1 гол мэдээ
Юу болов?
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани Nvidia-г үүсгэн байгуулагч Женсен Хуанг Төв Азид анх удаа зочилж, Казахстан улстай хэд хэдэн төсөлд хамтран ажиллах болсноо зарлалаа. Тэрээр Казахстаныг зөвхөн бүс нутгийн төдийгүй нийт Европын AI төв болох бүрэн боломжтой хэмээн онцолж, ерөнхийлөгч К.Токаэв тэргүүтэй лидерүүдтэй уулзжээ.
Яагаад?
Казахстан AI дэд бүтэц хөгжүүлэхэд 10 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгээ зарлаад удаагүй байгаа. Энэ хүрээнд тэд Nvidia-тай стратегийн түншлэл үүсгэж, 100,000 GPU-г худалдан авах болжээ. Firebird-тай хамтран хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд тэд Армени, Казахстан дамнасан 2 гигаваттын дата төвийн сүлжээг үүсгэх юм.
Одоо яах вэ?
Үүнээс гадна Nvidia Казахстаны анхны юникорн компани Higgsfield-д стратегийн хөрөнгө оруулах болсон байна. Тус компанийн 300 гаруй хүнтэй инженерийн оффис Астанад байрладаг юм. Тэрчлэн тэд Хятадын Pony.AI болон InDrive компаниудтай хамтран Казахстаны Астана хотноо жолоочгүй таксины үйлчилгээгээ эхлүүлэх болжээ.
2 чухал тоо
10,000,000: Meta-ийн өнгөрсөн сард танилцуулсан AI агент Muse хэдийнээ 10 сая хэрэглэгчтэй болжээ. Тэдгээрийн 25% нь Muse-ийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа бөгөөд тал нь онлайн худалдаа хийхэд ашигласан гэнэ. Тэдний дундаж худалдан авалтын үнэ 200 доллар байжээ. Meta-ийн үүсгэн байгуулагч М.Цукерберг Muse-ийг компанийн стратегийн гол бүтээгдэхүүн гэж нэрлээд, VR төхөөрөмж болон ухаалаг шилний хэрэглээг өдөөгч гол хэрэгсэл болно хэмээн тодотгов.
3,500,000,000,000: Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өөрийн удирдаж буй хоёр компаниа нэгтгэх зорилготой байгаагаа нуусангүй. Гэхдээ тэрээр уг процесс өөрөөс нь хамааралгүй явагдах ёстой бөгөөд шийдвэр гаргах түвшинд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Хэрвээ хоёр компани нэгдвэл зах зээлийн үнэлгээ нь 3.5 их наяд доллар болно. Харин И.Маскийн хөрөнгө тэр даруйдаа 110 тэрбумаар өсөх боломжтой.
3 онцлох өгүүлбэр
I. Европ даяар залуусын эсэргүүцлийн жагсаал улам идэвхжив
- Францаас эхлэлтэй ахлах сурагчдын жагсаал Европ тивийг тэр чигт нь нөмөрлөө. Боловсролын салбарын тэгш бус байдал, орчин нөхцөл, багш нарын хомсдолтой холбоотой жагсаал өдгөө Итали, Испани, Грек, Бельгид хамгийн өргөн хүрээтэй зохиогдож байна. Францын ерөнхийлөгч Э.Макрон сар дамнан үргэлжилж буй жагсаал эмх замбараагүй байдалд хүргэж байгааг ихэд шүүмжилж, хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд байна. Улс орон даяар бараг 1 сая хүнийг хамран зохиогдож буй жагсаалыг тараахад шаардлагатай бол хүч хэрэглэнэ гэдгээ тэрээр мэдэгдсэн. Хэт барууны үзэлтэй улс төрчид, түүн дотор Макроны хамгийн гол өрсөлдөгч М.Ле Пен уг жагсаалыг дэмжиж байгаа нь үйлдвэрчний эвлэл, уур амьсгалын активистууд зэрэг олон бүлгэмүүдийг идэвхжүүлэхэд хүргэжээ.
- Испанид л гэхэд жагсаалд оролцогсдын гол сэдэв үл хөдлөхийн үнэ болж хувирав. Залуучууд үл хөдлөхийн салбарын үнэ хэт хөөрөгдөлтэй, амьдрах орчин нөхцөл хангалттай биш байгааг шүүмжилж буй. Хамгийн сүүлийн жагсаалаар 30 гаруй барилга байгууламжийг галдан шатаахад оролцсон 100 гаруй хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Италид ч нөхцөл байдал амаргүй байна. Милан, Турин, Ром хотуудад залуусын жагсаалд дүрвэгсэд хүч нэмэж, замд таарсан үйлчилгээний газрууд, дэлгүүр хоршоог халдаж, тонох явдал эрс нэмэгджээ.
- Сербид залуучууд зохион байгуулалтад орж, “Сурагчдын жагсаалт” нэртэй улс төрийн бүлэглэл байгуулж байгаагаа зарлав. Тэд парламентын сонгуульд хүртэл өрсөлдөж, нийгэмд реформ хийх амбицтай байгаа юм. Албанид оюутнууд их сургуулиа тодорхойгүй хугацаагаар бойкотлоно хэмээн мэдэгдэж, Германд “Gen Z ойлгосон” нэртэй улс төрийн хөдөлгөөн үүсчээ.
II. Украйн Nokia-тай хамтарч ажиллана
- Өнгөрсөн долоо хоногт Украйны ерөнхийлөгч В.Зеленски SpaceX-ийн Starlink үйлчилгээ доголдож, дайны үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар мэдэгдсэн. Үүнд тэрээр АНУ-ын засгийн газар болон SpaceX-ийн үүсгэн байгуулагч И.Маскийг буруутгаж байгаагаа ч нуугаагүй.
- Тэгвэл Украйны засгийн газар пүрэв гарагт Финландын технологийн гигант Nokia-тай хиймэл дагуулын интернетийн алтернатив хувилбарыг хөгжүүлэх санамж бичиг байгуулж байгаагаа зарлалаа. Тэд мөн Норвегийн засгийн газартай агаараас хамгаалах систем хөгжүүлэх хэлцэл хийжээ. Өөрөөр хэлбэл, Украйны засгийн газар нэг газраас хэт хамааралтай байдлаас гарахыг эрмэлзэж байна.
- Гэвч шинжээчид эдгээр гэрээ нь бэлгэдлийн агуулгатай хэмээн онцолж байна. SpaceX-ийн хувьд 11 мянган хиймэл дагуул бүхий хамгийн том экосистемийг эзэмшиж буй. Тэдний өрсөлдөгчид болох Amazon-ийн Leo, Францын Eutelsat хүртэл хиймэл дагуулаа хөөргөхдөө SpaceX-ийг ашигладаг билээ.
III. PHP-ийн халдлага бүх интернетийг эрсдэлд оруулав
- Дэлхийн вебсайтуудын 70 гаруй хувьд ашиглагддаг PHP програмчлалын хэлтэй холбоотой аюулгүй байдлын асуудал интернетийг бүхэлд нь унтраах дөхлөө. Лхагва гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас PHP ашиглаж буй бүх байгууллагуудыг вебсайтаа түр хугацаанд унтрааж, аюулгүй байдлын шинэчлэлүүдийг яаралтай хийх анхааруулга гаргажээ. Үүниий дараагаар Япон, Австрали, Их Британи, Европын холбооны зохицуулах байгууллагаас ижил мэдэгдэл гаргажээ.
- Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хакерууд “PHP2Shell” нэртэй системийн алдааг ашиглан PHP дээр ажиллаж буй ямар ч веб, сервер, системд алсын зайнаас халдаж, дата мэдээлэлд нэвтрэх код ажиллуулах боломжтой болсон гэнэ. Microsoft, Google, Amazon зэрэг томоохон технологийн компаниуд уг сул талыг илрүүлж, сэргийлэх ажиллагаанд манлайлан оролцжээ.
- Сонирхуулахад, уг алдааг хамгийн анх 2024 онд Calif нэртэй стартап илрүүлсэн гэнэ. Тухайн үед тэд OpenAI-аас зарласан хакатонд оролцож байсан аж. Тухайн үед уг алдааг тийм ч ноцтой гэж үзээгүй тул олны анхааралд төдийлэн ороогүй. Гэвч сүүлд AI-ийн тусламжтайгаар алдааны цар хүрээ, нөлөөг нарийвчлан тодорхойлж, анхааруулга гаргасан нь энэ юм.
4 мэдүүштэй зүйл
Анхны тохиолдол: Конго, Угандад дэгдээд буй үхлийн аюулт вирус Эболагийн халдвар Нигерид анх удаа илэрчээ. Угандагаас ирсэн дипломатаас уг вирус илэрсэн бөгөөд ойрын хавьталд орсон 70 гаруй хүнийг илрүүлж, хяналтад авсан гэнэ. Өнгөрсөн хавар дэгдсэн эболагийн халдварын улмаас 4500 гаруй хүн амиа алдаад байгаа нь түүхэнд бичигдэх үзүүлэлт болоод байгаа юм.
Усгүй хот: Кубын нийслэл Хавана хотыг усаар хангадаг гол магистрал хоолой сэтэрсэнтэй холбоотой 2,7 сая хүн ундны усгүй болжээ. 2024 оноос хойш эрчим хүчний хямралд ороод буй тус улсад цахилгаан тогтмол тасарч байгаа нь усан хангамжийн системийг ийн доголдоход хүрсэн гэнэ. Засгийн газраас нарны эрчим хүчний шийдлийг эрчимжүүлж, дэд бүтцийн 100 гаруй төсөл хэрэгжүүлж байна гэв.
AI-гүй платформ: 100 сая гаруй хэрэглэгчтэй онлайн худалдааны платформ Etsy хиймэл оюунаар үүсгэсэн зураг, зааврыг хориглож байгаагаа зарлалаа. Тус платформ гараар урласан бүтээл, жор, орц зэргээрээ алдартай учир оригинал байдлаа хадгалах зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэжээ.
Аварга торгууль: Нью Мексико мужийн шүүхээс Meta компанид хэрэглэгчдийн хувийн мэдээллийг задруулсан хэрэгт буруутай гэж үзэн 25 тэрбум долларын торгууль оногдууллаа. Энэ бол 2016 оны АНУ-ын сонгуулиас эхлэлтэй Cambridge Analytica компанитай холбоотой заргын нэг хэсэг юм. Тухайн үед Facebook гуравдагч компаниудад хэрэглэгчдийн датаг зарж борлуулж байгаа нь илэрч шуугиан дэгдээж байсан билээ. Шүүхээс тус бүр нь 5000 долларын өртөг бүхий 43 сая ширхэг буруутай үйлдлийг тогтоосон нь энэ гэнэ. Meta-ийн хувьд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд давж заалдана гэдгээ мэдэгджээ.
5 сонин хачин
1. DC-ийн хамгийн алдартай эсрэг дүрүүдийн нэг Clayface-ийн шинэ кино нээлтийн долоо хоногтоо 43 сая долларын орлого олжээ. Комик зохиолд Батманы хамгийн хүчтэй дайсанд тооцогддог Clayface-ийн кино 44 сая доллараар боссон байна. Харин өдгөө шоронд ял эдэлж буй Theranos-ийн үүсгэн байгуулагч Э.Холмесийн тухай өгүүлэх “You Can See Everything” 2-р байраа хадгалж үлдэж чадлаа. Тус бүтээлийн нийт орлого 50 сая долларт хүрсэн нь энэ оны хамгийн амжилттай баримтат кинонд тооцогдоход хангалттай үзүүлэлт болов.
2. Онлайн дизайны платформ Canva өөрсдийн судалгааны лабораторид бүтээсэн AI моделио танилцууллаа. Canva Craft нэртэй уг модель нь текстээс зураг үүсгэх зориулалттай бөгөөд хэрэглэгчийн өгсөн зааврын хүрээнд 2К хүртэлх чанар бүхий, 30 гаруй төрлийн бүтээл гаргах боломжтой аж. Canva-ийн хувьд AI-ийн эрин үед хамгийн их хохирол амсаж буй компаниудын нэг. Зөвхөн энэ онд тус компанийн хувьцааны ханш 20%-аар буураад байгаа юм.

3. Цахиурын хөндийн хамгийн цуутай хоёр энтрепренер хамтран Warhound нэртэй стартап үүсгэн байгуулж, 200 сая долларын хөрөнгө татжээ. Тэдний эхнийх нь П.Лаки. VR технологийн анхдагчдын нэг Oculus-ийг эхлүүлж, хожим Facebook-т зарсан тэрээр одоо цэргийн технологи хөгжүүлэгч Anduril-ийг удирдаж буй. Нөгөөх нь арслан заан зэрэг мөхөж сөнөсөн амьтдыг сэргээх амбицтай Colossal Bioscience-ийг үүсгэн байгуулагч Б.Ламм юм. Тэд хоёр компанийн технологийн давуу талуудыг ашиглаж цэргийн үйл ажиллагаанд ашиглах нохойн үүлдрийг үржүүлнэ гэнэ. Colossal-ийн хувьд генийн инженерчлэлийн чиглэлд төвлөрөх бол Anduril бодит орчинд нохойнд зүүлгэх өмсгөл, хяналтын камер зэрэг хэрэгслүүдийг бүтээх аж. АНУ-ын армийн хувьд тэсрэх бөмбөг эрж хайх зэрэг хамгаалалтын зорилгоор үржүүлдэг нохойныхоо 80%-ийг Европоос худалдан авдаг. Дайны орчинд дрон, робот зэрэг технологи ихээр ашиглагдаж байгаа үед өндөр чадвартай, тусгайлан бэлтгэгдсэн нохойны хэрэгцээ ч өсөж байгаа аж.
4. Skydance шинэ хөрөнгө оруулагчтай боллоо. Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск тус компанид эхний ээлжинд 1 тэрбум долларын хөрөнгө оруулах болжээ. Skydance-ийн бүрэлдэхүүнд Paramount, Warner Bros, Discovery компаниуд багтаж байгаа билээ. Ташрамд дурдахад, Skydance-ийн босс Дэвид Эллисоны аав бол Oracle-ийг үүсгэн байгуулагч Л.Эллисон юм. Ларри Эллисоны хувьд И.Маскстай эртнээс бизнесийн харилцаатай нэгэн. Тэрээр 2018 онд Tesla-д хөрөнгө оруулж, тэр цагаас удирдах зөвлөлд нь ажиллаж байгаа. Мөн 2022 онд И.Маск Twitter-ийг худалдаж авахад 1 тэрбум долларын санхүүжилт олгож байжээ.
5. Колумбын нэрт дуучин Шакира Төв Ази дахь анхны тоглолтоо Киргизийн нийслэлд хийлээ. Нүүдэлчдийн наадмын үеэр нээлтээ хийсэн Бишкек Аренад 50 мянган үзэгчийг цуглуулсан уг тоглолтод дэлхийн 33 орноос жуулчид ирсэн гэнэ. Албан тоогоор нийт үзэгчдийн 70 хувь нь гадаадаас ирсэн бөгөөд 30 сая долларын орлого оруулсан гэв.

Сэтгэгдэл бичих

