1 гол сэдэв

Юу болов?

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас долоон сарын өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Түүний гэнэтийн шийдвэр Монголын улс төрийг дахин бужигнуулж, ирэх зун болох ёстой байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг хавар луу татаж орхив.

Яагаад?

Түүний шийдвэр экс хотын дарга Х.Нямбаатарын Канад улсаас долоо хоног бүр хийж буй сошиал бичлэгүүдтэй шууд холбоотой. Х.Нямбаатар ерөнхийлөгчийг төмөр замын төсөлтэй холбоотой 22 сая долларын төлбөр, хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдээгүй үл хөдлөх хөрөнгийн талаарх асуудлыг хөндөж, албан ёсоор шалгахыг шаардах болсон.

Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт зарласан хэвлэлийн бага хурлын үеэр эдгээрийг гүтгэлэг хэмээн няцааж, төрийн тэргүүний нэр хүндийг хамгаалан, энгийн иргэний хувиар үнэн мөнийг тогтоолгохын тулд ажлаа өгч байгаагаа зарласан юм. Улмаар Пүрэв гараг гэхэд УИХ-ын гишүүдийн 92% нь түүний саналыг хүлээн авч, ерөнхийлөгч ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөв. Баасан гарагт төв талбайд зохиогдсон үдэн гаргах ёслолд мянга мянган иргэд, төрийн түшээд, дипломат төлөөлөгчид оролцлоо. Ерөнхийлөгчийн хувиар нийтэлсэн сүүлийн бичлэгийнх нь “Эрхэм нөхөд, баяртай” гэсэн гарчиг хэдхэн хоногт дэндүү гэмээр хурдтай өрнөсөн үйл явдлыг төгс илэрхийлсэн мэт харагдав.

Одоо яах вэ?

Хуулийн дагуу ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн сарын дотор зарлагдах учиртай. Шинэ ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Сонгууль уламжлал ёсоор зуны зургаадугаар сард бус цагаан сартай ойр, хаврын улиралд явагдах болж байна. Ялангуяа малчдын хувьд хамгийн завгүй байдаг үед кампанит ажлаа үр дүнтэй төлөвлөн явуулах нь намуудын хувьд том сорилт болох нь гарцаагүй. Мөн хаврын таарамжгүй цаг агаар, цагаан сарын өрхийн санхүүгийн нөлөө зэрэг нь энэ сонгуулийн төлвийг тооцоолоход бэрх болгож байна.

Харин У.Хүрэлсүхийн хувьд энэ шийдвэр урьдчилан тооцоолсон, алсыг төлөвлөсөн нүүдэл мэт сэтгэгдэл төрүүлж байна. Тэрээр УИХ-ын чуулганы үеэр гишүүдийн асуултад хариулахдаа улс төрөөс бүрмөсөн холдохгүйгээ илэрхийлж, эх оронд хэрэгтэй бол хаана ч ажиллах, шударга ёсны төлөөх тэмцлээ ард түмэнтэйгээ гудамж, талбайд үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Мөн засаглалын тогтолцоог өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж, хоёр танхимтай парламенттай болох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглал руу бүрэн шилжих зэрэг хувилбарыг хөндсөн нь анхаарал татлаа.

Олон нийтийн хувьд түүний үйлдлийг хэрсүүгээр хүлээж авч буй хэд хэдэн шалтгаан бий. Түүний энэ алхмыг өмнөх улс төрийн замналаас нь салгаж харахад хэцүү. Тэрээр 2012 онд гэр бүлийн шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай санал зөрөлдөн Шадар сайдын ажлаа өгөх хүсэлт гаргаж байв. Харин 2021 онд цар тахлын үеэр таавчигтай эмэгтэйн асуудлаар Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөнөөсөө хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй.

Түүний өв хэрхэн үлдэх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зургаан жилээр сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Гэхдээ бүрэн эрхээ дуусгалгүй ажлаа өгсөн мөн л анхны эрхэм болон түүхэнд үлдэж байна. Түүний үед Монгол Улсын олон талт гадаад бодлого оргил үедээ хүрсэн хэмээн дүгнэж болно. Ромын пап, ОХУ, Герман, БНСУ, Францын төрийн тэргүүн зэрэг өндөр түвшний зочдын айлчлал нь геополитикийн ээдрээтэй үед Монгол Улсын харилцааг өргөжүүлж, олон улсын анхаарлыг татсан үйл явдлууд болсон.

Тэрчлэн түүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний стратегийн хамгийн чухал чиглэл болж, олон улсад үнэлэгдсэн томоохон төсөл болон хөгжжээ. Мөн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнбыүүд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад дорвитой нөлөө үзүүлж байгааг шинжээчид онцолдог. Эдгээр төслүүдийн үр дүн, үр өгөөж түүний үлдээсэн хамгийн том өв байх учиртай.

2 чухал тоо

190.400.000: Домогт зураач Винсент ван Гогийн “Цэцэглэж буй туулайн бөөр модод” нэртэй бүтээл алдарт Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар 190.4 сая долларын үнэ хүрчээ. Энэ бол Ван гогийн бүтээлийн хувьд рекорд үнэ юм. Олон нийтэд 60 гаруй жилийн хугацаанд дэлгэгдээгүй байсан уг зураг дөрвөн жилийн өмнө тогтоосон 117.2 сая долларын амжилтыг давсан нь энэ. Гэхдээ худалдааны өмнө өмчлөлийн маргаан үүссэн нь анхаарал татав. Уг зургийг 1909 онд худалдан авч, эзэмших болсон С.Фишер хэмээх эрхэмийн өв залгамжлагчид нацист дэглэмийн дарамтаас үүдсэн санхүүгийн хүндрэлийн улмаас 1936 онд бүтээлээ зарахаас аргагүй болсон нь хууль бус наймаа байсан хэмээн маргасан байна. Улмаар одоогийн өмчлөгчид болон Фишерийн гэр бүл эцсийн мөчид тохиролцоонд хүрснээр дуудлага худалдаа үргэлжилжээ.

44: Туркийн Анталья хотноо явагдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том арга хэмжээ болох COP31 өндөрлөлөө. 11-р сарын 20-нд дуусах хуваарьтай байсан уг арга хэмжээ товлосон цагаасаа 44 цагаар хойшилж хуралдсан ч талууд эцсийн тохиролцоонд хүрч чадсангүй. Талууд нүүрсний шилжилт, санхүүжилтийн асуудлууд дээр нэг цэгт уулзаж чадаагүйг эх сурвалжууд мэдээлж байна. COP32 Этиоп улсад явагдах болжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Antrophic 93.5 тэрбумыг босголоо

- Claude хиймэл оюуныг хөгжүүлэгч Anthropic түүхэн дэх хамгийн том IPO-г хийж, 1.8 их наяд долларын үнэлгээтэйгээр 93.5 тэрбум доллар босголоо. Өмнөх дээд амжилтыг өнгөрсөн зургаадугаар сард SpaceX 86 тэрбум доллар татан төвлөрүүлснээрээ эзэмшиж байв. Тус компани нэгж хувьцаагаа 83 доллараар санал болгож, эхний арилжаанаас 81.3 тэрбум, нэмэлт хувьцааны борлуулалтаас 12.2 тэрбум доллар босгожээ. Үүнээс гадна Google, Microsoft, Nvidia, AMD зэрэг компанийн оролцсон хаалттай арилжаагаар 26 тэрбум доллар татсан байна. Ингэснээр нийт санхүүжилт нь холбогдох зардлыг хасахаас өмнөх дүнгээр 119.5 тэрбум долларт хүрэв.

- Хөгжүүлэгчдийн дунд өргөн хэрэглэгддэг Claude-ийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн зун 300 саяыг давж, ChatGPT, Gemini-ийн дараа гуравдугаарт бичигдэх болжээ. Гэхдээ хэрэглээний өсөлтийг асар өндөр зардал дагалдаж байна. Компанийн 2026 оны борлуулалтын орлого 33 тэрбум байсан ч үйл ажиллагааны алдагдал нь бараг 100 тэрбумд хүрчээ. Тэд 2030 он хүртэл тооцооллын дэд бүтцэд 900 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байна.

- Anthropic-ийг 2021 онд OpenAI-д ажиллаж байсан долоон хүн хамтран байгуулсан юм. Компанийн нүүр царай болсон гүйцэтгэх захирал Дарио Амодей болон түүний хамтрагчид хиймэл оюуны аюулгүй байдал, хөгжүүлэлтийн чиглэлийн талаар удирдлагуудтайгаа санал зөрөлдсөний эцэст шинэ стартапаа эхлүүлжээ. Өдгөө үүсгэн байгуулагчид тус бүр 1.3 орчим хувийн эзэмшилтэй бөгөөд IPO-ийн үнэлгээгээр тооцоход хүн бүрийн хөрөнгө 20 тэрбум давж, дэлхийн хамгийн чинээлэг 200 эрхэмийн жагсаалтад багтах болов. Forbes уг үйл явдлыг хамгийн олон хүн нэгэн зэрэг саятан, тэрбумтан болсон өдөр хэмээн нэрлэсэн нь ч санамсаргүй хэрэг биш. Antrophic-ийн 5300 ажилтны 96% нь дор хаяж 1 сая долларын хувьцаа эзэмших болов. Тэднээс 600 орчим нь бүр зуун саятан болжээ. IPO-ийн дараагаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Amazon, Google компаниуд болон үлдэнэ гэдгийг мөн онцлох хэрэгтэй. Antrophic-ийн гол харилцагчид болсон тэд компанийн тус бүр 13-14%-ийг эзэмшиж байна.

II. GTA VI эхний өдрөө 3.79 тэрбум долларын борлуулалт хийлээ

- Тоглоом сонирхогчдын 13 жил хүлээсэн “Grand Theft Auto VI” худалдаанд гарч, эхний 24 цагтаа 3.79 тэрбум долларын орлого олсноор салбарын дээд амжилтыг шинэчиллээ. 2013 онд гарсан GTA V гурван хоногийн дотор тэрбум долларын босгыг давж, тухайн үеийн дээд амжилтыг тогтоож байв. GTA VI-ийн урьдчилсан захиалгын тоо 32 саяд хүрсэн нь мөн л түүхэн рекорд болоод байсан. Сонирхуулахад, GTA-ийн цувралын тоглоом нийт 470 сая хувь борлуулагдсаны тал нь GTA V-д харьяалагддаг гэнэ.

- Шүүмжлэгчид энэ удаагийн бүтээл дүрүүдийн харилцаа, хувь хүний хөгжилд илүү анхаарсныг онцолжээ. Энтертэйнмент салбарын тойм, шүүмжийн гол платформ болсон Metacritic-ээс 99/100 үнэлгээ авсан нь мөн тус сайтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

- GTA VI-ийн нээлт фенүүдийн хувьд зүгээр ч нэг өдөр байсангүй. Зарим албан байгууллагууд ажилчдадаа цалинтай чөлөө өгч, зарим хотод бөөнөөрөө анхлан тоглох өдөрлөг зохион байгуулагджээ. Sensor Tower-ийн тооцоогоор ирэх сард бусад тоглоомын тоглогчдын тоо нийлбэр дүнгээр 10 хувиар буурч, АНУ-д кино, цуврал үзэх хугацаа зургаан сая цагаар багасаж болзошгүй аж. Харин хоол хүргэлт, хөгжмийн платформ, шууд дамжуулалт хийдэг контент бүтээгчдийн эрэлт нэмэгдэх хүлээлттэй байна.

III. АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчид уулзлаа

- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Шэньжэнь хотод анхны гурван талт уулзалтаа хийж, “Энх тайвны тунхаглал” баталжээ. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон уг хэлэлцээгээр талууд цөмийн дайнд ялагч байхгүй гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн НҮБ-ын шинэчлэлийг дэмжиж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах тус байгууллагын үүргийг бэхжүүлэх байр суурь илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ талууд газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх амлалт өгчээ.

- Урьдчилан таамаглаж байсанчлан уулзалтын гол сэдэв нь Украин, Иран, худалдаа болон цөмийн зэвсгийн асуудал байв. Хэлэлцээний эхэнд Д.Трамп цөмийн зэвсгийн хяналтыг онцолсон бол В.Путин Украинтай холбоотой бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулахад гурван улсын нийтлэг ашиг сонирхол байгааг дурджээ. Харин Ши Жиньпин хэлсэн үгэндээ “Их гүрнүүд эвтэй бол даян дэлхий амгалан байна” хэмээн онцолсон байна. Ташрамд дурдахад, Ши Жинпин Д.Трампыг онгоцны буудал дээр өөрийн биеэр тосон авсан нь Хятадын төрийн тэргүүдийн хувьд сүүлийн жилүүдэд харагдаагүй онцгой үйл явдал болов. Эргэн сануулахад, түүнийг АНУ-д айлчлахад Д.Трамп ч мөн тогтсон жишгийг эвдэж, өөрийн биеэр угтан авч байсан түүхтэй.

- Гэсэн хэдий ч уулзалт гол асуудлуудаар бодит үр дүнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, Д.Трамп Ормузын хоолойгоор дамжих газрын тосны тээврийг хэвийн болгох шаардлага дээр Ши Жиньпинтэй санал нэгдсэн гэж мэдэгдсэн ч Хятадын удирдагч Ираны талаар шууд дурдсангүй. Түүнчлэн Тайвань, технологийн экспортын хязгаарлалт, худалдааны бодлого зэрэг асуудал хоёр улсын хооронд маргаантай хэвээр үлджээ. Харин талууд “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Ж.Хуангийн тагнуулын гэх хэрэгтэй холбоотой асуудлаар санал солилцсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Уулзалтын дараа удирдагчид хамтарсан хэвлэлийн хурал хийсэнгүй.

4 мэдүүштэй зүйл

Хориотой хэрэглээ: Нидерландын зохицуулах байгууллагаас зах зээлд борлуулагдаж буй ухаалаг шилнүүд нь хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдаж, хуурамч зөвлөгөөгөөр хангаж байгааг онцолсон байна. Тухайлбал, эмийн хэрэглээтэй холбоотой буруу мэдээлэл өгч, түргэн тусламж дуудсан хэмээн худлаа мэдэгдэж байсан нь туршилтаар нотлогджээ. Тэрчлэн нууцаар бичлэг хийх, зураг авах зэрэг эрсдэлтэйг анхааруулсан байна. Мэдэгдэлд ямар нэгэн брэндийн нэр дурдаагүй байв.

Геноцид үйлдэгч: Гамби улсын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцсэн НҮБ-ын харьяа Олон улсын шүүх Мьянмар улсыг рохинжа угсаатны эсрэг геноцид үйлдсэнд хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ. Энэ бол тодорхой нэг улс орны эсрэг гаргаж буй ийм төрлийн анхны шийдвэр юм. Шүүхийн дүгнэлтээр тус улс хядлагыг таслан зогсоож, буруутай этгээдүүдийг шийтгэх үүргээ биелүүлээгүй байна. 2017 онд Ракхайн мужид явуулсан цэргийн ажиллагааны үеэр 10 мянга орчим хүн амиа алдаж, 700 мянга орчим рохинжачууд хөрш Бангладеш руу дүрвэсэн гэдэг.

Шилдэг аймаг: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулсан аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул анх удаа тэргүүллээ. Гэхдээ улсын хэмжээнд аймгуудын дундаж оноо өмнөх цогц судалгаа хийсэн гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 66.6-аас 61.5 болж буурчээ. Тухайлбал, эдийн засгийн тамир тэнхээний үнэлгээ 51.1, бизнесийн үр ашгийн үнэлгээ өмнөх 70.4-өөс 60.3 болсон нь орон нутгийн эдийн засаг, бизнесийн орчинд сорилт нэмэгдсэнийг харуулж байна. Нийт 21 аймгаас Дундговь, Завхан, Дархан-Уул, Говь-Алтай, Архангайн оноо өссөн бол бусад 16 аймгийнх буурч, хамгийн их ухарсан үзүүлэлттэй аймгаар Хэнтий тодорчээ. Үндсэн дөрвөн бүлгээр авч үзвэл эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон тэргүүлсэн байна.

Ирээдүйг туршигч: Хятад зургаа дахь үеийн үүрэн холбооны буюу 6G технологийг хөгжүүлэх туршилтын хөтөлбөрөө Бээжин, Шанхай, Гуандун зэрэг найман бүс нутагт эхлүүллээ. Төв болон орон нутгийн хамтарсан уг хөтөлбөрөөр холбооны шинэ төхөөрөмж, үндсэн эд анги, үйлдлийн систем, хиймэл дагуулын интернэтийн технологийг хөгжүүлэхэд анхаарна. Мөн үйлдвэрлэл, бие даан ажиллах хиймэл оюунт систем, дрон болон нам өндрийн нислэг, далайн ухаалаг тээвэрт 6G-г ашиглах боломжийг турших аж.

5 сонин хачин

1. The Hunger Games-ийн шинэ кино бокс оффисыг тэргүүлэв. “Sunrise on the Reaping” нэртэй уг кинонд үндсэн түүхээс 25 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлдэг. Тус кино нээлтийн долоо хоногтоо 120 сая долларыг цуглуулсан нь шинжээчдийн таамгыг бараг 50%-аар ахиулсан хэрэг боллоо. The Hunger Games-ийн цувралуудын нийт орлого 3.5 тэрбум долларт хүрээд байгаа. Хамгийн сүүлд 2023 онд гарсан “The Ballad of Songbirds & Snakes” л гэхэд 364 сая долларын орлого олсон билээ.

2. Домогт тагнуулч Жэймс Бондын дүрийг бүтээх долоо дахь жүжигчнээр Роберт Паттинсон тодорлоо. Карьераа “Twilight”, “Harry Potter” цувралаар эхлүүлж байсан тэрээр сүүлийн жилүүдэд бүтээсэн дүр бүрээрээ амжилтанд хүрч, Холливүүдийн хамгийн эрэлттэй уран бүтээлчид тооцогдох болсон. Түүний “The Batman”, “Dune”, “The Odyssey”-д бүтээсэн дүрүүд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Amazon 2022 онд MGM студийг 8.45 тэрбум доллараар худалдан авснаар Бондын франчайзын эрхийг хамт эзэмших болсон. Гэхдээ киноны бүтээлч удирдлагыг шилжүүлэн авахын тулд өмнөх продюсеруудтай дахин тохиролцох шаардлагатай болж, уг хэлцлийг 2025 онд эцэслэсэн билээ. Иймээс шинэ кино нь Amazon MGM-ийн бүтээлч удирдлага дор гарах анхны Бонд болох учиртай. Цувралын 26 дахь бүтээлийг “Dune”-ийн найруулагч Д.Вильнёв найруулна. Хамгийн сүүлд Д.Крэйгийн тоглосон “No Time to Die” 2021 онд дэлгэцнээ гарч, 916 сая долларын орлого олсон юм. 1953 оноос хойш Бондын кинонуудын бокс оффисын тасалбарын орлогыг 20 тэрбум доллар хэмээн тооцдог билээ.

3. НАСА-гийн 1977 онд хөөргөсөн “Вояжер-1” сансрын төхөөрөмж дэлхийгээс 26 тэрбум орчим километр буюу нэг гэрлийн өдрийн зайд хүрлээ. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн алсад аялж буй уг төхөөрөмжийн дохио одоо дэлхийд ирэхэд бүтэн хоног, харин дэлхийгээс илгээсэн командын хариуг хүлээн авахад дор хаяж хоёр хоног шаардагдах болж байна. “Вояжер-1” болон түүнээс нэг сарын өмнө хөөргөсөн “Вояжер-2” хоёул од хоорондын орон зайд аялж буй. Эрчим хүчийг нь хэмнэхийн тулд “Вояжер-1”-ийн камер болон зарим багажийг унтраасан ч төхөөрөмж шинжлэх ухааны мэдээлэл цуглуулсаар байгаа аж. Тухайлбал, од хоорондын сийрэг хийн хэлбэлзлийг бүртгэж, Нарны нөлөө давамгайлах бүсийн гаднах орчныг судлахад шаардлагатай өгөгдлийг дэлхий рүү дамжуулсаар байгаа гэнэ.

4. Nvidia-ийн хувьцаа зөвхөн баасан гарагт л гэхэд 14%-аар унаж, зах зээлийн үнэлгээ нь 3.03 их наяд доллар боллоо. Үүсгэн байгуулагч Ж.Хуангийн скандалтай холбоотойгоор тус компани 2.6 их наядыг алдаад байна. Нэгэн үе дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани байсан тэд өдгөө Apple, Microsoft, Alphabet-ийн дараа бичигдэх болжээ. Энэ зуур Женсен Хуаныг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилохыг шаардсан нээлттэй захидлын гарын үсэг 205 мянгыг давжээ. Үүн дотор Nvidia-д ажилладаг гэж бүртгүүлсэн хэрэглэгч 10 мянга гаруй байгаа аж. И.Маск, Т.Каланик, Т.Свини зэрэг технологийн салбарын төлөөлөл уг санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ж.Хуанг ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш гаргасан анхны нээлттэй мэдэгдэлдээ компани буцаах хүсэлтэй бол эргэн ирэх хүсэлтэй байгаагаа нуусангүй. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус компанийн ТУЗ түүнийг эргүүлэн авчрах асуудлыг одоогоор авч хэлэлцээгүй байгаа гэнэ.

5. AOL, Evernote, Vimeo, WeTransfer зэрэг интернет хэрэглэгчдийн дунд алдартай апп, платформуудыг эгнээндээ нэгтгээд байгаа Bending Spoons ээлжит наймаагаа хийлээ. Тэд энэ удаад имэйл үйлчилгээний хамгийн алдартай брэнд Mailchimp-ийг 3.6 тэрбум доллараар худалдан авав. 2001 онд үүсгэн байгуулагдсан Mailchimp ердөө таван жилийн өмнө12 тэрбумын үнэлгээтэйгээр Intuit-д зарагдаж байв. Татвар, нягтлан бодох бүртгэлийн үндсэн бизнесээ өргөжүүлэх амбицтай байсан Intuit-ийн удирдлаган дор тус компанийн орлого жил бүр буурсаар байсан юм.