогтоогджээ. Телевизүүдэд илгээсэн сүрдүүлэгт Зөвлөлтийн улс төрч Юрий Андроповын нэрийг ашиглаж, “Энэ бол зөвхөн эхлэл” хэмээн бичсэн байв.
- Үүний зэрэгцээ Люксембург, Эстони, Бельгийн супермаркетын сүлжээнүүдийн системд халдаж, хөргөгч, хөлдөөгч төхөөрөмжийн ажиллагааг доголдуулах тохиолдлууд нэмэгдсэн байна. Эрх баригчид эдгээр халдлага болон хуурамч сүрдүүлгийг хэн зохион байгуулсан, хоорондоо холбоотой эсэхийг шалгаж байгаа бөгөөд нэгдсэн ажиллагаа байсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
III. Marvell технологийн салбарын хамгийн том наймааг хийлээ
- Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Marvell Technology оптик холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Lumentum-ийг 115 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцлоо. Энэ нь технологийн салбарын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй худалдан авалт болж байна.
- Үүнээс өмнөх дээд амжилтыг Microsoft Activision Blizzard-ийг 68 тэрбумаар, Dell EMC-г 67 тэрбумаар худалдаж авснаараа эзэмшиж байв.
- Marvell-ийн хувьд 10 мянга гаруй патент эзэмшдэгээрээ онцлогтой. Тэд Lumentum-ийг эгнээндээ нэгтгэснээр AI харилцаа холбооны тэргүүлэх компани болох амбицтай гэдгээ нотоллоо. Сонирхуулахад, уг хоёр компанид 2026 он гарснаас хойш Nvidia тус бүр 2 тэрбум долларын хөрөнгө оруулаад байсан юм.
4 мэдүүштэй зүйл
Санхүүгийн хямрал: Парагвайн хамгийн том банкуудын нэг “Ueno” дампуурлаа зарласан нь тус улсын нийгмийн доргиосон үйл явдал боллоо. Дижитал зээлээрээ алдартай тус банк 3 сая хэрэглэгчтэй. Энэ бол тус улсын насанд хүрсэн хүн амын 60% нь гэсэн үг. Даваа гарагт гарсан мэдээллийн дараагаар тус банкны харилцагчид харилцах данснаас гадна хадгаламж, тэтгэврийн дансандаа нэвтэрч чадахгүй байгаа гэнэ. Үүнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал олон хотод өрнөж, зарим газар эмх замбараагүй байдал үүссэн байна. Сөрөг хүчний улс төрчид нөхцөл байдлыг ийн хүндрүүлсэн Төв Банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцохоос гадна ерөнхийлөгчийг огцруулах, импичмент хийх талаар ярьж эхэлсэн. Улмаар тус улсын ерөнхийлөгч Сантьяго Пенья өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болжээ. 2023 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон С.Пенья саяхныг болтол тус банкны хувьцаа эзэмшигчдийн нэг байсан аж.
Гэнэтийн үхэл: Испанийн хоёрдугаар лигийн Тенерифе багийн довтлогч Хесус де Мигель “Андорра” багтай тоглох үедээ хаалгачтай мөргөлдөж, хүнд гэмтэл аван, улмаар амиа алджээ. Өмнө нь Кастеллон, Леганес клубүүдэд хүчин зүтгэж байсан тэрээр 30 настай байв. Энэ үйл явдлын дараагаар Испанийн хөлбөмбөгийн холбоо цомын тэмцээнүүдээ хойшлуулж, Европ даяар нэг минутын гашуудлаар тоглолтоо эхлүүлж байна. Харин цагдаагийн газраас түүнтэй мөргөлдөж, гэмтэлд хүргэсэн Х.Овонод хүн амины хэргээр шалгаж эхэлснээ мэдэгджээ.
Давхар малгай: Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо. Ингэснээр хотын захиргаа болон эрх баригч намын нийслэлийн байгууллагын удирдлага нэг хүний гарт төвлөрөв. Түүний өмнө 2027, 2028 оны сонгуульд МАН-ын ялалтын гол түшиц болсон нийслэлийг удирдаж орох сорилт тулгарч байна.
Тэмцэгчийн ял: Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагч Жошуа Вонгийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж, гадаадын агентуудтай үгсэн хуйвалдсан хэмээн буруутгаж, 10 жил хорих ялаар шийтгэлээ. Өдгөө 30 настай тэрээр 2014 онд хамгийн анх “Шүхэрт хөдөлгөөн” нэртэй залуусын жагсаалыг тэргүүлснээрээ олонд танигдсан. Тухайн үед Time сэтгүүл түүнийг оны хамгийн нөлөө бүхий залуугаар тодруулж байсан удаатай. Ж.Вонг 2020 онд Бээжингээс баталсан шинэ хуулийн хүрээнд ял авсан хоёр дахь хүн боллоо. Өнгөрсөн жил Apple Daily-ийн үүсгэн байгуулагч, хэвлэлийн магнат Жимми Лай 20 жилийн ял авсан юм.
5 сонин хачин
1. Netflix-ийн хамгийн алдартай цуврал Stranger Things-ийн ертөнцөд өрнөх шинэ кино албан ёсоор зарлагдлаа. Энэ бол үйл явдал нь 1950-аад онд өрнөх “Other World” юм. Уг цуврал 2028 оны зун нээлтээ хийх болжээ. Netflix-ийн хувьд Stranger Things-ийн киноноос гадна анимэйшн, театрын жүжиг, явуулын үзэсгэлэ зэргийг гаргаад байгаа билээ.
2. Формула 1-ийн энэ улирлын аваргаар Италийн нисэгч Кими Антонелли тодорлоо. Тэрээр 20 нас 69 хоногтойдоо дэлхийн аварга болж, С.Феттелийн 23 настайдаа түрүүлж байсан рекордыг эвджээ. Мерседес багт харьяалагддаг тэрээр мэргэжлийн карьераа ердөө өнгөрсөн жил л эхлүүлсэн. Тэрээр хамгийн сүүлийн Мексикийн гараанд 3-р байр эзэлж, хойноо явж байсан Ж.Рассель, Л.Хэмилтон нарт гүйцэх боломж олгосонгүй. К.Антонелли Италиас төрсөн Ф1-ийн гурав дахь, 1953 оноос хойшхи анхны аварга болжээ.

3. Tesla Cybertruck-ийн үйлдвэрлэлээ зогсооно. 2023 онд худалдаанд гарч байсан Cybertruck-ийн борлуулалт таамаглаж байснаас бага байгаа нь уг шийдвэр гарах үндэслэл болжээ. И.Маскийн хамгийн дуртай төсөл гэж тодорхойлогдсон уг машин хамгийн анх 2019 онд зарлагдаж, Tesla-ийн хамгийн алдартай загварын нэг болж чадсан юм. Tesla тус машины оронд 2 суудалтай Cybercab робот таксиг үйлдвэрлэнэ гэв.
4. Хойд Америкийн зах зээлд жилийн борлуулалтаараа 7-р байрт бичигддэг аварга компани CVS зохицуулагч байгууллагуудын шаардлагаар компаниа хоёр хуваахаар болжээ. Тэд 2028 оны эхний хагаст багтаан 9000 гаруй салбартай эмийн сангийн бизнесээ салган, нээллтэй компаниар бүртгүүлнэ гэнэ. Харин нөгөө талд нь даатгал болон эм зүйн зөвлөх үйлчилгээний бизнесээ CVS Health нэрийн дор авч үлдэх болжээ. 2025 онд CVS-ийн борлуулалтын орлого 400 тэрбум доллар байжээ.
5. Wonder нээлттэй компани болно. Америкийн хоол хүргэлтийн зах зээлд цахиур хагалж буй Wonder 9 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Тус компанийг дижитал технологийн хамгийн амжилттай үүсгэн байгуулагчдын нэг М.Лор эхлүүлсэн. Түүний хувьд өмнө нь Jet.com, Diaper.com зэрэг юникорн бизнесүүдийг эхлүүлж байснаараа алдартай. Wonder хамгийн сүүлд гал тогооны автоматжуулалтын компани Spyce-ийг худалдаж авч, робот гал тогоог шинэ шатанд хүргэх амбицтай байгаагаа илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл бичих

