1 гол сэдэв
Юу болов?
Tesla И.Маскад 1 их наядын урамшуулал өгнө. Tesla-ийн удирдах зөвлөлөөс ирэх арван жилд тавьсан зорилгод хүргэж чадвал түүнд компанийн 12%-тай тэнцэх 1 их наядын урамшууллыг олгоход бэлэн байгаа гэнэ. Тэд дэлхийн хамгийн баян эрхэмийн анхаарлыг Tesla-д бүрэн хандуулж, роботын эрин үеийн хамгийн хүчирхэг компанийг үүсгэхийг зорьж байгаа нь энэ юм.
Яах ёстой вэ?
Үүний тулд тэрээр дараах үзүүлэлтүүдийг гүйцэлдүүлэх ёстой.
- Компанийн үнэлгээг одоогийнхоос 8 дахин нэмэгдүүлж, 8.5 их наядад хүргэх
- Борлуулалтын орлогыг 24 дахин нэмэгдүүлж, 400 тэрбумд хүргэх
- Жилийн автомашин үйлдвэрлэлийн хэмжээг 20 саяд хүргэх
- Робот таки, роботын хэмжээг 1 саяд хүргэх
Өмнө яасан билээ?
Ташрамд сануулахад, үүнтэй төстэй тохиролцоог И.Маск 2018 онд хийж, улмаар 56 тэрбум долларын урамшуулал авах болзлоо хангаад байгаа билээ. И.Маск одоогоор Tesla-ийн 17 орчим хувийг эзэмшдэг юм.
2 чухал тоо
91 - Италийн домогт загвар зохион бүтээгч Ж.Армани 91 насандаа таалал төгслөө. Тэрээр 1975 онд машинаа зарж босгосон 10 мянган еврогоороо брэндээ эхлүүлж, дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлийн хамгийн нөлөөтэй, өнгийг тодорхойлогч 9 тэрбумын үнэлгээтэй эзэнт гүрнийг бий болгож чадсан юм. Gucci, Versace зэрэг бусад брэндүүдээс ялгаатай нь аль нэг группт зарагдалгүй, бие даасан хэвээр байгаа Armani-ийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй байна.
2,200 - Өнгөрсөн ням гарагт Афганистаны зүүн хэсэгт орших Кунар болон Нангарар мужуудад 6.0 магнитудын газар хөдөлж, үлэмж их хэмжээний хохирол амслаа. Одоогийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо хэдийнээ 2,200-д хүрч, гэмтэж бэртсэн иргэд 8000 даваад байна. Гэхдээ олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд бодит нөхцөл байдал Талибанчуудын гаргаж буй мэдээллээс даруй хэд дахин хүнд байгааг онцолсоор байна. Аврах ажиллагаа хийгдэж буй ч хот тосгодын дийлэнх нь нурж, амиа алдсан хүмүүсийн тоо цаг бүрд нэмэгдэж байгаа юм.
3 онцлох өгүүлбэр
I. Исланд дэлхийн хамгийн тайван улсаар нэрлэгджээ
- Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс эрхлэн гаргадаг “Global Peace Index”-ийг 2008 оноос хойш гаргаж буй. Исланд улс 17 жилийн турш тасралтгүй жагсаалтыг тэргүүлж байгаа нь энэ юм. Сайн засаглал, эдийн засгийн өсөлт, хандлагын үзүүлэлт нь тэднийг нэгдүгээр байр эзлэхэд хүргэдэг гэнэ.
- Жагсаалтын дараагийн байруудад Ирланд, Шинэ Зеланд, Австри улсууд бичигджээ. Ази тивээс Сингапур 6-д, Япон 12-д бичигдсэн байна. Монгол улсын хувьд 37-р байрт жагссан нь өмнөх оны үзүүлэлтээс 8-аар ахисан гэсэн үг. Харин ОХУ хамгийн сүүлд буюу 163-р байрт, Украйн 162-р байрт бичигджээ. Дайны нөхцөл байдалтай буй Судан, Конго, Йемен улсууд хамгийн сүүлийн байруудыг эзэлсэн байна.
- Сонирхолтой нь АНУ-ын хувьд 128-р байрт бичигдсэн нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт нь болжээ. 2025 оны тайланд дурдсанаар 59 улс ямар нэгэн мөргөлдөөн, дайнтай байгаа нь дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн өндөр тоо болжээ. 2008 онтой харьцуулахад дундаж энх тайвны индекс 5.4%-аар буураад байгаа юм.
II. Google хуваагдах шаардлагагүй болов
- АНУ-ын зохицуулах байгууллагаас Google-ийг хайлт болон онлайн сурталчилгааны зах зээлд хууль бус монополийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутгасан. Улмаар шүүхэд Google Chrome веб хөтчийн бизнесээ салгах хүртэл шийтгэл оноохыг санал болгоод байсан билээ.
- Тэгвэл холбооны шүүхээс Google-ийг өрсөлдөөнийг боомилсон шийдвэрүүд гаргаж байгааг хүлээн зөвшөөрсөн ч байж болох хамгийн хөнгөн шийтгэлийг оногдууллаа. Шүүх тэднийг бизнесээ салгах, бие даан хуваах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд онцгой эрхтэй гэрээ байгуулахыг хоригложээ.
- Google-ийн хувьд Apple-ийн утасны үндсэн хайлтын систем байхын тулд жилд 20 тэрбум доллар төлдөг гэдэг нь ил болоод байсан. Үүнээс хойш энэ мэт гэрээг хийх эрхгүй болж байгаа гэсэн юм. Үүнээс гадна хайлтын зах зээл дэх зарим нэг дата, индексийн мэдээллийг олон нийтэд ил болгож, хуваалцах үүргийг оноожээ. Энэ бол Google-ийн хувьд маш том ялалт. Толгой компани Alphabet-ийн хувьцаа уг мэдээний дараа 8%-аар өссөн нь үүний илрэл юм.
III. Хийн хоолой байгуулах санамж бичиг байгууллаа
- Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүдийн уулзалтын хамгийн онцлох үйл явдал нь ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон нь байлаа. 20 гаруй жилийн турш яригдсан ч бодит ажил болж чадаагүй л байгаа уг төслийн нийт өртөг 25 тэрбум орчим доллар байх тооцоотой. Нийт 2600 км үргэлжлэх хоолойгоор жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
- “Сибирийн хүч -2” нэртэй уг хоолой Монголын хойд хилээс урд хил хүртэл 960 км урт дайран өнгөрнө. Манай улсын хувьд уг хоолойн төслөөс жилд хамгийн багадаа 1 тэрбум долларын ашиг хүртэх талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн барилга угсралтын үеэр 12 мянга, ашиглалтын дараа 1000 ажлын байр шинээр бий болох ажээ. Үүнээс чухал нь байгальд ээлтэй, илүү хямд эрчим хүчний эх үүсвэр болох байгалийн хийг ашиглан эрчим хүчний системийг шинэ түвшинд хүргэж, агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм.
- Гэхдээ нөгөө талаас геополитикийн асар их эрсдлийг дагуулна гэдгийг шинжээчид сануулсаар байгаа. Олон нийтийн санаа бодол ч ихэд хуваагдсан байгаа нь уг асуудал хөндөгдөх бүрд тодорхой харагддаг. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар харин сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хийн хоолойн бүтээн байгуулалтыг “мянганы төсөл” хэмээн тодотгосон билээ. Энэ мэдээ зарлагдсаны дараагаар төслийг хэрэгжүүлэгч “Газпром”-ын хувьцааны ханш 3.1%-аар унасныг анзаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид уг зарлалыг зөвхөн санамж бичиг төдий, төслийн санхүүжилтийг хэн, хаанаас гаргах нь тодорхойгүй байгааг онцолж байна. Украйны дайнтай холбоотой барууны хоригт ороод буй “Газпром”-ын хувьд Хятадын зах зээл “амь тариа” болоод буй. Үүнийг ч Хятадын тал мэдэж буй тул “Сибирийн хүч -1” хоолойгоор дамждаг хийнээс даруй 25-30%-аар хямдаар худалдаж авах сонирхолтой байгаа ажээ.
4 мэдүүштэй зүйл
Шинэ өрсөлдөгч: OpenAI Linkedin-тэй өрсөлдөнө. “OpenAI Jobs Platform” нэртэй уг бүтээгдэхүүнээ тэд бизнесийн байгууллагад хэрэгцээтэй талентыг AI ашиглан олж өгөх зорилготой хэмээн тодорхойлсон байна. 2026 оны эхний хагаст гарах хуваарьтай гэх уг платформ ажлын байрны зах зээлд Linkedin-тэй шууд өрсөлдөх төлөвтэй байна. Хамгийн сонирхолтой нь, Linkedin-ийг OpenAI-ийн хамгийн том хөрөнгө оруулагч Microsoft эзэмшдэг билээ.
Огцом өсөлт: ChatGPT-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож буй Claude моделийг хөгжүүлэгч Antrophic 13 тэрбум долларыг шинээр босгож, 183 тэрбум долларын үнэлгээнд хүрснээ зарлалаа. 300 мянган төлбөр төлдөг хэрэглэгчтэй гэх тус компанийн борлуулалтын орлого 5 дахин нэмэгдэж, 5 тэрбум долларт хүрээд байгаа юм. Сонирхуулахад, OpenAI-ийн хувьд хагас их наяд долларын үнэлгээнд хүрээд байгаа билээ.
Эсэргүүцлийн жагсаал: Индонез даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Уг жагсаалын шалтгаан нь парламентын гишүүдийн орон сууцны тэтгэмжийг хэт өндөрт тогтоосонтой холбоотой. Тэтгэмжийн хэмжээ нь нийслэл хотын хөдөлмөрийн доод хэмжээнээс арав дахин их байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ. Эхэндээ оюутнууд голцуу тайвнаар жагсаж байсан эсэргүүцлийг дарах гэж их хэмжээний цэрэг, цагдаагийн хүч ашигласан нь хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртөх болсон. Зарим хотод иргэд орон нутгийн засаг захиргааны байр луу дайрч, зарим парламентын гишүүдийн гэрийг галдан шатааж байгаа гэнэ. Хүний эрхийн байгууллагууд 8 хүн амиа алдаж, 20 гаруй хүн ор сураггүй болоод байгааг тодотгожээ.
Сүрт жагсаал: Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулсан цэргийн парад Хятадын армийн сүр хүч, батлан хамгаалахын нөөц бололцоо ямар түвшинд хүрснийг илтгэсэн арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд 12 мянган цэргийн албан хаагч, мянга гаруй цэргийн машин, онгоц оролцжээ. Тьянжин хотноо болсон ШХАБ-ын арга хэмжээний дараахан явагдсан уг ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар оролцсоноос гадна Малайз, Казахстан, Иран, Пакистан зэрэг 26 орны төрийн тэргүүд оролцжээ. Манай улсаас ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг арга хэмжээнд оролцсон билээ.
5 сонин хачин
1. Венецийн кино наадам өндөрлөлөө. 82 дахь удаагийн наадмын шилдэг бүтээлээр алдарт найруулагч Ж.Жармушийн бүтээл “Father Mother Sister Brother” тодорч, “Алтан арслан” шагналын эзэн боллоо. Олон нийт, шүүмжлэгчдийн зүгээс Газын зурвасын бодит түүхээс сэдэвлэсэн “The Voice of Hind Rajab”-ийг ялах магадлалтай хэмээн үзэж байсан ч “Шүүгчдийн нэрэмжит” шагналтай хоцорчээ.
2. Facebook-ийн эхэн үеийн хамгийн алдартай үйлдэл “Poke” байсан. Уг товчийг хэрэглэгчид бие бие рүүгээ илгээж, “өдөх”, “онлайн байгаагаа мэдэгдэх”, “анхаарал татах” зэрэг олон зорилгоор ашигладаг байсан юм. Facebook-ийн хувьд хэрэглэгчид хоорондын харилцааг идэвхжүүлэх зорилгоор “Poke” товчийг эргэн авчирч байгаагаа зарлажээ. Одоо хэрэглэгчид хэн хэн, хэдэн хүн таныг "Poke" хийсэн зэрэг мэдээллийг нэгдсэн хуудаснаас харах боломжтой болсон гэнэ.
3. “Call Of Duty”-ийн кино хийгдэнэ. Call of Duty-ийн хувьд Дэлхий даяар 500 гаруй сая хувь борлуулагдсанаараа түүхэн дэх хамгийн амжилттай видео тоглоомын франчайзад тооцогддог юм. Зөвхөн Америкийн зах зээлд л гэхэд тус тоглоом борлуулалтаараа 16 жил дараалан тэргүүлж буй. Тэгвэл тус тоглоомын киног хийх эрхийг Paramount эзэмших болжээ. Тоглоомыг бүтээгч Activision-ийн хувьд Paramount-тай хамтран тус тоглоомын түүх дээр үндэслэсэн телевизийн цуврал, бүрэн хэмжээний кино, анимэйшн зэргийг бүтээж, өргөтгөсөн ертөнцийг үүсгэх амбицтай байгаа юм.
4. Huawei шинэ гурав нугардаг утсаа зарлалаа. Уг утас 2023 оны сүүлээр анх гарсан даруйдаа хит болж, зөвхөн энэ оны эхний хагаст л гэхэд 473 мянган ширхэг зарагдаад байгаа юм. Тэгвэл шинэ загвар нь дөрвөн өнгөний сонголттой, балтай хоршиж ажилладаг, илүү хүчирхэг үзүүлэлттэй болсноос гадна батарей нь бараг 2 дахин сайжирчээ. Уг утас эхний ээлжинд Хятадын зах зээлд 2,500 долларын үнэтэйгээр зарагдана.
5. Amazon "Tomb Raider”-ийн шинэ цуврал кино хийх болсноо зарлалаа. Домогт Лара Крофтын дүрийг Game of Thrones-ийн од С.Тюрнер бүтээнэ. Үүнээс гадна тэд Playstation-ийн хит тоглоом “Life is Strange”-ийн ертөнцийг дэлгэцэнд шилжүүлж, телевизийн цуврал бүтээнэ гэв. 2015 онд анх гарсан цагаасаа хойш таван ч бүлэг гарсан уг тоглоом 20 сая гаруй хувь зарагдсан юм.