1 гол сэдэв

Юу болов?

Time сэтгүүл 1927 оноос хойш эхлэн тодруулж байгаа "Оны хүн"-ээ нэрлэлээ. 2022 оны онцлохоор Украины ерөнхийлөгч В.Зеленски болон "Украины хүсэл зориг"-ийг илэрхийлэгчдийг тодруулжээ. Time сэтгүүл түүний "хоёрдугаар сарын 24-нд ОХУ анхлан довтлоход Киевийг орхилгүй үлдсэн" шийдвэрийг нь тодотгосон байв.

Хэрхэн тодруулав?

Тус сэтгүүлийн редакц уг шагналыг олгодог. Гэхдээ 2010 оноос эхлэн онлайн орчинд уншигчдынхаа саналыг цуглуулж, шилдэгт нэр дэвшсэн эрхэмүүдийг танилцуулдаг болсон. Энэ жилийн тухайд Twitter-ийн шинэ эзэн И.Маск, Ираны жагсагчид, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өрсөлджээ.

Өөр хэнийг онцлов?

Үүнээс гадна Time сэтгүүл оны шилдэг уран бүтээлчээр K-Pop-ийн нүүр царай болсон охидын хамтлаг Blackpink-ийг нэрлэсэн байна. 2020 онд BTS уг шагналыг хүртэж байв. Мөн оны шилдэг тамирчнаар мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн томд тооцогдох 9 жилийн 360 сая долларын гэрээг үзэглээд удаагүй байгаа бэйсболчин А.Жаж тодорчээ. Харин оны шүтээнээр Малайзын алдарт жүжигчин М.Иео нэрлэгджээ.

2 чухал тоо

1 - Морокко улсын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд үлдсэн анхны Африк тивийн төлөөлөл боллоо. Тэд Испани, Португалын хүчирхэг багуудыг буулгаж авснаар энэ амжилтын эзэн болов. Тэднээс гадна өмнөх тэмцээний финалистууд Франц, Хорват болон Аргентиний шигшээ багууд алтан цомын төлөө өрсөлдөхөөр тунаж үлдээд байна.

25 - Германд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоолоо. Хунтайж, парламентын гишүүн, цэргийн албан хаагч, тусгай хүчнийхэн зэрэг төрөл бүрийн хүмүүсээс бүрдсэн бүлэглэл канцелорыг унагаж, төрийн эрхийг гартаа авахаар бэлтгэж байсан гэнэ. Тагнуулын байгууллагын мэдээлэл дээр үндэслэн 3000 гаруй цагдаагийн оролцсон ажиллагааны хүрээнд 150 гаруй газарт нэгжлэг хийж, 25 хүнийг баривчилсан нь энэ юм.


3 онцлох өгүүлбэр

I. "dearMoon"-ийн гишүүдийн нэрс тодорхой боллоо.

- Японы тэрбумтан Маэзава Юсакү сар луу хамт нисэх багийн гишүүдийн нэрсээ зарлалаа. Тэрээр онлайнаар ирүүлсэн сая гаруй хүсэлтээс нийт найман хүнийг сонгож, бүх зардлыг нь даан хөлгийн багтаа элсүүлж байгаа нь энэ юм.

- Тэрээр багтаа 8 төрлийн уран бүтээлч, артистыг сонгон авсан нь сарны аяллаас олж авсан урам зоригоороо дамжуулж хүн төрөлхтөнд шинэ өнцөг, шинэ сэдлийг төрүүлнэ хэмээн найдсанд оршино. Маэзава K-Pop-ийн од, бүжиг дэглээч, гэрэл зурагчин, кино найруулагч, жүжигчин, сноубордын тамирчин, DJ-ээс багаа бүрдүүлжээ.

- 2018 онд SpaceX-ийн сар луу хийх хамгийн анхны хувийн нислэгийн бүх тасалбарыг худалдаж авсан тэрээр өнгөрсөн жил Олон Улсын Сансрын Станцад очсон туршлагатай. SpaceX-ийн Starship хөлөг 2023 онд хөөрөх зорилготой байгаа ч одоогоор хөөрөлтийн туршилтаа хийж амжаагүй байгаа билээ.


II. Oxford Dictionary оны онцлох үгээ зарлалаа.

- 2022 оны тренд үгээр "Goblin Mode" буюу "Гоблин горим" гэсэн үг тодорчээ. Энэ нь "нийгмийн хэвшмэл ойлголтыг үл тоомсорлон залхуурч хойрголон, тааваараа амьдрах" гэсэн агуулгатай юм.

- Цар тахлын дараагаар ажил амьдралын хэмнэл энгийн горимд шилжихтэй зэрэгцэн 2009 онд анх хэрэглэгдэж байсан уг хэллэг онлайн орчинд их тархах болсон. Тиймдээ ч онлайн санал асуулгад 93%-аар тасархай тэргүүлжээ. Энэ жилээс эхлэн Oxford анх удаа олон нийтийн саналаар онцлох үгээ тодруулах болсон юм.

- Дараагийн байрт "Metaverse" буюу "Метаверс" гэсэн үг жагссан байна. Oxford-ийн редакц санал асуулгад гурван үг нэр дэвшүүлсний нөгөөх нь "#IStandWith" гэсэн хэлц байсан юм. Өнгөрсөн жилийн хувьд ковидын тархалттай холбоотойгоор "vax" буюу вакцин онцлохоор тодорч байсан билээ.


III. Google-ийн 2022 оны хайлтын тайлан гарлаа.

- Энэ оны дэлхий даяар хамгийн их хайгдсан үг нь "Wordle" байсан гэнэ. NYTimes-ийн худалдаж авсан үг таадаг уг тоглоом нь энэ жилийн поп соёлын хамгийн гол дүрүүдийн нэг гарцаагүй байсан. Мөн Украин, хатан хаан Элизабет гэсэн хайлтын утгууд топ 5-д бичигджээ.

- Мэдээний агуулгаар шүүж үзвэл дээрхээс гадна "Сонгуулийн үр дүн", "Лотоны азын тоо" болон "Сармагчны тахал" гэсэн үгс эхэнд бичигдсэн байна. Жүжигчдийн жагсаалтыг Жонни Депп, Уилл Смит, тамирчдыг Новак Жокович, Рафа Надаль нар тус тус тэргүүлжээ.

- ТВ шоуны жагсаалтыг "Euphoria", " House of Dragon" тэргүүлсэн байна. Харин дууны жагсаалтын дийлэнхийг Энэтхэгийн уран бүтээлчид эзэлжээ. Харин Google Map-ийн хамгийн их хайсан газар нь Лондоны Бүүкингэм ордон, Египтын пирамид байв.

4 мэдүүштэй зүйл

Супер апп: Microsoft Wechat-тай төстэй супер апп бүтээх амбицтай байгаа гэнэ. Тэд өөрсдийн экосистемийг, тэр дундаа Bing хайлтын үйлчилгээгээ идэвхжүүлэх зорилгоор Apple, Google-ийн ноёрхлыг эвдэх сонирхолтой байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Microsoft энэ ажлын хүрээнд экс Uber-ийн захирлыг эгнээндээ нэгтгэснийг ч тэд онцолжээ.

Ухаалаг онгоц: Итали, Их Британи, Япон улс хамтран хиймэл оюунд суурилсан ухаалаг сөнөөгч онгоц бүтээх төсөл хэрэгжүүлэх болжээ. "Tempest" нэртэй уг төсөл нь 2035 он гэхэд анхны онгоцоо хөөргөх зорилготой бөгөөд бусад улсыг нэгдэхэд нээлттэй байна хэмээжээ.

Одисейн туршилт: Starbucks блокчэйнд суурилсан лояалти хөтөлбөрөө албан ёсоор туршиж эхэллээ. Starbucks Odyssey нэртэй уг үйлчилгээгээ тэд Polygon-той хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд кофены сэдэвтэй NFT-г гаргаж, комьюнитигээ үүсгэж эхэлжээ.

Жолоочгүй зэвсэг: Жолоочгүй ачааны машины технологи хөгжүүлэгч Kodiak АНУ-ын батлан хамгаалах яамтай 50 сая долларын хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд тэд хүний аминд эрсдэлтэй нөхцөлд ажиллах чадалтай жолоочгүй цэргийн техник машиныг бүтээх гэнэ.

5 сонин хачин

1. Алдарт жүжигчин Брэд Питт өөрийн үүсгэн байгуулсан продакшн компани Plan B-г 500 сая доллараар үнэлэн дийлэнх хувиа заржээ. "The Departed", "12 Years A Slave" зэрэг хит бүтээлүүдийг төрүүлсэн уг продакшнийг Францын топ медиа компаниудын нэг Mediawan худалдаж авсан бөгөөд үүгээр дамжуулан Холливүүдийн зах зээлд нэвтрэх амбицтай байгаагаа нуусангүй.

2. Amazon хэрэглэгчдийг TikTok-той төстэй контентоор дамжуулан илүү худалдан авалт хийнэ гэж үзэж байна. Тэд Inspire нэртэй нэмэлтийг апп дээрээ нэвтрүүлж, видео зурган контент дээрх бараа бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг санал болгож байгаа нь энэ ажээ.

3. Apple Music караоке үйлдэлтэй болж байгаагаа зарлалаа. Apple Music Sing нэртэй уг нэмэлтийн тусламжтайгаар хэрэглэгч зөвхөн тухайн дууны үгийг хараад зогсохгүй дуучны хоолойг тохируулах боломжтой байх гэнэ. Тэд эхний ээлжинд сонгож болох дуунуудаасаа бүрдсэн 50 төрлийн плэйлистийг ил болгожээ.

4. Parasite киногоороо дэлхийг байлдан дагуулж, Оскарын шагнал хүртсэн БНСУ-ын найруулагч Бон Жүн Хо шинэ бүтээлээ танилцууллаа. Mickey 17 нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт уг киноны гол дүрийг алдарт жүжигчин Р.Паттинсон бүтээх бөгөөд 2024 оны гуравдугаар сарын 29-нд нээлтээ хийх хуваарьтай байгаа гэнэ.

5. Slack-ийн гүйцэтгэх захирал С.Баттерфилд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо зарлалаа. Тэрээр 2010 онд үүсгэн байгуулсан байгууллагын харилцааны платформоо 2019 онд IPO хийн, улмаар 2020 онд Salesforce-д 27.7 тэрбум доллараар зараад байсан юм. Үүнтэй зэрэгцээд Salesforce-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хамтран гүйцэтгэгч Б.Тэйлор, өөр нэг эзэмшдэг стартап Tableau-ийн CEO М.Нелсон нар компаниа орхиж байгаагаа мэдэгдээд байсан билээ.