1 гол сэдэв
Юу болов?
Ойрх дорнодод нөхцөл байдал улам хурцадсаар. Израйлын тагнуулын байгууллага тусгай ажиллагаа явуулж Хезболлагийн удирдагч Х.Насраллагийн аминд хүрснээс хойш Ойрх Дорнодын нөхцөл байдал таамаглахад улам бэрх болов. Өнгөрсөн мягмар гарагт Иран улс Израйлын төв ба өмнөд нутгууд руу нийт 180 пуужинг харважээ. Үүнийгээ тэд Х.Насраллагийн аминд хүрсэнд хариу цохилт өгсөн хэмээн тайлбарласан байна. Ялангуяа Тель Авив, Иерусалим зэрэг томоохон хотуудад дэлбэрэлтийн чимээ сонсогдож, цэргийг бааз, байгууламжууд ихээхэн хэмжээний хохирол амссан байна.
Израйлын ямар хариу үзүүлэв?
Израйл улс үүний өмнөхөн Ливан луу хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлснээ зарлаад байсан. Тэд Хамас, Хезболла бүлэглэлийн олон жилийн турш бэлтгэсэн цэргийн зориулалттай хонгилуудыг илрүүлснээ зарлаж, устгалд оруулж эхэлснээ мэдэгдсэн. Мөн Бейрут хот руу гэнэтийн дайралт хийж, улмаар 5 энгийн иргэн амиа алджээ. Тэд Ираны бөмбөгдөлтөд хүчтэй хариу өгнө гэдгээ ч мэдэгдээд амжив. Зарим эх сурвалжууд тус улсыг Ираны газрын тосны байгууламжууд руу халдах магадлалтай байгааг онцолжээ.
Холбоотнууд ямар байр суурьтай байна?
Францын ерөнхийлөгч Э.Макрон холбоотнуудыг Израйлд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриалсан анхны төрийн тэргүүн болов. Энгийн иргэд ихээр өртөж байгаа, бүс нутгийн нөхцөл байдал бүр ч хурцдах болсон нь түүнийг ийм мэдэгдэлд хүргэсэн нь тодорхой. Тэрээр мөн Газа, Ливан руу хуурай замын ажиллагаа эхлүүлснийг ихэд буруутгажээ. Харин Израйлын ерөнхий сайд Б.Нетаньяаху үүнд эрс эгдүүцэж, нийт 7 фронтод террористуудтай байлдаж, өөрсдийн эх нутгаа хамгаалж байгааг санахыг сануулжээ.
2 чухал тоо
206.000.000.000: М.Зукерберг дэлхийн хоёр дахь баян хүн боллоо. Bloomberg-ийн мэдээлснээр Facebook-ийг үүсгэн байгуулагч М.Зукербергийн хөрөнгө зөвхөн 2024 онд л гэхэд 78 тэрбум доллароор өссөн нь дэлхийн хамгийн баян 500 эрхэм дунд эхэнд бичигдэх үзүүлэлт гэнэ. Meta-ийн 13 хувийг эзэмшдэг түүний хөрөнгө 206 тэрбумд хүрснээр Amazon-ийн Ж.Бэйзосыг гүйцсэн нь энэ бөгөөд түүний урд зөвхөн Tesla-ийн И.Маск (250 тэрбум) бичигдэж байна.
157.000.000.000: OpenAI 157 тэрбум доллароор үнэлэгдлээ. Хиймэл оюун ухааны зах зээлийн лидер OpenAI нийт 6.6 тэрбум долларын шинэ санхүүжилтийг татлаа. Тус компани 2023 оны эхний хагаст 29 тэрбум, энэ оны эхэнд 80 тэрбум доллароор үнэлэгдэж, хөрөнгө босгож байсан юм. Энэ удаад тус компанид Microsoft, NVidia, Softbank зэрэг салбарын гигантууд бүгд хөрөнгө оруулжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Oura шинэ загварын ухаалаг бөгж танилцууллаа
- Ухаалаг бөгжний зах зээлд тэргүүлэгч Oura дөрөвдүгээр үеийн шинэ бөгжнүүдээ танилцууллаа. Oura Ring 4 нь 12 размер, 6 өнгийн сонголттой гарах бөгөөд илүү нарийвчлалтай өгөгдөл цуглуулах чадвартай мэдрэгчээр тоноглогджээ. Мөн найман өдрийн турш батарейгаа барих чадвартай болсон нь зах зээлд тэргүүлэх үзүүлэлт юм. Уг бүтээгдэхүүнийг та 349 доллароор худалдан авах боломжтой.
- Oura-ийн хувьд хэрэглэгчдэд мэдээллээ хянах боломж олгодог апп-даа бүрэн шинэчлэлт хийсэн байна. Хэрэглэгчид сарын 5.99 долларын төлбөр төлж, өөрийн эрүүл мэндийн үзүүлэлтээ хэрхэн сайжруулах зөвлөгөө мэдээлэл, тренд үзүүлэлтийн тайлбар, дасгал сургуулилалтын даалгавар зэрэг нэмэлт мэдээллийг авах боломжтой.
- Сүүлийн үед ухаалаг бөгжөөр дамжуулан эрүүл мэндийн үзүүлэлтээ хянах, өгөгдөл цуглуулах тренд эрс нэмэгдсэн. Өдөр тутмын хэрэглээнд амархан нэвтэрч, ухаалаг цагтай харьцуулахад загварлаг байдлаараа олон хэрэглэгчдийг татах болсон нь судалгаанаас харагдаж буй. Улмаар хамгийн сүүлд Samsung өөрсдийн ухаалаг бөгжөө танилцуулсан билээ.
II. Tencent Ubisoft-ийг худалдан авч магадгүй
- Видео тоглоомын салбарын гол тоглогчдын нэг Ubisoft хаалттай компани болох гэж буй мэдээ хөрөнгийн зах зээлд эерэг давлагаа үүсгэж, нэгж хувьцааны үнэ 33 хувиар нэмэгдэхэд хүргэлээ. Францад төвтэй тус компани зөвхөн энэ жил гэхэд нийт зах зээлийн үнэлгээнийхээ талыг алдаж, ердөө хоёр орчтим тэрбум доллароор үнэлэгдэж байгаа юм.
- Тус компанийг үүсгэн байгуулагч И.Гиймогийн гэр бүл, Хятадын технологийн гигант Tencent-тэй нэгдэн консорциум үүсгэж, компаниа бүрэн худалдан авахаар зэхэж байгаа гэнэ. Tencent-ийн хувьд одоогоор Ubisoft-ийн 10 хувийг эзэмшдэг. Тэд Honor of Kings зэрэг өөрсдийн тоглоомуудаа дэлхийн зах зээлд байршуулахад Ubisoft-ийн сүлжээг ашиглахыг зорьж буй. Нөгөө талаас Ubisoft-д ч хятадын зах зээлд нэвтрэхэд Tencent маш том дэмжлэг үзүүлэх учиртай.
- Ubisoft дөнгөж өнгөрсөн долоо хоногт маш өндөр хүлээлт дагуулж буй “Assasin’s Creed Shadwos” тоглоомоо гурван сараар хойшлуулж нээх болсноо зарласан. Тэд 2023 оноос хойш гурван ч удаа цомхотгол хийж, таван тоглоомын хөгжүүлэлтээ зогсоогоод буй. Гэхдээ ирэх жил гарах Avatar, Star Wars-ийн тоглоомууд нь амжилт үзүүлэх магадлалтайд тооцогдож байгаа билээ.
III. Улаанбаатарын метроны төсөл улам урагшилсаар
- Улаанбаатар хотод метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендер өнгөрөгч долоо хоногт зарлагдлаа. Ирэх жил барилга угсралтын ажил нь эхлэх хуваарьтай метроны төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа билээ.
- 17.7км урттай байхаар төлөвлөгдсөн Улаанбаатар метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байх аж.
- Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой, хоорондын зай нь дунджаар 1.3 км. Харин зорчигч тээвэрлэх чадварыг нь оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17-26 мянган хүн байхаар төлөвлөж буй.
4 мэдүүштэй баримт
Нисдэг такси: Toyota 2009 онд байгуулагдсан Joby Aviation-д 500 сая долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Toyota-ийн хувьд агаарын таксины технологи хөгжүүлэлтээрээ тэргүүлж буй тус стартапад 2018 оноос хойш бараг тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа нь энэ юм. Joby-ийн цахилгаан хөдөлгүүр нэг цэнэглэлтээр 250 км зайг туулж, хамгийн ихдээ 320 км/цагийн хурд авах чадалтай гэнэ.
Ялааны тархи: АНУ-ын Алленс институтын судлаачид энгийн ялааны тархины хамгийн нарийвчилсан зураглалыг гаргасан байна. Нийт 140 мянган нейроны 54 сая гаруй холбоос бүхий энэ зураглалыг тэд AI ашиглан төгөлдөржүүлжээ. Энэ үеэрээ тэд 4851 нейроныг шинээр илрүүлж, тухай бүр дээр илүү нарийвчилсан судалгааны чиглэлийг тодорхойлжээ.
Шинэ түншлэл: Formula One, LVMH-тэй хамтын ажиллагаа үзэглэлээ. 10 жилийн турш үргэлжлэх хамтын ажиллагааны хүрээнд LVMH-ийн эзэмшдэг Louis Vuitton, TAG Heuer, Moet Hennessy брэндүүд дэлхийн хамгийн их үзэгчтэй авто уралдаанд зориулсан шинэ бүтээгдэхүүн, тусгай загварууд бүтээх гэнэ.
Крипто арилжаа: Хөрөнгийн арилжаанд шимтгэлгүй оролцох боломж олгодог платформ Robinhood эхний ээлжид Европын Холбооны нутаг дэвсгэрт криптовалют шилжүүлэх, худалдан авах боломжийг нээж байгаагаа зарлалаа. Тэд биткойн, этериум, солана зэрэг нийт 20 гаруй криптог эхний ээлжид зөвшөөрсөн байна. Энэ оны эхээр тэд Люксембургт төвтэй крипто бирж Bitstamp-ийг 200 сая доллароор худалдан аваад байсан юм.
5 сонин хачин
1. Энэ оны хамгийн өндөр хүлээлттэй бүтээл “Joker: Folie à Deux” нээлтийн долоо хоногтоо дотоодын зах зээлээс ердөө 20 сая долларыг цуглууллаа. Энэ бол дебют долоо хоногтоо 96 сая долларын орлого олж байсан анхны ангитайгаа харьцуулахад бараг 5 дахин бага үзүүлэлт юм. Х.Феникс, Л.Гага нарын гол дүрийг нь бүтээсэн Joker 2 үзэгчид болон шүүмжлэгчдээс голцуу сөрөг үнэлгээ авч, IMDB-ийн үнэлгээ нь дөнгөж 5.3-тай байгаа бол Rotten Tomatoes-ийн рэйтинг нь бүр 33%-тай тэнцүү байгаа юм.
2. Target өсдөг размертай пүүз бүтээжээ. Ялангуяа хүүхдүүдэд тохиромжтой уг пүүз нь хөлийн хэмжээ бүтэн размераар өсөхөд дасан зохицсон уян материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог. UNOS нэртэй уг загвар нь 16 өнгийн сонголттой худалдаанд гарсан бөгөөд ердөө 35 долларын үнэтэйгээр Target-ийн бүх сүлжээгээр борлуулагдах юм.

3. Meta видео бүтээх зориулалттай шинэ AI моделио танилцууллаа. Movie Gen нэртэй уг модель нь зөвхөн текстээс видео бүтээгээд зогсохгүй дүрслэлүүдтэй нийцсэн аудио, дууг санал болгодгоороо онцлогтой. Мөн зөвхөн цоо шинээр видео бүтээхээс гадна хийсэн бичлэгээ засах, засварлахад ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай болжээ. Ингэснээр тус модель нь OpenAI-ийн энэ оны эхээр танилцуулсан Sora-тай гол өрсөлдөгч болж байгаа гэсэн үг юм.
4. Гурван тэрбум гаруй хэрэглэгчтэй мессеж апп Whatsapp анх удаа видео дуудлагын үеэр филтер ашиглахыг нээлттэй болголоо. Тэд нийт 10 янзын филтер, линзийг гаргаснаас гадна хэрэглэгчдэд арын дэвсгэрээ өөрчлөх сонголтыг олгожээ.

5. Pepsi тортилла чипсний брэндийг худалдаж авлаа Тус компани 2014 онд байгуулагдсан мексик амттаны брэнд Siete Foods-ийг 1.2 тэрбум доллароор худалдан авсан байна. Энэ нь Pepsi-ийн хувьд сүүлийн таван жилд амттаны салбарт хийж буй анхны худалдан авалт нь болжээ. Сонирхуулахад, өнгөрсөн зун Mars компани Pringles-ийг үйлдвэрлэгч Kellanova-г 36 тэрбум доллароор худалдан авч, салбарыг донсолгосон билээ.

Сэтгэгдэл бичих

