1 гол мэдээ

Юу болов?

Хиймэл оюуны өнөөгийн хувьсгалын суурийг тавилцсан Google AI салбарынхаа удирдлага, бүтцэд томоохон өөрчлөлт хийж байна. ChatGPT-ийн технологийн суурь болсон Transformer архитектурыг бүтээлцэж, DeepMind-ээр дамжуулан дэлхийн хамгийн хүчирхэг AI судалгааны багуудын нэгийг байгуулсан тус компанид нэг үе дуусаж, дараагийн үе эхэлж байна хэмээн шинжээчид онцолжээ.

Яг юу болов?

Эхний том мэдээ нь Google-ийн орчин үеийн технологийн суурийг бүтээлцсэн хамгийн нөлөө бүхий инженерүүдийн нэг Жефф Дин 27 жилийн дараа компаниа орхисон явдал байлаа. Google-ийн 30 дахь ажилтнаар орж байсан тэрбээр хайлтын технологийг хөгжүүлэхээс эхлээд Google Ads, Google Brain, Gemini хүртэл компанийн хамгийн чухал технологиудын ард ажиллаж ирсэн хүн. Түүнтэй хамт Google-ийн шилдэг судлаачдын тоонд багтдаг С.Гемават, О.Виньялс, К.Ле нар гарч, Discovery Loop нэртэй шинэ AI стартап байгуулахаар болжээ. Сонирхолтой нь Google өөрөө уг стартапыг дэмжиж, хөрөнгө оруулж байгаа аж.

Өөр?

Үүнээс дутахгүй том өөрчлөлт нь өнөө цагийн хиймэл оюуны салбарын нүүр царай болсон Демис Хассабис бууриа сэлгэсэн явдал байв. Гэхдээ го тоглоомоор хүнийг анх удаа ялсан AlphaGo-г бүтээж, улмаар Нобелийн шагнал хүртсэн DeepMind-ийг үүсгэн байгуулагч Хассабис Google-ээс явахгүй. Тэрбээр Google DeepMind-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгч, тус нэгжийн ТУЗ-ийн дарга болон Alphabet-ийн ерөнхий эрдэмтнээр ажиллахаар болжээ. Ингэснээр өдөр тутмын бүтээгдэхүүн, AI загвар хөгжүүлэлтээс илүү AGI буюу хүний түвшний ерөнхий хиймэл оюун, урт хугацааны судалгаа, AI-ийн нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг стратегийн асуудалд төвлөрнө. Мөн хиймэл оюун ашиглан шинэ эм, эмчилгээ хөгжүүлдэг Isomorphic Labs-д илүү анхаарах юм.

Одоо яах вэ?

Энэ бүх халаа, сэлгээний цаана Google-ийн өмнө тулгарч буй илүү том асуулт бий. Хамгийн хүчирхэг AI загварыг бүтээх үү, эсвэл AI-аа хамгийн том бизнес болгох уу? Google Cloud-ийн орлого сүүлийн улиралд 82 хувиар өсөж, Fortune 100 компанийн 90 хувь нь Gemini Enterprise ашиглаж байна. Гэтэл нөгөө талд AI загвар сургахад шаардлагатай TPU тооцооллын хүчин чадлын төлөө Google-ийн судалгааны багууд, Search, Gemini болон Cloud-ийн хэрэглэгчид хүртэл өрсөлдөх болжээ. Зарим судлаач өөрсдөд нь тооцооллын хүчин чадал хүрэлцэхгүй байхад Google Gemini-ийн өрсөлдөгч Anthropic зэрэг компанид TPU нийлүүлж байгаад сэтгэл дундуур байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин компанидаа эргэн бүтэн цагаар ажиллаж, Gemini-ийн хөгжүүлэлтэд биечлэн оролцож эхэлсэн нь Google AI-ийн өрсөлдөөнд ямар өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна.

2 чухал тоо

2.400.000.000: Дэлхийн хамгийн том төлбөр тооцооны компани Visa BioCatch хэмээх стартапыг 2.4 тэрбумаар эгнээндээ нэгтгэлээ. 2011 онд Израйлийн Тель Авивд байгуулагдсан тус компани AI ашиглан санхүүгийн луйвар, залилангаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх технологи хөгжүүлдэг юм. Visa-ийн тооцоогоор дэлхий даяар жил бүр аккоунтаа алдсан, луйварт өртсөн хохирлын хэмжээ 1 их наядаар хэмжигддэг аж.

3.800.000.000: P&G Thorne хэмээх витамин үйлдвэрлэгчийг 3.8 тэрбумаар үнэлэн худалдан авчээ. 1984 онд байгуулагдсан уг компани эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх төрөл бүрийн витамин үйлдвэрлэдэг. 2025 онд борлуулалтын орлого нь 650 сая доллар байсан гэнэ. P&G-ийн хувьд сүүлийн жилүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмийн бэлдмэлүүдийн брэндээ нэмэхэд ихээхэн анхаарч байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. DeepSeek Өвөр Монголд AI дата төв байгуулна

- Хятадын хиймэл оюуны тэргүүлэх стартапуудын нэг "DeepSeek" Өвөр Монголын Улаанцав хотод 1 гигаваттын хүчин чадалтай хиймэл оюуны дата төв байгуулна гэдгээ зарлалаа.

- Төслийн эхний хэсгийг 2027 оны сүүл эсвэл 2028 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлэлд ямар төрлийн AI чип ашиглах нь одоогоор тодорхойгүй байна.

- Жилийн дундаж температур 4 орчим хэм байдаг Улаанцав нь серверийн хөргөлтийн эрчим хүчний зардлыг бууруулах боломжтой тул Хятадын дата төвийн гол бүсүүдийн нэг болон хөгжиж байгаа юм. 1 гигаваттын хүчин чадал нь Хятадад одоо хэрэгжиж буй ихэнх AI дата төвөөс хавьгүй том бөгөөд АНУ-д төлөвлөж буй 3–5 гигаваттын аварга төслүүдтэй өрсөлдөх Хятадын дараагийн алхам гэж шинжээчид үзэж байна.


II. Myspace дахиж нээгдэнэ

- Сошиал медиагийн эхэн үеийн хамгийн том платформуудын нэг Myspace дахин нээгдэнэ гэнэ. Тус платформын одоогийн эзэмшигчид болох Крис, Тим Вандерхүүк нар Myspace-ийг дахин шинэчлэх амбицтай байгаагаа зарлажээ. Гэхдээ шинэ Myspace ямар хэлбэртэй байх, хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүйг онцлох хэрэгтэй.

- Ах дүү Вандерхүүк жүжигчин, дуучин Жастин Тимберлейктэй хамтран тус платформыг 2011 онд 35 сая доллараар худалдан авч, 2013 онд хөгжимд төвлөрсөн платформ болгон сэргээхийг оролдсон ч амжилт олоогүй юм. Мөн тэд уг төслөөс 150 сая орчим долларын алдагдал хүлээснээ дурджээ.

- 2003 онд байгуулагдсан Myspace нь Facebook-ээс өмнөх сошиал хамгийн алдартай тоглогч байв. Хэрэглэгчид профайлаа өөрсдийн хүссэнээр бүтээж, дуртай дуугаа байршуулж болдог байсан нь платформын гол онцлог байлаа. 2006 онд Myspace АНУ-ын хамгийн их хандалттай вебсайт болж, нийт веб хандалтын бараг 5 хувийг дангаараа бүрдүүлж байсан юм. Үүсгэн байгуулагч Том Андерсон, Крис ДеВольф нар Myspace-ийг 2005 онд News Corp-д 580 сая доллараар зарсан ч Facebook-ийн өсөлттэй зэрэгцэн хэрэглэгч, сурталчилгааны зах зээлээ хурдтай алдаж, улмаар дампуурч байсан түүхтэй.


III. Meta 567 сая доллараар торгуулжээ

- АНУ-ын Нью-Мексико мужийн шүүхээс "Meta" компанийг хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн 567 сая доллараар торгож, платформуудынхаа аюулгүй байдлын бодлогыг өөрчлөхийг үүрэг болголоо. Шүүхийн шийдвэрт "Meta" компани залуу хэрэглэгчдийг донтуулахуйц бүтээгдэхүүн хөгжүүлсэн төдийгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүй гэж дурджээ.

- Шийдвэрийн дагуу "Facebook", "Instagram"-ын өсвөр насныхны хэрэглээнд сар бүрийн хугацааны хязгаар тогтоох, мэдэгдлийг хязгаарлах, насанд хүрэгчид болон хүүхдүүдийн харилцаанд тавих хяналтыг чангатгах, хиймэл оюуны чатботтой харилцах хамгаалалтыг сайжруулах зэрэг шинэ шаардлагууд хэрэгжүүлэхээр болжээ.

- Харин "Meta" энэхүү шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэж, платформ дээрх хор хөнөөлтэй контентыг илрүүлэх, устгах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдлыг гуйвуулсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Дэлхий даяарх зохицуулах байгууллагууд уг шүүхийн маргааныг анхааралтай ажиглаж, цаашдын бодлогын шийдвэрүүддээ ашиглахаар зэхэж байгаа юм.

4 мэдүүштэй зүйл

Гэнэтийн үхэл: Токио хотын Тама амьтны хүрээлэнд амьдардаг 16 арслангийн 10 нь хэт халалтын улмаас өвдөж, улмаар гурав нь үхжээ. Арслангууд шингэн алдалтын улмаас хоолонд дургүй болж, хөдөлгөөний идэвхгүй болжээ. Энэ явдал сошиал орчинд ихээхэн шуугиан тарьж, зөвхөн хүн гэлтгүй амьтдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцүүлэг ид өрнөж байна.

Хэт халалт: Дэлхий даяар үргэлжилж буй хэт халалт БНСУ-г нөмөрч, нийслэл Сөүл хотод анх удаа 40 градусын халуун бүртгэгджээ. Мөн 6-р сарын 1-ээс хойш хэт халалттай өдрийн тоо 15 байсан нь түүхэнд байгаагүй үзүүлэлт юм.

Шүүхийн хориг: АНУ-ын давж заалдах шатны шүүх Цагаан ордны зүүн жигүүрийг нурааж, оронд нь 8,360 ам метр талбайтай шинэ бүжгийн танхим барих ажлыг түр зогсоох шийдвэр гаргалаа. Шүүхийн үзэж буйгаар ийм хэмжээний өргөтгөл барихад Конгрессын зөвшөөрөл шаардлагатай гэнэ. Одоогоор уг төслийн анхны санхүүжилтийн төсөв хоёр дахин өсөж, 400 сая долларт хүрээд байгаа юм. Трампын багаас шийдвэрт давж заалдана гэдгээ мэдэгдсэн бөгөөд хувийн хөрөнгөөр санхүүжүүлж байгааг онцолжээ.

Активист эсэргүүцэл: NBA-д 11 улирал хүчин зүтгэсэн Туркийн сагсан бөмбөгч Энес Кантер WNBA-д тоглох хүсэлтээ гаргажээ. Тэрээр өөрийгөө трансжендер хэмээн тодорхойлж, лигийн драфтад оролцох хүсэлтээ гаргасан нь энэ. Олон нийтийг гайхашруулсан уг шийдвэр бол WNBA-ийн журамд “эмэгтэй” хүйсийг тодорхойлох заалт дутмаг, трансжендер тамирчдыг өрсөлдөх боломжийг нээлттэй орхисоор байгааг шүүмжилж, тэмцэж буй хэлбэр юм. Э.Кантерын хувьд Туркийн удирдагч Т.Эрдоганы бодлогыг шүүмжилж, улмаар нэрэн дээрээ “Freedom” буюу “Эрх чөлөө” хэмээх нэрийг хүртэл нэмсэн нэгэн. Түүний уг шийдвэрийн дараагаар WNBA-ийн удирдлагууд яаралтай хурал зарлаж, хариу арга хэмжээ авахаар болжээ.

5 сонин хачин

1. Стэнфордын их сургуулийн судлаачид Evo хэмээх хиймэл оюуны системийг ашиглан байгальд өмнө нь бүртгэгдээгүй, лабораторийн нөхцөлд амьдрах чадвартай шинэ геномын хувилбарууд гарган авчээ. Судлаачид AI-аар асар олон буюу 700 мянга гаруй боломжит генетикийн хувилбар үүсгэж, тэдгээрээс лабораторид турших боломжтой хувилбаруудыг сонгон шалгаруулжээ. Улмаар 16 төрлийн цоо шинэ вирусыг бүтээсэн нь биотехнологийн салбарт тэсрэлт болж байна. Энэ бол хиймэл оюун зөвхөн биологийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх бус, шинэ генетикийн дараалал зохион бүтээх боломжтой болсны нэг илрэл юм.

2. Disney TikTok-той шинэ түншлэл байгуулж, тус платформын сонгогдсон контент бүтээгчдэд өөрийн оюуны өмч, архивын зураг, видеог ашиглах боломж олгохоор болжээ. Ингэснээр бүтээгчид Disney-гээс гадна Marvel, Pixar, Lucasfilm, FX-ийн кино, цуврал, дүрүүдтэй холбоотой албан ёсны материалыг TikTok контентдоо ашиглах боломжтой болох юм.

3. Санах ойн чип үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч SK Hynix төрөлх Солонгосын газар нутагт 38 тэрбум долларын төсөв бүхий 2 шинэ үйлдвэр байгуулахаа зарлалаа. Тэд санах ойн чипийн эрэлт улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ёнгин болон Чёнжү мужид дэлхийн хэмжээний шинэ үйлдвэрийг 2029 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

4. Дэлхийн онлайн худалдааны салбарын лидер Amazon компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 3 их наяд долларын босгыг давж, ийм үнэлгээнд хүрсэн дэлхийн тав дахь компани боллоо. Даваа гарагийн арилжаагаар тус компанийн хувьцаа 5.2 хувиар өсөж, 285.75 долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 3.1 их наяд доллар болжээ. Он гарснаас хойш Amazon-ы хувьцаа 23.2 хувиар өссөн нь технологийн “Их 7” компанийн дундах хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

5. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Nippon Life Cup 2026 тэмцээнд оролцож, талбайн эзэн Японы багийг 67:65-ын харьцаатайгаар хожиж шуугиан тарилаа. Уг тоглолтод NBA Summer League-т багтсан Ш.Энхийн-Од 33 оноо авч багаа тэргүүлэв. Энэ бол манай сагсчдын хувьд Азийн топ багуудын нэг Японыг хожсон анхны тохиолдол болов.