1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани OpenAI түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, Hugging Face-ийг 12.9 тэрбумаар эгнээндээ нэгтгэлээ.

Яагаад Hugging Face гэж?

Хөгжүүлэгчид, судлаачид, стартапууд хиймэл оюуны модель, өгөгдөл, кодоо байршуулж, турших боломжтой Hugging Face-ийг салбарынхан “AI-ийн GitHub” хэмээн нэрлэдэг. Тус компани 2023 онд хөрөнгө оруулалт татахдаа 4.5 тэрбум доллароор үнэлэгдэж байсан бөгөөд Nvidia тухайн үеэс хувьцаа эзэмшигчдийнх нь нэг болжээ. Харин одоо яригдаж буй үнэ нь гурван жилийн өмнөх үнэлгээнээс бараг гурав дахин өндөр байна.

Яагаад Nvidia гэж?

Энэ наймаа Nvidia-г хиймэл оюуны эринд зөвхөн чип нийлүүлэгч байхаас хальж, модель, өгөгдөл, програм хангамжийн экосистемд гол байр суурь эзлэх амбицыг нь тодотгож байна. OpenAI, Anthropic зэрэг компани өөрсдийн чипийг хөгжүүлж, Nvidia-ийн график процессороос хамаарах хамаарлаа бууруулахыг зорьж буй энэ үед нээлттэй эхийн AI экосистемийн хамгийн том платформыг эзэмших нь Nvidia-д салбарын хөгжлийн дараагийн шатанд нөлөөлөх стратегийн давуу тал өгөх нь гарцаагүй.

2 чухал тоо

17: COP17 Улаанбаатарт амжилттай явагдаж өндөрлөлөө. 12 хоногийн хугацаанд 197 талын 20 мянга гаруй оролцогч 900 гаруй арга хэмжээнд оролцож, 34 шийдвэрийг гаргажээ. Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр нийт 30 гаруй улсад хэрэгжих 1.2 тэрбум долларын төслийн санхүүжилт шийдэгдсэн нь уг чуулганы хувьд түүхэн амжилт болсон байна.

22: Биткойны ханш долоо хоногийн дотор 22%-аар нэмэгдэж, 80,000 долларын босгыг давлаа. Биткойны ханш 2025 оны 10-р сард дээд ханш болох 126,000 долларт хүрснээсээ хойш тасралтгүй унаж байсан юм. Хөрөнгө оруулагчдын анхаарал хиймэл оюуны салбар руу шилжиж, криптовалютын зах зээлийн хөөрөл намжсан нь үүнд нөлөөлсөн хэрэг. Харин АНУ-ын Сангийн яам өнгөрсөн долоо хоногт бондын зах зээлийг дэмжих зорилгоор Засгийн газрын бондыг эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн нь хүссэн үр дүнгээ өгөөгүй ч биткойныг сэргээх түлхэц болов.


3 онцлох өгүүлбэр

I. Норвегийн хаан Харальд таалал төгслөө

- Норвегийн хаан V Харальд 89 насандаа таалал төгслөө. Тэрээр 35 жилийн хугацаанд тус улсыг хаанчлахдаа хаант засгийг илүү нээлттэй, орчин үеийн институц болгон өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлэгддэг билээ. Улс даяар гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөн, иргэд Хааны ордны гадна цэцэг, дурсгалын зурвас өргөж байна. Одоо Харальдын 53 настай хүү Хаакон хаан ширээг залгамжилж, VIII Хаакон хэмээх нэрийг авчээ. Тэрээр хааны хувиар хэлсэн анхны үгэндээ “хайрт аав”-даа хүндэтгэл үзүүлж, “Бүхнийг Норвегийн төлөө” хэмээх хааны гэр бүлийн уриан дор ард түмэндээ үнэнчээр хүчин зүтгэхээ амлав.

- 1937 онд Ослогийн ойролцоо мэндэлсэн Харальд бараг зургаан зууны дараа Норвегийн нутагт төрсөн анхны хаан байв. Дэлхийн II дайны үеэр нацист Герман Норвегийг эзлэхэд түүний гэр бүл дүрвэж, Харальд бага насныхаа ихэнх хугацааг АНУ-д өнгөрүүлээд 1945 онд эх орондоо эргэн иржээ. Эгэл гаралтай Соня Харальдсентэй гэрлэхийн тулд есөн жил тэмцсэн нь хааны гэр бүлийн хатуу уламжлалыг өөрчилж, илүү тэгш эрхт шинэ үеийн суурийг тавьсан гэгддэг. Дарвуулт завины спортод дуртай тэрээр Норвегийг төлөөлөн гурван удаа Олимпын наадамд өрсөлдөж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Норвеги дахь салбарыг 20 жилийн турш удирджээ.

- Түүнийг “Ард түмний хаан” хэмээн нэрлэдэг нь ч санамсаргүй хэрэг биш. Тэрээр 2011 онд Осло болон Утёя аралд болсон террорист халдлагын улмаас 77 хүн амиа алдахад тэрээр сэтгэл хөдлөлөө нуулгүй үг хэлж, айдаст автахгүй, нэгнээ дэмжихийг ард түмэндээ уриалсан нь нийгмийн уур амьсгалыг зөөллөж, эв нэгдлийг бататгасан үйл явдал болсон юм. Харин 2016 оны алдарт үгэндээ гарал угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаанаас үл хамааран хүн бүрийг Норвегийн нэг хэсэг юм шүү хэмээн онцолсон нь олон нийтийн сэтгэлд тод үлджээ


II. АНУ Венесуэлтэй газрын тос эзэмших гэрээ байгуулжээ.

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп уг үйл явдлыг “газрын тосны салбарын түүхэн дэх хамгийн том гэрээ” хэмээн тодотгожээ. Хоёр улсын засгийн газар болон хувийн хэвшил хамтран 100 жилийн хугацаатайгаар 65 тэрбум баррелийн нөөц бүхий 17 орд газрыг ашиглалтад оруулах тохиролцоог хийсэн байна. Хамтарсан компанийн 55%-ийг АНУ-ын тал эзэмших аж.

- Венесуэлийн засгийн газрын мэдэгдлээр уг бүтээн байгуулалтын хүрээнд нийт 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт тус улсад орж ирнэ гэнэ. Мөн зөвхөн татварын орлого нь 209 тэрбум доллар байх тооцоо хийжээ.

- АНУ-ын хувьд нийт 46 тэрбум баррель түүхий нефтийн нөөцтэй. Үүн дээр Венесуэлийн нөөцийг нэмбэл дэлхийд тэргүүлэгч Арабын хойгийн орнуудын нөөцтэй өрсөлдөхүйц болох учиртай юм.


III. Meta хүүхдийн аюулгүй байдлын маргаанд 18 тэрбум төлнө

- Meta компани Facebook, Instagram-ийг хүүхдүүдийн анхаарлыг удаан хугацаанд татахуйц байдлаар зориудаар бүтээж, 13-аас доош насны хэрэглэгчдийн мэдээллийг эцэг эхийн зөвшөөрөлгүй цуглуулсан гэх нэхэмжлэлүүдийг шийдвэрлэхээр 18 тэрбум доллар хүртэлх төлбөр төлөхөөр тохиролцлоо. АНУ-ын 47 муж, нийслэл Вашингтон болон хэд хэдэн нутаг дэвсгэрийг хамарсан тохиролцооны дагуу Meta арван жилийн хугацаанд 12.7 тэрбум долларыг төлнө. Үлдэх 5.3 тэрбумын төлбөр нь TikTok, YouTube зэрэг бусад платформууд ижил түвшний хамгаалалт нэвтрүүлж, холбогдох төлбөрт хувь нэмэр оруулах эсэхээс шалтгаалах аж.

- Шинэ зохицуулалтаар 13–17 насны хэрэглэгчид Facebook, Instagram-ийг өдөрт нийлбэр дүнгээр хоёр цаг ашиглах үндсэн хязгаартай болж, хугацааг сунгахад эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай болно. Шөнө дундаас өглөөний 06:00 цаг хүртэл платформ ашиглах боломжийг хааж, хичээлийн цагаар буюу 08:00–15:00 цагийн хооронд ихэнх мэдэгдлийг илгээхгүй. Мөн насанд хүрээгүй хэрэглэгчдэд лайк, реакцын тоог үндсэн тохиргоогоор харуулахгүй, гадаад төрхийг хэт өөрчилдөг гоо сайхны шүүлтүүрийг хязгаарлана. Нас баталгаажуулах болон эцэг эхийн хяналтын системийг сайжруулж, хэрэгжилтэд хөндлөнгийн аудит тогтмол хийхээр болжээ.

- Энэхүү тохиролцоо нь сошиал медиа компанид хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр тавьсан хамгийн эхний жишиг болж, TikTok, YouTube зэрэг өрсөлдөгчдөд ижил стандарт хэрэгжүүлэх дарамтыг нэмэгдүүлэв.

4 мэдүүштэй зүйл

Нууц аялал: CIA-ийн дарга Жон Рэтклифф Мягмар гарагт Москвад нууцаар айлчилж, ОХУ-ын албаныхантай уулзсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хамгийн сүүлд 2021 онд л Тагнуулын албаныхан ОХУ-д ажиллаж байсан юм. Уулзалтын хүрээнд хэнтэй уулзаж, ямар асуудал хэлэлцсэн нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр ОХУ-ын талд НАТО-ын гишүүн орнууд руу халдахгүй байхыг анхааруулсан гэх мэдээлэл байна. Мөн Ирантай холбоотой нөхцөл байдалд харилцан мэдээлэл солилцсон бололтой.

Маргааны золиос: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хойд Америкийн таван том нуурын нэг Онтарио нуурын нэрийг өөрчилж байгаагаа зарлалаа. Уг шийдвэр нь Канад, Америкийн хооронд худалдааны хэлэлцээн гацаж, тарифын дайн эхэлж байгаатай зэрэгцэн гарлаа. Канадын засгийн газраас уг шийдвэрийг эрс буруутгаж, 400 гаруй жилийн түүхтэй, уугуул иргэдийн хэлнээс гаралтай нэрийг өөрчлөх нь зүй бус хэмээн үзэж байна.

Гар бичмэл: Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Махамта Гандигийн бичсэн 688 гар бичмэл 1.7 сая долларын үнэ хүрчээ. Түүний 1944-1946 онуудад бичсэн уг гар бичмэлд тэрээр шударга ёс, итгэл үнэмшил, шашны тэгш эрх зэрэг олон асуудлыг хөндсөн байдаг юм.

Татгалзсан санал: Исландын засгийн газраас дэвшүүлсэн тус улсыг Европын холбоонд элсэхийг дэмжих эсэх бүх нийтийн санал асуулга явагдлаа. Санал асуулгын албан ёсны дүн гараагүй байгаа ч урьдчилсан тооллогоор нийт иргэдийн 52.4% нь уг саналыг дэмжихгүй гэсэн саналыг өгчээ. Ерөнхий сайд К.Фростадоттир санал хураалтыг 2027 онд явуулах амлалт өгч сонгогдсон. Гэвч Д.Трампын Грийнландтай холбоотой байр суурь, олон улсын нөхцөл байдалтай уялдуулан санал хураалтыг урагшлуулсан нь энэ юм.

5 сонин хачин

1. Америкийн кантри хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг Долли Партон хорт хавдрын улмаас 80 насандаа таалал төгслөө. “Jolene”, “9 to 5”, “I Will Always Love You” зэрэг хит бүтээлүүдийг бичсэн тэрээр 20-р зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгт тооцогддог юм. Түүний гаргасан 50 гаруй цомог дэлхий даяар 100 сая хувь борлуулагдаж, 25 дуу нь хит чартыг тэргүүлж байжээ. Тэрээр мөн кино, жүжигт тоглож 2 удаа “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшиж байсан амжилттай. Эмми, Тонигийн шагналд уран бүтээлчээр, хөгжмийн зохиолчоор ч, продюсерээр ч нэр дэвшин өрсөлдөж байсан. Мөн тэрээр дэлхий даяар филантрофи, сайн үйлсийн ажлуудаараа алдаршсан бөгөөд 300 сая гаруй номыг цуглуулж, зорилтот бүлгүүдэд хүргэж байсан кампанит ажлаараа алдаршжээ.

2. SpaceX Луйзана мужид 100 тэрбум долларын өртөг бүхий сансрын цогцолбор байгуулах төслөө зарлалаа. Нийт таван хөөрөх тавцан, түлш цэнэглэх агуулах, сансрын хөлөг угсрах болон засах байгууламж бүхий уг төвийг SpaceX Starship хөлгөө хөөргөх гол төв болгох зорилготой байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил 2027 оноос эхлэх бөгөөд 2029 онд багтаан анхны нислэгээ хөөргөх гэнэ. Уг төслийн хүрээнд нийт 8100 ажлын байр шинээр үүснэ гэв.

3. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн Колорадо багийн хамгаалагч К.Макар лигийн түүхэн дэх хамгийн аварга гэрээг байгууллаа. Тэрээр багтайгаа байгуулсан гэрээгээ 8 жилээр сунгаж, 163.2 сая долларын цалин авах болжээ. Энэ бол NHL-ийн түүхэнд анх удаа нэг тоглогч жилд 20-оос дээш сая долларын цалин авах болж байгаа тохиолдол юм. К.Макарын хувьд лигт элссэн цагаасаа хойш хамгийн шилдэг тоглогчдын нэгт тооцогдсоор ирсэн. Тэрээр сүүлийн 6 жил дараалан лигийн топ 3 хамгаалагчдын жагсаалтад багтаж, ийм амжилт үзүүлсэн 3 тамирчны нэг болсон юм. Мөн багтайгаа хамт Стэнлийн цом хүртэж, финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорч байсан билээ.

4. Жолоочгүй машины зах зээлд хамгийн олон цагийн туршилт хийж, технологиор тэргүүлж буй Waymo Германы Мюнхен хотод үйлчилгээгээ нэвтрүүлэх болжээ. Энэ бол тэдний хувьд Европын холбоонд анхны, олон улсын гурав дахь зах зээл болж байна. Тэд өмнө нь Лондон болон Токиод үйлчилгээгээ туршаад байгаа юм. Сонирхуулахад, Google-ийн эзэмшдэг Waymo компани одоогоор АНУ-ын 14 хотод 350 сая гаруй км замыг туулаад байгаа аж.

5. AI хөгжүүлэгчдийн түгээмэл ашигладаг Cursor өнгөрсөн сард SpaceX-д 60 тэрбум доллараар зарагдах болсон мэдээ гарсан. Тэгвэл энэ мэдээтэй холбоотойгоор OpenAI компани Cursor-оос хандах эрхийг 11-р сараас эхлэн хязгаарлах болсноо мэдэгдлээ. Тэд SpaceX компани болон үүсгэн байгуулагч И.Маскийг OpenAI-ийн үйлчилгээний нөхцлийг удаа дараа зөрчиж байсан учраас хамтран ажиллана гэдэгт итгэлгүй байгаагаа гол шалтгаан хэмээн тодотгожээ. Cursor-ийн хувьд OpenAI-ийн моделиуд тус платформын нийт хэрэглээний 5%-ийг эзэлдэг бөгөөд урт хугацаанд түншилж байгаагийн хувьд гаргасан шийдвэрээ дахин эргэн харна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.