1 гол сэдэв
Юу болов?
Meta шинэ ухаалаг шилээ танилцууллаа. Meta-ийн зарласан шинэ ухаалаг шил 299 доллараар зарагдана. Энэ бол тэдний өнгөрсөн хавар зарласан шинэ үеийн Ray-Ban шилнээс даруй 80 доллараар хямд гэсэн үг юм. Тэд уг шилээ Ray-Ban-ийн толгой компани EssilorLuxottica-тай хамтран хөгжүүлсэн ч ямар нэгэн брэндийн нэр ашиглалгүй, Meta Glasses хэмээн нэрлэжээ.
Хэр амжилттай байна?
Meta-ийн хувьд 2021 онд хамгийн анхны ухаалаг шилээ зарлаж байсан. Үүнээс хойш тэд Oakley, Ray-Ban брэндүүдтэй хамтран хэд хэдэн загварын шил гаргаж, зах зээлийн 80%-ийг эзлээд байгаа юм.
Гэхдээ?
Гэхдээ тэд энэ зах зээлд ганцаараа биш. Өнгөрсөн сард л гэхэд Google Warby Parker-тай хамтран шинэ шил хийх болсноо зарласан. Мөн Snapchat-ийн толгой компани Snap ухаалаг утасны залгамжлагч гэж тодорхойлсон Spectacles шилээ 2100 доллараар худалдаанд гаргаад байгаа билээ.
2 чухал тоо
4: Теннисийн ертөнцийн нүүр царай болсон хамгийн алдартай тамирчдын нэг Серена Уильямс 4 жилийн дараа эргэн ирж байгаагаа зарлалаа. Өдгөө 44 настай тэрээр энэ оны гурав дахь их дуулгын тэмцээн Уимблдонд ганцаарчилсан төрөлд цагаан хуудсаар оролцох болжээ. Тэрээр үүнээс өмнө өөрийн эгч Венустэй хамт хосын төрөлд өрсөлдөх болсноо зарлаад байсан билээ.
1400: Улс төр, эдийн засаг хямралд өртөөд буй Венесуэлийн хойд хэсэгт Лхагва гарагт дараалсан газар хөдлөлт явагдаж, 1400 гаруй хүн амиа алджээ. Мөн 3200 хүн хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдэж, 69 мянган хүн ор сураггүй хэмээн бүртгэгдээд байна.
3 онцлох өгүүлбэр
I. Их Британийн Ерөнхий сайд ажлаа хүлээлгэн өгнө
- Нэгэн цаг үед дэлхийн хамгийн тогтвортой ардчиллын жишээ хэмээн үнэлэгддэг байсан Их Британи сүүлийн 10 жилд 7 дахь ерөнхий сайдын нүүрээ үзэх боллоо. 2024 оны сонгуулиар Консерватив намын 14 жилийн давамгайллыг дийлж, түүхэн ялалтад хөтөлж байсан Кир Стармер өөрийн хүсэлтээр огцрох болжээ.
- К.Стармерын тэргүүлсэн Хөдөлмөрийн нам хувьд өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуульд хүнд ялагдал амссан. Эдийн засгийн нөхцөл байдал, Ираны дайны асуудлаас шалтгаалан түүний засгийн газрын нэр хүнд улам бүр унасаар байсан юм. Европын холбоо, АНУ зэрэг гол холбоотнуудтай харьцах харилцаа ч тийм сайн байсангүй. Тиймдээ ч түүнийг ийм шийдвэр гаргах нь цаг хугацааны асуудал байсан гэж хэлж болно.
- Түүнийг орлох эрхэм Энди Бюрнхам байх болно. Манчестерийн амбан захирагчаар ажиллаж байсан тэрээр саяхан нөхөн сонгуульд ялж, Парламентын гишүүний тангаргаа өргөсөн юм. Хуулийн дагуу Ерөнхий сайд заавал парламентын гишүүн байх шаардлагыг тэр ийнхүү хангалаа. Орон нутгийн түвшинд ихээхэн нэр хүндийг цуглуулж чадсан тэрээр олон улсын тавцанд хэрхэн ажиллах нь анхаарал татаж байна.
II. SK Hynix 29 тэрбумыг босгоно
- Саяхан 1 их наядын үнэлгээтэй болсон SK Hynix өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, шинэ технологи хөгжүүлэх зорилгоор Америкийн зах зээлд IPO хийх болсноо зарлалаа. Тэд 7-р сарын 10-нд эхлэх арилжаагаар 29 тэрбум доллар босгох зорилго дэвшүүлжээ.
- Ахисан түвшний тооцооллын мемори чипүүд болох DRAM, HBM-ийн зах зээлийн лидер болоод буй SK Hynix-ийн хувьд энэ онд Индианад 4 тэрбумын өртөгтэй шинэ үйлдвэр ашиглалтад оруулах гэж буй. Энэ бол тэдний хувьд гадаадын зах зээлд нээх анхны үйлдвэр нь болох юм. Мөн 2027 онд дэлхийн хамгийн том гэх тодотголтой Ёнгинийн кластераа нээх төлөвлөгөөтэй байгаа. Уг төсөлд тэд хэдийнээ 21 тэрбум доллар зарцуулаад байгаа юм.
- Сонирхуулахад, тэд мемори чипийн зах зээлийн гол өрсөлдөгч болох Samsung-ийн хамтаар БНСУ-ын KOSPI индексийн 40%-ийг бүрдүүлж байгаа билээ.
III. “Cannes Lions”-д Монгол төсөл анх удаа онцлогдлоо
- Дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамгийн том арга хэмжээ “Cannes Lions” явагдлаа. Тухайн жилийн хамгийн шилдэг кампанит ажил, маркетингийн төслүүдийг тодруулж, онцолдог шалгаруулалтад анх удаа Монгол бүтээл үнэлэгджээ.
- Гоёл Кашмир ХХК-ийн 2026 оны өвлийн олимпод зориулан бүтээсэн Монголын шигшээ багийн ёслолын хувцасны кампанит ажил “Cultural Engagement” төрөлд онцлогджээ. Монгол өв соёл, уламжлалыг тусгасан гоёлын хувцсыг Vogue, New York Times, Cosmopolitan зэрэг топ медиа “хамгийн шилдэг хувцас” хэмээн онцолж, Олимпод зориулан зохион байгуулсан “Миланы загварын шоу”-нд танилцуулагдсан билээ.
- Нийт 1200 гаруй бүтээл энэ жил материалаа ирүүлснээс 10 орчим хувь нь “Shortlisted” багтсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Энэ жилийн ялагчид дунд Apple, Google, Ogilvy, Dove зэрэг дэлхийн топ брэндүүд багтжээ.
4 мэдүүштэй зүйл
Нэгдсэн улс: Румыний парламентын доод танхимаас тус улсыг Молдавтай нэгтгэх тухай хуулийн төслийг баталжээ. Ингэснээр уг хууль Сенатын танхимд хэлэлцүүлэгдэх болж байна. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Румыний иргэдийн 72% нь тус улсыг Молдавтай нэгдэхийг дэмжиж байгаа гэнэ. Хэдийгээр Молдавын ерөнхийлөгч М.Санду уг үйл явцыг дэмждэг ч олон нийтийн дэмжлэг 42-45%-ийн хооронд байгаа хэмээн мэргэжилтнүүд тооцож байна.
Хэт халалт: Франц, Герман, Чех, Дани зэрэг улсуудад хэт халалт явагдаж, түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Германд 41°C, Чехэд 40°C хүртэл халсан байна. Судлаачдын тооцооллоор Европ даяар 150 сая гаруй хүн 35-аас дээш градуст амьдарч байна.
Огцрох өргөдөл: Сербийн ерөнхийлөгч Александр Вучич олон нийт, оюутан залуусын шахалтан дор үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ зарлалаа. 2024 оны 11-р сард төмөр замын өртөөний дөнгөж ашиглалтад орсон байгууламж нурж, улмаар 16 хүн амиа алдсан юм. Улмаар оюутнуудыг тэргүүлсэн жагсаал 18 сарын турш үргэлжилсээр байгаа юм.
Үнэ бууралт: Вашингтон, Техраны хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, 60 хоногийн дотор эдийн засаг, улс төрийн томоохон тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь Ойрх Дорнодын нөхцөл байдалд эергээр нөлөөлж, нэг баррель брент тосны үнэ 73 доллар хүртэл буурахад хүргэлээ. Энэ бол мөргөлдөөн эхлэхийн өмнөх ханшинд очлоо гэсэн үг юм.
5 сонин хачин
1. DC Studios-ийн шинэ бүтээл Supergirl дэлхий даяар нээлтээ хийж, эхний амралтын өдрөөрөө 50 гаруй сая долларын орлого олжээ. Гэвч энэ нь бокс оффисыг тэргүүлэхэд хангалттай байсангүй. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Toy Story 5 хүлээлтээс давсан давамгай амжилтаа үргэлжлүүлж, дэлхийн орлого нь хэдийнэ 400 сая долларыг давсан байна. Ташрамд дурдахад, Supergirl нь 170 сая долларын төсөвтэйгээр бүтжээ.
2. Everything Everywhere All at Once, Lady Bird, The Whale зэрэг бүтээлээрээ орчин үеийн хамгийн нэр хүндтэй бие даасан студиудын нэг болсон A24 Google-тэй AI технологи хамтран хөгжүүлэх гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд Google 75 сая долларын хөрөнгө оруулалт хийж, кино үйлдвэрлэлд зориулсан хиймэл оюуны шийдлүүдийг хөгжүүлэхээр болсон байна. Холливүүд хэдийнээ AI-ийн өрсөлдөөний шинэ талбар болчихсон. Netflix саяхан нэрт жүжигчин, найруулагч Бен Аффлекийн AI компанийг худалдан авсан бол Lionsgate Runway AI, Disney OpenAI-тай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.
3. OpenAI анхны чипээ танилцууллаа. Jalapeno нэртэй уг чипийг тэд Broadcom-тай хамтран хөгжүүлжээ. 18 сарын турш хамтран ажилласан хоёр компани уг AI чипийг “илүү хурдан, илүү хүртээмжтэй, илүү найдвартай” хэмээн тодорхойлсон байна. OpenAI-ийн хувьд хиймэл оюуны салбарт зөвхөн модель хөгжүүлэгч бус бүрэн шийдэл санал болгох чадалтай экосистем хөгжүүлэгч болох амбицтай байгаа юм. Тэд Nvidia-ийн хамаарлаа бууруулж, Google, Amazon, Meta зэрэг өөрсдийн чипээ хөгжүүлж буй компаниудтай ийн шууд өрсөлдөх болж байна. Broadcom-ийн хувьд AI-ийн тэсрэлтээс хамгийн их хожиж буй компаниудын нэг. Тэдний хувьцааны ханш 2022 онтой харьцуулахад 7 дахин өсөөд байгаа юм.

4. ОУОХ-ны 146 дахь удаагийн чуулган Швейцарийн Лозанн хотноо явагдлаа. Энэ үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч К.Ковентри түүхэн шийдвэр гаргаж, олимпод оролцох эрхээ авсан тамирчдад 10 мянган долларын тэтгэлэг олгох болсноо зарлалаа. Уг шийдвэр нь 2026 оны Милан-Кортинагийн өвлийн олимпоос эхлэн хэрэгжих бөгөөд нэг олимпын циклд 146 сая долларыг зарцуулах тооцоо гарчээ.
5. АНУ үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар Antrophic-ийн хамгийн сүүлийн үеийн моделиуд болох Fable 5, Mythos 5-д хэрэглээний хязгаарлалт тавиад байсан. Тэгвэл энэ удаад тэд OpenAI-ийн шинэ моделийг зөвхөн засгийн газрын зөвшөөрөлтэй хэрэглэгчдэд нэвтрүүлэх шаардлага тавьжээ. Энэ нь Трампын засаг захиргааны хиймэл оюунд хандаж буй бодлого маш хурдацтай өөрчлөгдөж буйн илрэл болж байна. Үүнтэй зэрэгцэн OpenAI удтал яригдаж буй IPO-оо хойшлуулж магадгүй мэдээ гараад байна.

Сэтгэгдэл бичих

