1 гол сэдэв

Юу болов?

Улаанбаатар хотын зүүн хэсэгт, тодруулбал Дарь-Эх, Монелийн замын орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай гамшиг тохиолоо. Нийт 260 орчим өрх орон гэргүй болж, 150 гаруй машин үерт өртжээ. Хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Хамгийн сүүлд 2003 онд буусан үерт 10 хүн амиа алдаж байжээ.

Ямар хариу үйлдэл үзүүлэв?

Үерийн дараагаас ОБЕГ-ийн албан хаагчид бусад хүчний байгууллагуудын дэмжлэг бүхий 1500 хүн дайчлагдан ажиллаж, аврах болон сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Мөн 127-р сургууль дээр 300 хүний багтаамжтай түр хорогдох байрыг байгуулж, эмнэлгийн тусламжийг үзүүлж эхэлжээ. Эрсдлээс сэргийлэн 30 гаруй мянган өрхийн цахилгааныг түр хязгаарлаж, шаардлагатай засварын ажлыг гүйцэтгэж эхэлсэн байна.

Одоо яах вэ?

Нийслэлийн удирдлагууд үерт амиа алдсан хохирогсдын ар гэрт 2 өрөө байрны дэмжлэг үзүүлэх болсноо зарласан. Мөн орон гэрээ алдсан өрхүүдэд монгол гэр, иж бүрэн тавилгатайгаар олгох болсон байна. Үүнтэй зэрэгцэн үерийн эрсдэлтэй гэж тодорхойлогдсон 200 гаруй байршилд буй өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, бэлэн байдлыг хангах ажлыг эхлүүлснээ зарлалаа.

2 чухал тоо

70.000.000.000 - Softbank-ийн эзэмшдэг хагас дамжуулагч үйлдвэрлэгч Arm нээлттэй компани болохоор зэхэж байна. Тэд 9-р сард багтаан гаргах IPO-ийн үнэлгээгээ 60-70 тэрбум доллараар хэмжиж байгаа юм.

39.000.000 - Перугийн өмнөд хэсгээс археологичид 39 сая жилийн өмнө амьдарч байсан аварга халимын үлдэгдлийг илрүүлжээ. Perucutuss нэртэй уг биет нь одоогийн хамгийн хүнд жинтэй амьтанд тооцогддог цэнхэр халимаас дор хаяж 3 дахин том байсан гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Twitter-ийн драма үргэлжилсээр.

- Нэрээ солиод удаагүй байгаа X-ийн шилжилт үргэлжилсээр байна. Тэд энэ өнгөрөгч долоо хоногт апп-аасаа шууд дамжуулалт хийх боломжийг нээж байгаагаа зарлалаа. Тwitter-ийн хувьд 2015 онд Periscope нэртэй сошиал апп-ыг худалдан авч, энэ чиглэлээр анхдагчдын нэг болж байсан ч 2021 онд хөгжүүлэлтээ зогсоож байсан удаатай.

- И.Маск үүний дараагаар сошиалаар удтал хэлэлцэгдэж буй М.Цукербергтэй хийх тулаанаа X-ээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа зарласан юм. Нийт орлогоо тэрээр ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллагад хандивлана хэмээн мэдэгджээ. Гэхдээ энэ нь үнэн, батлагдсан эсэх нь тодорхойгүй л байгаа юм.

- Тэрчлэн X нь санхүүгийн датаг нэгтгэж, нэг даралтаар хувьцаа худалдаж авах зарах боломжийг үүсгэх шинэ функцийг туршиж байгаа гэнэ. Wechat-тай төстэй супер апп бүтээх амбицтай байгаа тус компани энэ чиглэлээр хэд хэдэн түншүүдтэй хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа аж. Уг нэмэлт нь Bloomberg, Robinhood-тэй шууд өрсөлдөгч болох боломжтой юм.


II. Технологийн компаниудын тайлан зарлагдлаа.

- Apple-ийн нийт борлуулалт 1%-аар буурч, 81.69 тэрбум долларт хүрсэн байна. iPhone (-2%), Mac (-7%), iPad -20%)-ийн борлуулалт бүгд буурсан ч үйлчилгээний бизнесийн орлого 8%-аар нэмэгдэж, 21 тэрбумд хүрчээ. Тэд 3-р улирлын борлуулалт ч буурна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн нь тэдний хувьцааны үнэлгээг 2%-аар буурахад нөлөөлжээ.

- Харин Amazon-ийн хувьд борлуулалт нь 11%-аар өсөж 134.4 тэрбумд хүрсэн нь 2020 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт байлаа. Уламжлал ёсоор AWS болон зар сурталчилгааны бизнес нь хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. 27 мянган ажилтнаа цомхотгож зардлаа бууруулах алхам хийсэн нь ч эерэг тайлан гарахад нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна.

- Uber түүхэндээ анх удаа ашигтай ажилласнаа зарлалаа. Өнгөрсөн жилийн мөн үед 713 сая долларын алдагдалтай ажиллаж байсан тэд энэ улиралд 326 сая долларын орлого олжээ. Тэд нисдэг машин, жолоочгүй машин зэрэг зарим их зардалтай бизнесийн зардлаа бууруулж, зарим зах зээлд шинэ нэгдэл үүсгэх замаар орлогоо нэмэгдүүлсэн билээ.


III. Hasbro медиа бизнесээ зарлаа.

- Тоглоомын салбарын гигант Hasbro бизнесийн төвлөрлөө нэгтгэх зорилгоор продакшн, медиа бизнесээс гарч байгаагаа зарлалаа. Тэд eOne нэртэй кино, ТВ-ийн бизнесээ Lionsgate-т 500 сая доллараар зарлаа.

- eOne-ийн багцад The Rookie, Yellowjackets, Naked and Afraid зэрэг франчайзууд, Play-Doh Squished зэрэг цувралууд багтдаг юм.

- Гэхдээ тэд Transformers, Peppa Pig гэсэн хамгийн алдартай 2 брэндээ авч үлдсэнийг онцлох хэрэгтэй. Тэд Холливүүдийн бусад компаниудтай хамтран 30 гаруй шинэ медиа төсөл хэрэгжүүлж байгаагаа энэ үеэр мэдэгдэв. Түүнээс гадна хөлөгт тоглоомын зах зээлээс нэмэлт орлого олно хэмээн үзэж байгаа ажээ.

4 мэдүүштэй зүйл

Шинэ түншлэл: Toyota Motors жолоочгүй машины чиглэлээр Хятадын Pony.Ai-тай хамтарсан компани байгуулж байгаагаа зарлалаа. Тэд 4-р түвшний буюу төвөгтэй замд хүрдний ард жолоочгүй ажиллах чадвартай автомашиныг масс үйлдвэрлэлд нэвтрүүлэх амбицтай байгаа юм. Pony.Ai-ийн хувьд Хятадын дөрвөн том хотод хэдийнээ жолоочгүй таксиг нэвтрүүлээд байгаа билээ.

Супер дамжуулагч: Өрөөний температурд ажиллах боломжтой LK-99 нэртэй супер дамжуулагчийг бүтээснээ БНСУ-ын эрдэмтэд зарласан нь шинжлэх ухааны хүрээллийг талцуулж орхив. Эрчим хүчний хэрэглээг тэр чигт нь өөрчлөх энэ нээлт нь бодит эсэхийг турших давлагаа сошиал орчинд өрнөж эхэлжээ. Одоогоор энэ нээлтийн хэрэглээ, үнэн эсэх нь тодорхойгүй байна.

Дуу бүтээгч: Meta текстээс аудиод хөрвүүлэгч шинэ AI-аа танилцууллаа. Audiocraft нэртэй уг AI-ийг Meta-ийн эзэмшдэг 20 мянган цагийн аудио санг ашиглан сургажээ. Тэд уг сангаа нээлттэй эх болгон хөгжүүлнэ гэнэ.

Эхлэлийн эрэлд: Европын Сансрын Агентлаг ертөнцийн үүсэл эхлэлийг эрэх зорилготой Euclid нэртэй сансрын телескопыг хөөргөөд байгаа. ЕСА-аас анхны туршилтын зургууд ирснийг олон нийтэд ил болгожээ. Энэ дуран нь хар энерги, хар маттерыг илрүүлэх зорилготой юм.

5 сонин хачин

1. Barbie ердөө 17 хоногийн дотор тэрбум долларын орлого цуглууллаа. Тэд гурав дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүлж байгаа нь энэ юм. Энэ долоо хоногт өндөр хүлээлттэй байсан "Teenage Mutant Ninja Turtles", "Meg 2" кинонууд нээлтээ хийсэн. Meg 2-ийн хувьд дэлхий даяар 142 сая долларын орлого олж, 2-р байрт бичигдсэн бол "TMNT"-ийн хувьд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч 51.5 сая долларыг цуглуулав.

2. Өнгөрсөн 1-р сарын CES-ийн үеэр танилцуулагдсан 97 инчийн утасгүй аварга зурагт албан ёсоор борлуулагдаж эхэллээ. LG-ийн Signature нэртэй уг зурагт нь 28 мянган фунтээр борлуулагдана гэнэ.

3. Алдарт энтрепренер Стив Жобсын хүү Рийд Жобс венч хөрөнгө оруулалтын компани байгуулж, хорт хавдрын эмчилгээний чиглэлд төвлөрнө гэдгээ зарлалаа. Өдгөө 31 настай тэрээр ээжийнхээ удирддаг Emerson Collective тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 200 сая долларыг хэдийнээ босгоод байгаа ажээ.

4. OnePlus-ийг орхиж Nothing хэмээх шинэ компаниа эхлүүлээд удаагүй байгаа Карл Пэй ээлжит шинэ брэндээ танилцууллаа. Тэрээр дундаж орлоготой хэрэглэгчдэд зориулсан "CMF by Nothing" брэндээ зарлав. "Color, Material, Finish" гэсэн үгийн товчлол болсон уг брэнд нь илүү хямд үнээр чанартай ухаалаг утас, ухаалаг цаг, чихэвч зэргийг гаргах гэнэ.

5. McDonalds улирлын тайлангийн хурлын үеэрээ "CosMc's" нэртэй шинэ рестораны сүлжээг байгуулах гэж байгаагаа зарлалаа. 80-аад оны сүүл үеэр Макд донтсон харь гарагийн амьтны дүрээр анх сурталчилгаанд тоглож байсан CosMc's-ийн концепцийг илүү залууст чиглэсэн брэнд болгох амбицтай байгаа ажээ.