1 гол сэдэв

Юу болов?

Монголчууд сонголтоо хийлээ. 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль явагдаж, нийт сонгогчдын 69.3% нь саналаа өгч, бид 9 дэх парламентийн гишүүдээ сонголоо. Энэ удаагийн сонгууль анх удаа өргөтгөсөн 126 гишүүнийг сонгож, бүсчилсэн тойргоор, холимог тогтолцооны хүрээнд явагдсан. Нийт 19 нам, 2 эвслийн 1300 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн сонгуулийн дүнд сүүлийн 8 жил эрх барьсан Монгол Ардын Нам дахин ялалт байгууллаа.

Гэхдээ...

Тэд энэ удаагийн сонгуульд ялимгүй олонх буюу 68 гишүүнтэйгээр ялалт байгуулж байна. Өмнөх 2 сонгуульд илт давуу ялж байсан тэд нийт сонгогчдын 35%-ийн саналыг авч жагсаалтаас 18 нэр дэвшигчээ илгээх эрхтэй болов. Ардчилсан Намын хувьд 30%-ийн санал цуглуулж, 16 гишүүнээ жагсаалтаар оруулах болсон нь өмнөхөөс ахисан үзүүлэлт болов. Тус нам нийт 42 гишүүнтэй боллоо. Өмнө ганц гишүүнтэй байсан ХҮН Нам одоо 8 суудалтай болсон бол ИЗНН 2016 оноос хойш анх удаа парламентад эргэн ирж, нийт 4 суудалтай боллоо. Экс гишүүн, сайд Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвсэл 5%-ийн босгыг давж, мөн 4 суудалтай болов.

Одоо яах вэ?

Хангай болон Говийн бүсээс бусад бүх бүс, дүүрэгт ялалт байгуулсан МАН-ын хувьд засгийн газраа байгуулах, УИХ-ын даргаа сонгох ажил хүлээж байна. Харин АН, ХҮН-ийн хувьд засгийн газарт эвсэж орох эсэх томоохон шийдвэр гаргах учиртай.

2 чухал тоо

2.000.000.000.000 - Amazon-ийн үнэлгээ анх удаа 2 их наядыг давлаа. Хамгийн анх 2020 онд 1 их наядын клубт элсэж байсан тус компанийн клоуд үйлчилгээний бизнесийн амжилт энэ өсөлтөд хамгийн өндөр нөлөө үзүүлж буй. Он гарснаас хойш Amazon-ийн хувьцааны ханш 27 хувиар өсөөд байгаа гэнэ.

1.054.000.000- Pixar-ийн "Inside Out 2" 1 тэрбум долларын орлогод хамгийн хурдан хүрсэн анимэйшн боллоо. Мөн өнгөрсөн зуны Barbie-аас хойшхи ийм амжилтад хүрсэн эхний кино болсон байна. Pixar-ийн хувьд 2019 оноос хойш хагас тэрбумын босгыг давж чадаагүй байсан юм.

3 онцлох өгүүлбэр

I. АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн анхны мэтгэлцээн явагдлаа.

- CNN-ийн зохион байгуулсан эхний мэтгэлцээнд Д.Трамп илүүрхсэн хэмээн санал асуулгад оролцогсдын 67% нь үзсэн байна. Д.Трамп гадаад бодлого, дүрвэгсдийн асуудал дээр илүү оноо авсан бол Ж.Байден зарим асуултаа дуусгаж чадалгүй, гацаж түгдэрч, дутуу орхих зэргээр оролцсон нь зарим экспертүүдийн санааг зовоож эхлэв.

- Өдгөө 83 настай Ж.Байден дахин сонгогдоход эрүүл мэндийн асуудал нь хамгийн том сорилт болох нь гарцаагүй боллоо. Тэрээр энэ амралтын өдрүүдээр гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаж, кампанит ажлаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэх тухай яриа гарав. Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд дунд түүнийг солих хүртэл асуудал хөндөгдсөн ч төдийлэн газар авахгүй хэвээр л байна. Сонгууль явагдахаас 4 сарын өмнө нэр дэвшигчээ сольж байсан тохиолдол өмнө нь ганцхан удаа л тохиож байжээ.

- Энэ удаагийн мэтгэлцээнийг нийт 51 сая үзэгч шууд үзсэн нь 2020 оныхоос 30 орчим хувиар буурсан үзүүлэлт байв. Дараагийн мэтгэлцээн 9-р сард ABC-ээр цацагдана.


II. Figma-ийн Config эвент явагдлаа.

- Энэ удаагийн арга хэмжээгээр Figma зөвхөн дизайнеруудын ашигладаг платформ бус бизнес эрхлэгчид, менежерүүдэд чиглэсэн болон өргөжих амбицтай байгаагаа илэрхийллээ. Шинэчлэгдсэн UX/UI нь ч илүү хэрэглэхэд хялбар, энгийн болоход чиглэгджээ.

- Хиймэл оюун дараагийн гол шинэчлэл нь байлаа. Тэд хэрэглэгчдэд эхний дизайны драфтаа AI ашиглан гаргах боломжийг олгохыг зорих болсон. Энэ хүрээнд AI-ийн тусламжтайгаар апп, вебийн дизайн гаргах, зураг, постероо эхлүүлэхээс эхлээд имэйлийн драфт бичүүлэх хүртэл боломжтой болжээ.

- Үүнээс гадна тэд Figma Slides нэртэй танилцуулга хийх шинэ функцээ танилцууллаа. Дизайнеруудын дунд Figma-г ашиглаж презентац ашиглах нь энгийн зүйл хэдий ч Google Slides, Canva-тай харьцуулахад хэрэглээ бага байсан. Тэд хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ хэрэглэгчид татах зорилготой алхам хийж байгаа нь энэ юм.


III. Жулиан Ассанж суллагдлаа.

- Wikileaks-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британийн шоронд 1901 хоногийг өнгөрүүлсний эцэст суллагдлаа. Тэрээр улсын нууцыг задруулсан хэргээ хүлээн зөвшөөрч, шоронд хэдийнээ өнгөрүүлсэн хугацаандаа ялаа эдэлсэнд тооцуулах болсон байна. Тэрээр өөрийн төрөлх нутаг Австралидаа хэдийнээ иржээ.

- Ж.Ассанж 2010 онд Wikileaks-ийг нээж, АНУ-ын засгийн газрын Афганистан Иракийн дайнд явуулж буй бодлоготой холбоотой 700 мянга гаруй нууцын зэрэглэл бүхий файлыг ил болгосон. Түүнд мэдээлэл дамжуулсан Ч.Маннинг 2013 онд 35 жилийн хорих ялаар шийтгүүлж, Ж.Ассанж харин Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд 6 жил орчим хорогдож байсан билээ.

- Энэ хугацаанд Ж.Ассанж чөлөөт хэвлэл, иргэдийн үг хэлэх эрх чөлөөний бэлэг тэмдэг болж, Wikileaks сайтаараа дамжуулж бусад улс орны засгийн газрын нууцын зэрэглэлтэй асуудлуудыг ил болгосоор ирсэн юм.

4 мэдүүштэй зүйл

Сарны дээж: Хятад улс сарны цаад талаас цуглуулсан дээжээ эх дэлхийд амжилттай газардууллаа. Энэ бол хүн төрөлхтөн анх удаа сарны алслагдсан хэсгээс дээж авчирч, мэдээлэл цуглуулах боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Хийн татвар: Дани улс дэлхийд анх удаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үхэрт татвар оногдуулах шийдвэр гаргалаа. Хөдөө аж ахуй салбар, тэр дундаа фермийн аж ахуй хүлэмжийн хийн ялгаруулалт өндөртэйд тооцогддог. Нэг үхэр жил дунджаар 6м3 хүлэмжийн хийг ялгаруулдаг гэсэн статистик дээр үндэслэн Дани улс 2030 оноос эхлэн жилд ойролцоогоор 100 долларын татвар тооцох болжээ.

Жолоочгүй машин: Toyota 2025 оноос эхлэн Хятад улсад жолоочгүй машинаа нэвтрүүлэх болсноо зарлалаа. Тэд төрийн өмчит гол үйлдвэрлэгчдийн нэг GAC -тай хамтран Bozhi 3X нэртэй загвараа замд гаргах ажээ. Toyota Хятадын зах зээл дэх борлуулалтаараа 5-д жагсдаг.

Станц тээвэрлэгч: NASA 2030 онд Олон Улсын Сансрын Станцын үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээнд тэд SpaceX-д 843 сая долларын төсөвтэй станцыг аюулгүй буулгах ажлыг олгосон байна. 24 жилийн өмнө анх нээгдсэн уг станц 3000 гаруй туршилтыг хийж, хүн төрөлхтний сансрыг эзэмших мөрөөдлийн гол эхлэх цэг нь болсон билээ.

5 сонин хачин

1. "A Quiet Place: Day One" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 98 сая долларын орлого оллоо. Хэдий бокс оффисыг Inside Out 2 тэргүүлсэн хэвээр байгаа ч Paramount-ийн хувьд тус франчайзын өмнөх 2 ангийн амжилтаас давсан үзүүлэлт юм. Тэдний ард К.Костнерийн гол дүрийг нь бүтээсэн, 100 сая долларын өртөгтэй "Horizon" бичигдсэн байна.

2. Google Translate шинээр 110 хэлийг орчуулах чадвартай болсноо зарлалаа. Кантон, Хинди зэрэг түгээмэл ашиглагддаг хэлнүүдээс гадна Африк, Өмнөд Америк, Кавказ бүсийн нийт 800 гаруй сая хүнд хэрэглэгддэг хэлүүд шинээр нэмэгдсэн нь энэ. Ингэснээр Google Translate нийт 244 хэлийг дэмждэг болжээ.

3. Apple 2025 онд гаргах шинэ AirPod-ийг IR камертай бүтээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ нь Apple-ийн бусад төхөөрөмжид ашиглагддаг Face ID болон Vision Pro-д хэрэглэгдэж буй AR орчныг үүсгэхэд дэмжлэг болох учиртай юм.

4. Volkswagen жолоочгүй машины салбарт тэргүүлэгчдийн нэг Rivian-д 5 тэрбум долларын хөрөнгө оруулах боллоо. Тэд жолоочгүй машинд зориулсан програм хангамжийг бүтээх хамтарсан компани байгуулж, 50-50%-аар эзэмших болсон байна. Сонирхуулахад, Rivian-ийн гол хөрөнгө оруулагч нь Amazon билээ.

5. Австрийн нийслэл Вена хот "Амьдрахад хамгийн таатай хот"-оор нэрлэгдлээ. The Economist-ийн гаргасан жагсаалтын дараагийн байруудад Копенхаген, Цюрих, Мельбурн, Калгари, Женев хотууд бичигджээ. Ази тивээс Японы Осака хот 9-р байрт бичигдэж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн байна.

10 унших мэдээ

Гайхах: Perplexity-ийн скандал /Wired/

Дурсах: Баркод 50 жилийн өмнө үүсчээ /Morning Brew/

Үзэх: 2024 оны шилдэг кинонууд /Variety/

Турших: Apple, Google, Microsoft юу зарлав? /Techcrunch/

Мэдэх: OpenAI Time-тай гэрээллээ /OpenAi/

Аялах: Сингапур хамгийн хүчирхэг пасспорттой /SCMP/

Хүлээх: Уимблдоны өмнө /BBC/

Тайлбарлах: Web3 бол ирээдүй /Vox/

Анхаарах: Макроны нам ялагдаж байна /Al Jazeera/

Ойлгох: Boeing-ийг гэм буруутайд үзэх үү? /Reuters/