1 гол сэдэв
Австрали, Канад, Сингапурт эрх баригчид яллаа
Австрали: Ерөнхий сайд Энтони Албанизийн тэргүүлсэн Хөдөлмөрийн нам холбооны сонгуульд олонх болж, дахин засгийн газраа байгуулах боллоо. Тэрээр сүүлийн 20 жилд 2 дараалан ялалт байгуулж буй анхны ерөнхий сайд болж байна. Тэдний гол өрсөлдөгч Либерал намын дарга П.Даттон өөрийн тойрогтоо хүртэл ялагдал хүлээсэн нь бүр ч гэнэтийн дүн байв. Сонгуулийн өмнөх өдөр хүртэл дийлэнх шинжээчид консервативчуудыг ялах нь хэмээн таамаглаж байсан нь талаар болов. Сонгогчид Д.Трампын хэт нөлөөнөөс болгоомжилж саналаа өглөө хэмээн шинжээчид үзэж байна.
Канад: Ажлаа аваад 2 сар ч болоогүй байгаа ерөнхий сайд М.Карнигийн удирдсан Либерал нам 2015 оноос хойш 4 дараалсан ялалтаа байгууллаа. Ж.Трудогийн үед нэр хүнд, дэмжлэгээ тасралтгүй алдсаар байсан түүний нам энэ удаад бүр 17 суудал нэмж аван, 343 суудлаас 169-ыг нь өөрийн болгосон байна. Худалдааны гол түнш, хөрш АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогын эсрэг олон нийтийн санаа бодлыг зөв залуурдсан нь ялалтын гол шалтгаан боллоо хэмээн шинжээчид үзэж байна. Сөрөг хүчний удирдагч, Консерватив намын дарга П.Пойлевре “Эхлээд Канад” гэсэн уриатай сонгуульд оролцсон ч өөрийн суудлаа хамгаалж чадсангүй. Гэхдээ тус нам 2003 онд үүсгэн байгуулагдснаасаа хойшхи хамгийн өндөр буюу 8.09 сая хүний саналыг авч, суудлаа 23-аар нэмэгдүүлж 143 болгосон гэдгийг онцлох хэрэгтэй.
Сингапур: 1965 онд тус улсыг тусгаар тогтносноос хойш тасралтгүй засаглаж буй “Ардын үйл хэргийн нам” нийт 97 суудлын 87-г өөрийн болгож, үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ бол тэдний 14 дэх дараалсан ялалт. Урьдчилсан таамаглалаар сөрөг хүчин Ажилчдын нам 10 суудлаа нэмэгдүүлж, зарим тойрогт гэнэтийн ялалт байгуулах магадлалтайд тооцогдож байсан ч ерөнхий сайд Лоренс Вонг анхны сонгуулийн сорилоо ийн амжилттай давлаа.
2 чухал тоо
116 - Дэлхийн хамгийн өндөр настай хүн 116 насандаа таалал төгсчээ. Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас таалал төгсөх үедээ 116 нас 326 хоногтой байжээ. Түүнийг 1908 онд төрөх үед пенциллин нээгдээгүй, дуутай кино гараагүй, дэлхийн 1-р дайн ч эхлээгүй байсан юм. Насан туршдаа католик шашиндаа үнэнч байсан тэрээр ихэнх карьераа багшилж өнгөрүүлжээ. Ингэснээр одоо дэлхийн хамгийн ахмад настай иргэнээр Их Британийн Э.Катерхам нэрлэгдэх болжээ. Тэрээр 1909 онд төрсөн хамгийн сүүлийн амьд хүнд тооцогдож байгаа юм.
10 - Испани, Португалд 10 цагийн турш тог тасарчээ. Иберийн хойгт гэнэтийн цахилгаан тасарсны улмаас оффис, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаа доголдож, нийтийн тээвэр, онгоцны нислэг хүртэл саатжээ. Испанид улсад эрчим хүчний онц байдал зарлаж, эмх журмыг сахиулах үүднээс 30 мянган цагдааг гаргасан байна. Зөвхөн тус улсад л гэхэд 1.6 тэрбум еврогийн хохирол учирсан хэмээн шинжээчид тооцож байна. Португал улсын хувьд интернет, , банк, үүрэн холбооны үйлчилгээ өдрийн турш тасалдав. Зарим эх сурвалжууд энэ явдлыг цахим халдлага байж болзошгүй хэмээн мэдээлсэн ч нотлох баримт олдоогүй байгаа юм. Европын түүхэн дэх хамгийн том эрчим хүч тасалдлын үндсэн шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажилласаар байна.
3 онцлох өгүүлбэр
I. АНУ, Украйн ашигт малтмалын гэрээ байгуулжээ
- 2 тал удтал хэлэлцсэний эцэст ашигт малтмалын нөөцийг хамтран эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд нийт 55 төрлийн газрын ховор элементийн нөөцөөс гадна байгалийн хий, газрын тосыг багтаасан нь онцлог байв. Мөн Трампын дурдаж байсан дайны тусламжийг эргүүлэн төлөх заалт ороогүй гэнэ. Украйны хувьд Америкийн талаас шаардаж байсан аюулгүй байдлын баталгаагаа авч чадаагүй ч хамтын сангийн эхний 10 жилийн орлогыг Украйныг дахин сэргээх үйл явцад зориулах нөхцлийг тохирчээ.
- Өнгөрсөн 2-р сарын сүүлээр уг гэрээ эцэслэгдэх төлөвтэй байсан ч Украйны ерөнхийлөгч В.Зеленски цагаан ордонд Америкийн удирдагчидтай ам муруйж, улмаар хөөгдөх шахам хурлыг орхисон удаатай. Ташрамд дурдахад, Украйнд дэлхийн газрын ховор элементийн нөөцийн таван хувь, түүн дотроо графит, лити, манганы томоохон нөөцтэйд тооцогддог юм.
- Өнгөрсөн долоо хоногт Трампын засаглал 100 дахь хоногоо өнгөрүүлсэн. Гэхдээ тухайн долоо хоногийн хамгийн онцлох мэдээ нь АНУ-ын эдийн засаг агшсан тухай байв. Энэ бол тус улсын хувьд цар тахлаас хойш анх удаа тохиож буй уналт юм. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны 1-р улиралд 0.3%-аар буурсан нь ерөнхийлөгч Д.Трампын тарифын шийдвэртэй шууд холбоотой. Компаниуд өөрсдийн гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ импортлосон хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхээс 41%-аар нэмэгдсэн нь уг үзүүлэлтэд шууд нөлөө үзүүлжээ. Трампын захиргаанаас олон нийтийг тэвчээртэй байхыг уриалж, Ж.Байденыг эдийн засгийн нөхцөл байдлыг муутгасан хэмээн буруутгажээ.
II. Meta AI апп-тай боллоо
- Эгнээндээ Facebook, Instagram, Whatsapp, Threads-ийг багтаасан Meta хиймэл оюунд зориулсан тусдаа апп гаргасан нь энэ. Meta AI бусад өрсөлдөгчид болох Gemini, ChatGPT-тэй адил асуултад хариулах, зураг үүсгэх, вебээс хайлт хийх чадалтай. Гэхдээ тэд дуу хоолойгоор удирдах функцэд төвлөрч, хэрэглэгчдийг AI-тай харилцан ярилцахыг санал болгож байна.
- Үүнээс гадна “Discover” нэртэй цэсээр дамжуулан бусад найзуудаа AI ашиглан ямар үйлдэл хийж байгааг харах боломжтой болсон нь сонирхолтой шийдэл байв. Хэрэглэгчид бусадтай хуваалцахыг хүссэн пост, хайлтаа тохируулах боломжтой байх бөгөөд бусад хүмүүсийн асуусан асуулт, үүсгэсэн зураг зэргийг нэг дороос үзэх нь хэрэглээг өдөөнө хэмээн тэд найдаж байна.
- Сонирхуулахад, Meta өнгөрсөн улиралд 42 тэрбум долларын борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд ирэх жилүүдэд зөвхөн AI-ийн хөгжүүлэлтэд 72 тэрбум доллар зарцуулна гэдгээ мэдэгджээ.
III. Apple шүүхэд дахин ялагдал хүлээлээ
- Тэд 2021 оноос хойш Fortnite-ийг бүтээгч Epic Games-тэй шүүхийн маргаан өрнүүлсээр байгаа. Тэгвэл хамгийн сүүлд тэднийг App Store-оос гадуур хийсэн төлбөрөөс шимтгэл авахыг хориглож, апп-уудад төлбөр авах сонголтыг бүрэн нээлттэй болгох шийдвэр гарчээ. Энэ бол тэдний хувьд App Store-ийн хөгжүүлэгчдээс авдаг 30%-ийн шимтгэлийн орлого буурах, хяналт нь багасах эрсдэлтэй шийдвэр.
- Үүнээс гадна тэд Лондоны шүүхээс Optis Cellular хэмээх компанид 502 сая долларын төлбөр төлөх шийтгэл оногдуулсан байна. Optis нь өөрсдийн эзэмшдэг 4G-ийн патентыг Apple зөвшөөрөлгүй ашиглаж, iPad, iPhone-д нэвтрүүлсэн хэмээн гомдол гаргаад байсан юм.
- Сонирхуулахад, Apple-ийн улирлын тайлан мөн зарлагдсан. Тэд сүүлийн 2 жилд хамгийн өндөр ашиг буюу 95 тэрбумын орлоготой ажилласан ч Хятад дахь борлуулалт нь 1 тэрбум доллараар буурсан нь анхаарал татав. Мөн АНУ-ын тарифын бодлоготой холбоотой ирэх улиралд 900 сая долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг мэдээлжээ.
4 мэдүүштэй зүйл
Орлон тоглогч: Гадаад хэл сургалтын хамгийн том платформ Duolingo хиймэл оюунд суурилсан компани болох алсын хараагаа ил болголоо. Тэд хамгийн эхэнд гэрээт ажилчдаар хийлгэдэг ажлаа AI-д даатгах бөгөөд дотооддоо код бичих, чанар шалгах зэрэг ажлыг бүрэн автоматжуулах зорилготой байгаа гэнэ. Өдгөө 8 сая төлбөрт хэрэглэгчтэй болсон Duolingo AI ашиглан шинэ төрлийн сургалтын хөтөлбөр, курс нэвтрүүлэхээр бэлтгэж байна.
Улаанбаатар метро: Метро барих төслийн сонгон шалгаруулалтад 7 улсын 27 компани оролцжээ. Нийслэл хотод метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах I шатны тендер албан ёсоор нээгдлээ. Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт үргэлжлэх, 15 зогсоолтой “Улаанбаатар метро” ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурдыг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой юм. 2-р шатны сонгон шалгаруулалт эдгээр 27 компанийн хооронд явагдах бөгөөд 5-р сарын 5-аас эхлэн 7 хоногийн хугацаанд үргэлжилнэ гэв.
AI туслах: Wikipedia AI ашиглаж эхэллээ. Дэлхийн хамгийн том онлайн нэвтэрхий толийг бүтээгчид хиймэл оюуныг ашиглан нийтлэл бичих, орчуулах, засварлах үйл явцыг хялбарчлахыг зорьж байна. Тэрчлэн алдаа илрүүлэх, баримт шалгах зэрэг хүнээс хамааралтай цаг их авдаг үйл явцыг AI-ийн тусламжтайгаар гүйцэтгэдэг болно гэнэ.
Алтан виз: Казахстан алтан визтэй болжээ. Тус улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой шинэ хуулийг баталжээ. Улмаар 300 мянган долларын хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд 10 жилийн хугацаанд оршин суух эрхтэй алтан визийг олгох болжээ.
5 сонин хачин
1. “Thunderbolts*” бокс оффисыг тэргүүллээ. Marvel-ийн ертөнцийн ээлжит супер баатруудын түүх нээлтийн долоо хоногтоо 75 сая долларын орлого олжээ. 180 сая долларын өртөгтэй бүтсэн уг киног урт хугацааны туршид бокс оффист тэсэж үлдэх магадлалтайд тооцож буй. Тэдний ард өмнөх долоо хоногийн лидерүүд болох “Sinners”, “Minecraft Movie” бичигджээ. Сонирхуулахад, Minecraft-ийн орлого 800 сая долларыг давжээ.
2. Дэлхийн хамгийн алдартай, хамгийн олон тоглогчтой видео франчайзын нэг Grand Theft Auto-ийн шинэ бүлгийн нээлт 2026 оны 5-р сар хүртэл хойшиллоо. Хамгийн сүүлд 2013 онд гарсан “GTA V” нь дангаараа 200 сая хувь борлуулагдсан нь түүхэнд 2-рт бичигдэх үзүүлэлт болсон. Тиймдээ ч шинжээчид шинэ тоглоомыг 2025 оны энтертэйнмент ертөнцийн хамгийн голлох үйл явдал хэмээн тодорхойлж байсан юм. Тоглоомыг бүтээгч “Take-Two Interactive”-ийн хувьд эхний жилдээ 3 тэрбум долларын борлуулалт хэмээн тооцож байжээ.
3. Дэлхийн хамгийн алдартай бөгөөд амжилттай хөрөнгө оруулагчдын нэг В.Баффет энэ оны сүүлээр Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгнө гэдгээ зарлалаа. Омахад жил бүр явагддаг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр тэрээр энэ мэдэгдлээ хийсэн юм. Өдгөө 94 настай Баффетын 1965 оноос хойш удирдаж буй тус компани өдгөө 1.1 их наядын үнэлгээтэй болсон бөгөөд Apple, American Express, Coca Cola, Kraft Heinz, Bank of America зэрэг топ компаниудад томоохон хувь эзэмшдэг юм. Түүний орыг сүүлийн 25 жил Баффеттай хамтран ажиллаж буй Г.Абел ажиллах болжээ.
4. Amazon анхны хиймэл дагуулаа хөөргөлөө. Тэд Kuiper төслөөрөө дамжуулан SpaceX-ийн Starlink-тэй шууд өрсөлдөх зорилготой. Amazon 2028 он гэхэд нийт 3236 хиймэл дагуулыг дэлхийн нам орбитод байршуулах зорилготой бөгөөд хамгийн эхний 80-ыг нь амжилттай хөөргөжээ. Уг төсөлдөө тэд нийт 10 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Сонирхуулахад, SpaceX хэдийнээ 12 мянган ширхэг хиймэл дагуулыг хөөргөж, эх дэлхийг бүрхсэн хямд, найдвартай интернетийн сүлжээг үүсгээд байгаа билээ.
5. И.Маск хоттой боллоо. Түүний үүсгэн байгуулсан SpaceX-ийн төв байрладаг Starbase албан ёсоор хот боллоо. Техас мужийн хуулийн дагуу ойр орчмын иргэдийн дунд явуулсан санал асуулгад голцуу SpaceX-ийн ажилчид оролцож, 212-6-ын харьцаатайгаар хот болгох санал дэмжигджээ. Starbase хот болсноор SpaceX пуужингаа хөөргөх зөвшөөрөл авах үйл явц чөлөөтэй болох бөгөөд ойролцоох зам, далайн эргийг хаах эрх хотод олгогдох давуу талтай юм. SpaceX компани хотын зам, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийг хэдийнээ байгуулсан бөгөөд ойрын хугацаанд нэмж 3400 ажлын байрыг шинээр байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм.