1 гол сэдэв

Европын Холбоо нэг стандартын цэнэглэгчтэй байхыг хүсэж байна.

Юу болов?

Европын Холбоо нийт ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчдийг ижил төрлийн цэнэглэгч ашиглах хуулийн төслийг танилцууллаа. Хэрвээ энэ төсөл батлагдвал гар утас, таблет, чихэвч, камер, видео тоглоом үйлдвэрлэгчид бүгд утастай цэнэглэгчийн оролтоо USB-C рүү шилжүүлэх шаардлагатай болох юм. Шинжээчид Европын парламентын гишүүд энэ журмыг дэмжих нь гарцаагүй хэмээн үзэж байна.

Яагаад?

Хууль тогтоогчид энэ шийдвэр нь эмх замбараагүй хэрэглээг цэгцэлж, хэрэглээг хялбарлахаас гадна электрон хог хаягдлыг үлэмж бууруулах байгаль орчны нөлөөг нь тодотгож буй. Тэд үйлдвэрлэгчдэд технологийн шилжилт хийх 24 сарын хугацаа олгох бололтой. Ташрамд дурдахад, 2009 онд Европын Холбооноос ижил арга хэмжээ авч, нийтлэг цэнэглэгч портыг үйлдвэрлэгчдээс шаардсаны хүчинд тухайн үед хэрэглэгдэж байсан 30 гаруй төрлийн стандарт гурав болтлоо буурч байсан билээ.

Хэнд нөлөөлөх вэ?

Энэ шийдвэрийн хамгийн гол ялагдагч нь "Lightning" оролтыг ашиглаж буй Apple болох төлөвтэй байна. Европын Холбооны тооцоогоор нийт хэрэглэгчдийн 29% нь "USB-C", 21% нь "Lightning"-ийг ашиглаж үлдсэн нь "Micro-USB" оролтыг хэрэглэдэг гэнэ. Apple-ийн хувьд энэ шийдвэрийг эсэргүүцэж, "инновацыг хязгаарласан" үйлдэл боллоо хэмээн буруутгав. Зарим эх сурвалжууд тэднийг энэ шийдвэртэй холбоотойгоор уг журам үл хамаарах утасгүй цэнэглэгч технологи руу бүрэн шилжих магадлалтай хэмээн үзэж байгаа билээ.

2 чухал тоо

18 - Өнгөрсөн баасан гарагт Монгол улсад коронавирусийн улмаас 18 хүн нас барсан нь түүхэн дээд үзүүлэлт болов. Одоогийн байдлаар ковидын халдварыг 292 мянган хүн авч, 1189 хүн амиа алдаад байна.

1,000,000,000 - Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассемблэй явагдаж, дэлхийн улс орнууд тогтвортой хөгжил, эрүүл мэнд, эдийн засгийн олон асуудлаар санал солилцов. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, 2030 он гэхэд Монгол улс 1 тэрбум мод тарих зорилготой байгаагаа зарлажээ.

3 онцлох өгүүлбэр

I. Microsoft намрын шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө зохион байгууллаа.

- Энэ өдрийн "гол дүр" нь лаптоп, таблетын олон хэрэглээг агуулсан "Surface Laptop Studio" хэмээх шинэ загвар байв. 1,600 доллараас эхлэн худалдаалагдах энэ премиум загвараа тэд "өөрсдийн бүтээсэн хамгийн хүчирхэг лаптоп" хэмээн онцлов. Тэрчлэн "Surface Pro 8" илүү том буюу 13 инчийн дэлгэцтэй болж, хамгийн их шүүмжлэлд өртөж байсан оролтын тоогоо 4 болгон нэмэгдүүлсэн нь ил болов.

- Өөр нэг анхаарал татсан төхөөрөмж нь "Surface Duo 2" байв. Хос дэлгэцтэй ухаалаг утасны зах зээлийн гол өнгө төрхийг тодорхойлж буй уг загвар нь бүрэн дэлгэгдсэн үедээ 11.6 инчийн дэлгэцтэй, 5G-г дэмждэг, гурван камертай болон шинэчлэгджээ. Үүнээс гадна хавтсандаа нимгэн, урт дэлгэцтэй болсноор хэрэглэгчид дуудлага, мессежийн мэдээллээ шууд харах боломжтой болсон нь "күүл" нэмэлт байлаа.

- Үүнээс гадна тэд Surface-ийн төхөөрөмжүүдтэй нийцэж ажилладаг ухаалаг балаа шинэчилсэн байна. "Surface Slim Pen 2"-ийн хувьд ажиллагаа нь илүү нягт болсноос гадна зөөврийн кэйборд дээр зориулалтын суурилуулагчтай болсон нь хэрэглээг улам таатай болгох нь гарцаагүй. Тэрчлэн тэд хараагүй, хөдөлгөөний хязгаарлалттай хэрэглэгчдэд зориулсан "Surface Adaptive Kit", далайн хаягдлаар дахин боловсруулж хийсэн мауз зэрэг нийгэмд чиглэсэн төслүүдээ зарлажээ.


II. Huawei-ийн CFO мянган хоногийн хорионы дараа нутаг буцлаа.

- 2018 оны арванхоёрдугаар сараас хойш Канадад саатуулагдаж, гэрийн хорионд сууж байсан Huawei-ийн CFO Мен Ваньжоу суллагдлаа. Тэрээр "эрх баригч намынхаа ачаар эх нутагтаа харьж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Өдгөө 49 настай Мен Huawei-г үүсгэн байгуулагч Рен Женфейн охин гэдгээрээ олны анхааралд өртөөд байсан билээ.

- Түүнийг Иран улсад оноосон хориг зөрчин хууль бус наймаа хийх гэж оролдсон, хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангасан, зарим худалдааны тэмдэгтийг хууль бусаар ашигласан зэрэг арав гаруй хэрэгт буруутгаж, АНУ-ын засгийн газарт шилжүүлэхийг шаардаад байсан юм. Мен санхүүгийн байгууллагад худал мэдээлэл өгч, эрсдэл үүсгэснээ хүлээн зөвшөөрч, улмаар АНУ-ын дүүргийн шүүхээс түүнд хамаатуулсан заргаа татаж, гэм буруугүйд тооцох болсон нь энэ.

- АНУ, Хятадын худалдааны дайнтай холбоотой уг асуудал улам хурцдаж, хоёр улсын засгийн газрын түвшинд хүрээд байсан юм. Тохиролцоо ёсоор энэ хэрэгтэй зэрэгцэн Хятадад хоригдож байсан Канадын хоёр иргэн мөн суллагдаж, нутаг буцах болжээ. Сонирхуулахад, Д.Трампын захиргаа Huawei-г үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулдаг хэмээн буруутгаж, бизнесүүдээ хамтран ажиллахыг хориглох шийдвэр гаргасан билээ.


III. Facebook File олон нийтийн анхаарлын төвд орлоо.

- Wall Street Journal өнгөрөгч өдрүүдэд дэлхийн хамгийн том сошиал медиа платформ Facebook-ийн дотоод имэйл, баримт бичиг болон судалгааны үр дүнд үндэслэн хийсэн эрэн сурвалжлах цуврал нийтлэлээ цацав. "Facebook Files" нэрийн дор нийтлэгдсэн уг цувралд дурдагдсан материалууд олон нийтийн анхаарлыг тэр дороо татаж, зарим асуудал дээр сенат тусгай хороо байгуулж, сонсгол хийхээр болжээ.

- Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь Instagram-ийн хэрэглээ нь өсвөр насны охидын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг тухай судалгааны тайлан байв. Гэсэн ч Facebook энэ үр дүнг үл тоомсорлож, олон нийтэд ил гаргаагүй аж. Тэрчлэн хэрэглэгчдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн 2018 оны алгоритм шинэчлэл нь бүтэлгүйтэж, бүр эсрэгээрээ "бухимдалтай, ууртай" хэрэглээг өдөөхүйц болсныг тэд дотооддоо хүлээн зөвшөөрсөн аж.

- Үүнээс гадна Facebook-ийн модераторууд олон улс дамнасан хүний наймаа, хар тамхины худалдаа, хүчирхийллийн шинж чанартай харилцааг удаа дараа илрүүлсэн ч төв удирдлагаас хангалттай анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ аваагүй нь ил болсон байна. Энэ бүхнийг Facebook-ийн зүгээс үгүйсгэж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсээр буй. Гэсэн ч олон нийт энэхүү дараалсан скандал компанид хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж байна.

4 мэдүүштэй зүйл

Хятадын хорио: БНХАУ-ын Төв банк крипто валюттай холбоотой аливаа арилжааг тодорхойгүй хугацаагаар хориглож байгаагаа зарлалаа. Тэд энэ төрлийн үйл ажиллагаа нь мөнгө угаах, залилах зэрэг хууль бус үйлдлүүдтэй холбоотой эрсдэл дагуулж байгааг онцолсон байна. Зарим эх сурвалжууд крипто олборлолттой холбоотой эрчим хүчний хэрэглээ нь үндсэн асуудлын нэг болсон байж болзошгүй хэмээн мэдээлэв.

Анхны үзвэр: Сомали улсад иргэний дайн эхэлсэн 1991 оноос хойш анх удаа кино театр ажиллажээ. Дайны үед цэргийн штаб байрлаж, 2012 онд алан хядагчдын дэлбэрэлтэд өртсөн тус төвийг сэргээн засаж нээсэн нь энэ. Сонирхуулахад, 1967 онд Хятадын засгийн газраас бэлэг болгон барьсан уг театрт анх удаа Сомали найруулагчийн бүтээл цацагджээ.

Савхинаас татгалзагсад: Шведэд төвтэй Volvo 2030 он гэхэд машины доторлогоогоо 100% савхинаас хамааралгүй хийдэг болно гэдгээ зарлалаа. Тус онд цахилгаан хөдөлгүүр лүү бүрэн шилжих зорилготой байгаа тэд байгальд ээлтэй үйлдвэрлэлийн технологийг машины бүх шат дамжлагад нэвтрүүлэх амбицтай байгаа нь энэ юм.

Бичил чип: Northwestern University-ийн эрдэмтэд хүний гараар бүтээсэн хамгийн жижиг нисдэг төхөөрөмжийг танилцууллаа. Элсний ширхэгтэй дүйцэх хэмжээний уг төхөөрөмж нь агаарын бохирдлыг хянах, утасгүй сүлжээний дата дамжуулах зэрэг олон хэрэглээнд ашиглагдах боломжтой аж.

5 сонин хачин

1. Марвелын анхны ази супер баатрын түүх "Shang-Chi" гурав дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүлж, нийт орлого нь 300 сая долларыг давлаа. Хэдий уг кино өөр нэг гол зах зээл Хятадад гарах эсэх нь тодорхойгүй байгаа ч цар тахал эхэлснээс хойш цацагдсан хамгийн өндөр амжилттай бүтээл болж байна. Бродвейн бестселлер жүжгээс сэдэвлэсэн "Dear Evan Hansen" нээлтийн долоо хоногтоо жагсаалтын 2-р байрт бичигджээ.

2. Дэлхийн Оюуны Өмчийн Газраас "Инновацын индекс 2021"-ийг танилцууллаа. 2007 оноос хойш хөрөнгө оруулалт, технологийн хэрэглээ, хууль эрх зүйн орчны үзүүлэлт дээр тулгуурлан гаргаж буй уг жагсаалтыг Швейцар улс тэргүүлж, Швед, АНУ, Их Британи, БНСУ удаах байруудад бичигдсэн байна. Манай улсын хувьд 132 орноос 58-р байрт эрэмбэлэгджээ.

3. Netflix түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, "The Roald Dahl Story Company"-г эгнээндээ нэгтгэлээ. "Willy Wonka", "Matilda" зэрэг хит бүтээлүүдийг эзэмшигч компанийг 1 тэрбум доллараар худалдан авсан нь тэд хүүхдийн контент рүү ихэд анхаарч байгаагийн илрэл болж байна. Netflix нийт 16 төрлийн дүр, зохиолоос сэдэвлэн шинэ кино, анимэйшн, тоглоом, жүжиг бүтээх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

4. Нэгэн цагт гар утасны зах зээлийг тодорхойлж явсан Nokia дундаж хэрэглэгчдэд зориулсан шинэ загвараа танилцууллаа. G50 нь 300 долларын үнэтэй борлуулагдах бөгөөд 5G-г дэмждэг, 48 мегапиксел зэрэг нийт 3 камертай, түргэн цэнэглэгч технологийн шингээсэн гэдгээрээ онцлогтой гэнэ.

5. Үе үеийнхний хайртай баатар "Super Mario"-ийн бүрэн хэмжээний анимэйшн бүтээл 2022 оны арванхоёрдугаар сард цацагдана гэдгийг Nintendo баталлаа. Тэд "Despicable Me", "Minions" зэрэг хитүүдийг бүтээгч "Illumination"-тэй хамтран ажиллаж байгаа нь энэ бөгөөд гол дүрд алдарт Крисс Пратт дуу оруулах аж. Түүнээс гадна уг бүтээлд А.Тэйлор-Жой, Ж.Блак, С.Роген, Ч.Дэй зэрэг Холливүүдийн одод оролцох болжээ.

10 унших мэдээ

Мэдэх: Австрали, Францын үл ойлголцлын шалтгаан /Sky/

Таах: Tony Awards-ийн ялагчдыг таамаглах нь /Variety/

Сонирхох: Питер Тиелийн коллежийн он жилүүд /NYMag/

Төсөөлөх: Gen Z-ийн сурах арга барилын асуудал /The Verge/

Хүлээх: Экс K-Pop одын шинэ бизнес /CNBC/

Гайхах: Evergrande-г юу хүлээж байна вэ? /CNN/

Үзэх: Бээжин 2022-ийн зурагт хуудсууд ил боллоо /Olympics/

Ойлгох: Хятадын эсрэг QUAD нэгдэл үүсэв /BBC/

Зочлох: Google 2.1 тэрбум доллараар оффис худалдаж авав /WSJ/

Анхаарах: Блоггер бүсгүйн алга болсон хэргийн талаар /The Cut/