1 гол сэдэв
Юу болов?
Холливүүдийн хамгийн том экспо CinemaCon 2026 арга хэмжээ явагдаж, топ компаниуд шинэ кино, төслөө танилцууллаа. Уг арга хэмжээнээс онцлох үйл явдлуудыг хүргэе.
Sony:
- Spider-Man-ийн шинэ анимэйшн 2027 оны 6-р сард цацагдана
- Facebook-ийн шинэ киноны эхний дүрс цацагдлаа. Уг кинонд Facebook-ийн 2021 оны дата скандал сөхөгдөнө.
- Jumanji-ийн шинэ ангид Д.Жонсон, Ж.Блэк эргэн ирэх болжээ.
Warner Bros.Discovery:
- Т.Крузийн шинэ кино “Digger”-ийн трэйлэр цацагдлаа. Тэрээр энэ киногоороо анхны Оскараа хүртэх амбицтай байгаа нь нууц биш.
- The Lord of the Rings-ийн шинэ киноны жүжигчид тодорхой боллоо. Уг кино 2027 оны шинэ жилээр гарах юм.
- Энэ жилийн гол хит кинонд тооцогдож буй “Dune: Part Three”-ийн 7 минутын дүрсийг ил болгожээ.
Universal:
- Minion-ийн ертөнцийн шинэ анимэйшн “Minions & Monster” хийгдэх болжээ.
- Домогт найруулагч С.Спилберг анх удаа CinemaCon-д ирж, “Disclosure Day” нэртэй шинэ киногоо танилцууллаа.
- Snoop Dogg-ийн намтарчилсан кино зарлагдлаа.
Paramount:
- Хамгийн их тоглогчтой видео тоглоом “Call of Duty”-ийн кино 2028 оны 6-р сард нээлтээ хийх болжээ.
- “Top Gun 3” хийгдэнэ гэдгээ зарлалаа. Уг кинонд Том Круз дахин тоглоно гэв. Top Gun-ийн 2-р анги бокс оффисоос 1.5 тэрбум доллар олсон билээ.
- 2013 оноос хойш гараагүй “Scary Movie”-ийн шинэ анги хийгдэх болжээ.
Disney:
- Шинэ анимэйшн цуврал “Hexed” 11-р сард нээлтээ хийнэ. Анхны трэйлэрээ энэ үеэр цацжээ. Үүнээс гадна “Ice Age”-ийн шинэ анги зарлагдав.
- Avengers: Doomsday-ийн шинэ трэйлэр цацагдлаа. Киног бүтээгчид Dr.Doom-ийг Таносоос ч илүү аюултай дайсан гэж онцолжээ.
- The Mandalorian-ийн шинэ кино трэйлэрээ цацлаа. Уг кино “Оддын дайн”-ын сэдэвт 2019 оноос хойш гарах эхний кино болох учиртай.
2 чухал тоо
27: Netflix-ийн үүсгэн байгуулагч тэтгэвэртээ гарна. Өдгөө 65 настай Рийд Хастингс 1999 онд DVD захиалгын үйлчилгээг эхлүүлж, улмаар хоёр арваны дотор энтертэйнмент ертөнцийг тэр чигт нь өөрчилсөн платформ бизнесийг бүтээж чадсан нэгэн. Тэрээр 2023 онд CEO-ийн ажлаа хүлээлгэж өгөн, өдийг хүртэл Netflix-ийн удирдах зөвлөлийг тэргүүлж байсан юм. Тэгвэл тэрээр 6-р сараас эхлэн компаниа бүрэн орхих болжээ. Forbes-ийн тооцоогоор түүний хөрөнгө 6 тэрбум доллараар хэмжигдэнэ гэнэ. Ташрамд дурдахад, Netflix хэрэглэгчдийн тоо 300 саяыг даваад байгаа юм.
4: Дэлхийн усан спортын холбооноос ОХУ, Беларусийн тамирчдад 4 жилийн өмнө тавьсан хоригийг цуцалж байгаагаа зарлалаа. Ингэснээр тус улсын тамирчид төрийн далбааныхаа дор жагсаж, төрийн дууллаа эгшиглүүлэх боломжтой болж байгаа юм. Тус холбооноос гадна жүдо, таэквондо, паралимпын холбоод Украйны дайнаас шалтгаалж тавьсан хоригоо цуцлаад байгаа билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Ормузын хоолой дахиад л хаагдлаа
- Ойрх Дорнодын нөхцөл байдалд хурцадмал хэвээр, хоног өдөр бүр шинэ мэдээтэй долоо хоногийн үдэж байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Ираны тал АНУ-ыг тэнгисийн бүслэлтээ буулгах хүртэл Ормузын хоолойг дахин хаах шийдвэр гаргажээ. Уг нь талуудын хэлэлцээрт ахиц гарч, Ираны тал Ормузын хоолойг нээх шийдвэр гаргаад 24 цаг л өнгөрч байсан юм. Энэ нь Ираны хамсаатан Ливаны Хезболла бүлэглэл болон Израйлын хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсантай холбоотой шийдвэр байв. АНУ-ын тал ч уг шийдвэрийг ихэд сайшааж, Пакистанд энхийн хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байлаа. Гал зогсоох тохиролцоо 10 хоног үргэлжлэх бөгөөд энэ хооронд энхийн хэлэлцээр явагдана.
- Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойд тэнгисийн бүслэлт байгуулж байгаагаа зарласан нь нөхцөл байдлыг ихэд эгзэгтэй болгосон. Амралтын өдрүүдээр талууд 10 заалт бүхий энхийн хэлэлцээрийн талаар хэлэлцсэн ч үр дүнд хүрч чадалгүй тарсан удаатай. Дэлхийн банкны тооцооллоор дайны улмаас тус бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцэд 58 тэрбум долларын хохирол учирсан гэв. Тиймдээ ч газрын тосны үнэ нэг хэсэгтээ өндөр тогтох бололтой. Үүнд Европ, Азийн зах зээл хамгийн их өртөж буй. Европ тив л гэхэд ердөө 6 долоо хоногийн шатахууны нөөцтэй үлдсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
- Гэхдээ өнгөрсөн долоо хоногт зах зээл харьцангуй өөдрөг байв. S&P 500, NASDAQ-ийн индексүүдийн ханш тасралтгүй өсөж, лхагва гарагт бүр бүх цаг үеийн түүхэн үзүүлэлтдээ хүрэв. Зөвхөн энэ долоо хоногт газрын тос тээвэрлэсэн 9 хөлөг Ормузын хоолойг давсан нь ахицтай үзүүлэлт гэж шинжээчид үзэж буй. Гэхдээ энэ нь дайн эхлэхээс өмнөхтэй харьцуулахад 90%-аар буурсан үзүүлэлт юм.
II. Live Nation-ийг монополь гэж үзжээ
- Нью Йорк мужийн шүүхээс энтертэйнмент салбарын гигант Live Nation-ийг тасалбарын зах зээлд монополийн шинжтэй үйлдэл гаргасан хэмээн үзжээ. Америк даяар 300 орчим энтертэйнмент төв, заал танхимыг эзэмшдэг тус компани 2010 онд Ticketmaster-ийг худалдан авч, тасалбар борлуулалтын зах зээлд тэргүүлэх болсон.
- 30 гаруй мужийн прокурор нэгдэж, тус компанийг тасалбарын үнийг дураараа тогтоож, хэт өндөр үнэ хэрэглэгчдээс авч байна хэмээн буруутгаад байсан билээ. Америкт тасалбарын үнэ тогтмол бус, эрэлтээс хамааран өсөж буурдаг онцлогтой. Чухам уг хөдлөлийг зохиомлоор удирдаж байна гэж шүүх үзэж буй.
- Олон тэрбум долларын торгууль хүлээж, компаниа хуваах эрсдэлд орсон Live Nation-ийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдана гэдгээ мэдэгджээ.
III. Саудын Араб спортын стратегиа шинэчилнэ
- Тус улс 900 тэрбум долларын хөрөнгө удирддаг PIF сангаараа дамжуулан спортод хөрөнгө оруулах болсон. Энэ нь олон улсын тавцанд улсынхаа нэр хүндийг нэмэгдүүлж, имиж бүрдүүлэх гол хэрэгсэл нь болж хувирсан билээ. Тэгвэл PIF 2022 онд эхлүүлсэн мэргэжлийн гольфийн лиг LIV Golf-оос санхүүжилтээ татах болсноо зарласан нь спортын салбарын онцлох мэдээ байлаа.
- PGA Tour-тэй өрсөлдөх амбицтай тус лиг Ф.Микелсон, Б.Копке, Д.Жонсон зэрэг оддыг олон сая долларын гэрээг уруу татаж чадсан. Гэсэн ч орлого, үзэгчдийн тооны хүлээлт тийм өндөр биш хэвээр буй. Тиймдээ ч PIF-ийн шийдвэр тус лигийн ирээдүйг улам бүрхэг болгож байгаа нь тодорхой.
- PIF-ийн хувьд 2030 оны Дэлхийн экспо, 2034 оны хөлбөмбөгийн ДАШТ-д гол анхаарлаа хандуулж байна хэмээн шинэ стратегиа тайлбарлажээ. Тиймээс гольф, теннис зэрэг зарим спортоос гарч байгаа нь энэ гэнэ. Мөн тэд үүнтэй зэрэгцэн хөлбөмбөгийн Аль-Хилал клубын 80%-аа 220 сая доллараар заржээ. Тус клубт К.Бензема, Д.Нунез, Р.Невес зэрэг одод харьяалагддаг юм.
4 мэдүүштэй зүйл
Дуулиант сонгууль: Сүүлийн 10 жилд найман ерөнхийлөгчөө хэрэгт буруутгаж, ял оноосон Перугийн сонгууль дуулиан дүүрэн явагдаж байна. Түүхэнд хамгийн их буюу 35 нэр дэвшигч өрсөлдсөн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн их санал авсан Кэйко Фужимори нийт иргэдийн 17%-ийн л санал авсан байна. 1990-2000 онд тус улсыг тэргүүлж байсан Алберто Фужиморигийн охин Кэйко сүүлийн 3 сонгуульд дараалан аман хүзүүдэж, ялагдаад байгаа юм. Түүнтэй 6-р сард явагдах хоёрдугаар шатанд өрсөлдөх нэр дэвшигчийн нэр 5-р сарын эхээр л ил болох бололтой. Нийт гурван нэр дэвшигчийг ердөө арван мянган санал л тусгаарлаж байгаа учраас баталгаажуулах тооллого улс даяар хийгдэх болжээ. Үүнээс гадна сонгуулийн өдөр саналын хуудас цагтаа тараагдаж амжаагүйгээс шалтгаалан хэд хэдэн мужид санал хураалтыг нэг өдрөөр сунгасан нь шуугиан тариад байна.
Алс аялал: Католик шашины тэргүүн Пап Лео Африк тивийг тойрох 10 хоногийн аяллаа эхлүүллээ. Энэ хугацаанд тэрээр Алжир, Камерун, Ангол, Экваторын Гвиней улсуудаар зочлох юм. Африк тивд дэлхийн католик шашинтнуудын 20% нь оршин суудаг юм. Тэрээр зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн бүс нутгуудад итгэл найдвар, энх тайвны үзэл санааг түгээх зорилготой байгаа гэв.
Хаврын уулзалт: Дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхэмүүд Вашингтонд цугларч байна. Уг арга хэмжээний үеэр Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлангаа танилцууллаа. Тус сангаас Иран орчмын нөхцөл байдалтай холбоотойгоор өмнөх таамгаа 0.3 нэгжээр бууруулж, 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.1% байна хэмээн таамаглав. Харин 2027 оны өсөлтийн төсөөллөө 3.2% буюу хэвээр үлдээжээ.
Эмэгтэй удирдагч: Австралийн армийн хуурай замын цэргийн командлагчаар эмэгтэй хүн сонгогдож, 55 настай дэслэгч генерал Сюзан Койл томилогджээ. Энэ бол зөвхөн тус улсын төдийгүй олон улсын батлан хамгаалах салбарт тодоор бичигдэх түүхэн томилгоо болж байна. Австралийн цэргийн хүчин сүүлийн жилүүдэд системчилсэн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтын дуулианд удаа дараалан холбогдох болсон. Энэ хүрээнд тэд удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгэмд нэр хүндээ сайжруулахыг зорьж байгаа юм. Тус улсын цэргийн хүчний 21%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг ажээ.
5 сонин хачин
1. Бээжинд хоёр дахь жилдээ зохиогдсон роботын марафоны уралдаанд 26 брэндийн 300 гаруй робот өрсөлдлөө. Хятадын тэргүүлэх технологийн компани Honor-ийн бүтээсэн “Lightning” нэртэй робот хагас марафоны зай буюу 21 км-ийг 48 минут 19 секундэд туулж барианд орсноор 1-р байр эзлэв. Энэ бол өнгөрсөн жил явагдсан анхны уралдааны ялагчын амжилтыг бараг 3 дахин ахиулсан үзүүлэлт болжээ.
2. Алдарт “Christie’s” дуудлага худалдааны ордноос “100 еврогоор 1 Пикассо” сугалааг зохион байгуулжээ. Зохион байгуулагчид тус бүр нь 100 еврогийн үнэтэй тасалбар гаргаж, улмаар 1.5 сая еврогийн үнэлгээтэй “Эмэгтэйн нүүр” нэртэй уран зургийг ялагчид олгосон юм. Дэлхийн өнцөг булан бүрээс 120 мянган хүн уг сугалаанд оролцсоноос 58 настай Парисын оршин суугч А.Ходара хэмээх эрхэм ялагч болжээ. Сугалаанаас цугларсан 12 сая еврогийн орлогыг Алцгеймерийн өвчинтэй тэмцэх эрүүл мэнд, шинжлэх ухааны төслүүдэд зарцуулах ажээ.
3. AI-д зориулсан чип бүтээгч Cerebras 35 тэрбум долларын үнэлгээтэйгээр нээлттэй компани болох хүсэлтээ гаргажээ. Тэд NASDAQ биржээс 3 тэрбум доллар босгох зорилготой байгаа. OpenAI, AWS-тэй 20 тэрбумын гэрээ байгуулж, Арабын Нэгдсэн Эмират улстай хамтран супер компьютер бүтээх төсөл хэрэгжүүлж буй тус компанийн борлуулалт 2025 онд 76%-аар нэмэгдсэн юм.
4. Amazon 35 жилийн түүхтэй хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч GlobalStar-ийг 11 тэрбум доллараар худалдан авлаа. 35 хиймэл дагуулыг нам орбитод байрлуулсан GlobalStar Apple-д SOS үйлчилгээ үзүүлдэг. Amazon 2020 онд анх эхлүүлсэн Leo төслөө эрчимжүүлэх зорилгоор уг наймааг хийж буй нь тодорхой. Тэд одоогоор 240 хиймэл дагуулыг хөөргөөд байгаа ч дараагийн 3 жилд уг тоог 4500-д хүргэх амбицтай байгаа юм. Харин Amazon-ийн гол өрсөлдөгч SpaceX-ийн Starlink-ийн хувьд 10 мянган хиймэл дагуул хөөргөж, 9 сая хэрэглэгчтэй болоод байгаа билээ.
5. Пүүз үйлдвэрлэгч AI компани болно гэв. Allbirds бол байгальд ээлтэй материалаар гутал бүтээгч брэнд. 2021 онд IPO хийсэн тус компани оргил үедээ 4 тэрбумаар үнэлэгдэж байв. Гэвч сүүлийн жилүүдэд борлуулалт нь огцом унаж, улмаар өнгөрсөн сард бүх дэлгүүрээ хааж, оюуны өмч, худалдааны тэмдэгтээ ердөө 39 сая доллараар зарах болсноо мэдэгдээд байсан юм. Тэгвэл тус компани өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааны чиглэлээ шинэчилж, NewBird AI нэртэй болж байгаагаа зарлалаа. AI дэд бүтцийн салбарт ажиллах тус компани 50 сая доллар босгох амбицтай байгаа гэнэ. Хамгийн хачирхалтай нь уг мэдээний дараа тус компанийн ханш 528%-аар өсчээ.

Сэтгэгдэл бичих

