1 гол сэдэв
Юу болов?
Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Оскар 2023"-т нэр дэвшигчдийн нэр тодорхой боллоо. "Everything Everywhere All At Once" нийт 11 төрөлд, түүний дотор шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин зэрэг гол шагналуудад нэр дэвшиж бүх бүтээлүүдийг тэргүүллээ. Шилдэг кинонд нэр дэвшсэн “The Banshees of Inisherin” болон “All Quiet on the Western Front” тус бүр 9 төрөлд өрсөлдөнө.
Тэрчлэн...
Саяхан 2 тэрбум долларын босгыг давсан "Avatar: The Way of Water" визуал эффект, дууны найруулга зэрэг техникийн шагналуудад ялалт байгуулах магадлал өндөр. Тэднээс гадна энэ жилийн бокс оффисын гол дүрүүд болох "Top Gun: Maverick", "Black Panther: Wakanda Forever" бүгд шилдэг киноны төрөлд өрсөлдөх юм. Шилдэг анимэйшний төрөлд Netflix-ийн "Pinoccio", Universal-ийн "Puss in Boots" гол өрсөлдөөнийг үзүүлэх төлөвтэй байна.
Онцлох зүйлс юу байв?
Жүжиглэлттэй холбоотой дөрвөн төрөлд нийт 12 гадаад эрхэм нэр дэвшсэн нь дээд амжилт болов. Мөн 20 жүжигчнээс 16 нь анх удаа нэр дэвшсэн нь ч рекорд болжээ. С.Спилбергийн "The Fabelmans"-ийн хөгжмийг бичсэн домогт Ж.Уильямс 90 насандаа 53 дахь удаагаа Оскарт нэр дэвшиж, хамгийн ахмад өрсөлдөгч болсноос гадна бүх цаг үеийн жагсаалтад У.Диснейн ард л бичигдэх болов. 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-нд явагдана.

2 чухал тоо
2 - Meta компани АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампын фэйсбүүк болон инстаграм хуудсын эрхийг сэргээж байгаагаа зарлалаа. Тус компани 2 жилийн өмнө Капитолын ордонд болсон халдлагыг өдөөж, турхирсан хэмээн түүний аккоунтыг хаагаад байсан билээ. Гэхдээ энэ хооронд Truth Social нэртэй өөрийн сошиал платформоо нээгээд амжсан Д.Трамп уг платформуудад эргэж ирэх эсэх нь тодорхойгүй байна.
22 - Сербийн домогт теннисчин Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээнд 10 дахь удаагаа түрүүллээ. Мөн тэрээр их дуулгын 22 дахь түрүүгээ хүртсэнээр Р.Надалийн дээд амжилттай зэрэгцэв. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Беларусийн тамирчин А.Сабаленко түрүүлж, карьерын анхны их дуулгаа хүртжээ.
Trailblazers ???????????????????? https://t.co/zM2NcAffnA
Sun Jan 29 12:40:31 +0000 2023
3 онцлох өгүүлбэр
I. Мөхлийн цагийн зүүг тохирууллаа
- Хүн төрөлхтөн мөхөх хугацааг бэлгэддэг уг цагийн зүү сүүлчийн өдөрт буюу шөнө дундад хүрэхэд 90 секунд үлдсэнийг зарлалаа. Энэхүү бэлгэдлийн цагийг түүхэн тохируулга хийхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Украины дайн. Гэхдээ үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, цар тахал зэрэг бусад олон хүчин зүйл нөлөөлж байгааг онцолжээ.
- 1947 оноос анхлан зарласан уг цагийг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан жил бүр тохируулж хөдөлгөдөг. Анхлан шөнө дундаас 7 минутын зайтай эхэлсэн цагийн зүү энэ хугацаанд 17 удаа урагшилж, 8 удаа хойшилж байжээ.
- Уг тохируулгыг Нобелийн шагналтнууд, эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд бүхий зөвлөл жил бүр хуралдаж хийдэг. Энэ жилийн зөвлөлд Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтаж, олон нийтэд танилцуулах арга хэмжээнд оролцсон нь онцлохуйц байв.
II. Монгол Улсын Ерөнхийлөгч анхны хоригоо тавилаа.
- Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл ердөө 48 цагийн дотор өргөн баригдаж, батлагдсан нь анхаарлыг татав. Уг хууль нь сошиал орчинд хүний эрхийг зөрчиж, хэрэглээнд хязгаарлалт тавих, цаашлаад харилцаа холбоог таслах боломжийг эрх баригчдад олгож байснаараа шүүмжлэлд өртөөд байсан юм.
- Тэгвэл уг хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьж байгааг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ажлын албанаас мэдэгдлээ. Үүний өмнөхөн Мета компанийн албан ёсны эх сурвалж уг хуулийн төсөл боловсруулах үйл явцад тус компани оролцсон гэдэг нь худлаа гэдгийг батлаад байсан юм.
- Хүний эрхийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд уг хуульд заагдсан зарим эмзэг асуудлуудад олон оролцогч талуудын дуу хоолойг сонсож, олон талаас нь хэлэлцэх ёстойг сануулсаар байгаа. Цаашдаа энэ үйл явц хэрхэн өрнөх нь сонирхол татсан хэвээр байна.
III. Хиймэл оюуны үнэмлэхүй амжилт үргэлжилсээр
- OpenAI-ийн бүтээсэн ChatGPT бизнесийн менежмент болон анагаахын сургуулийн шалгалтыг давсан байна. Шалгалтын туршилтыг хийсэн багийнхан уг AI зарим энгийн асуултад алдаа гаргаж байсан ч шинжлэн боловсруулах төрлийн даалгаврыг "маш амжилттай" гүйцэтгэж байсныг онцолжээ.
- Үүнтэй зэрэгцэн дижитал медиагийн гол төлөөлөгчдийн нэг Buzzfeed Open AI-тай албан ёсны түншлэл үүсгэж, хиймэл оюуны тусламжтайгаар шинэ контент, мэдээ бүтээнэ гэдгээ зарлалаа. Энэ мэдээний дараа тус компанийн хувьцааны үнэлгээ бараг 30%-аар өсчээ. Тэднээс гадна одоогоор CNET, Medium зэрэг платформууд ChatGPT-г ашиглаж эхлээд байгаа билээ.
- Shutterstock энэ долоо хоногт өөрийн хиймэл оюунд суурилсан зураг бүтээгч хэрэгслээ зарлалаа. Ингэснээр хэрэглэгч өөрийн хүссэн зургаа текстээс бүтээж, улмаар түүнийгээ борлуулж, өмчлөх эрхтэй болох юм.
4 мэдүүштэй зүйл
Автомат удирдлага: Mercedes-Benz АНУ-ын нутаг дэвсгэрт гуравдугаар түвшний автомат жолоодлогын эрх авсан анхны брэнд боллоо. Эхний ээлжинд Невада мужид олгогдсон эрхийн хүрээнд жолооч хүрдний ард сууж байгаагаа нүүр танигч технологийн тусламжтайгаар баталгаажуулсан тохиолдолд уг тохиргоо идэвхжих учиртай. Мөн машин хамгийн ихдээ 70 км/цаг хүртэл хурдлах боломжтой байх гэнэ.
Цэвэр такси: Нью Йорк дуудлагын таксины үйлчилгээ үзүүлэгч Uber, Lyft-ийг 2030 он гэхэд байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж, нүүрстөрөгчийн ялгаралгүй болох шаардлагыг хүргүүллээ. Зөвхөн энэ бүсэд 100 мянга гаруй хэрэглэгчтэй эдгээр компаниуд шат дараатайгаар энэ зорилтод хүрэх төлөвлөгөөгөө танилцуулах ёстой болжээ.
Дугуйн зогсоол: Амстердам хот 65 сая долларын өртөг бүхий усан доорх дугуйн зогсоолоо нээлээ. Тус хотын нийт хүн амын 35% нь өдөр тутам дугуй унадаг бөгөөд байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэглээг өдөөх үүднээс ийм бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Төв буудлын дор орших уг зогсоол 7000 дугуй багтаамжтай бөгөөд өдрийн төлбөр нь 5000 төгрөг орчим байх аж.
Хакеруудыг хакердагч: АНУ-ын хууль сахиулагчид дэлхийн 80 гаруй орны 1500 орчим байгууллага, хувь хүний сүлжээнд халдаж, хяналтаа тогтоогоод байсан Hive нэртэй хакерын бүлгийг зогсоосноо зарлалаа. Герман, Нидерландын хүчний байгууллагатай хамтран ажилласны хүрээнд тэд сөрөг хакерын ажиллагаа явуулж, 130 гаруй сая долларын төлбөр нэхэж, царцаагаад байсан сүлжээ, файлуудыг чөлөөлжээ.
The garage is quite spectacular! https://t.co/IB0AkbJvry… https://t.co/IB0AkbJvry
Wed Jan 25 11:56:51 +0000 2023
5 сонин хачин
1. "Avatar 2" нийт 2.1 тэрбум долларын орлогоор бүх цаг үеийн жагсаалтад "Star Wars: The Force Awakens"-ийг гүйцэж, дөрөвт бичигдэх болов. Тэд бокс оффисыг 7 дахь долоо хоногтоо дараалан тэргүүлж байгаа нь энэ. Жагсаалтын 2-р байрт дэлхий даяар 340 сая долларыг цуглуулаад байгаа "Puss in Boots 2" дахин бичигджээ. Харин 3-р байрт Т.Хэнксийн гол дүрийг нь бүтээсэн "Man Called Otto" жагсав.
2. Google текстийг хөгжим болгон хувиргах чадалтай хиймэл оюуныг танилцууллаа. MusicLM нэртэй уг AI-д төрөл жанр, уур амьсгал, хөгжмийн зэмсгийг үгээр тодорхойлоход хариу болгон бүтээсэн 30 секундын урттай жишээг тэд ил болгожээ. Гэхдээ уг AI-ийг хэзээ нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх нь тодорхойгүй байна.
whoa, this is bigger than ChatGPT to me. google almost solved music generation, i'd say. https://t.co/s9PQaJ5R6A
Fri Jan 27 03:12:36 +0000 2023
3. TikTok хэрэглэгч хоорондоо чөлөөтэй хувийн мессеж илгээдэг функцээ боловсронгуй болгон шинэчилж байна. Одоо хэрэглэгчид хэнээс ч мессеж хүлээн авах боломжтой болсноос гадна мессеж тохиргоог бүрэн эсвэл хэсэгчлэн хаах сонголттой болжээ. Зарим шинжээчид үүнийг энтертэйнмент платформоос сошиал руу шилжих эхний оролдлого боллоо хэмээн дүгнэж байна.
TikTok’s pushing its expanded DM options https://t.co/n0UJvn5LJm https://t.co/wHXMNWcras
Thu Jan 26 19:41:52 +0000 2023
4. Microsoft өөрийн үндсэн веб хөтөч Edge-ийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс олон шинэлэг нэмэлт туршсаар байгаа. Тэгвэл энэ удаад тэд дэлгэцээ хоёр хувааж, өөр өөр сайт дуудаж, зэрэг ажиллах боломж олгох үйлдлийг нэвтрүүлж байна. Энэ нь хэрэглэгчдэд хоёр дэлгэц зэрэгцүүлэн илүү бүтээмжтэй ажиллах боломж олгоно гэж тэд найдаж байна.

5. 10 сая гаруй хувь борлуулагдсан "The Last of Us" видео тоглоомоос сэдэвлэсэн телевизийн цуврал дэлхийг байлдан дагуулж байна. HBO-ийн мэдээлснээр тус цувралын 2-р ангийн шууд үзэлт эхний ангийнхаас 22%-аар нэмэгдэж, 5.7 саяд хүрсэн нь түүхэн дэх дээд амжилт болсон байна. Эхний ангийг одоогийн байдлаар 18 сая хэрэглэгч үзсэн нь "Game of Thrones"-оос хойшхи хамгийн том амжилт болоод байгаа билээ.
10 унших мэдээ
Анхаарах: Мемфист цагдааг эсэргүүцсэн жагсаал болж байна /CNN/
Анзаарах: M&M-ийн "дүр" тэтгэвэртээ гарав /Morning Brew/
Сорих: Интернет шатрын хамгийн том өрсөлдөгч муур /WSJ/
Тоглох: Xbox-ийн 2023 оны төлөв /IGN/
Ойлгох: Яагаад технологийн компаниуд цомхотгол хийх болов? /The Verge/
Аврах: Канадын лидерүүдийн хорогдох байр /NYTimes/
Ухаарах: Мэри Кондо бууж өгөв үү? /Variety/
Түгших: Иранд дроны дайралт боллоо /BBC/

Сэтгэгдэл бичих

