1 гол сэдэв

Юу болов?

Видео тоглоом, электрон бараа борлуулагч GameStop интернет худалдааны хамгийн алдартай платформуудын нэг Ebay-ийг худалдаж авах санал тавилаа. Тэд тус компанийг зах зээлийн ханшаас бараг 30%-аар илүү буюу 56 тэрбум доллараар үнэлж байна.

Яаж?

Энэ бол GameStop-ийн хувьд маш амбицтай үйлдэл юм. Тус компанийн зах зээлийн ханш баасан гарагийн байдлаар 10.3 тэрбум доллар байв. GameStop-ийн хувьд 9 тэрбум долларын бэлэн мөнгөтэй байгаа бөгөөд 50%-д нь компанийн хувьцаагаа оруулах санал тавьжээ. Маш олон шинжээчид тэднийг уг санхүүжилтийг босгож чадах эсэхэд эргэлзэж буй.

Хэн?

Гэхдээ GameStop-ийн CEO Р.Коуэн хэлцлийг амжилттай болно гэдэгт маш итгэлтэй байна. Өмнө нь гэрийн тэжээмэл амьтдын хоол борлуулдаг платформ бүтээн тэрбумтан болсон түүний хувьд Ebay-ийг дахин сэргээж, Amazon, TikTok-той өрсөлдөхүйц болгож чадна хэмээн амалж байна. Тэрээр интернет хэрэглэгчдийг уриалж, хувьцааны ханшаа эрс өсгөж шуугиан тарьснаараа “Meme King” хэмээх хочтой болоод амжсан билээ. Тухайн үед тэрээр 4.2 тэрбум долларыг босгож, уг хөрөнгөөрөө биткойнд хөрөнгө оруулсан гэгддэг юм.

2 чухал тоо

1,000,000,000,000: БНСУ-ын тэргүүлэх технологийн компани Samsung-ийн үнэлгээ анх удаа 1 их наяд долларыг давлаа. Өнгөрсөн долоо хоногт тус компанийн борлуулалтын орлого 8 дахин нэмэгдэж, 133.9 их наяд вонд хүрээд байсан юм. Харин Лхагва гарагт нэгж хувьцааны ханш нь түүхэндээ хамгийн өндөр буюу 15%-аар өсжээ.

26: Хятадад салютын үйлдвэр дэлбэрч, 26 хүн амиа алдаж, 61 хүн шархаджээ. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн ойр орчмын газруудад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллаж байна. Одоогоор ослын шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байна.

3 онцлох өгүүлбэр

I. Хантавирусын эрсдэл бага гэж мэдэгдэв

- Туйлын бүсийн аяллаараа алдартай Oceanwide Expeditions-ийн хөлөг онгоцонд үхлийн аюултай хантавирус илэрсэн нь олон нийтийг цочирдуулав. 23 орны 150 гаруй зорчигчтой тус хөлөг онгоцонд өнгөрсөн сарын дунд үеэс халдварт өвчин дэгдэж, улмаар Нидерландын хоёр, Германы нэг иргэн амь алджээ.

- Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдын ялгадас, шээсээр дамжин хүнд халддаг. Гэхдээ хүнд халдварлах тохиолдол маш ховор, хүнээс хүнд тийм ч амар халддаггүй гэнэ. Уг хөлөг онгоцыг Испани улс хүмүүнлэгийн зорилгоор хүлээн авч, зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Одоогийн байдлаар дөрвөн хүн хантавирусын халдвар авсан нь батлагджээ.

- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтийг тайван байхыг уриалж, халдвар тархах эрсдэл бага хэмээн мэдэгдсээр байгаа юм.


II. SpaceX Antrophic-тэй түншлэнэ

- Цуут энтрепренер Илон Маск энэ оны эхээр сансрын технологи хөгжүүлэгч SpaceX болон AI модель бүтээгч xAI компаниудаа нэгтгэсэн. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт AI-ийн салбарын гол тоглогчдын нэг Antrophic-тэй стратегийн түншлэл гэрээ байгууллаа. Мөн тэрээр xAI-ийг татан буулгаж, компаниа SpaceXAI гэж нэрлэх болжээ.

- Энэ гэрээ хэд хэдэн талаар анхаарал татаж байна. Эхнийх нь, Antrophic SpaceX-ийн Мемфис дэх дата төвийн дэд бүтцийг бүрэн ашиглах боломжтой болж байгаа нь юм. Тэд хамтран сансрын бүсэд дата төв байгуулах төслийг ч мөн эхлүүлэхэд бэлэн байгаа гэв.

- Нөгөө талаар уг хэлцэл И.Маскийн OpenAI-тай шүүхдэлцэж байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог. Тэрээр OpenAI-ийн гүйцэтгэх захирал С.Алтманыг эрх ашгийн зөрчилтэй хэлцэл хийж, ашгийн бус моделийг санаатайгаар өөрчилсөн хэмээн маргаж буй. Antrophic бол OpenAI-ийн гол бүтээгдэхүүн ChatGPT-ийн өрсөлдөгч Claude-ийг хөгжүүлэгч компани билээ.


III. CNN-ийг үүсгэн байгуулагч Т.Тюрнер таалал төгслөө

- Америкийн медиа могул Тед Тюрнер 87 настай байлаа. 24 настайдаа гэр бүлийнхээ гадаа самбарын бизнесийг өвлөж авсан тэрээр 2хон жилийн дараа радио, орон нутгийн ТВ-ийг худалдан авч бизнесээ өргөжүүлсэн гэдэг.

- Улмаар 1980 онд 24 цагийн турш мэдээ хүргэх зорилготой CNN-ийг эхлүүлсэн нь дэлхийн хамгийн нөлөө бүхий платформыг бий болгож, мэдээний сэтгүүл зүйнд хувьсгал хийсэн хэмээн үнэлэгддэг билээ. Үүнээс гадна тэрээр Cartoon Network, TNT, TBS зэрэг үе үеийн үзэгчдийн хамгийн хайртай медиа брэндүүдийг эхлүүлж байв.

- Үүнээс гадна MLB-ийн Атланта Бивэрсийг лигийн хамгийн амжилттай багуудын нэг болгож, нэгэн үе ерөнхий менежерээр нь хүртэл ажиллаж байлаа. Мөн Т.Тюрнер 1997 онд НҮБ-д тухайн үеийн хамгийн их буюу 1 тэрбум долларыг хандивлаж байснаараа алдартай. Нас барахаасаа өмнө тэрээр дийлэнх хөрөнгийнхөө ихэнхийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах В.Баффет, Б.Гэйтс нарын эхлүүлсэн The Giving Pledge-д нэгдээд байжээ.

4 мэдүүштэй зүйл

Дайны төгсгөл: ОХУ-ны ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн бямба гарагт явагдсан Ялалтын баярын парадын дараагаар сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ дайн дуусах дөхөж байгаа гэж хэлжээ. 2022 оноос хойш тасралтгүй үргэлжилж буй уг дайныг дуусах цаг хугацаа ойртсон гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэнээс гадна Европын талтай аюулгүй байдлын баталгаатай холбоотой хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа дурджээ. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хувьд эерэг мэдээ. Тэрээр Украйн, ОХУ-ын талуудыг Ялалтын баярын үеэр гал зогсоох хэлэлцээрт хүргэхийн тулд өөрөө гар бие оролцсон гэдгээ мэдэгдсэн. Тэрээр сонгуулийн үеэр 24 цагийн дотор дайныг дуусгана гэж амалж байсан билээ.

Хямд хоол: Францын засгийн газар 2026 оны 5-р сараас эхлэн бүх оюутнуудад 1 еврогийн үнэтэй өдрийн хоол санал болгож эхэллээ. Өмнө нь зөвхөн албан ёсны тэтгэлэгтэй оюутнуудад нээлттэй байсан уг боломжийг бүх оюутнуудад олгохыг үйлдвэрчний эвлэл, оюутны холбооноос олон жилийн турш шаардсаар байсан юм. Нийт 3 сая оюутанд хамаарах уг шийдвэрт зориулан засгийн газар 50 сая еврог төсөвлөжээ.

Гар бичмэл: Бэлгийн мөлжлөгийн хэргээр шалгагдаж байгаад шоронд амиа хорлосон Ж.Эпштэйнийн хэрэг одоог хүртэл олны анхаарлын төвд хэвээр байгаа. Тэгвэл АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон 3.5 сая хуудас баримт дунд түүний шоронд бичсэн гар бичмэл ил болсон байна. Бүрэн уншихад хэцүү уг бичигт тэрээр “Нэг сар шалгаад юу ч олсонгүй. Хэзээ салах ёс хийхээ сонгох нь ямар таашаалтай хэрэг вэ. Та нар надаас яг юу хүсээд байгаа юм, намайг уйлж гуйхыг хүсээд байгаа гэж үү?” хэмээн бичсэн байжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг захидлыг тэрээр 2019 оны 7-р сард амиа хорлох оролдлого хийснийхээ дараагаар бичсэн гэнэ.

Эрт амралт: Мексик улс 6-р сарын 11-нд нээлтээ хийх хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор нийт сурагчдын зуны амралтыг 40 хоногоор наашлуулж байгаагаа зарлалаа. Нийт сурагчдын амралт өмнө нь 7-р сарын 15-аас эхлэх байсан бол шинэ хуваариар 6-р сарын 5-нд сургууль тарах болжээ. Гэхдээ энэ шийдвэрийг Мексикийн ерөнхийлөгч К.Шэйнбаум болон зарим улс төрийн намууд эрс эсэргүүцэж байна. 3 хотод явагдах тэмцээнээс шалтгаалж хүүхдүүдийн хичээлийг золиослох нь зохисгүй хэрэг хэмээн тэд үзэж байгаа юм.

5 сонин хачин

1. Apple 250 сая долларыг торгуульд төлнө. Шүүхээс тус компанийг Apple Intelligence буюу Apple-ийн AI функцүүдийг сурталчлахдаа худал мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн буруутгасан нь энэ юм. Ингэснээр 2024 оны 6-р сараас 2025 оны 5-р сарын хооронд iPhone 15-ийн бүх загваруудаас худалдан авсан хэрэглэгчид 25-95 долларын нөхөн төлбөр авах боломжтой болжээ. Apple-ийн мэдээлснээр нийт 37 сая төхөөрөмж энэ хугацаанд зарагджээ.

2. Toyota компани цахилгаан хөдөлгүүрт Lexus зарлалаа. Уг автомашин нь нэг цэнэглэлтээр 620 км зайг туулах чадвартай бөгөөд 2027 оноос эхлэн Европын зах зээлд борлуулагдаж эхлэнэ гэв. 6 суудалтай уг машины интерьер дизайныг Японы Зен концепцоос сэдэвлэн бүтээсэн гэдгээ бүтээгчид онцолж байв. Мөн түргэн цэнэглэгчээр 80%-ийн цэнэгээ ердөө 35 минутанд авах боломжтой нь холын аялалд тохиромжтой болгожээ. Уг автомашины эхлэх үнэ 70 мянган доллар байх бололтой.

3. Дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг Coinbase нийт ажилчдынхаа 14%-ийг цомхотгож байгаагаа зарлалаа. Тэд 1000 орчим ажилчдынхаа үүргийг бүрэн автоматжуулж, үлдсэнийг нь AI-д даатгана гэв. Үүнээс өмнө Snap, Block, Salesforce зэрэг Цахиурын хөндийн компаниуд AI-тай холбоотойгоор цомхотгол хийгээд байсан билээ.

4. Поп од Шакира 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн сүлд дуу болох “Dai Dai” нэртэй шинэ дууны трэйлэрээ цацжээ. Түүний дуулсан 2010 оны ДАШТ-ий сүлд дуу “Waka Waka” нь бүх цаг үеийн хамгийн алдартай спортын дууны нэгт тооцогддог. Тиймдээ ч FIFA-ийн зүгээс түүнд ихээхэн найдлага тавьж буй. Сонирхуулахад, FIFA-ийн зүгээс хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр анх удаа завсарлагааны шоу тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Тэрчлэн нээлтийн ёслолд М.Бубле, Лиза, К.Перри зэрэг одод оролцоно гэдгийг зарлажээ. Мөн 7-р сарын 4-нд тохиох АНУ-ын 250 жилийн ойд зориулан тусгай тоглолтууд ч бэлтгэж байгаа гэв.

5. Америкийн тэргүүлэх түргэн хоолны сүлжээ брэндүүдийг эзэмшигч Inspire Brands 20 тэрбум долларын үнэлгээтэй нээлттэй компани болох хүсэлтээ гаргажээ. Тус компанийн бүрэлдэхүүнд Dunkin’ Donuts, Baskin Robbins, Arby’s, Buffalo Wild Wings зэрэг алдартай брэндүүд багтдаг. Дэлхий даяар 33 мянган салбартай тус компанийн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого 33.4 тэрбум байжээ.