Ковер зургийн тайлбар: Hayabusa2-ийн капсул эх дэлхийд газардаж буй нь

1 гол сэдэв

2020 он өндөрлөх дөхөж буйтай зэрэгцэн Apple, Google оны шилдэг апп-уудаа нэрлэлээ.

Оны гол тренд

Цар тахал, хөл хорио, нийгмийн тэмцэл, сонгуулиар амьсгалсан 2020 оны апп таталтын трендийг үндсэндээ гурав ангилж болохуйц байлаа. Эдгээр нь 1) гэрээс ажиллах, гэртээ цагийг өнгөрөөх, 2) сэтгэл санаагаа удирдах, дасгал иога хийх, 3) цагийг зугаатай өнгөрөөх, найзуудтайгаа холбогдох.

App Store-ийн шилдгүүд

- 2020 оны iPhone-ийн шилдэг апп-аар дасгал сургуулилалтын апп Wakeout! тодорчээ. Харин iPad-ийн шилдгээр (мэдээж) Zoom нэрлэгдсэн байна.

- App Store болон Play Store-ийн шилдэг тоглоомоор Genshin Impact тодорлоо. Харин Mac-ийн шилдэг апп-аар бүтээмж нэмэх апп Fantastical, Apple Watch-ийн шилдгээр нойр удирдлагын апп Endel тус тус тодорчээ.

- Хамгийн их таталттай апп нь Zoom, тоглоом нь Among Us байжээ.

Google Play-ийн шилдгүүд

- Дээрх тренд Google-д ч ижил ажиглагдав. Оны шилдэг апп-аар нойрны менежментийн апп Loona тодорлоо. Хэрэглэгчдийн сэтгэлд хамгийн нийцсэн апп-аар Disney+ нэрлэгджээ.

- Google-ийн хэрэглэгчдийн хувьд шилдэг тоглоом нь SpongeBob: Krusty Cook-Off болжээ.

- Мөн 2020 оны шилдэг киногоор Bad Boys for Life, шилдэг номоор С.Кингийн If It Bleeds тус тус тодорчээ.

2 чухал тоо

10.800.000.000 - Энэ бол Америкчуудын "Cyber Monday"-ээр хийсэн онлайн худалдан авалтын нийт дүн. Уг үзүүлэлт түүхэн дэх хамгийн өндөр амжилт болсныг "Adobe" онцлов. Өнгөрсөн жилийн кибер даваа гарагийн борлуулалт 9.4 тэрбум доллар байсан юм.

44.000.000.000 - S&P Global санхүүгийн мэдээлэл, дата шинжилгээний салбарын гол тоглогчдын нэг IHS Markit-ийг 44 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр санхүүгийн зэрэглэл тогтоох үйлчилгээ, ижил нэртэй индексээрээ танигдсан S&P энэ жилийн хамгийн том худалдан авалтыг хийж байгаа гэсэн үг юм.

3 онцлох зүйл

I. Ажлын харилцааны хамгийн алдартай платформуудын нэг Slack 27.7 тэрбум долларын үнэ хүрэн, Salesforce-ийн эгнээнд нэгдлээ.

- Байгууллагын бизнес шийдэл, тэр дундаа CRM-ийн чиглэлээр тэргүүлэх компанид тооцогдох Salesforce-ийн хувьд энэ нь түүхэн дэх хамгийн том худалдан авалт нь болж байна. Тэд өнгөрсөн жил дата шинжилгээ, дүрслэлийн програм Tableau-г 15 тэрбумаар өөрийн болгож байв.

- 2019 онд шууд жагсаалтаар IPO хийж, нээлттэй компани болсон Slack-ийн үнэлгээ түүнээс хойш бараг 40 гаруй хувиар унаад буй. Үүний шалтгаан нь Microsoft Teams. Цар тахлын үед ч тэд хангалттай өсөлт үзүүлж чадаагүй нь энэ наймааны эхлэл болсон байх магадлалтай.

- Slack хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулна хэмээн Salesforce мэдэгдсэн. Гэсэн ч уг наймаа нь бизнесийн төвлөрлийг алдагдуулах магадлалтай хэмээн шинжээчид болгоомжилж, хувьцааны үнэлгээ 10 гаруй хувиар буурчээ.

Дэлгэрэнгүйг: Techcrunch | Quartz | Barrons


II. WarnerMedia 2021 онд нээлтээ хийх бүх дэлгэцийн бүтээлүүдээ кино театр болон онлайнд нэгэн зэрэг цацах төлөвлөгөөгөө танилцууллаа.

- Холливүүдийн хамгийн нөлөө бүхий студийн уг шийдвэр кино театр, стриминг платформын дайныг улам өдөөж, тоглоомын дүрмийг тэр чигт нь өөрчилж орхив. Тэд нийт 30 хоногийн турш өөрсдийн нээгээд удаагүй байгаа HBO Max дээр ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр шинэ бүтээлүүдээ санал болгоно гэнэ.

- Ирэх жил Warner Bros.-ийн хувьд Matrix 4, Dune, Space Jam 2, The Suicide Squad зэрэг өндөр хүлээлттэй кинонууд гаргахаар зэхэж байгаа юм. Тэрбум доллар давсан орлого олох потенциалтай хит бүтээлүүдээ стриминг рүү шилжүүлсэн нь кино театруудад ч, өөрсдөд нь ч чамгүй хохирол учруулна.

- Гэхдээ Warner-ийнхан үүнийг цар тахлын нөхцөл байдалтай дасан зохицож, ирээдүй рүү чиглэсэн шийдвэр хэмээн тайлбарлаж байна. Disney+, Netflix-тэй өрсөлдөж буй HBO Max-д энэ бол шинэ хэрэглэгчид татах алтан боломж.

Дэлгэрэнгүйг: Variety | The Verge | AP


III. Nasdaq бүртгэлтэй бүх компаниудынхаа удирдах зөвлөлийг илүү оролцоотой болгох шаардлагыг нэвтрүүлэх хүсэлтээ гаргажээ.

- Тэд компаниудын удирдах зөвлөлд дор хаяж 2 суудлыг бодлогоор нийгмийн цөөнх бүлэгт зориулахыг шаардаж буй. Үүнд LGBTQ, өнгөт арьст, Ази гаралт, уугуул зэрэг хэд хэдэн бүлэг багтсан байна. Мөн хамгийн багадаа нэг суудлыг эмэгтэй хүн эзлэх ёстой гэж журамлах аж.

- Nasdaq-т бүртгэлтэй 2777 компанийн 570-ийн удирдах зөвлөл нь дан цагаан, эрэгтэйчүүдээс бүрддэг гэнэ. Энэ нь нийгмийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах томоохон ач холбогдолтой шилжилт болно гэж шинжээчид үзэж байна. Nasdaq-т компаниудад 2 жилийн хугацаа олгох аж.

- Нийгмийн энэхүү өөрчлөлт бизнесийн орчинд өнгөрсөн жилээс эхлэн эрчимтэй хийгдэж буй. Зөвхөн 2020 онд 100 орчим IPO-д оролцсон Goldman Sachs удирдлага нь дан эрэгтэй, цагаан байвал арилжаанаас татгалзана гэдгээ мэдэгдсэн. Калифорни муж ч жендер, арьс өнгөний олон талт байдлын квотыг компаниудад заах болсноо мэдэгдээд байгаа билээ.

Дэлгэрэнгүйг: ABC | Nasdaq | Research Gate

4 мэдүүштэй баримт

Астеройд тээвэрлэгч: 6 жилийн өмнө Япончуудын хөөргөсөн "Hayabusa2" сансрын хөлгийн илгээсэн астеройдын дээжийг агуулсан капсул дэлхийд газардлаа. Уг хөлөг "Ryugu" нэртэй солирыг тойрч, гадаргуугаас нь 100 миллиграм орчим хэмжээ бүхий сорьц авсан нь энэ. Энэ нь хүн төрөлхтөн түүхэндээ 2 дахь удаагаа л нарны аймгийн гарал үүслийн талаар өгүүлэх учиртай астеройдын дээжийг авчирч байгаа тохиолдол болжээ. "Hayabusa2"-ийн сансрын аялал шууд цааш үргэлжлэх бөгөөд 11 жилийн зайтай орших "1998 KY26" нэртэй астеройдыг зорих гэнэ.

Хамгийн гүн: Польшийн нийслэлээс 50 км-ийн зайд дэлхийн хамгийн гүн усан сан нээлтээ хийлээ 45 метр гүн уг санг сүүлийн 2 жилийн хугацаанд 10.2 сая долларын төсөвтэйгөөр барьж байгуулжээ.

Хиймэл тахиа: Сингапур улс лабораторид ургуулсан махыг өргөн хэрэглээнд зөвшөөрсөн анхны улс боллоо. Калифорнид төвтэй Eat Just энэ эрхийг авсан бөгөөд ингэснээр тус брэндийн "хиймэл" тахианы мах супермаркетын сүлжээгээр борлуулагдаж, хоолны газарт ашиглагдах боломжтой болж байгаа юм.

AI эмч: Google-ийн хөгжүүлж буй хиймэл оюун Alphafold уургийн нугаларалт буюу амин хүчлийн дарааллаас уургын гурван хэмжээст бүтцийг таамаглах асуудлыг шийдсэн нь биологийн салбарт чухал нөлөө үзүүлэхүйц үйл явдал боллоо. Сүүлийн 50 жилийн турш эрдэмтдийн толгойн өвчин байсаар ирсэн энэ асуултын хариулт нь төрөл бүрийн өвчний үүслийг тодорхойлж, эмчилгээ гаргаж авах ач холбогдолтой ажээ.

5 сонин хачин

1. NBA-ийн супер оддын нэг С.Карри өөрийн нэрийн пүүзний брэндийг Under Armour-тай хамтран бүтээх болсноо зарлалаа. "Curry Brand"-ийн гол ялгарах онцлог нь нийгэм рүү чиглэх бодлого. Тэд 2025 он гэхэд борлуулалтын орлогоос зорилтот бүлэг рүү зарцуулан, 15 мянган дасгалжуулагч, 100 мянган тамирчин бэлтгэх зорилготой байгаа гэнэ. Сонирхуулахад, домогт М.Жорданы брэнд өнгөрсөн жил Nike-ийн борлуулалтын 10%-тай тэнцүү буюу 3.6 тэрбум долларын орлого олжээ.

2. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй хөгжмийн стриминг үйлчилгээ Spotify стори нэмэлтийг туршиж байна. Snapchat-аас эхлэлтэй стори формат өдгөө Instagram, Facebook, Linkedin, Twitter зэрэг бараг бүх сошиал платформуудад хэрэглэгдэж буй. Spotify-ийн хувьд төрөлжүүлэн бэлтгэсэн плэйлистүүд дээр уран бүтээлчдийн оригинал бичлэг бүхий контентийг санал болгох аж.

3. Alibaba-ийн хөрөнгө оруулсан AutoX нэртэй стартап Хятадад анхны жолоочгүй таксины үйлчилгээг эхлүүллээ. Нийт 25 ширхэг Fiat Chrysler Pacifica загварын бүрэн автомат жолоодлоготой машин Шенжений замд гарсан нь энэ. Тэд ирэх жил гэхэд 10 хотод үйл ажиллагаагаа тэлэх зорилготой байгаа ажээ. Сонирхуулахад, тэдний гол өрсөлдөгчид болох Baidu, Didi-ийн машин аюулгүй байдлын үүднээс нөөц жолоочтойгоор туршилтаа хийж байгаа юм.

4. Dictionary.com болон Merriam Webster-ийн 2020 оны онцлох үгээр "Цар тахал" буюу "Pandemic" тодорчээ. Цахим толь бичиг дэх хайлт болон олны анхаарлыг татсан гол үйл явдлуудтай уян тодруулдаг уг гуншинд энэ жил өрсөлдөгч байгаагүйг, мөн "бүтэн эринийг тодорхойлох агуулгатай үг" хэмээн албаныхан онцолжээ. Сонирхуулахад, MW-ийн 2019 оны онцлох үгээр "тэр" тодорч байсан билээ.

5. Time сэтгүүл түүхэндээ анх удаа оны шилдэг хүүхдийг тодруулав. Энэтхэг гаралтай 15 настай америк охин Гитанжали Рао энэ хэргэмийн эзэн боллоо. Тэрээр ундны усан дахь хар тугалгын хэмжээг илрүүлдэг апп бүтээснээс гадна хиймэл оюун ашиглан хүчирхийллийн шинжтэй үйлдлийг тогтоодог Kindly нэртэй апп-ийг тус тус бүтээсэн гэнэ. 15 хүртэлх насны нийт 5000 гаруй хүүхдээс сонголт хийсэн Time-ийнхан энэ шагналаа шинэ үеийнхэнд урам зориг түгээх зорилготой хэмээн онцолжээ.

10 унших мэдээ

Дурсах: Тони Шиэд илгээх эцсийн захидал /Forbes/

Сонсох: The Hu-ийн Metallica ковер /NME/

Ойлгох: Google-ийн топ AI эксперт яагаад ажлаа орхив? /Technology Review/

Үзэх: Домогт Aресибогийн телескоп нурав /Space/

Зочлох: 500 саяын хөрөнгөтэй 9 настай хүүгийн виртуал ертөнц /WSJ/

Эмээх: 243 сая Бразил хүний дата мэдээлэл алдагджээ /ZDNet/

Сонирхох: ТикТок-ийн топ 100 /TikTok/

Танилцах: Автомашины салбарын 25 настай залуу тэрбумтан /CNBC/

Мэдэх: Эллиот Пэйж болох зам /Wired/

Хүлээх: Трампын хувь заяаг хэзээ шийдэх вэ? /CNN/