1 гол сэдэв

Юу болов?

АНУ, Израйлын хамтарсан цэргийн ажиллагааны Иранд удаа дараалсан хүчтэй цохилт өгч, улмаар Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейгийн аминд хүрчээ. Энэ мэдээг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп баталсан байна. Энэ бол Ойрх Дорнодын бүс нутгийг тэр чигт нь донсолгох үйл явдал юм.

Яагаад?

АНУ болон түүний холбоотнууд сүүлийн саруудад Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг хийж байсан ч бүтэлгүйтээд байсан. Улмаар тус улсыг “дэлхийн хамгийн том террорист улс” хэмээн нэрлэж, ард түмнийг өнөөгийн засаглалыг түлхэн унагах тохиромжтой цагийг ашиглахыг уриалж байсан билээ.

Хаменей гэж хэн бэ?

Хаменей 1981 оноос хойш Ираныг удирдаж буй. Тэрээр 1989 оныг хүртэл тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Шашин, үзэл санааны хувьд хатуу байр суурьтай байж, эдийн засгаа барууны орнуудаас тусгаарласан түүний хувьд Ойрх Дорнодын хамгийн удаан төр барьж буй лидерт тооцогдож байв. АНУ-ын довтолгооны дараагаар Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч, генерал Мохаммад Пакпур, Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Шамхани, Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде нар амиа алджээ.

Одоо яах вэ?

Одоогоор Ираныг хэн удирдаж байгаа нь тодорхойгүй байна. Гэсэн ч Иран улс энэ дайралтыг зүгээр хараад өнгөрсөнгүй. Тэд Ойрх Дорнодын бүс нутагт АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Катар, АНЭУ, Саудын Араб, Бахрайн зэрэг улсууд руу пуужин хөөргөсөн нь олон нийтийн анхаарлыг татав. Үүний улмаас тус бүс нутгийн агаарын зам хаагдаж, онгоцны буудал хаагдаж, онц байдал хаа сайгүй зарлагдаад байна. Дубайд бүр энгийн иргэд байрладаг хэсэгт дэлбэрэлт явагдаж, онгоцны буудал халдлагад өртжээ. Энэ бол дайн зөвхөн Иранд бус, бүс нутгийн хэмжээнд дэгдэхэд ойрхон ирлээ гэсэн үг. Израйлын захиргааны мэдээлснээр Ираны арми, зэвсэгт хүчин зэвсгээ хураалгаж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэнэ. Мөн олон нийт, ард түмний дэмжлэг байгаа учраас Иранд энх цаг ирэхэд ойрхон ирлээ хэмээн Б.Нетаньяху мэдэгдлээ. Гэсэн ч тусгаар улсын төрийн тэргүүний аминд халдсан нь зарим эх сурвалжууд, улс орнуудаас шүүмжлэл хүлээх нь гарцаагүй.

Өөр?

Ираны Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлснээр, цохилтын улмаас 201 хүн амиа алдаж, 747 хүн шархаджээ. Үүнээс өмнө Ираны эрх баригчид Минаб хот дахь охидын сургуулийн 108 сурагч амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. Одоогоор нийт хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Нөхцөл байдал цаг минут тутамд өөрчлөгдөж байгааг мөн онцлох ёстой.

2 чухал тоо

16: Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа явагдлаа. Өнгөрсөн жилийн аварга ПСЖ клубүүдийн дэлхийн аварга Челситэй таарсан бол Манчестер Сити Реал Мадрид багууд 5 дахь жилдээ дараалан учраа таарав. Энэ жилийн финал 5-р сарын 30-нд Унгарын Будапешт хотноо явагдах юм.

2028: NASA сарыг эзлэх зорилготой Artemis хөтөлбөртөө хуваарийн өөрчлөлт хийлээ. Тэд 2027 онд төлөвлөгдөж байсан сансрын нисгэгчийг саран дээр газардуулах төлөвлөгөөгөө 2028 он руу хойшлуулжээ. Тэрчлэн 4 нисгэгчийг сарны тойрог замд оруулах нислэгээ 4-р сард багтаан хөөргөхөөр зорьж байна.

3 онцлох өгүүлбэр

I. Paramount Warner Bros.Discovery-г худалдаж авна.

- Жил дамнан үргэлжилсэн үнийн дайн өндөрлөж, Warner Bros.Discovery-ийн шинэ эзнээр Paramount тодорлоо. Тэд тус компанийн кино, студи болон телевизийн бизнесийг 110 тэрбум доллараар нэгтгэн худалдан авах тохиролцоонд хүрчээ.

- Хамгийн анх Netflix дэлхийн хамгийн том энтертэйнмент компаниудын нэгийг 80 гаруй тэрбумаар худалдан авах зөвшилцөлд хүрсэн. Гэвч Paramount-ийн хувьд шууд хувьцаа эзэмшигчид рүү чиглэсэн дайралт хийж, үнийг хэд хэд өсгөсний эцэст ийнхүү санасандаа хүрлээ. Netflix-ийн хувьд үнийн дүнг "хэт хийсвэр" хэмээн үзэж, хэлцлээс татгалзсан байна. Warner Bros.Discovery-ийн хувьд гэрээнээс буцсаны төлбөр болгон Netflix-д 2 тэрбум доллар төлнө.

- Paramount-ийг дэлхийн хамгийн баян эрхэмүүдийн нэг Oracle-ийн Л.Эллисоны хүү Дэвид эзэмшдэг. Тэрээр өөрийн байгуулсан Skydance-аар дамжуулан тус компанийг өнгөрсөн жил худалдаж авсан билээ. Ингэснээр тэрээр одоо HBO, CNN, Warner Bros гэсэн аварга брэндүүдийг эзэмших болж байна.


II. Samsung S26 загвараа танилцууллаа

- Samsung-ийн энэ оны эхний Unpacked арга хэмжээний гол дүр S26 утас байв. Камер, үзүүлэлтээрээ өмнөх загвараасаа 20-30%-аар хүчирхэгжсэн шинэ утасны гол шинэчлэл AI-тай холбоотой байсан. Одоо Galaxy AI зөвхөн хэрэглэгчийн тушаалыг гүйцэтгэхээс гадна түгээмэл хийдэг үйлдлүүд болон апп доторх мэдээлэл дээр үндэслэн урьдчилан таадаг, өмнөөс үйлдэл хийдэг болон хөгжжээ.

- S26 Ultra-ийн хамгийн "күүл" нэмэлт нь Privacy Display буюу хамгаалалттай дэлгэцний технологи байв. Одоо та өөрийн хувийн мэдээллийг хажуунаас хэн нэгэн харахвий гэж санаа зовох шаардлагагүй, хүссэн тохиргоогоороо дэлгэцийн гэрлээ тохируулах боломжтой болсон байна.

- Үүнээс гадна тэд Galaxy Buds 4-ийг танилцууллаа. Samsung-ийн шинэ ухаалаг чихэвч дизайны хувьд тэр чигтээ өөрчлөгдөж, AI-ийн тусламжтайгаар дуу шингээх, хөгжим ялгах технологийн хувьд салбартаа тэргүүлэхүйц болсон байв.


III. OpenAI 110 тэрбум доллар босголоо

- Энэ бол хувийн компанийн хувьд түүхэнд босгож байсан хамгийн өндөр үнийн дүн юм. AI-ийн технологи эзэмших дайнд тэргүүлж буй тус компанийн үнэлгээ 730 тэрбум доллар болов.

- Шинэ санхүүжилтэд Amazon (50 тэрбум), Softbank (30 тэрбум), Nvidia (30 тэрбум) гэсэн салбарын лидерүүд оролцсон байна. Тэд бүгд өөрсдийн хөгжүүлж буй чип болон дэд бүтцийн технологио OpenAI-тай уяж, урт хугацааны түншлэлийг үүсгэж буй нь энэ.

- Одоогийн байдлаар OpenAI-ийн гол бүтээгдэхүүн болох ChatGPT-г дэлхий даяар 900 сая гаруй хэрэглэгч ашиглаж байна. Үүний 50 сая нь төлбөр төлдөг. Мөн 2 сая бизнес өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж.

4 мэдүүштэй зүйл

Дайны хэрэглээ: ChatGPT-ийн гол өрсөлдөгч Claude апп таталтаараа дэлхийд тэргүүлж эхлэв. Үүний гол шалтгаан нь АНУ-ын Дайны яам болон засгийн газар тус AI моделийг ашиглахаас татгалзсан явдал юм. Тус компанийг үүсгэн байгуулагч Д.Амодейн мэдэгдсэнээр Пентагоны зүгээс хэрэглэгчдийг тагнах, хувийн мэдээлэлд нэвтрэх хүсэлтийг өгсөн нь тус компанийн үнэт зүйлд нийцээгүй гэжээ. Харин үүний дараагаар тус яам OpenAI-тай хамтын ажиллагааг эхлүүлснээ зарлав.

Шинэ туслах: Google ахисан түвшний зураг бүтээгч-засварлагч хэрэгсэл болох Nano Banana 2-оо танилцууллаа. Өнгөрсөн 8-р сард гарсан даруйдаа вайрал болж, сошиал хэрэглэгчдийг шууруулсан тус моделийн шинэ загвар илүү хурдан, мөн зааврыг илүү сайн дагадаг болон сайжирчээ. Тус хэрэгсэл нь Adobe, OpenAI-ийн бүтээгдэхүүнүүдтэй гол өрсөлдөгч болон зах зээлд байршиж байна.

Аварга цомхотгол: Twitter-ийг үүсгэн байгуулагч Ж.Дорсигийн хөгжүүлж буй финтек Block цомхотгол хийж, нийт ажиллах хүчнийхээ бараг талыг буюу 4000 ажилтныг ажлаас халжээ. Үүний шалтгаан нь хиймэл оюун, автоматжуулалт гэнэ. Энэ мэдээний дараа тус компанийн ханш 24%-аар өссөн гэнэ.

Түүхэн ой: Үе үеийн хүүхэд залуусын хайртай дүр Pokemon 30 нас хүрлээ. Энэ хугацаанд Pokemon Nintendo-д аниме, тоглоом, кино зэргээс нийт 150 тэрбум долларын орлого бүрдүүлжээ. 10 жилийн өмнө анх гарсан гар утасны тоглоомыг нь өдөрт 30 сая хэрэглэгч тоглодог бөгөөд зарим цуглуулгын карт нь 16 сая доллараар үнэлэгддэг гэнэ.

5 сонин хачин

1. 1996 онд анхны анги нь гарч байсан "Scream"-ийн 7-р анги нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 97 сая долларыг оллоо. Энэ бол 2023 оны өмнөх ангиасаа бараг 2 дахин давсан үзүүлэлт юм. Үүнээс гадна өмнөх долоо хоногийн лидер "Wuthering Heights"-ийн орлого 200 сая долларт хүрчээ.

2. Зах зээлд эзлэх байр сууриараа зөвхөн Samsung, Apple-ийн ард бичигддэг Xiaomi премиум ангиллын шинэ утсаа танилцууллаа. Xiaomi 17-ийн ультра хувилбар 1499 доллараас эхлэх бол энгийн загвар нь 999 долларын үнэтэй байх гэнэ. Шинэ утас нь 24 цаг батарейгаа барьдаг, Leica-ийн классик камераар тоноглогдсон, сельфи камер нь 50 мегапикселийн үзүүлэлттэй болжээ.

3. Дэлхийн хамгийн алдартай боксчид болох Флойд Мэйвэдэр болон Мэнни Пакьяо нар хариу тулаан хийхээр болжээ. Тэд өмнө нь 2015 онд "Зууны тулаан" нэрийн дор анх тулалдаж, Мэйвэдэр ялалт байгуулж байсан удаатай. Уг тулааныг дэлхий даяар 5 сая төлбөр төлөн үзэж, боксчид 400 сая долларыг хуваан авч байсан гэдэг. Энэ жилийн тулаан Netflix-ээр шууд дамжуулагдах ажээ.

4. Дэлхийн тэргүүлэх финтек платформуудын нэг PayPal зарагдаж магадгүй мэдээ гарч, хувьцааны ханш нь 7%-аар нэмэгдлээ. И.Маск, П.Тиел, Р.Хоффман зэрэг Цахиурын хөндийн топ энтрепренерүүдийн замналыг эхлүүлсэн тус компанийг орчин цагийн өөр нэг финтек Stripe худалдаж авахаар зэхэж байгаа гэнэ. Stripe-ийн хувьд саяхан үнэлгээ нь 159 тэрбумд хүрсэн билээ.

5. Blackpink шинэ цомог гаргалаа. 4 жилийн дараа гаргаж буй шинэ цомгийн нэр нь "Deadline". Тус цомог эхний 4 цагтаа л 1.4 сая ширхэг зарагдаж, KPop-ийн охидын хамтлагийн хувьд рекорд тогтоосон байна. Мөн Billboard-ийн олон улсын чартыг тэргүүлжээ.