1 гол сэдэв

Юу болов?

Microsoft-ийн жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгчдийн эвент Build 2023 явагдлаа. Энэ жилийн гол дүр нь мэдээж хиймэл оюун байв. Тэд хиймэл оюунд суурилсан ухаалаг туслах AI Copilot-ийг Windows 11-тэй бүрэн интеграц хийж байгаагаа зарласан нь хамгийн гол мэдээ байв. Уг туслах нь үүнээс гадна Edge, Office 365, Github-тай нийцэж ажиллах болсон билээ.

Өөр юу болов?

Microsoft-ийн хувьд OpenAI-ийн ChatGPT-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн нь түүхэнд бичигдэх амжилттай хэлцэл болсон. Энэ үр ашгаа ч тэд хэдийнээ хүртээд эхэлсэн гэж хэлж болно. Тэгвэл Build-ийн үеэр тэд ChatGPT-ийн албан ёсны хайлт нь Microsoft Bing болсныг зарлав. Одоо хэрэглэгчдийн хайлт автоматаар Bing-тэй холбогдож, илэрцүүдийг нь гаргах гэнэ. Илүү ухаалаг болсон Bing-ийн ийн хэрэглээ ч сүүлийн үед огцом нэмэгдээд байгаа билээ.

Тэгээд...

Үүнээс гадна Bing-ийн нээлттэй түншлэлийн интеграц хөгжүүлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ үеэрээ тэд Expedia, Instacart, Kayak, TripAdvisor зэрэг платформын плагин Bing-тэй нийцэж ажиллах болсныг мэдэгдлээ. Энэ нь хэрэглэгчдэд илүү хялбар байдлаар олон талт мэдээллийг хүлээн авах боломжийг олгох юм.

2 чухал тоо

83 - Домогт дуучин Тина Тюрнер 83 насандаа таалал төгслөө. Рок-н-роллын хатан хаан гэгдэх Т.Тюрнер 60 гаруй жил үргэлжилсэн карьерынхаа туршид 12 удаа Грэммигийн шагнал хүртэж, 100 сая гаруй цомгийг борлуулсан юм.

5 - Lionsgate энэ жилийн хамгийн том хит кинонуудын нэг John Wick-ийн тавдугаар ангийг бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Chapter 4-ийн орлого хагас тэрбумыг давж, The Continental, Ballerina зэрэг зэргэлдээ түүхээс сэдэвлэсэн кинонууд нь өндөр хүлээлттэй байгаа нь тэднийг ийн шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Үүнээс гадна тэд John Wick-ийн видео тоглоом бүтээхээр зэхэж байгаа мэдээлэл гараад байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Каннын фестивал явагдлаа.

- Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудын нэг Каннын фестивал амжилттай явагдлаа. 76 дахь удаагийн Каннын наадмын шилдэг бүтээлээр Францын найруулагч Ж.Триетийн "Anatomy of Fall" тодорчээ. Тэрээр "Алтан навч" шагналыг хүртсэн ердөө 3 дахь эмэгтэй болжээ.

- Гэхдээ шилдэг найруулагчийн шагналыг Вьетнам гаралтай Ань Хунг Чан хүртсэн юм. Түүнээс гадна шилдэг эрэгтэй жүжигчнээр Perfect Days-ийн Кожи Якушо, шилдэг зохиолоор Monster-ийн Ю.Сакамото нар нэрлэгдэж, Ази тивийн амжилтын давлагааг буухиалжээ.

- Энэ жилийн "Un Certain Regard" төрөлд Монголоос анх удаа кино сонгогдсон нь түүхэн үйл явдал болсон. Найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" бүтээл улаан хивсний ёслол, нээлтийн үзлэгийнхээ дараа 5 минутын турш алга ташилт хүлээн авсан нь онцлох үйл явдал болов.


II. Tesla Model Y дэлхийн хамгийн борлуулалттай машин боллоо

- 2023 оны эхний улирлын олон улсын борлуулалтын дүнгээр 47,490 долларын үнэтэй Model Y тэргүүн эгнээнд бичигдсэн байна. Энэ нь түүхэнд анх удаа цахилгаан машин ийм амжилт үзүүлж байгаа хэрэг билээ.

- Өнгөрөгч улиралд нийт 267,200 ширхэг Model Y зарагдсан нь ардаа бичигдсэн Toyota Corolla-аас даруй 20 мянгаар илүү үзүүлэлт юм. Model Y-ийн хувьд энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 69%-аар борлуулалт нь өссөн гэсэн үг.

- Жагсаалтын топ 5-ийн дөрөв нь Toyota-ийн загварууд байсан нь анхаарал татав. Corolla-аас гадна Hilux, Rav4, Camry зэрэг Монголчуудын танил машинууд борлуулалтаараа тэргүүлжээ.


III. AI стартап хагас тэрбумын хөрөнгө оруулалт татлаа

- Claude нэртэй чатбот хөгжүүлж буй Antrophic 450 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татсанаа зарлалаа. Энэ нь хиймэл оюуны ертөнцөд зөвхөн ChatGPT-ийн ард л бичигдэх үзүүлэлт юм.

- Antrophic-ийн хувьд өөрсдийн хөгжүүлж буй AI-аа тусгайчлан бэлтгэсэн үндсэн хуулийн хүрээнд хөгжүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тэд энэхүү хуулийн хүрээнд хиймэл оюуны ёс зүй, үндсэн зарчим, цар хүрээг тодорхойлж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэх үндсэн алсын хараагаа тодотгодог юм.

- 2021 онд тус стартапыг OpenAI-ийн экс ажилчид байгуулсан юм. Slack, Zoom-тэй интеграц хийгээд байгаа тэд AI-ийн аюулгүй байдлын судалгаанд мөн анхаарч ажиллана гэдгээ мэдэгджээ.

4 мэдүүштэй зүйл

Аварга хэлцэл: Apple болон Broadband хамтран утасгүй интернет болон 5G технологи хөгжүүлэхэд шаардлагатай бүрдэл хэсгүүд үйлдвэрлэх гэрээг байгууллаа. Уг гэрээ нь Apple-ийн ирэх 5 жилд 430 тэрбум долларыг суурь технологид зарцуулах төслийн нэг хэсэг болон хөгжүүлэгдэнэ гэнэ.

Туршилтын баг: Google хиймэл оюуныг илүү үр дүнтэй сургах зорилгоор Search Labs нэртэй шинэ платформ нээж байгаагаа зарлалаа. Энэ платформд хэрэглэгчид бүртгүүлэн цаанаас өгөгдсөн даалгаврын хүрээнд линк шалгах, мэдээ хөрвүүлэх зэрэг энгийн үйлдэл хийн илүү хариуцлагатай, баримтаар нягтлагдсан AI бүтээх ажилд хувь нэмрээ оруулах боломжтой аж.

Ухаалаг туслах: Дэлхийн санхүүгийн ертөнцийг гигант JP Morgan хиймэл оюунд суурилсан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа гэнэ. IndexGPT нэртэй уг чатбот нь хэрэглэгчдэд санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөгөөг хиймэд оюуны тусламжтайгаар хүргэх зорилготой юм.

Аварга дэлгэц: Хятадын технологийн топ компаниудын нэг BOE 16к нягтрал бүхий 110 инчийн дэлгэцээ танилцууллаа. Уг дэлгэц нь энэ өдрүүдэд явагдаж буй Display Week 2023-ийн гол дүр нь болон үзэгчдэд хүрэв.

5 сонин хачин

1. Disney-ийн дуулиан шуугианаар дүүрэн шинэхэн бүтээл The Little Mermaid бокс оффисыг тэргүүллээ. Тэд дэлхийн зах зээлээс нийт 164 сая долларын орлого олсон байна. Гол дүрийн сонголт, график эффект зэргээс болон уг киноны шүүмжлэгчдийн үнэлгээ хэт их савлаж байгаа нь мөн анхаарал татаж буй. Гэсэн ч Хятадыг эс тооцвол бусад зах зээл дээр тэд тооцсоноос өндөр амжилт үзүүлж байгааг шинжээчид онцолж байна.

2. Хятад улс анх удаа өөрсдийн бүтээсэн иргэний тээврийн нисэх онгоцоо туршлаа. C919 нэртэй уг хөлөг нь Airbus, Boeing гэсэн салбарын акулуудтай шууд өрсөлдөх зорилготой. Нэг нислэгээр 5555 км зайг туулах чадвартай, 164 хүртэлх зорчигч тээвэрлэх боломжтой уг хөлгийг Хятад улс 2025 он гэхэд агаарт хөөргөх зорилготой байгаа юм.

3. TikTok өөрсдийн гэсэн AI чатботыг хөгжүүлж байна. Tako нэртэй уг чатбот нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн видео санал болгож, хайлтыг илүү үр дүнтэй болгох зорилготой гэнэ.

4. Google жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан Product Studio нэртэй бүтээгдэхүүнээ танилцууллаа. Хиймэд оюунд суурилсан уг үйлчилгээний хүрээнд хэрэглэгчид өөрсдийн бүтээгдэхүүний сурталчилгааны зургийн орчин, зохиомжийг зөвхөн текст утгаа өгөн шууд үүсгэн хөрвүүлэн, түүнийгээ маркетинг сурталчилгаандаа ашиглах боломжтой болох юм.

5. Shutterstock хөдөлгөөнт зургийн хамгийн том сан Giphy-г 35 сая доллараар өөртөө нэгтгэлээ. 2020 онд Meta уг платформыг 400 сая доллараар үнэлэн анх худалдаж авч байсан. Гэсэн ч Их Британийн зохицуулах байгууллагаас шударга өрсөлдөөнд хортой гэж үзэн уг хэлцлийг хориглоод байсан билээ.

10 уншууртай мэдээ

Мэдэх: Т.Эрдоган дахин ялалт байгууллаа /CNN/

Анхаарах: Microsoft-ийн давж заалдаж буй өнцгүүд /VGC/

Гайхах: М.Цукербергт ялагдах ямар байдаг вэ? /GQ/

Үзэх: Hulu-ийн ирээдүйн төлөөх тэмцэл /WSJ/

Хүлээх: Google-ийн үүсгэн байгуулагчийн шинэ бизнес /Bloomberg/

Анзаарах: Ford Tesla-тай яагаад хамтрах болов? /CNBC/

Сонирхох: Р.ДеСантисын Twitter зарлал бүтэлгүйтэв /Morning Brew/

Турших: VW ID Buzz-ийг унасан нь /The Verge/

Хэрэглэх: OpenAI-ийн апп топ жагсаалтыг тэргүүллээ /Techcrunch/

Оролдох: Max шинээр нээгдлээ /Variety/