1 гол сэдэв

Юу болов?

АНУ-ын санаачилсан 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөний хүрээнд ОХУ, Украйны удирдагчдад хүрч, талууд тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа талаах эх сурвалжууд мэдээлж байгаа. Үүнийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин баталж, хэлэлцээрт нээлттэй байгаагаа илэрхийлжээ. Улмаар Европ руу халдан довтлохгүй гэх бичгэн баталгааг гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Төлөвлөгөө юу болов?

Украйны зүгээс Европын холбооны төрийн тэргүүдтэй уулзалт хийж, дайныг зогсоох төлөвлөгөөний талаар санал солилцсоор байгаа. Тэд Трампын төлөвлөгөөнд өөрчлөлт хийж, зүйл заалтыг багасгаж 19 болгосон гэгдэж байгаа ч яг аль заалтыг хассан нь тодорхойгүй байна.

Гэхдээ?

Мөн ОХУ-ын царцаасан хөрөнгөөс 100 тэрбум еврог Украйнд дайныг санхүүжүүлэх зорилгоор илгээх Европын холбооны шийдвэрт Бельги улс хориг тавьсан нь онцлох үйл явдал болов. Тус улсын ерөнхий сайд Б.Де Веверийн хувьд уг шийдвэр нь гал зогсоох хэлцлийг урагшлуулахад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн шийдвэрээ хамгаалжээ.

2 чухал тоо

6000: Airbus хамгийн түгээмэл загварын 6000 гаруй онгоцондоо програмын шинэчлэл хийх шаардлагатай болсноо зарлалаа. Нарны цацрагийн нөлөө байршил тогтоох системд нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Үүний улмаас Jet Blue-ийн онгоц ослын буулт хийсэн гэнэ.

19.4: Apple ухаалаг утасны зах зээлийг тэргүүлж эхэллээ. Тэд 2011 оноос хойш ердөө ганцхан улиралд буюу 2023 оны 4-р улиралд л зах зээлд эзлэх хувиараа тэргүүлсэн удаатай. Тэгвэл iPhone 17-ийн борлуулалт тогтмол нэмэгдэж, эрэлт улам бүр өсөж байгаатай холбоотойгоор зах зээлийн 19.4%-ийг эзлэх болжээ. Харин сүүлийн жилүүдэд тасралтгүй тэргүүлж буй Samsung-ийн өсөлт саарч, 19%-ийн үзүүлэлттэйгээр 2-р байрт бичигдэж байна. Харин 3-р байрт Xiaomi (14%) бичигдэж байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Puma зарагдана

- Германы нэрт спорт хувцасны брэнд Puma шинэ эзэнтэй болоход ойрхон байгаа гэнэ. Тэд Хятадын Anta Group-тэй эцсийн шатны хэлэлцээрээ хийж байгаа аж. Гэрээний үнийн дүн одоогоор тодорхойгүй байгаа ч 9 тэрбум орчим доллараар хэмжигдэх бололтой.

- Anta-ийн хувьд FILA, Jack Wolfskin, Kolon зэрэг алдартай брэндүүдийг эзэмшдэг. Зах зээлийн үнэлгээ нь тасралтгүй нэмэгдсээр 30 тэрбум доллартай тэнцүү болоод байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Японы “Asics”, Хятадын “Li Ning” компаниуд мөн Puma-г сонирхож байгаа бололтой.

- Puma-ийн хувьд зөвхөн энэ он гарснаас хойш хувьцааны үнэ нь 56%-аар унаж, 4 тэрбум доллар болоод байгаа юм. Тэд 4-р сард удирдлагын бүтцээ шинэчилж, гол өрсөлдөгч Adidas-ийн борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан А.Хоелдыг томилжээ.


II. Дани, Малайзад сошиал медиаг хүүхдүүдэд хориглоно

- Малайзын Засгийн газраас 2026 оноос эхлэн 16 нас хүрээгүй хүүхдүүдийн сошиал хэрэглээг бүрэн хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Тэд хүүхдүүдийг цахим орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, залилангаас хамгаалахын тулд уг шийдвэрийг гаргаж байгааг онцолжээ.

- Үүнтэй зэрэгцэн Данийн парламент мөн ижил шийдвэр гаргах тохиролцоонд хүрснээ зарлалаа. Тус улсын 13-аас доош насны хүүхдүүдийн 94% нь ямар нэгэн сошиал платформд бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний сэтгэл зүйн эрүүл мэнд интернет орчинтой харьцах тусам доройтож байгааг судалгаагаар нотолжээ.

- Тэднээс өмнө Австрали улс анх удаа ийм хуулийн төслийг батлаад байгаа. Шинэ хууль 12-р сарын 10-аас эхлэн хэрэгжих бөгөөд насны хязгаарлалт тогтоох, нас баталгаажуулах технологи хөгжүүлэх үүргийг технологийн компаниудад өгөөд байгаа юм.


III. Хонгконгийн галд 146 хүн амиа алджээ

- Тус улсын Тай По дүүрэг дэх орон сууцны хотхонд гал түймэр дэгдэж, 146 хүн амиа алдаж, 200 гаруй хүн ор сураггүй болжээ. Энэ бол Хонгконгийн түүхэнд гарч байгаагүй гал түймрийн гамшиг юм. Улс орон даяар гашуудал зарлаж, тугаа бөхийлгөжээ.

- Нийт долоон байшин бүхий тус хотхонд хийгдэж байсан барилгын ажлаас уг гал үүдэлтэй байж болзошгүй гэнэ. Урдчилсан байдлаар барилгын фасадыг шинэчлэхэд ашиглаж байсан хулс модон дээр тамхины цог унаж гал гарчээ. Уг үйл явдалтай холбоотой засварын ажлыг удирдаж байсан нэр бүхий 11 иргэнийг баривчлаад байна.

- Уг хотхонд нийт 2000 гаруй өрх оршин сууж байсан юм. Гал түймрийг унтраах гэж онцгой байдлын албаныхан 43 цагийн турш ажиллажээ. Гал унтраагчид ч амиа алдсан хүмүүсийн дунд цөөнгүй байв. Засгийн газраас хүмүүнлэгийн ажиллагааг явуулж, амиа алдсан хүмүүсийн ар гэрт 25 мянган доллар, түлэгдэж гэмтсэн хүн бүрд 6 мянган долларын нөхөн төлбөр олгох болсноо зарлажээ. Эмчилгээ, оршуулгын ажиллагаатай холбоотой бүх зардлыг мөн төрөөс даана гэв.

4 мэдүүштэй зүйл

Ангаргийн цахилгаан: Эрдэмтэд Ангараг гарагт цахилгаан цахидаг гэдгийг тогтоожээ. Тэд NASA-ийн “Perseverance”-ийн хоёр жилийн турш бичсэн 28 цагийн бичлэгийг шинжилж, үүнийг тогтоожээ.

Шинэ од: Евроазийн 12 орны дуучид өрсөлдсөн "Silk Way Star" шоуны эцсийн шатыг дэлхий даяар 120 сая гаруй хүн үзэж сонирхжээ. Цаашдаа “Азийн Eurovision” болох амбицтай уг шоуны эхний улиралд Монголын дуучин И.Мишээл түрүүлсэн. Тэрээр сүүлийн шатанд үзэгчдээс 112 мянган санал авчээ. Түүний ард бичигдсэн Узбекистаны дуучин М.Адылова 85 мянган санал цуглуулсан гэнэ. Нийт 43 орны 500 мянган хүн санал өгчээ. Хятадад зохиогдох уг шоуны дараагийн улиралд илүү олон орны уран бүтээлчид оролцох төлөвтэй байна.

Ажил булаагч: AI нийт ажлын байрны 11%-ийг булаажээ. Энэ бол MIT-ийн АНУ-ын зах зээл дээр явуулсан судалгааны үр дүн. Тэд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцогчид болон гол салбарын төлөөллүүдийн дунд судалгаа явуулж, AI-д бэлэн байдлын индексийг хөгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд явуулсан эхний судалгааны үр дүнгээр хөдөлмөрийн зах зээлд 1.2 их наядын цалингийн зардал хэмнэгдэж, нийт ажлын байрны 11.7%-ийг AI-аар орлуулаад байгааг ил болгосон байна. Гол шилжилтүүд санхүү, хүний нөөц, ложистикийн салбарт хийгдэж байгааг тэд онцолжээ.

Цэргийн эргэлт: Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгт тооцогдох Гвиней-Биссауд цэргийнхэн төрийн эрх мэдлийг авч байгаагаа зарлажээ. Үүнээс гадна тэд далай, агаар, хуурай газрын хилийг хаасан байна. Тус улсад өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн сонгууль болсон. Гэвч ерөнхийлөгч У.Эмбало болон гол өрсөлдөгч Ф.Диаш нар хоёулаа өөрсдийгөө яллаа хэмээн зарлажээ. Улмаар нийгэмд тогтворгүй байдал гарахаас сэргийлж эрх мэдлийг авлаа хэмээн цэргийнхэн мэдэгдэв.

5 сонин хачин

1. Талархлын баярын бокс оффисыг “Zootopia 2” давамгайллаа. 150 сая долларын төсвөөр бүтсэн тус анимэйшн эхний долоо хоногтоо л зардлаа нөхөж, дэлхий даяар 233 сая долларын орлого олсон байна. Энэ амжилтаараа тэд бүх цаг үеийн Талархлын баярын жагсаалтад 2-т бичигдэх болов. Өнгөрсөн жил гарсан Disney-ийн өөр нэг оригинал бүтээл “Moana 2” энэ жагсаалтыг тэргүүлдэг юм. Сонирхуулахад, 2016 онд нээлтээ хийж байсан “Zootopia”-ийн анхны анги дэлхий даяар 1 тэрбум долларын орлого олж, Оскарын шагнал хүртэж байсан билээ.

2. Ирэх оны 2-р сарын 6-нд Италийн Милан-Кортинад Өвлийн олимпын наадам эхлэх хуваарьтай. Уламжлал ёсоор тус наадмын галт бамбарыг бадамлуулах ёслолын ажиллагаа Грекийн Афин хотноо явагджээ. Галт бамбарын аялалд 10 мянга гаруй хүн оролцох юм. Ташрамд сонирхуулахад, уг наадамд одоогийн байдлаар Монгол улсын гурван тамирчин оролцох эрхээ баталгаажуулаад байна.

3. Meta-ийн ухаалаг шилтэй өрсөлдөх амбицтай Alibaba-ийн Quark нэртэй ухаалаг шил зах зээл дээр 500 доллараар худалдаанд гарлаа. Энэ шил нь Alibaba-ийн шинэхэн гаргасан Qwen хиймэл оюуны модельтой хоршиж ажиллана гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид шууд орчуулга хийх, уулзалтын тойм бичүүлэх, камераасаа хайлт хийх зэрэг үйлдлийг хийх боломжтой болжээ.

4. Netflix-ийн хамгийн алдартай цуврал “Stranger Things”-ийн сүүлийн буюу тавдугаар бүлэг нээлтээ хийлээ. Хүлээлт хэт өндөр байсантай холбоотой Netflix-ийн сервер ачааллаа дийлэлгүй хэд хэдэн удаа унасан гэнэ.

5. Uber Абу Дабид жолоочгүй такси нэвтрүүлэв. Энэ бол Арабын хойгт нэвтэрч буй анхны жолоочгүй таксины үйлчилгээ юм. Uber-ийн хувьд Хятадын WeRide компанитай хамтарч Абу Дабид уг төслөө эхлүүлжээ. Тодруулбал, хэрэглэгч Uber апп-аараа жолоочгүй машин дуудаж болно гэсэн үг. Тэд энэ онд багтаан Саудын Арабын Рияад хотноо шинэ үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зэхэж байна.