1 гол сэдэв

Юу болов?

Өнгөрсөн долоо хоног Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч Жианни Инфантиногийн хувьд хүндхэн өнгөрлөө. Тэрээр даваа гарагт 4 жил тутамд зохиогддог ДАШТ-ийг зохион байгуулах нэгжийг ашгийн зорилготой бие даасан нэгж болгон салгаж, улмаар 20%-ийг нь хөрөнгө оруулагчдад төлөвлөгөөгөө танилцуулсан юм. ДАШТ-ий зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, телевизийн шууд дамжуулалтыг хариуцах уг нэгжээ FIFA 20 тэрбум доллараар үнэлж, 4,2 тэрбум доллар босгохоор тохиролцоонд хүрсэн нь энэ байв.

Гэтэл?

Гэвч үүнийг хөлбөмбөгийн хүрээллийнхэн тэр дороо эсэргүүцсэн. Тиймдээ ч хамгийн амжилттай багуудыг эгнээндээ нэгтгэсэн Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА шуурхай хурал зарлаж, улмаар 2030 оны ДАШТ-ийг бойкотлох шийдвэрийг гаргасан юм. Үүнийг Төв Америк, Кариббын орнуудын холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоо дэмжсэнээр Ж.Инфантино маш хүнд байдалд орсон. Тэрээр саналыг дэмжсэн холбоо бүрд 40 сая долларын санхүүгийн дэмжлэг өгөхөө амласан нь ч хангалттай байж чадсангүй. Тиймдээ ч баасан гараг гэхэд тэрээр төлөвлөгөөгөө буцаан татаж байгаагаа зарлажээ.

Одоо яах вэ?

Өнгөрсөн сард АНУ, Канад, Мексикт явагдаж өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ түүхэн дэх хамгийн том, хамгийн ашигтай тэмцээн болж өндөрлөсөн ч Инфантиногийн зарим үйлдэлд дургүйцэж шүүмжлэх талууд чамгүй байсаар байсан юм. Түүнийг Д.Трампад хэтэрхий найр тавьж, шүүгчдэд нөлөөлөх гэж оролдсон, усны завсарлагаар дамжуулан хэт арилжааны шинжтэй болгосон гэж буруутгасаар байсан билээ.

2 чухал тоо

2027: BTS хамтлаг ирэх жилийн Грэммид нэр дэвшиж, өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тус шагналыг тодруулдаг зохион байгуулагчдаас 2027 оны наадмааас эхлэн “Азийн шилдэг уран бүтээл” хэмээх төрлийг нэмэх болсноо зарласан нь уг шийдвэрийн үндэс болсон байна. Үүнийг зарим шинжээчид BTS зэрэг хамтлагуудыг тусгаарлаж, топ шагналуудад ялах магадлалыг бууруулж байгаа хэрэг хэмээн үзэж байгаа юм. BTS-ийн хувьд өмнө нь 5 удаа Грэммид нэр дэвшсэн ч одоог хүртэл ялалт байгуулж чадаагүй л байгаа билээ.

43: Дэлхийн хамгийн алдартай уулчдын нэг Нирмал Пуржа Хималайн нуруунд цасан нурангид дарагдаж, амиа алдсан нь батлагдлаа. Тэрээр Пакистаны хойд хэсэгт 8,047 метрийн өндөрт орших Брод Пик оргилыг эзлэхээр хамт авиралт хийж байсан 9 уулчны хамт Пүрэв гарагт осолдож сураггүй болсон бөгөөд аврах ажиллагааг цаг алдалгүй явуулсан ч үр дүнд хүрсэнгүй. 43 настай Нирмалын хувьд 2019 онд далайн түвшнээс 8,000-аас дээш өндөрт оршдог 14 оргилыг ердөө 6 сарын дотор бүгдийг нь эзэлснээрээ түүхэн амжилт үзүүлж байв.


3 онцлох өгүүлбэр

I. Америкийн визний барьцааг 20 мянган доллар болгожээ

- АНУ өнөөдрөөс эхлэн визийн барьцааны хөтөлбөрөө албажуулж, 50 улсын виз мэдүүлэгчдээс шаардах барьцааны дээд хэмжээг 20 мянган доллар болгожээ. Уг 50 улсад голцуу Африк, Зүүн өмнөд Ази, Латин Америкийн орнууд багтсан.

- Өмнөх жагсаалтад орсон Монгол Улс ч шинэ хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах болно. Өмнө нь визийн бонд хөтөлбөрийн доод дүн 5 мянган доллар байсан бол одоо доод дүн гэж байхгүй болж, зөвхөн визийн мэргэжилтэн тохиолдол тус бүр дээр барьцааны дүнг тодорхойлох болжээ.

- Визийн барьцааны хөтөлбөр хэрэгжсэн туршилтын хугацаанд буюу 10 сарын дотор визийн хугацаагаа хэтрүүлж, “харласан” тохиолдол ердөө 50 л гарчээ. Гэтэл 2024 онд ийм тохиолдол 45,5 мянган удаа бүртгэгдсэн гэнэ. Гэхдээ нөгөө талаас визийн барьцааны хөтөлбөрт багтсан улсуудын иргэдэд олгосон визийн тоо хэмжээ 83%-аар буурсан байна.


II. “Spider-Man: Brand New Day” бокс оффисыг тэргүүллээ

- Sony, Universal-ийн шинэ бүтээл эхний өдрийн урьдчилсан захиалгаараа 78 сая доллар цуглуулсан нь Холливүүдийн рекорд болсон байна. Улмаар нээлтийн долоо хоногтоо зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 355 сая долларын орлого олсон нь түүхэнд зөвхөн “Avengers: Endgame”-ийн ард л бичигдэх үзүүлэх боллоо.

- Дэлхийн зах зээл дээр Питер Паркерын шинэ кино бүр ч амжилттай байж, 525 сая долларын орлого олов. Ингэснээр уг кино эхний долоо хоногтоо 927 сая долларын орлого олж, бүх цаг үеийн жагсаалтын 2-р байрт бичигдэж эхлэв. Өнөөх "Endgame" харин 1.2 тэрбум долларын орлого цуглуулж байжээ. Sony-ийн хувьд уг киног бүтээхэд 350 сая доллар зарцуулсан гэнэ.

- Сонирхуулахад, энэ долоо хоногийн Холливүүдийн бокс оффисын орлого 430 сая долларт хүрсэн нь түүхэн рекорд болов. Одоогоор кино театрын дэлгэцнээ "The Odyssey", "Toy Story 5", "Moana" зэрэг бүтээлүүд цацагдаж байгаа билээ.


III. Технологийн компаниуд улирлын тайлангаа танилцууллаа

- Microsoft-ийн клоуд бизнес болох Azure-ийн орлого 43%-аар нэмэгдсэн нь онцлох үзүүлэлт байв. Мөн AI туслах болох Microsoft 365 Copilot-ийн төлбөртэй хэрэглэгчдийн тоо өмнөх улирлаас 20 саяар нэмэгдэж, 30 саяд хүрсэн нь шинжээчдийн хүлээлтээс давжээ. Улмаар хувьцааны ханш 15%-аар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 450 тэрбумаар нэмэгдсэн нь 2008 оноос хойшхи хамгийн өндөр амжилт болжээ.

- Meta-ийн өнгөрсөн улирлын борлуулалтын орлого 62 тэрбум доллар байсан нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Мөн AI-ийн дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалт нь эрс нэмэгдсэнээр бэлэн мөнгөний нөөц нь 91%аар буурч, ердөө 784 сая доллар болжээ. Хэдийгээр тус компанийн Facebook, Instagram, Whatsapp-ийн экосистемийн хэрэглэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж, 3.61 тэрбум байгаа ч AI-ийн эрин үед хэрхэн өсөлтөө хангах нь тодорхогүй хэвээр байна. Тэд өнгөрсөн долоо хоногт BlackRock-той хамтран Техаст 14 тэрбумын төсөвтэй дата төв байгуулах төслөө зарласан юм.

- Apple-ийн улирлын цэвэр ашиг 29 тэрбум болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 тэрбумаар нэмэгдсэн байна. Үүнд iPhone-ийн борлуулалт 22%-аар өсөж, 54 тэрбум болж өссөн нь хамгийн ихээр нөлөөлөв. Гэвч тэд санах ойн чипний үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа учир ирэх улирлын төсөөллөө бууруулсан байна. Энэ удаагийн тайлангийн хурал Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн ахалсан сүүлчийн хурал байлаа. Тэрээр 9-р сарын 1-ээс үүрэгт ажлаа Жон Тернуст хүлээлгэн өгч байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Хаалттай станц: Унгар цөмийн станцаа унтраалаа. Энэ бол тус улсын цорын ганц цөмийн цахилгаан станц Пакш 44 жилийн түүхэндээ анх удаа үйл ажиллагаагаа бүхэлдээ зогсоож буй үйл явдал юм. Үүний гол шалтгаан бол Дунай мөрний усны түвшин хэт халалтын улмаас түүхэн доод хэмжээндээ хүрч, реакторуудыг хөргөх усны нөөц багассан нь юм. Үүнтэй холбоотойгоор Унгарын засгийн газар ойр орчмын 100 гаруй хот, тосгоны усны хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ. Уг станц Унгарын нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээний талыг хангадаг юм.

Дүрвэгсдийн дайралт: Испани руу 60 мянган дүрвэгч нэвтэрчээ. Сеута бол Африкийн хойд хэсэгт байрладаг Испанийн харьяа, өөртөө засах эрх бүхий бүс нутаг. Тус хот руу Мороккогоос нэг өдрийн дотор 60 мянган дүрвэгч дайран нэвтэрсэн нь анхаарал татсан үйл явдал боллоо. Хэдийгээр хууль бус цагаачдаас нэг нь ч Европын эх газарт хүрээгүй ч Итали улс хил чөлөөтэй нэвтрүүлэх Шенгенийн хэлэлцээрийн үйлчлэлийг түр зогсоож байгаагаа зарлалаа. Испанийн ерөнхий сайд П.Санчес өөрийн биеэр Сеутад ажиллаж, уг үйл явдлыг үндэсний аюулгүй байдалд халдсан балмад үйл явдал хэмээн тодотгов.

Солигдсон нэр: Науру Улс нэрээ сольжээ. Ердөө 12 мянган иргэнтэй Науру бол Номхон далайд орших арлын жижиг улс. Ватикан, Монакогийн дараа бичигдэх дэлхийн гурав дахь тус улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улсын нэрээ Наоэро болгон өөрчилжээ. Энэ бол тус арлыг дууддаг уламжлалт эртний нэршил юм. Европоос ирсэн далайчид арлын иргэдийг дуудахад хэцүү байсан учир нэрийг нь хялбарчилж Науру хэмээн сольсон түүхтэй гэнэ. Тус улсын эрх баригчид өв соёлоо түгээх, уламжлалаа хамгаалах зорилгоор уг өөрчлөлтийг хийж байгаагаа онцолжээ.

Энхийн тохиролцоо: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ХАМАС бүлэглэлийн зэвсгийг хураах тохиролцоонд хүрснийг түүхэн үйл явдал хэмээн онцоллоо. Тэрээр өөрийн байгуулсан Энх тайвны зөвлөлөөр дамжуулан хийсэн хэлэлцээрийн эцэст Газын зурвас дахь бүх төрлийн зэвсгийг хурааж, цэргийн байгууламжуудыг чөлөөлөх болсон байна. Үүнтэй зэрэгцэн Израйлын цэргүүд ч Газын зурвасыг үе шаттайгаар орхих ёстой болов. Уг үйл ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэж, дараа нь Газын зурвасыг сэргээн босгох төслийг албан ёсоор эхлүүлнэ гэв.

5 сонин хачин

1. Словенийн дугуйчин Тадей Погачар дэлхийн хамгийн том, нэр хүндтэй дугуй уралдаан болох "Тур Де Франс"-д тав дахь удаагаа түрүүллээ. 2020 оноос хойш зөвхөн 2023 оныг л өнжиж түрүүлж байгаа тэрээр энэ удаад АНЭУ-ын UAE Team Emirates XRG багийн нэрийн өмнөөс уралдсан юм. 113 дахь удаагийн Тур де Франсын дараагийн байруудыг Бельгийн Р.Эвенэпул, Мексикийн И.Дель Торо нар эзэлжээ.

2. Америкийн хоол хүргэлтийн зах зээлийн лидер DoorDash арилжааны зориулалттай дрон үйлдвэрлэх зөвшөөрлөө авчээ. Тэд 5-8 км-ын зайд хоол хүргэлт хийх чадвартай дрон бүтээхээр зэхэж байгаа бөгөөд зардлыг 25%-аар хэмнэхээр тооцжээ.

3. АНУ-ын зохицуулах байгууллагаас гадаад улсад үйлдвэрлэсэн хүн дүрст робот, дөрвөн хөлт ботуудыг хил нэвтрүүлэхийг хориглолоо. Тэд эдгээр робот, ботуудыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэмээн тодорхойлжээ. Уг шийдвэр нь Хятадын технологийн компаниудад хамгийн сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн хүн дүрст роботын зах зээлийн 85%-ийг Хятад эзэлж байгаа бөгөөд сүүлийн үед хүнд үйлдвэрлэл, тээвэр ложистикийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон билээ.

4. Америкийн зах зээлд Subway-тэй гол өрсөлдөгч гэгдэх тус компани 7.3 тэрбум долларын үнэлгээтэйгээр нээлттэй компани боллоо. Дэлхий даяар 3300 гаруй салбартай тус компани IPO-оос босгосон 1 тэрбум долларыг олон улсын зах зээлээ тэлэхэд зарцуулна гэв. Уг IPO нь 2021 онд 500 сая долларыг татаж байсан Krispy Kreme-ээс хойшхи түргэн хоол, рестораны зах зээлийн хамгийн том арилжаа болжээ. Сонирхуулахад, Dunkin’, Arby’s зэрэг брэндүүдийг эгнээндээ нэгтгэсэн Inspire Brands өнгөрсөн хавар 2 тэрбум доллар босгох IPO-ий хүсэлтээ гаргасан билээ.

5. ОХУ-ын зохицуулах байгууллагаас Telegram апп-ыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг террорист үйл ажиллагааг дэмжсэн хэмээн буруутгаж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ. Тус улсын аюулгүй байдлыг хангах албанаас түүнийг Telegram-аар дамжуулан ОХУ-ын нутагт алан хядах ажиллагаа явуулах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг явуулж буй группүүдийг хязгаарлаагүй, тараагдсан материалыг устгааагүй гэж мэдэгджээ. 2013 онд байгуулагдсан, өдгөө 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон Telegram апп Оросоос гаралтай. Өдгөө Арабын Нэгдсэн Эмиратад амьдарч буй П.Дуров Оросын эрх баригчдад апп-ын мэдээллээ хуваалцахаас удаа дараалан татгалзсаар байгаа. Тус апп-ыг Орос, Украйны аль алинд өргөнөөр ашигладаг бөгөөд дайнтай холбоотой мэдээлэл хамгийн их тараагддаг сувагт тооцогдож байгаа юм.