1 гол сэдэв
Юу болов?
Францын Эвиан хотноо 52 дахь удаагийн G7-ийн уулзалт явагдлаа. Уг арга хэмжээний гол сэдэв нь Украйны дайн, Ираны мөргөлдөөн, AI-ийн нөлөө байв. Уулзалт хэд хэдэн зүйлээрээ онцлог байв. Энэ бол арга хэмжээг зохион байгуулагч, Францын ерөнхийлөгч Э.Макроны хувьд сүүлчийн G7-ийн хурал юм. 2017 оноос хойш тус улсыг удирдаж буй тэрээр 2027 онд дахин нэр дэвших эрхгүй. Харин эсрэгээрээ Японы ерөнхий сайд Т.Санаэ анхныхаа хуралд оролцов. Мөн оролцогсод АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын 80 насны төрсөн өдрийг тэмдэглэв.
Онцлох зүйл юу байв?
Уулзалтын үеэр Иран, АНУ-ын талууд энхийн хэлэлцээр байгуулсан нь сайшаалтай зүйл байв. Нийт 14 заалт бүхий уг санамж бичигт дараах гол заалтууд багтсан байна.
- Иран Ормузын хоолойг бүрэн нээнэ
- Иран тэр даруй газрын тосоо борлуулах эрхтэй болно
- АНУ болон бүс нутгийн холбоотнууд нийлж, Ираны сэргээн босголт болон эдийн засгийн идэвхжилд зориулж 300 тэрбум долларын санг үүсгэнэ
- Иран ямар ч тохиолдолд цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх амлалт өгнө
- Шаардлагад нийцсэн тохиолдолд АНУ Иранд тавьсан бүх төрлийн хоригоо цуцалж, царцаасан хөрөнгийг сэргээнэ.
- Гал зогсоох хэлэлцээрт Ливан багтана Талууд 60 хоногийн хугацаанд эцсийн тохиролцоог хийх бөгөөд энэ хугацаанд Ормузын хоолойн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр талууд тохирч, албан ёсны хэлцлийг Швейцарьт эхлүүлсэн байна.
Өөр юу болов?
Уг уулзалтад Украйны ерөнхийлөгч В.Зеленски урилгаар оролцсон. G7-ийн лидерүүд Украйнд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ баталж, ОХУ-д хандан энхийн хэлэлцээр зурахыг уриалжээ. Мөн газрын ховор элементийн асуудлаар хамтран ажиллах тохиролцоог хийсэн байна. Тэрчлэн уулзалтад OpenAI, Antrophic, Google, Mistral зэрэг AI-ийн лидер компаниудын удирдлагууд зочноор оролцож, нийгэмд аюулгүй, хүн төрөлхтөнд ээлтэй технологийг бүтээх талаар ярилцжээ.
2 чухал тоо
100: Засгийн газраас жил бүр тодруулдаг “ТОП 100” аж ахуйн нэгжийн жагсаалт зарлагдлаа. Уг жагсаалтыг “Оюу толгой” ХХК дөрөв дэх жилдээ дараалан тэргүүллээ. Тус компани энэ жил ашгийн хэмжээгээр анх удаа 1-р байрт бичигджээ. Тэдний араас өмнөх жилийн байраа тус бүр нэгээр ахиулсан “МАК”, “ХААН Банк” бичигдэв. Харин “Энержи Ресурс” хоёр байраар ухарч, 4-р байрт жагслаа. Топ 5-д “Голомт Банк” бичигджээ.
14: Энэ долоо хоногт явагдах NBA-ийн драфтад нэрээ өгсөн тамирчдын дунд Монголын тамирчин Шаравжамцын Энхийн-Од багтжээ. Энэ бол Монголын сагсан бөмбөгчдийн хувьд түүхэн амжилт. Манай тамирчин Лос Анжелес Лэйкэрс, Милоуки Бакс, Даллас Маверикс, Орландо Мэжик, Мемфис Гриззлиз багуудын бэлтгэлд оролцжээ. 2026 оны драфтад нийт 71 тамирчин нэрээ өгсөн бөгөөд 60 нь сонгогдох учиртай юм.
3 онцлох өгүүлбэр
I. Fox Roku-г 22 тэрбум доллараар худалдан авлаа
- Дэлхийн хамгийн нөлөө бүхий медиа компаниудын нэг Fox стратегийн томоохон шилжилт хийж, стриминг төхөөрөмж үйлдвэрлэгч Roku-г 22 тэрбумаар эгнээндээ нэгтгэлээ. Энэ бол 2023 оноос тус компанийг удирдаж буй Лаклан Мюрдокийн хамгийн эхний том наймаа юм. Лаклан бол домогт медиа могул Руперт Мюрдокийн том хүү.
- Fox энтертэйнмент, кино контентийн бизнесээ 2019 онд Disney-д 71 тэрбумаар зарснаас хойш мэдээ болон спортын зах зээлд төвлөрөх болсон юм. Харин энэ хэлцлийн дараагаар тэд Америкийн стриминг зах зээлд Youtube, Netflix-ийн дараа гуравт бичигдэх том тоглогч болох учиртай. 2002 онд байгуулагдсан Roku ухаалаг стриминг төхөөрөмжийн зах зээлд түүчээлэгч. 2008 онд анх гарсан төхөөрөмж нь контент зах зээлд хувьсгал хийсэн шинэ категорыг үүсгэж, хожим Amazon, Apple, Google бүгд өрсөлдөгч бүтээгдэхүүнийг нь гаргасан түүхтэй. Roku-г дэлхий даяар 100 гаруй сая өрх ашигладаг. Үүнээс гадна үнэгүй үзэх боломжтой The Roku Channel-ийн нийт үзэлт нь жилд 100 тэрбум цагийг давдаг гэнэ.
- Fox-ийн хувьд 2020 онд инди, баримтат кинонд төвлөрсөн Tubi-г 400 саяар худалдан авч, өнгөрсөн жил спорт, мэдээний контентоо нэгтгэсэн Fox One апп-ыг танилцуулсан юм. Fox-ийн хувьд уг хэлцлийн хүрээнд технологи, контент, хүний нөөц хуваалцах замаар жилд 400 сая долларыг хэмнэх тооцоо хийжээ.
II. Pizza Hut зарагдлаа
- Дэлхийн хамгийн алдартай пиццаны сүлжээ Pizza Hut шинэ эзэнтэй боллоо. Эгнээндээ KFC, Taco Bell зэрэг алдартай брэндүүдийг багтаасан Yum! хоёр тусдаа хэлцлийн хүрээнд нийт 2.7 тэрбумаар Pizza Hut-ийг зарсан байна.
- Эхний наймаа нь Хятадын бизнес байв. Хятад даяар 4300 салбартай сүлжээгээ тэд Yum! China компанид 1.2 тэрбум доллараар зарав. 2016 онд толгой компаниасаа салсан Yum! China-ийн орлого 2025 онд 11 тэрбум доллар байжээ. Үүнтэй зэрэгцэн тэд бусад 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг 15 мянган салбартай бизнесээ Longrange Capital-д 1.5 тэрбум доллараар заржээ. Longrange-ийн хувьд Америк даяар 300 гаруй салбартай фитнесийн сүлжээ “24 Hour Fitness” болон хамгийн том оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч “Batesville”-ийг эзэмшдэг ажээ.
- Pizza Hut-ийн борлуулалт 2019 оноос хойш тасралтгүй буурсаар байгаа. Yum!-ийн хувьд өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнтэй холбоотойгоор зардлаа бууруулж, зарим ашиггүй бизнесүүдээ зарах бодлого баримталж байгаа юм.
III. SpaceX Amazon-ийг гүйцжээ
- Өнгөрсөн долоо хоног түүхэн дэх хамгийн том IPO-г хийсэн SpaceX-ийн дуулиан тасраагүй хэвээр л байна. Даваа гарагт л гэхэд тус компанийн ханш дахин 20%-аар нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ нь 2.6 их наядад хүрэв.
- Энэ бол тус компани Amazon-ийг гүйцэж, үнэлгээгээрээ тавд бичигдэж эхэллээ гэсэн үг. Тэдний урд зөвхөн Nvidia, Apple, Alphabet, Microsoft л бичигдэж буй.
- Тус компанийг үүсгэн байгуулагч И.Маск 2030 он гэхэд борлуулалтын орлогоо 1 их наядад хүргэх амбицтайгаа зарласан. Өнгөрсөн жил 18.7 тэрбумын орлого олсон компанийн хувьд энэ бол аварга тоо. Гэвч хөрөнгө оруулагчид И.Маскийн эсрэг талд хэзээ ч гарч болохгүй гэдгээ Tesla, SpaceX-ийн 20 жилийн жишээн дээрээс бүрэн ойлгосон мэт.
4 мэдүүштэй зүйл
Дэмжигдээгүй санал: Барууны үзэл баримтлалтай Швейцарийн Ардын намаас дэвшүүлсэн тус улсын хүн амын тоог 10 саяар хязгаарлах саналыг олон нийт дэмжсэнгүй. Бүх нийтийн санал асуулгад оролцогсдын 55% нь уг асуудлыг эсэргүүцжээ. Швейцарийн хүн ам 2002 оноос хойш огцом өсөж буй. Тухайн үед 7 сая орчим байсан хүн ам өдгөө 9.1 саяд хүрсэн. Гэхдээ үүний 27% нь гадаадаас цагаачилсан болон дүрвэгсэд байгаа юм. Тиймээс зарим улс төрчид нийгмийн тэгш байдал, олон нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хүн амын тоонд дээд хязгаар тавих, 10 саяд хүрсэн тохиолдолд зарим олон улсын конвенц, гэрээнээс гарах зэрэг саналыг дэвшүүлээд байсан билээ.
Сошиал хориг: Их Британид 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиаг хориглолоо. Тус улсын ерөнхий сайд К.Стармер энэхүү шийдвэрээ зарлахдаа хүүхдүүдийн онлайн орчин дахь аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн эрүүл мэндийг сахих зорилгоо тодотгов. Snapchat, Tiktok, Youtube, X, Facebook, Instagram гэсэн платформууд одоо хүүхдүүдийн насыг баталгаажуулж, хэрэглээг хянах үүрэг хүлээжээ. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн 74% нь уг шийдвэрийг дэмжиж байгаа гэнэ. Хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах хууль Австралид хамгийн анх хэрэгжсэн. Үүнээс хойш Португал, Малайз улсууд ижил хуулийг батлаад буй. Гэвч хуулийн хэрэгжилт, үр дүн одоог хүртэл бүрэн батлагдаагүй хэвээр л байна. Австралид л гэхэд нийт хүүхдүүдийн 60 гаруй хувь нь сошиал платформуудыг ямар нэгэн аргаар ашигласаар байгаа гэдэг судалгаа гарсан. Meta, Google зэрэг технологийн компаниуд засгийн газруудыг шийдвэрээ эргэж харахыг шаардсаар байгаа юм.
Гутамшигт ял: Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хааконы дагавар хүү бэлгийн хүчирхийллийн хэргээр 4 жилийн ял авлаа. Долоо хоногийн турш нийгмийн анхаарлын төвд өрнөсөн уг хэрэг хааны гэр бүл, институтын нэр хүндийг доройтуулж орхив. Өдгөө 29 настай Хойбиг 4 настай байхад ээж Метте-Марит нь хунтайжтай гэрлэснээр хааны гэр бүлд орж ирсэн юм. Түүнийг хоёр ч эмэгтэй хүчингийн хэрэгт буруутгасан нь ийн батлагдав.
Түүхэн шийдвэр: Кубын коммунист нам түүхэн шийдвэр гаргаж, эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилготой 200 гаруй заалттай багц төлөвлөгөөг баталжээ. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх зөвшөөрлийг бууруулах зэрэг заалтууд багтсан байна. Оны эхнээс Америкийн хоригт орсны улмаас цахилгаан, шатахууны хомсдолд ороод буй тус улс эдийн засгийн хувьд тун хүнд нөхцөлд байсаар бйагаа юм.
5 сонин хачин
1. “Toy Story 5” бокс оффисыг тэргүүллээ. Pixar-ийн хамгийн алдартай анимэйшн нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 312 сая долларын орлогыг цуглуулжээ. Энэ бол 1995 онд анх гарч байсан уг франчайзын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болов. Шинэ ангийн нийт өртөг 250 сая доллараар хэмжигдэж буй. Ингэснээр тус кино түүхэн дэх хамгийн өндөр зардалтай анимэйшн болж байгаа юм. Уг бүтээлийн дууг өнөө цагийн поп ертөнцийн нүүр царай болсон Т.Свифт дуулсан. “I Knew It, I Knew You” нэртэй уг дуу Billboard-ийн жагсаалтыг тэргүүлсэн нь Pixar, Disney-ийн хувьд анхны тохиолдол юм.
2. Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдох Грэмми анх удаа Ази уран бүтээлчдэд тусгайлан зориулсан төрлийг үүсгэжээ. “Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр” төрөлд сүүлийн үед хүчээ авч буй Солонгос, Японы уран бүтээлчид өрсөлдөх боломжтой гэнэ. Сонирхуулахад, 2025 онд визуал медиад зориулсан шилдэг бүтээлийн төрөлд Netflix-ийн “Kpop Demon Hunters”-д зориулсан “Golden” ялсан нь K-Pop-ийн артистуудын хувьд анхдагч амжилт болсон билээ.
3. SpaceX AI-ийн зах зээлд байр сууриа баталгаажуулах томоохон наймааг мөн хийгээд амжлаа. 25 настай М.Труэллийн эхлүүлсэн Cursor хэмээх стартапыг тэд 60 тэрбумаар худалдаж авав. Cursor бол хөгжүүлэгчдийн код бичихдээ хамгийн ихээр ашигладаг хэрэгслүүдийн нэг. SpaceX Cursor-той энэ оны эхээр стратегийн түншлэл байгуулж, хамгийн түрүүнд худалдан авах эрхээ баталгаажуулаад байсан билээ.

4. Өнгөрсөн арваны дижитал медиагийн салбарын нүүр царай болсон Vox Media хоёр салан үйл ажиллагаа явуулах болов. Энэ сарын эхээр Fox-ийн үүсгэн байгуулагч Р.Мюрдокийн бага хүү Жэймсийн удирддаг Lupe Systems Vox-ийн үндсэн бизнесийг 300 сая доллараар худалдан авсан юм. Үүнд Vox.com болон Vox Podcast Network-оос гадна New Yorker сэтгүүл багтсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт The Verge, Eater, Dodo зэрэг төрөлжсөн медиа брэндүүд нь Penske Media-д зарагджээ. Penske-ийн портфолиод Rolling Stones, Variety, Billboard зэрэг энтертэйнмент чиглэлийн брэндүүд багтдаг юм.

5. Өнгөрсөн жил хямд үнэтэй нээлттэй загвараараа шуугиан тарьж, Хятадын AI хөдөлгөөний нүүр царай болсон Deepseek шинэ хөрөнгө оруулалт татжээ. Тэд 7.4 тэрбум долларын санхүүжилт татаж, нийт үнэлгээ нь 50 тэрбумд хүрчээ. Үүгээрээ тэд Хятадын хамгийн том AI стартап гэсэн статусаа баталгаажуулж байна. Гэхдээ уг санхүүжилтийн бүтцийг анзаарах ёстой. Хөрөнгө оруулагчид энэ удаад Deepseek компанид шууд бус, үүсгэн байгуулагч Лян Вэньфэний удирддаг тусгай зориулалтын нөхөрлөлд хөрөнгө оруулжээ. Энэ нь түүний бизнес дэх хяналт, саналын эрхийг хадгалах зорилготой гэнэ. Мөн бүх хөрөнгө оруулагчид таван жилийн хугацаанд хувьцаагаа зарахгүйгээр түгжих үүрэг хүлээжээ.

Сэтгэгдэл бичих

