1 гол сэдэв
Юу болов?
“Zootopia 2”-ийн орлого $1 тэрбумд хүрчээ. Disney-ийн уг анимэйшн ердөө 17 хоногийн дотор уг амжилтад хүрсэн нь түүхэн дээд амжилт болжээ. Уг бүтээл нээлтийн долоо хоногтоо 559 сая долларын орлого олсон нь бокс оффисын түүхэнд Avengers, Spider-Man-ийн ард л бичигдэх амжилт болсон удаатай.
Яаж?
Тэдний энэ амжилтад Хятадын зах зээл маш том нөлөө үзүүлэв. “Zootopia 2” зөвхөн тус зах зээлээс 430 сая долларын орлого олжээ. 2 жилийн өмнө Шанхайн Диснейландад “Zootopia Land” нээгдсэн нь фенүүдийн тоог огцом нэмсэн нь гарцаагүй.
Юу гэсэн үг вэ?
Сонирхуулахад, түүхэнд ердөө 13 анимэйшн л 1 тэрбумаас дээш орлого олж байсан гэнэ. Тэдгээрийн 10-ыг нь Disney бүтээжээ.
2 том тоо
1 - Өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Pluribus” Apple TV-ийн түүхэнд хамгийн их үзэлттэй цуврал болжээ. Уг цувралыг “Breaking Bad”-аараа алдаршсан В.Гиллиган бүтээсэн юм.
2 - Л.Месси MLS-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор хоёр жил дараалан тодорлоо. Тэрээр энэ жил Интер Майами клубынхээ хамтаар MLS-ийн аваргаар анх удаа тодорсон билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Тайландын парламент таржээ
- Тайландын шинэхэн ерөнхий сайд А.Чарнвиракул Камбожийн хил дээрх мөргөлдөөн дахин сэдэрсэнтэй холбоотойгоор уг шийдвэрийг гаргажээ. Тэрээр 60 хоногийн дотор сонгууль явуулна хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн 7-р сард АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын зуучлалаар Камбож, Тайланд энхийн гэрээг байгуулж байсан удаатай.
- Гэвч өнгөрсөн мягмар гарагт хилийн зурвасын орчимд талууд дахин сөргөлдөж, Тайландын талаас гал нээж, 7 энгийн иргэний аминд хүрсэн халдлага болжээ. Үүнд Камбожийн тал ихэд дургүйцэж, шаардлагатай бүх төрлийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.
- Ердөө 3 сарын өмнө үүрэгт ажилдаа орсон А.Чарнвиракулын хувьд үүнээс гадна өмнөд хэсэгт тохиосон байгалийн гамшигтай мөн тэмцэх ажлыг удирдаж байна. Уг үерт 176 хүн амиа алдаж, тэрбум долларын хохирол эдийн засагт учраад байгаа ажээ.
II. “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшигчид тодорлоо
- 82 дахь удаагийн наадам ирэх оны 1-р сарын 11-нд явагдах хуваарьтай. 2025 оны шагналын улирлын хамгийн анхаарал татдаг наадамд нэр дэвшигчдийн нэр ил боллоо. Алдарт Л.Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “One Battle After Another” нийт 9 төрөлд нэр дэвшсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Тэд бүх жүжигчдийн ангилалд өрсөлдөх түүхэн дэх ердөө 6 дахь бүтээл болжээ.
- Норвеги улсаас Оскарын шагналд нэр дэвшүүлээд буй “Sentimental Value” хэмээх кино 7 төрөлд өрсөлдөнө. Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд тэднээс гадна БНСУ-ын “No Other Choice” хүчтэй өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй байна. Телевизийн цувралуудаас “The White Lotus”, “Adolescence” хамгийн олон төрөлд өрсөлдөх болжээ. Сонирхуулахад, энэ жил анх удаа “Шилдэг подкаст”-ын шагналыг олгоно.
- Шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд М.Жордан (Sinners), Д.Жонсон (The Smashing Machine), Ж.Вайт (Springsteen) нар нэр дэвшив. Харин шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд Ж.Лауренс (Die My Love), Ж.Робертс (After The Hunt), Т.Томпсон (Hedda) нар өнгөлж байна. Анимэйшн төрөлд Netflix-ийн зуны хит “Kpop Demon Hunters” болон “Zootopia 2” гол өрсөлдөөнийг үзүүлэх төлөвтэй байна.
III. “App Store Awards”-ийн шилдгүүд зарлагдлаа
- Apple-аас жил бүр “App Store”-ийн хамгийн шилдэг апп-уудыг тодруулдаг уламжлалтай. Тэд энэ жил нийт 17 апп-ыг технологи, дизайн болон нийгэмд үзүүлсэн нөлөөг нь харгалзан нэрлэжээ.
- iPhone-ийн шилдэг апп: Tiimo (хийх ажлын жагсаалт төлөвлөгч), iPad-ийн шилдэг апп: Detail (AI видео эвлүүлэгч), Mac-ийн шилдэг апп: Essayist (Академик бичлэгийн туслах), Watch-ийн шилдэг апп: Strava (эрүүл мэндийн туслах апп)
- iPhone-ийн шилдэг тоглоом: Pokemon TCG Pocket iPad-ийн шилдэг тоглоом: DREDGE Mac-ийн шилдэг тоглоом: Cyberpunk 2077 Шилдэг нөлөө үзүүлсэн апп: Art of Fauna, Chants of Sennaar, despelote
4 мэдүүштэй зүйл
Огцорсон засаг: Болгарын засгийн газар огцорлоо. Тус улсад 11-р сарын 26-аас эхлэн үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал улам бүр олныг хамрах болж, улмаар ерөнхий сайд Р.Желязков өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ. Тэрээр энэ шийдвэрийг өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явагдахын өмнөхөн гаргажээ. Болгарын ард иргэд 2026 оны төсвийн төсөлд татвар нэмэх заалт орж ирсэнд дургүйцэж, гудамжинд нэгдсэн нь энэ. Хэд хэдэн эх сурвалжууд уг жагсаалыг залуус манлайлж оролцлоо хэмээн мэдэгджээ. Сонирхуулахад тус улс 2026 оноос эхлэн Евро бүсэд нэгдэж байгаа билээ.
Төлөвлөөгүй сонгууль: Украйны ерөнхийлөгч В.Зеленски сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ирэх 60-90 хоногт сонгууль зохион байгуулах боломжтой гэж мэдэгдэв. АНУ-ын талаас дайныг зогсоох энхийн төлөвлөгөөнд ардчилсан сонгууль явуулах шаардлагыг тавиад байгаа. Зеленскигийн хувьд Америкийн зүгээс сонгуулийн үеэрх аюулгүй байдалд баталгаа гаргаж өгвөл ерөнхийлөгчийн сонгууль явуулахад асуудалгүй хэмээн анх удаа мэдэгдсэн нь энэ.
Шинэ шил: Google 2026 онд багтаан AI-д суурилсан ухаалаг шилээ худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Энэ хүрээнд тэд Samsung, Gentle Monster, Warby Parker зэрэг компаниудтай хамтран ажиллаж байгаа ажээ. Сонирхуулахад, тэд өнгөрсөн тавдугаар сард залуучуудын дунд нэр хүндтэй шилний брэнд Warby Parker-т 150 сая долларын хөрөнгө оруулаад байгаа билээ. Ухаалаг шилний зах зээл дээр Google цоо шинэ тоглогч биш. Тэд аль 10 жилийн өмнө Google Glass нэртэй төхөөрөмжийг гаргаж байсан ч бүтэлгүйтэж байсан удаатай. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Meta энэ зах зээлд тэргүүлэх болж, Snap, Alibaba зэрэг компаниуд шинэ бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийг улам бүр татах болсон юм.
Аварга санхүүжилт: Энэтхэг улс 2 өдрийн дотор 52 тэрбумын хөрөнгө оруулалт татав. Эхлээд Microsoft тус улсад 17.5 тэрбум долларын хөрөнгө оруулж байгаагаа зарласан. Энэ бол тэдний хувьд Ази тивд олгож буй хамгийн том санхүүжилт юм. Энэ мэдээг тус улсын ерөнхий сайд Н.Моди Microsoft-ийн CEO С.Наделлаг хүлээн авч уулзсаныхаа дараа зарлажээ. Хөрөнгө оруулалт ирэх 3 жилийн туршид үргэлжлэх бөгөөд тус улсын AI дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулагдана гэв. Харин дараахан нь Amazon 2030 он хүртэл нийт 35 тэрбумыг Энэтхэгт зориулна гэдгээ мэдэгдсэн юм. Энэ хүрээнд тэд клоуд, хиймэл оюуны зах зээлд 1 сая ажлын байрыг шинээр бий болгож, 15 сая аж ахуйн нэгжид хүрч ажиллах зорилго тавьжээ.
5 сонин хачин
1. Time сэтгүүл “Оны онцлох хүн”-ээ зарлалаа. 1928 оноос хойш жил бүр зарлаж буй уг шалгаруулалт энэ жилийн тухайд Time-ийн редакц “AI-ийн бүтээгчид”-ийг онцолжээ. Тэд “айсуй цагийг өөрчилж, боломжтой зүйлсийн хил хязгаарыг давсан технологи” хэмээн AI-ийн нөлөөг тодотгожээ. Сэтгүүлийн ковер хуудсыг 1932 оны Америкийн ид бүтээн байгуулалтын үеэр барилгачид баригдаж буй байшин дээрээ өдрийн хоолоо идэж буй зургаас сэдэвлэн бүтээсэн байна. Зурганд М.Цукерберг (Meta), Л.Су (AMD), И.Маск (Tesla), Ж.Хуанг (Nvidia), С.Алтман (OpenAI), Д.Хассабис (Google), Д.Амодей (Antrophic), Ф.Ли (World Labs) нар багтжээ.

2. Google Translate-ийн шууд орчуулга идэвхжлээ. Хамгийн олон хэрэглэгчтэй орчуулгын апп одоо 70 хэл дээрх яриаг шууд чихэвчинд орчуулах чадвартай болжээ. Өмнө нь энэ нэмэлт зөвхөн Pixel Buds-д л ажилладаг байсан бол одоо дурын ухаалаг чихэвчтэй хослох гэнэ. Эхний ээлжинд Android хэрэглэгчид уг нэмэлтийг турших боломжтой аж.

3. Дэлхийн хамгийн том стэйблкойн USDT-ийг гаргагч Tether Италийн хамгийн амжилттай клубүүдийн нэг Ювентусыг худалдаж авахыг хүсэж байна. Тэд тус клубын 65%-ийг 1.1 тэрбум еврогоор үнэлэн саналаа илгээжээ. Сонирхуулахад, тус компанийн CEO П.Ардоино Ювентусын үнэнч фен бөгөөд энэ оны эхээр тус клубын 11.5%-ийг худалдаж аваад байсан юм. Зөвхөн 2024 онд 13 тэрбум долларын ашигтай ажилласан Tether-ийн хувьд клубын хөгжилд зориулан 1 тэрбум еврог нэмж зарцуулах амлалтыг өгчээ.

4. Ford, Renault хүчээ нэгтгэнэ. Тэд 2028 оноос эхлэн Европын зах зээлд хямд үнэтэй, цахилгаан хөдөлгүүртэй машин бүтээх төслийг хамтран хэрэгжүүлэх болжээ. Талууд Хятадад үйлдвэрлэгдсэн хямд үнэтэй автомашины эсрэг технологи, ложистикийн сүлжээгээ нэгтгэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Renault-ийн хувьд цахилгаан хөдөлгүүр, батарейн технологио Ford-ийн дизайн, жолоодлогын нөү-хаутай хослуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

5. Disney OpenAI-тай гэрээлэв. Хамтын ажиллагааны хүрээнд Disney хамгийн алдартай 200 гаруй дүрийг OpenAI-д ашиглуулахыг зөвшөөрсөн байна. Үүнд, Marvel, Star Wars, Pixar-ийн баатрууд багтжээ. OpenAI-ийн хувьд саяхан гаргасан Sora апп-аа идэвхжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд лицензийн төлбөр төлөх гэнэ. Энэ бол хиймэл оюуныг сургахдаа зохиогчийн эрх зөрчсөн хэмээн олон медиа компани, контент бүтээгчидтэй шүүхийн маргаан үүсгээд байгаа OpenAi-ийн хувьд том ялалт юм. Тэрчлэн Disney тус компанид 1 тэрбум долларын хөрөнгө оруулж, ChatGPT-ийг компани даяар нэвтрүүлэхээр болсон гэв.


Сэтгэгдэл бичих

