1 гол сэдэв

Юу болов?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иранд явуулж буй цэргийн ажиллагаагаа түр зогсоож, гал зогсоох хэлцэлд хүрснээ зарлалаа. Тэрээр Иранд хэд хэдэн удаа анхааруулга өгч, сүүлдээ “бүтэн соёл иргэншлийг газрын хөрснөөс арчих” довтолгоонд бэлдэнэ хэмээн сүрдүүлсний эцэст хүссэндээ хүрсэн нь энэ. Энэ удаад Пакистан талуудыг зуучилж, хэлэлцээрийг өөрийн эх орондоо зохион байгуулж байна. Төлөөлөгчид уртасгасан цагаар хэлэлцээрийг үргэлжлүүлж, үр дүнд ойрын хугацаанд хүрнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа юм.


Юу өрнөж байна?

Ормузын хоолой нээгдэж, газрын тосны үнэ 100 доллараас доош буусан нь эдийн засагт сэргэлт өгөв. S&P 500-ын ханш долоо хоног дараалан өсөж, хоёрдугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш алдаад байсан үнэ цэнээ бараг эргүүлэн авлаа. Гэхдээ Израйл Ираны гол түншүүдийн нэг Ливаныг бөмбөгдсөөр байгаа нь шинжээчдийн санааг зовоож байна. Иран ямар ч хэлэлцээрт Ливан зайлшгүй багтана гэсэн байр суурьтай байгаа бол Израйлийн тал үүнийг хүлээн зөвшөөрөх шинжгүй байгаа юм. Израйлийн ерөнхий сайд Б.Нетаньяху “террористуудтай дэглэмтэй үргэлжлүүлэн тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн. Нөгөө талаас Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй усан онгоцуудад нэмэлт татвар тавьсан нь олон улсын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тэд тээвэрлэж буй баррель тутамд 1 доллар төлөхийг шаардаж буй. Д.Трампын хувьд үүнийгээ даруй зогсоохыг шаардсан ч татвар хураахад Америкийн тал оролцож болох тухай цухуйлгасан нь олныг бүр ч айлгаж орхилоо.


Одоо яах вэ?

Талуудад энхийн хэлэлцээрт хүрэхэд 14 хоногийн хугацаа бий. Энэ бол Д.Трампын тогтоосон тов. АНУ Ираны талаас 10 заалт бүхий шаардлагыг хүлээн авсан бөгөөд үүндээ цөмийн зэвсэг, газрын тосны тээвэрлэлтээс гадна хилийн чанадад битүүмжлэгдсэн хөрөнгөө эргүүлэн авах зэрэг хүсэлтийг багтаажээ.

2 чухал тоо

15 - АНУ-ын холбооны шүүхээс “Friends” цувралын од М.Перрид хууль бусаар кетамины төрлийн мансууруулах бодис худалдсан Ж.Сангад 15 жилийн ял оноолоо. Чандлерын дүрээр олонд танигдсан М.Перри 2023 онд гэртээ таалал төгссөн юм. Тухайн үед сэтгэл гутралтай тэмцэж байсан тэрээр эмчийн заавраар кетамин хэрэглэж байсан ч тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн нь үхлийн шалтгаан болжээ. Холливүүдийн оддод кетамин олж өгдгөөрөө алдаршиж, "Кетамины хатан хаан" нэртэй болсон Ж.Санга тухайн үед 25 шил кетаминыг 6,000 доллараар зарсан нь мөрдлөгийн үеэр ил болжээ.

569.000.000 - The Super Mario Galaxy Movie нээлтээ хийснээс хойш ердөө 2 долоо хоногийн дотор хагас тэрбумын босгыг давлаа. Уг киноны нийт төсөв 110 сая доллар байсан. 3 жилийн өмнө гарсан эхний анги нь 1.3 тэрбум долларын орлого цуглуулж чадсан. Universal болон Nintendo-ийн хувьд уг амжилтыг давах амбицтай байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Artemis-ийн нисгэгчид эх дэлхийдээ эргэн ирлээ

- Хагас зууны дараа сарны тойрог замд нэвтэрсэн сансрын нисгэгчид эх дэлхийдээ амжилттай газардлаа. Artemis II багийн нисгэгчид бямба гарагт 1.1 сая км замыг туулсны эцэст эргэн ирсэн нь энэ юм.

- Orion хөлгийн Integiry капсулаар буусан сансрын нисгэгчдийн биеийн байдал хэвийн байна. Газардах явц 20 гаруй минут үргэлжилсэн бөгөөд дэлхийн агаар мандалд орохдоо дууны хурднаас 32 дахин хурдтай, гадаргууны температур 2,500 градусыг давсан байжээ.

- 10 хоногийн өмнө хөөрсөн Artemis II-ийн нисгэгчид сарны цаад талын зургийг авч, дэлхийгээс хамгийн хол буюу 406,771 км зайд хүрснээрээ рекорд тогтоолоо. Artemis хөтөлбөрийн хүрээнд NASA 2028 онд сансрын нисгэгчдийг саран дээр буулгах төлөвлөгөөтэй байгаа юм.


II. Meta шинэ моделио зарлалаа

- Meta-ийн үүсгэн байгуулагч М.Цукерберг есөн сарын өмнө компани доторх хиймэл оюуны хөгжүүлэлтийн бүтцийг тэр чигт нь өөрчилж, Google, Microsoft зэрэг өрсөлдөгчдөө гүйцэх зорилго тавьсан. Энэ зорилгын хүрээнд тэрээр 29 настай AI салбарын од Александр Вангийн үүсгэн байгуулсан Scale AI-г 14 тэрбумаар худалдан авч, салбарын шилдэг инженер, эрдэмтдийг тэрбум долларын цалинтайгаар багтаа урвуулах болсон юм.

- Тэгвэл А.Вангийн багийн бүтээсэн хамгийн эхний модель албан ёсоор зарлагдлаа. “Muse Spark” нэртэй уг модель нь зөвхөн сошиал контентоос гадна худалдаа, тоглоом, эрүүл мэндийн чиглэлд мэргэшсэн гэнэ. Тэр даруйдаа 3.5 тэрбум хэрэглэгчтэй Meta-ийн экосистемд нэвтрэх уг модель хөгжүүлэгчдийн анхаарлыг татна хэмээн найдаж байгаагаа М.Цукерберг нуусангүй.

- Meta-ийн баг яг жилийн өмнө Llama моделио гаргасан нь төдийлэн амжилтад хүрээгүй. Харин цоо шинэ бүтэцтэй хийгдсэн шинэ модель зах зээлд үнэлэгдэж, тус компанийн хувьцааны ханш 6.5%-аар нэмэгдсэн байна. Энэ бол зах зээлийн үнэлгээ нь 95 тэрбум доллараар нэмэгдсэн гэсэн үг билээ.


III. Universal Music Group зарагдаж магадгүй

- Дэлхийн хамгийн том хөгжмийн групп компанид тооцогдох Universal Music Group-ийн бүрэлдэхүүнд Тэйлор Свифт, Кендрик Ламар, Bad Bunny зэрэг өнөө цагийн гол артистууд багтдаг. Тэгвэл энтертэйнмент ертөнцийн тоглоомын дүрмийг өөрчлөх боломжтой шинэ хэлэлцээр эхэлжээ.

- Уолл Стритийн нэртэй хөрөнгө оруулагч Билл Акманы тэргүүлдэг Pershing Square тус компанийг 64 тэрбум доллараар үнэлэн худалдан авах санал илгээжээ. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн ханштай харьцуулахад 78%-аар өндөр дүн. Тиймдээ ч уг санал зөвшөөрөгдөх магадлал өндөртэйд тооцогдож байна.

- Сонирхуулахад, Б.Акман 2021 онд Universal Music Group-ийн 10%-ийг худалдан авч, өнгөрсөн жилийг хүртэл удирдах зөвлөлд нь сууж байсан юм. 9.4 тэрбум долларын хөрөнгөтэй гэгдэх тэрээр Chipotle, Canadian Railway, Herbalife зэрэг компаниудад хөрөнгө оруулж, менежментийн үйл ажиллагаанд нь идэвхтэй ажиллаж байснаараа алдаршсан юм.

4 мэдүүштэй зүйл

Шинэ салхи: 2026 оны Европын хамгийн чухал сонгууль гэх тодотголтой сонгууль Унгарт эхэллээ. Парламентын 199 суудлаас 100-г нь авсан нам, эвсэл ерөнхий сайдыг томилох эрхтэй болно. Сүүлийн 16 жилийн турш эрх барьж, одоогоор 135 суудлыг эзэмшиж буй ерөнхий сайд В.Орбан урьдчилсан төлвөөр ялагдах магадлал өндөр байна. Түүнийг дэмжихээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс өөрийн биеэр Будапештад ирж, Д.Трамп хүртэл сошиал хуудсаараа дэмжлэгээ илэрхийлсэн ч бодит дэмжлэг болох эсэх нь эргэлзээтэй хэвээр. 45 настай П.Мадьяр олон нийтийн дэмжлэг хамгийн өндөртэй байгаа юм.

Дархлагдсан ерөнхийлөгч: 1999 оноос хойш Жибути улсыг удирдаж буй Исмаил Гуэллэх нийт сонгогчдын 97.8%-ийн саналыг авч, 6 дахиа дараалан сонгуульд яллаа. Өдгөө 78 настай тэрээр хэдхэн жилийн өмнө сонгуульд дахин өрсөлдөхгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнгөрсөн жил бодлоо өөрчилж, үндсэн хуульд заасан нэр дэвшигчийн насны дээд хязгаар болох 75 насыг авч хаяснаар ийн ялалт байгуулж байна. Тэрээр 2010 онд мөн л үндсэн хуульд өөрчлөлт хийж, дахин сонгогдох хязгаарыг цуцалж байсан удаатай. Тус улсын сөрөг хүчин 2016 оноос хойш сонгуульд оролцохгүй бойкотлож байгаа юм. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Жибути стратегийн маш чухал байрлалд буюу Суэцийн суваг, Баб эль-Мандебын хоолойн залгааст байрладаг. Тиймдээ ч АНУ, Хятад, Франц зэрэг улсууд цэргийн баазаа байгуулжээ. Энэ нь 1977 онд тусгаар тогтносон тус улсад нэг ерөнхийлөгчийн засаглал үүсэх үндэс болсон гэж шинжээчид үздэг.

Нээлттэй улс: Н.Мадурогийн засаглал нуран унасны дараагаар Венесуэл гадаад бодлогодоо шинэчлэл хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийг баталжээ. Тэд зөвхөн газрын тосноос гадна уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах үүднээс энэ шийдвэрийг гаргаж байгаа юм. АНУ-ын дэмжлэгтэйгээр баталсан уг хуулийн хүрээнд засгийн газраас татварын уян хатан бодлого баримталж, хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж ажиллах болжээ. Венесуэл алт, төмөр, нүүрс, газрын ховор элементийн нөөцөөрөө бүс нутагтаа толгой цохидог юм.

Зэвсэггүй баяр: ОХУ, Украйны зэвсэгт хүчин энэ долоо хоногт тохиох Улаан өндөгний баярын үеэрх 36 цагт харилцан гал нээхгүй байх тохиролцоонд хүрчээ. Өнгөрсөн жил талууд мөн ижил шийдвэр гаргаж байсан ч хугацааг сунгах хэлэлцээр бүтэлгүйтсэн удаатай.

5 сонин хачин

1. Эгнээндээ Cocomelon, Blippi зэрэг хүүхдүүдийн дуртай дүрүүдийг багтаасан Moonbug UCLA-ийн хүүхдийн хөгжлийн институттэй хамтран ажиллах болжээ. Талууд 2023 оноос эхлэн Cocomelon-ийн агуулга, визуал нас насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж эхэлсэн гэнэ. Шинэ хамтын ажиллагааны хүрээнд UCLA-ийн судлаачид контент бүтээгчдэд хэрхэн хүүхдийн хөгжлийг дэмжих, өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх агуулга гаргахад нь туслан ажиллах ажээ.

2. Дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгч Lego ирэх зун явагдах хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан тусгай сетээ гаргажээ. Уг цуглуулгад хөлбөмбөгийн ертөнцийн нүүр царай болсон Л.Месси, К.Роналду, К.Мбаппе зэрэг оддын хэлбэртэй тоглоом багтсан байна. Lego-ийн хувьд сүүлийн үед спортын сэдэвт сет гаргаж эхэлсэн бөгөөд 2025 онд Формула 1-ийн тоглоом гаргасан нь ихээхэн амжилтад хүрсэн билээ.

3. The New York Times-ийн сэтгүүлч Ж.Кэррэйру 18 сарын турш биткойны жинхэнэ эзнийг хайж, мянга гаруй хүнтэй холбогдсон эрэл хайгуулаа ил болгожээ. Тэрээр Их Британийн аюулгүй байдлын шинжээч, крипто эксперт Адам Бакийг биткойныг бүтээсэн хэмээн үзсэн байна. Өдгөө 55 настай А.Бак криптогийн комьюнитигийн эхэн үеийн системийг угсарсан, хамгийн нэр хүндтэй эрхэмүүдийн нэг. Сэтгүүлч 2000-аад оны эхэн үеийн форумын тэмдэглэл, эх кодын ул мөр, гэрчүүдийн ярианаас уг дүгнэлтийг гаргажээ. Гэвч тэрээр өөрөө энэ мэдээллийг эрс үгүйсгээд байна. Ташрамд дурдахад, Ж.Кэррэйру бол 2015 онд Theranos-ийн үүсгэн байгуулагч Э.Холмесийн хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлж буй үйлдлийг илчилж, улмаар сая сая хувь зарагдсан номыг бичсэн нэгэн юм.

4. Дэлхийн загварын ертөнцийн гигантуудын нэг Dolce & Gabbana-г үүсгэн байгуулагч Стеффано Габбана компани дахь бүх ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. 63 настай тэрээр өмнө нь ТУЗ-ийг ахалж, бүтээлч төслүүдэд гар бие оролцож байв. Тус компанийн 40%-ийг эзэмшдэг тэрээр мөн хөрөнгө оруулалтын банкуудтай холбогдож, хувиа зарах хэлцлийг эхлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. D&G-ийн хувьд өнгөрсөн жил 1.9 тэрбум еврогийн борлуулалт хийсэн ч алдагдал нь 143 сая доллар байжээ.

5. Хятадын технологийн гигант Alibaba өөрсдийн бүтээсэн Zhenwu нэртэй чипээр тоноглогдсон шинэ дата төвийг байгуулжээ. Нийт 10 мянган чип бүхий уг төв Alibaba болон China Telecom-ийн AI хөгжүүлэлтийг дэмжих зорилготой. АНУ-ын засаг захиргаанаас Nvidia зэрэг зах зээлийн гол тоглогчдыг Хятадад чипээ экспортлох хязгаарлалт тогтоосон. Иймд Хятадын технологийн компаниудад өөрсдийн дотоод нөөцөөр асуудлаа шийдвэрлэх сорилт тулгараад байгаа юм. Alibaba-аас гадна Huawei Ascend 910C нэртэй чипээ зах зээлд гаргаад байгаа бөгөөд анхны кластер дэд бүтцээ өнгөрсөн сард нээсэн юм.