1 гол сэдэв
Юу болов?
66 дахь удаагийн Олон улсын математикийн олимпиад (IMO) Австрали улсад явагдаж дүнгээ гаргалаа. Монгол Улсын шигшээ баг энэ удаагийн олимпиадад багийн дүнгээр 18-р байр эзэлж, нийт 172 оноог авч түүхэн дээд амжилтаа тогтоожээ. Манай сурагчдаас хамгийн өндөр амжилтыг 11-р сургуулийн сурагч А.Ивээл үзүүлж, боломжит 42 онооноос 36 оноог авч алтан медаль хүртсэн байна. Тэрээр 2023 онд IMO-д оролцож, хүрэл медаль хүртэж байсан амжилтаа ийн ахиулав. Улсын аваргын хошой хүрэл медальтан А.Ивээл энэ сарын эхээр Бээжинд явагдсан IMO-ийн өмнөх сорилго гэж хэлж болох зуны сургалтаас мөн алтан медаль хүртэж форм сайтай байгаагаа харуулаад байсан билээ. Энэ бол Монголын хувьд IMO-оос хүртэж буй 9 дэх алтан медаль юм.
Бусад нь ямар амжилт үзүүлэв?
2025 оны Улсын математикийн олимпиадын аварга Сант сургуулийн сурагч С.Манлай 33 оноогоор мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн IMO-оос хүртэж байсан хүрэл медалийн өнгөө ийн өөрчилж чадлаа. Энэ жилийн тухайд алтан медалийн босго 35 оноо байжээ. Манай багаас 11-р сургуулийн сурагч Б.Бэлгүтэй, Шинэ үе сургуулийн сурагч Б.Тэнүүнсайхан нар 29 оноотойгоор мөнгөн медаль хүртсэн. Б.Бэлгүтэй 2024 онд, Б.Тэнүүнсайхан 2023 онд хүрэл медаль хүртэж байсан амжилтаа ахиулж чадлаа. Тэд хоёул Улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль хүртэж байв. Тэрчлэн 26 оноо авсан Сант сургуулийн сурагч Д.Хүслэн, 21 оноо авсан 11-р сургуулийн сурагч Б.Төвшиндалай нар хүрэл медалийн эзэн боллоо. Тэд анх удаа олон улсын математикийн олимпиадад оролцож байгаа нь энэ юм. 2025 оны Улсын математикийн олимпиадаас Д.Хүслэн мөнгө, Б.Төвшиндалай хүрэл медаль хүртээд байсан билээ.
Өөр онцлох юу байна?
Манай баг ийнхүү 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар 18-р байрт бичигдлээ. 2022 онд манай баг 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэхдээ нийт 162 оноо цуглуулж байсан нь дээд амжилт байсныг энэ жилийн баг 10 оноогоор ахиулжээ. Энэ жил багийн дүнгээр БНХАУ, АНУ, БНСУ-ын багууд тэргүүллээ.

2 чухал тоо
2029: IMO-ийн Удирдах зөвлөл, тус олимпиадад оролцогч 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр манай улс 2029 оны 70 дахь удаагийн Олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулах эрхийг авлаа. 1959 онд Румын улсад хамгийн анх явагдаж эхэлсэн IMO бол нэр хүнд, цар хүрээ, чанар чансаагаараа дэлхийд тэргүүлэгч, жишиг тогтоогч топ олимпиад билээ. Монголын математикийн хороо 1964 оноос хойш тус олимпиадад оролцож буй ууган оролцогчдын нэг юм. Манай улс өмнө нь 1980, 1994 онуудад олимпиадыг зохиох эрхийг авч байсан түүхтэй гэнэ. 1980 онд улс төрийн шалтгааны улмаас зохион байгуулж чадалгүй өнжсөн нь IMO-ийн түүхэнд цор ганц удаа олимпиад тасарсан тохиолдол болж байжээ. Харин 1994 онд санхүүгийн шалтгааны улмаас зохион байгуулах боломжгүй болж, манай улсын оронд Хонгконг улс хүлээн авч байв. Ташрамд дурдахад, 2026 оны олимпиад БНХАУ-ын Шанхай хотноо явагдах бол Унгар, Саудын Араб улсууд 27, 28 оны олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
123.000: Биткойны ханш 120 мянгыг давлаа. Энэ бол дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй криптовалютын ханш он гарснаас хойш бараг 30%-аар нэмэгдсэн гэсэн үг. Биткойны ханш даваа гарагт 123 мянгыг давжээ. Д.Трампын засаг захиргаа крипто салбарт ээлтэй бодлого баримталж байгаа нь энэ өсөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлж буй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Америкийн конгресс стэйблкойны зохицуулалтыг тодорхойлсон GENIUS нэртэй хуулийн төслийг дэмжсэн нь зах зээлд эерэг мэдээ болов.
3 онцлох өгүүлбэр
I. Супермэн эргэн ирлээ!
- Үе үеийн хүүхэд залуусын хамгийн хайртай супер баатруудын нэг байсаар ирсэн “Супермэн” эргэн ирж, бокс оффисыг 2 дахь долоо хоногтоо дараалан тэргүүллээ. Тэд одоогийн байдлаар дэлхий даяар 370 сая долларын орлогыг цуглуулаад байна.
- Энэ бол Batman, Superman, Wonder Woman, Aquaman зэрэг супер баатруудыг багтаасан DC Comics-ийн ертөнцийг цоо шинээр эхлүүлж буй чухал үйл явдал. Тиймээс ч дэлхий даяар ихээхэн анхаарал хандуулж байв. Marvel-ийн гол хүн асан Ж.Ганн ч энэ кинонд 225 сая долларыг зарцуулсан нь үүний баталгаа билээ.
- DC-ийн фенүүд шинэ дүр, шинэ найруулга, шинэ үйл явдлыг янз бүрээр хүлээн авч байгаа ч эерэг байдал давамгайлж байна. Энэ удаад Супермэнийн дүрийг төдийлэн олны танил бус, 32 настай Д.Коренсвет бүтээж байгаа юм. DC-ийн хувьд ирэх жил “Supergirl”, “Clayface” гэсэн шинэ кинонуудаа танилцуулахаар зэхэж буй. Сонирхуулахад, энэ долоо хоногт Marvel-ийн өөр нэг шинээр эхлүүлж буй түүх “Fantastic Four” нээлтээ хийх болно.
II. “Милан-Кортина 2026” наадмын медалийг танилцууллаа
- Ирэх жилийн 2-р сарын 6-22-нд Итали улс өвлийн олимп, паралимпын наадмыг хүлээн авах учиртай. Тэгвэл тэмцээнийг зохион байгуулах хорооноос шилдэг тамирчдад олгох медалийн загварыг ил болголоо.
- Медалийг үйлдвэрлэлийн хог хаягдлаас дахин боловсруулсан материал ашиглан бүтээж, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг зууханд цутгажээ. Мөн медалийг голоор нь хувааж, хоёр хэсэгтэй байдлаар загварчилсан нь амжилт, хүчин чармайлтыг илтгэсэн агуулгатай гэнэ.
- Ташрамд дурдахад, Монгол улсаас гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин олимпод өрсөлдөх эрхээ аваад байгаа юм. Мөн уулын цана, биатлон, тэшүүрийн төрөлд эрхийн төлөө өрсөлдөж байна.
III. Uber жолоочгүй машины зах зээлд хүч түрэн орж ирлээ
- Тэд өнгөрсөн долоо хоногт хоёр ч том түншлэлийг зарласан нь зах зээлийн динамикийг тэр чигт нь донсолгож орхив. Такси дуудлага, хүргэлтийн зах зээлийн лидер Uber 2020 оноос эхлэн өөрсдийн жолоочгүй машины технологи хөгжүүлэлтээ зогсоогоод байсан юм.
- Хамгийн эхэнд тэд Хятадын технологийн гигант Baidu-тай хамтрах болсноо ил болгосон. Тэд АНУ болон БНХАУ-аас бусад зах зээлд хамтран жолоочгүй такстины үйлчилгээг нэвтрүүлэх болжээ. Baidu-ийн хувьд 2021 оноос эхлэн Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад Apollo GO машинаа туршиж, Хятадын зах зээлд тэргүүлэгч болоод буй. 15 мянган хотод ажилладаг Uber-ийн платформтой түншилснээр тэд олон улсын зах зээлд нэвтрэх гарц нь нээгдлээ гэж хэлж болно.
- Харин Америкийн зах зээлд Uber Nuro, Lucid хэмээх стартапуудтай хамтран ажиллах болсон байна. Гэрээний хүрээнд тэд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Lucid-д 300 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ. Улмаар Nuro-ийн хөгжүүлсэн жолоочгүй машины технологийг ирэх 6 жилд 20 мянган машинд суурилуулах ажээ.
4 мэдүүштэй зүйл
Уурхай санхүүжүүлэгч: Apple Америкт төвтэй цорын ганц газрын ховор элемент олборлогч MP Materials хэмээх компанид 500 сая долларын хөрөнгө оруулжээ. Тус компани 2017 оноос хойш Калифорнийн өмнөд мужид үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уг зах зээлд Хятад улс монопол болж, дэлхийн нийлүүлэлтийн 99%-ийг хангаж байгаа нь чип, хагас дамжуулагч зэрэг ахисан түвшний технологийн гинжин хэлхээнд хэт давуу байдал үүсгэх эрсдэлтэй болсон юм. Энэ мэдээний дараагаар MP Materials-ийн хувьцааны ханш 20%-аар өсчээ.
Цэргийн технологи: Пентагон үндэсний аюулгүй байдлын сорилтуудыг хиймэл оюуны тусламжтайгаар илрүүлэх, шийдвэрлэх зорилготойгоор тендер шалгаруулжээ. Улмаар зах зээлийн лидерүүд болох Antrophic, Google, OpenAI, xAI-д тус бүр 200 сая долларын санхүүжилт олгох болсон байна. Америкийн батлан хамгаалах яам AI болон дэвшилтэт технологид ихээхэн ач холбогдол өгч, хиймэл оюун, дижитал технологи хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалыг үүсгээд байгаа юм.
Робот шүүгч: Америкчуудын үндэсний спорт гэж хэлж болох бэйсболын дээд лигт робот шүүгчийг анх удаа хэрэглэлээ. MLB-ийн хувьд сүүлийн 6 жилийн турш Sony-той хамтран хөгжүүлсэн технологио ашиглажээ. Нийт үзэгчдийн 70 гаруй хувь нь камер, мэдрэгчийн тусламжтайгаар алдаагүй шийдвэр гаргах робот туслахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мэргэжлийн спортод технологи суурьтай шийдлүүд ихээр ашиглагдах болсны нэг илрэл нь энэ боллоо. Хөлбөмбөгт VAR технологи нэвтрээд чамгүй хугацаа өнгөрсөн нь хамгийн амжилттай жишээ. Хамгийн сүүлд энэ жилийн Уимблдоны нээлттэй тэмцээнд зураасны шүүгчийн оронд мөн робот ашигласан билээ.
Хуурамч хаяг: Meta хуурамч мэдээлэл түгээх эсвэл бусдын контентыг хуулбарлаж буй спам аккоунтуудтай тэмцэх аян эхлүүлжээ. Энэ хүрээнд тэд хиймэл оюунд түшиглэсэн хэрэгслийн тусламжтайгаар зөвхөн Facebook-ээс л гэхэд 10 сая хаягийг устгажээ. Мөн сэжигтэй үйлдэл гаргасан 500 мянган аккоунтад анхааруулга өгсөн байна. Цаашид хэрэглэгчдийн нүүр хуудсыг “цэвэрлэхэд” анхаарал хандуулна гэдгээ Meta мэдэгджээ.
5 сонин хачин
1. Алдарт найруулагч К.Ноланы шинэ бүтээл “Одиссей” яг нэг жилийн дараа буюу 2026 оны 7-р сарын 17-нд нээлтээ хийх хуваарьтай. Тэгвэл киноны идэвхжүүлэлтийн хүрээнд Америкийн 26 кино театрт нээлтийн тасалбарыг урьдчилан борлуулж эхэлсэн нь ердөө хэдхэн минутын дотор бүрэн дуусчээ. Уг кино 100 хувь Imax камераар бичигдэж буй Холливүүдийн анхны кино болж байгаагаараа онцлогтой билээ. Шүүмжлэгчид М.Дэмон, Т.Холланд, Р.Паттинсон, Зендаяа, А.Хатавэй зэрэг одод тоглож буй уг киног бокс оффист өндөр амжилт үзүүлнэ хэмээн тооцож байгаа юм.
2. Bullish нээлттэй компани болно. 2021 онд байгуулагдсан тус крипто биржээр өдөрт 2.5 тэрбум долларын арилжаа хийгддэг гэнэ. Тэд Нью Йоркийн хөрөнгийн биржээс 100 сая доллар босгох зорилготой байгаа юм. 2023 онд тэд крипто, блокчэй салбарын хамгийн нөлөө бүхий медиа Coindesk-ийг худалдаж авч байсан билээ. Өнгөрсөн сард стэйблкойн гаргагч Circle-ийн IPO маш амжилттай болсон нь салбарынханд урам зориг өгсөн нь тодорхой. Сонирхуулахад, Bullish-ийн гол хөрөнгө оруулагчдын нэг нь П.Тиел юм. Paypal-ийг үүсгэн байгуулагчдын нэг П.Тиелийн хувьд Facebook, Stripe, OpenAI-ийн анхны дэмжигчдийн нэг билээ.
3. Д.Трамп өөрийнх нь талаар хуурамч мэдээлэл цацсан гэсэн үндэслэлээр дэлхийн хамгийн том, итгэл хүлээсэн редакцуудын нэгийг шүүхэд дуудлаа. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр Wall Street Journal болон толгой компанийг эзэмшигч медиа могул Роберт Мюрдокоос 10 тэрбум доллар нэхэмжлэх гэнэ. WSJ-ийн хувьд өнгөрсөн лхагва гарагт Д.Трампын насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд уруу татсан хэрэгт холбогдож байгаад амиа хорлосон Ж.Эпштэйнтэнд илгээсэн захидлыг ил болгосон юм. 2003 онд Эпштэйнийн 50 насны төрсөн өдөрт зориулан илгээсэн уг захидалд Трамп өөрийн гараар нүцгэн эмэгтэйн зураг зурж, мөн ихэд дотно үгсийг бичсэн байжээ. Өнөөдрийг хүртэл Ж.Эпштэйнийн хэрэгт холбоотой олны танил эрхэмүүдийн жагсаалтыг ил болгох ёстой гэсэн нийгмийн шаардлага хүчтэй хэвээр байсаар байгаа. Д.Трамп өнгөрсөн долоо хоногт ийм жагсаалт байгааг эрс үгүйсгэж, Ардчилсан намынхны гаргасан хуурамч мэдээ хэмээн мэдэгдсэн нь байдлыг улам хурцатгах болсон. Зарим эх сурвалжууд уг жагсаалтад Д.Трампын нэр байж болзошгүй онцолж, хэд хэдэн удаа Эпштэйнийн “алдарт арал” дээр зочилж, үдэшлэгт нь оролцож байсан байж магадгүй хэмээн үздэг билээ.
4. БНХАУ-ын Шенжен хотноо явагдсан эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний Б дивизионд өрсөлдсөн манай баг түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж, 4-р байрт орлоо. Хэсэгтээ Тайланд, Күүкийн арлын багуудыг буулган авсан манай баг шөвгийн наймд Казахстаны хүчирхэг багийг 78:70-аар буулган авч хагас шигшээд үлдсэн. Хагас шигшээд Тайванийн багтай эн тэнцүү тоглолтыг үзүүлсэн ч 92:82-ын харьцаатайгаар хожигдсон юм. Улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод Тайландын багтай ахин тоглосон ч 73:78-аар хожигджээ. Манай багаас О.Хулан 18 оноо, 9 самбараас бөмбөг авалтаттайгаар багаа тэргүүлжээ. 2 жилийн өмнөх тэмцээнд манай баг зөвхөн Шри-Ланкын багийг хожиж 7-р байр эзэлж байснаа ахиулж чадлаа.
5. С.Колбертын шоу цуцлагджээ. “The Late Night with Stephen Colbert” бол зөвхөн CBS телевизийн төдийгүй Америкийн хамгийн их үзэгчтэй үдшийн шоуны нэг юм. 1993 оноос хойш цацагдаж буй уг шоу дахин хийгдэхгүй болсон нь С.Колбертын АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг байнга шүүмжилдэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн олон нийт сэжиглэж буй. Тэрээр хамгийн сүүлд CBS-ийн толгой компани Paramount Д.Трампад 16 сая долларын торгууль төлж, сонгуулийн үеэр К.Харрист давуу тал олгосон заргыг хаасныг “авилгал” хэмээн нэрлээд байсан юм. Сонирхуулахад, тус цуврал жилд 40 сая долларын алдагдалтай ажиллаж байсан бөгөөд сүүлийн 5 жилд сурталчилгааны орлого нь 50%-аар буурчээ.

Сэтгэгдэл бичих

