1 гол сэдэв
Юу болов?
Дэлхийн хамгийн том бөгөөд нөлөөтэй технологийн шоу CES 2023 явагдлаа. Лас Вегаст долоо хоногийн турш үргэлжилдэг уг арга хэмжээнд 115 мянган хүн оролцсон нь цар тахлын өмнөх оргил үетэй дөхсөн үзүүлэлт байв. Энд технологийн гигантууд, топ стартапууд дараагийн үеийн өнгийг тодорхойлохуйц хамгийн сүүлийн үеийн концепц, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарладаг уламжлалтай билээ.
Гол дүр нь юу байв?
Lenovo-г хамгийн эхэнд онцолъё. Тэд хос дэлгэцтэй лаптопоо Lenovo Yoga Book 9i нэрийн дор танилцуулсан нь хэрэглэгчдийн хорхойг хөдөлгөж орхив. Кэйборд залгаж болох, олон үйлдлээр уян дэлгэцээ ашиглаж болох уг лаптоп энэ зунаас дор хаяж 2000 долларын үнэтэй борлуулагдана. Мөн BMW-ийн өнгөө сольдог машины концепц, Sony-ийн ирээдүйг угтсан мэт өнгө төрхтэй анхны автомашин Afeela, LG-ийн 97 инчийн 4K утасгүй зурагтыг дурдах учиртай. Мөн Apple, Google, Samsung, Amazon зэрэг томчуудын санал нэгтэйгээр баталсан зүйлсийн интернет, ухаалаг гэрийн төхөөрөмжийн стандарт Matter хамгийн их яригдсан сэдэв байв.
Сонирхолтой бүтээгдэхүүнүүд юу байв?
CES үргэлжид галзуу гэмээр санаагаар дүүрэн өрнөдөг. Withings-ийн таны өтгөнөөс хоол боловсруулах явц болон эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг хянах ухаалаг суултуурын төхөөрөмж U-Scan зөвхөн нэг жишээ. L'Oreal-ийн хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүст зориулсан ухаалаг нүүр будагч төхөөрөмжийн демо бүтээгдэхүүн үнэхээр ангайлгам байсан. Мөн Monopoly, Scrabble зэрэг хит борд тоглоомыг багтаасан мэдрэгчтэй дэлгэцтэй Infinity Game Board ширээний таблет ч сонирхолтой шийдэл байлаа.
Сонирхох: CES-ийн хамгийн, хамгийн /Gizmodo/

2 чухал тоо
1.350.000.000 - Лотоны түүхэнд дөрөвт бичигдэх шагналын ялагч Мэйн мужаас тодорчээ. Mega Millions-ийн өнгөрсөн оны арван сараас хойш хуримтлагдсан сан 1.3 тэрбум долларт хүрээд байсан юм.
60.000 - Хятад улс өнгөрсөн нэг сарын хугацаанд 60 мянга орчим иргэнээ коронавирусний улмаас алдсан гэдгээ зарлалаа. "Тэг ковид" бодлогоо цуцалж, хилээ нээгээд удаагүй байгаа тус улсын иргэдийн 64 хувь нь буюу 900 сая хүн хэдийнээ тус өвчнөөр халдварласан байх боломжтой хэмээн Бээжингийн их сургуулийн судлаачид үзэж байгаа билээ.
BREAKING China reports almost 60,000 Covid-related deaths in a month: health body https://t.co/x9hiJ5qRN0
Sat Jan 14 10:29:55 +0000 2023
3 онцлох өгүүлбэр
I. Алтан бөмбөрцгийн ялагчид тодорлоо.
- 80 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадмаас хамгийн олон шагналыг "The Banshees of Inisherin" хүртлээ. 2004 оны "Cold Mountain"-аас хойшхи хамгийн өндөр амжилт буюу 8 төрөлд өрсөлдсөн тэд шилдэг комеди бүтээлийн шагналыг оролцуулан нийт 3 шагналыг хүртжээ. Харин домогт С.Спилбергийн найруулсан "The Fabelmans" шилдэг драма, шилдэг найруулагчийн шагналыг өөрийн болгов.
- Өдгөө 60 настай Малайз жүжигчин Мишелле Йео "Everything Everywhere All At Once"-д бүтээсэн дүрээрээ анх удаа уг шагналд нэр дэвшиж, шилдэг эмэгтэй жүжигчнээр нэрлэгдлээ. Түүнтэй хослон тоглосон Ке Кван туслах жүжигчний шагналыг мөн хүртсэн нь Азийн киночдын хувьд таатай мэдээ байв. Харин шилдэг анимэйшн бүтээлээр Г.Дел Торогийн "Pinoccio" тодорчээ.
- Телевизийн цувралын ангилалд "House of Dragons" шилдэг драма бүтээлээр нэрлэгдлээ. Гэхдээ шилдэг инээдмийн цувралаар шалгарсан "Abbott Elementary" хамгийн олон буюу 3 цомтой буцсан. Зендаяа, К.Костнер, Э.Питерс, А.Сэйфрид нарын од жүжигчид өөрсдийн төрөлдөө шилдгээр нэрлэгдлээ.
II. Apple ухаалаг дэлгэцтэй лаптоп үйлдвэрлэж магадгүй.
- Bloomberg-ийн мэдээлж байгаагаар тэд 2025 он гэхэд MacBook-ийн зарим загвартаа OLED ашиглаж, "touchscreen" буюу мэдрэгчтэй дэлгэцийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ хөгжүүлэлтийн ажил дөнгөж эхэн үедээ явагдаж байгааг онцолжээ.
- Үүнээс гадна Apple өндөр хүлээлт дагуулж буй AR/VR төхөөрөмжөө энэ намар танилцуулж магадгүй бололтой. Тэд энэ зун явагдах WWDC арга хэмжээнийхээ үеэр албан ёсны үзүүлэлт, товоо ил болгоно гэж шинжээчид үзэж байна.
- Ташрамд дурдахад, Apple-ийн CEO Т.Күүк энэ онд авах цалингаа өөрийн саналаар 40% бууруулжээ. Ингэснээр түүний жилийн цалингийн багц 49 сая доллар болж байгаа юм.
III. Microsoft AI хөгжүүлэлтэд 10 тэрбум зарцуулна.
- Өнгөрсөн оны технологийн ертөнцийн хамгийн анхаарал татсан бүтээгдэхүүний нэг нь ChatGPT байсан. Хүний асуусан асуултад тэр дор нь хариулт өгөх чадвартай уг хиймэл оюуныг хөгжүүлэгч Open AI 29 тэрбум долларын үнэлгээтэй нэмэлт хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна.
- Уг компанид аль 2019 онд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан Microsoft дахин 10 тэрбум долларыг бэлэн байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ хэлцэл амжилттай болбол Microsoft хөрөнгө оруулалтаа нөхөх хүртлээ нийт орлогын 75%-ийг авах бөгөөд компанийн 49%-ийг эзэмших учиртай юм.
- Microsoft-ийн хувьд Google-ийн хайлтын системтэй өрсөлдөхүйц AI-д суурилсан шинэ үйлчилгээг гаргахыг зорьж байгаа. Үүний хүрээнд тэд өөрсдийн веб хөтөч Edge болон хайлтын систем Bing-тэй ChatGPT-г уялдуулах төслийг эхлүүлээд байгаа гэдэг. Зарим эх сурвалжууд тэд Office 365-ийн програмуудад ч AI-г нэвтрүүлэх амбицтай байгааг мэдээлж байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл
Бүтэн давхарга: Дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалагч озоны давхарга нөхөгдөж байгааг НҮБ-аас зарлалаа. 1985 онд Антарктид орчимд цоорсон нь мэдэгдэж, түүнээс хойш дэлхий даяар өрнөсөн нөлөөлөгч бодис, хэрэглээнээс татгалзсаны үр дүн өдгөө мэдэгдэж байна. Эрдэмтдийн тооцооллоор 2040 он гэхэд нөхцөл байдал 1980 оныхтой ижил хэмжээнд эргэн очих гэнэ.
AI хуульч: DoNotPay нэртэй компанийн хөгжүүлсэн AI хуульч ирэх сард анх удаа АНУ-ын шүүхэд яллагдагчид зөвлөн ажиллана гэдгээ зарлалаа. Тэд хурд хэтрүүлсэн үндэслэлээр шүүхэд дуудагдсан яллагдагчтай ухаалаг чихэвчээр шүүхийн танхимд хэлэх үгс, байр суурийг нь дамжуулах гэнэ. Гэхдээ энэ нь албан ёсоор зөвшөөрөгдөөгүй учир учирч болох эрсдэл, төлбөрийг компани даана гэдгийг онцолжээ.
Төстэй гараг: James Webb телескоп анхны дэлхийтэй төстэй гарагаа илрүүллээ. 41 гэрлийн жилийн алсад орших уг гараг хэмжээний хувьд дэлхийтэй ойролцоо ч нараа ердөө 2 өдрийн дотор тойрч эргэдэг гэнэ. Өмнө нь аварга хийн гарагийг илрүүлж байсан хүн төрөлхтөн өдгөө уг хүчирхэг телескопын ачаар тухайн гарагийн агаар мандлыг ч судлах боломжтой болж байгаа билээ.
Автомат нислэг: Airbus автомат удирдлагатай шинэ үеийн онгоцны технологийг Тулуз хотноо туршиж байна. DragonFly хэмээх код нэртэй уг төслийн хүрээнд тэд хөөрөх, буух үедээ бүрэн автомат горимд ажиллах жолоодлогод төвлөрөн ажиллаж байгаа гэнэ.
The ozone layer is on track to recover within four decades. This is an encouraging example of what the world can a… https://t.co/tXqC89P6wt
Tue Jan 10 19:32:41 +0000 2023
5 сонин хачин
1. Ж.Камероны бүтээсэн "Avatar: The Way of Water" тав дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүллээ. Уг кино дэлхий даяар 1.7 тэрбум долларын орлого цуглуулаад байгаа нь бүх цаг үеийн жагсаалтын 7-д бичигдэх үзүүлэлт юм. Шинжээчид "Avatar 2"-ийг цар тахлаас хойшхи анхны 2 тэрбумын босго давсан бүтээл болох боломжтой гэж үзэж байна. Харин жагсаалтын 2-р байрт Universal-ийн шинэ аймшгийн кино "M3GAN" хоёр дахь долоо хоногтоо дараалан бичигджээ.
2. Их Британийн хааны гэр бүлийн "шуугиант" гишүүн Харригийн намтар ном "Spare" худалдаанд гарсан өдрөө 400 мянган хувь борлуулагдаж, рекорд тогтоолоо. 16 хэл дээр орчуулагдсан уг бүтээл Amazon-ийн биет, цахим болон аудио номын жагсаалтыг тэргүүлж байна.

3. Samsung энэ жилийн хамгийн эхний томоохон бүтээгдэхүүнээ танилцуулах эвентээ хийх гэж байна. 3 жилийн дараа үзэгчтэй явагдах Galaxy Unpacked хоёрдугаар сарын 1-нд Сан Франциско хотноо зарлагдлаа. Энэ арга хэмжээний гол дүр нь олны таамаглаж байгаачлан Galaxy S23 загвар байх билээ.
Bring your epic moments into the spotlight. Join us at #SamsungUnpacked, on February 1, 2023. Learn more:… https://t.co/a2I1kJsDnx
Tue Jan 10 23:01:35 +0000 2023
4. Google Meet удтал хүлээлгэсэн эможи нэмэлтээ танилцууллаа. Одоо хэрэглэгчид видео дуудлагын үеэр хөдөлгөөнт анимэйшн ашиглан "чимээгүйгээр" сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой болж байгаа юм.

5. Дэлхийн хамгийн шилдэг рестораны жагсаалтыг нийт 5 удаа, хамгийн сүүлд 2021 онд тэргүүлж байсан Копенгаген хотноо байрладаг "Noma" 2024 оны сүүлээр үүдээ барина гэдгээ зарлалаа. 500 долларын үнэтэй 20 курс хоолоороо алдартай тус рестораны үүсгэн байгуулагчид хоолны соёл, бизнес загварыг дахин тодорхойлох шаардлагатай болсныг онцолжээ.
Noma, often called the world's best restaurant, will close at the end of 2024, the Copenhagen chef René Redzepi tol… https://t.co/xQTZ342LUN
Tue Jan 10 03:40:05 +0000 2023
10 унших мэдээ
Гүйлгэх: Билл Гэйтсийн АМА /Reddit/
Гайхах: Солонгосчууд тансаг бүтээгдэхүүний хэрэглээгээр тэргүүллээ /CNBC/
Харамсах: Итэвоны асуудалд хэн буруутай вэ? /BBC/
Анзаарах: LVMH-ийн залгамжлагчийн өрсөлдөөн /The Guardian/
Мэдэх: 15 удаа явагдсан санал асуулга юуг илтгэх вэ? /NPR/
Анхаарах: Украины технологийн салбар ба ажилчид /The Verge/
Сонирхох: Ж.Байдены гэрээс нууцын зэрэглэлтэй материал олдов /CNN/
Хүлээх: ММC, Erdene Resource стратегийн түншлэл үүсгэв /MSE/

Сэтгэгдэл бичих (1)


F Fabien 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com